Олон нийтийн телевизтэй болох оролдлого бүтэлгүйтсэн тухай буюу төрийн сэлфи
1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон бол тэд МҮОНРТ хэмээх дундын хэрэгсэлтэй. Өнөөдөр төрийн захиргааны төв байгууллагууд бараг бүгд олон нийтийн телевизэд өөрийн нэвтрүүлэгтэй болжээ.
Манай улс бараг сөнөчихсөн байсныг нэгэн эрхэм тэнгэрээс бууж ирээд аварч байгаа тухай нэвтрүүлэг маягийн сүржигнэл хоёр жил гаруй үргэлжилж байна. Нэр нь "Засаг цаг - Засах цаг". Нэвтрүүлгийн гол баатар - У.Хүрэлсүх "Ийгл" телевизээс нэгэн сэтгүүлчийг дуудан авчирч хэвлэлийн төлөөлөгч гэж нэрлэсэн ч ямар нэгэн өөр команд өгснөөс зайлахгүй, цаадах нь албаны хүн биш, энэ Засгийн газрыг магтаж л байвал юу дуртайгаа бурдаг хөтлөгч болж хувирсан билээ. Сүүлийн хоёр долоо хоногийн туршид олон нийтийн телевизээс эхлэн бусад сувгуудаар дахин дахин үзүүлсээр байгаа "Засах цаг"-ийн ээлжит дугаар нь "Хуруу ба хошуу" давхар нэртэй. Би саяхан суваг хэсч явахдаа яаж ч зугтаад баралгүй энэ нэвтрүүлэгт хэдэн секунд "баригдах" зуур Байгалийн түүхийн музейн барилгыг буулгасныг зөвтгөн ярихтай таарч цааш хэсэг зуур үзтэл юу сонсов оо?
Түүхэндээ анх удаа Их эзэн Чингис хааны нэрэмжит музей байгуулах, Үндэсний урлагийн их театр байгуулахад хэн хаанаас яагаад эсэргүүцээд байна вэ? Арай бид харийнхны бодлогын явуулгаар өөр хоорондоо хэмлэлдэж суугаа юм биш биз дээ?!
Монгол Улсын Ерөнхий сайдын дороос мэндэлж буй энэ зөнч, бас геополитикч заавал ингэж дэмийрэхгүй бол цаадуул нь загнаад салдаггүй юм болов уу?
"Муусайн" арилжааны телевизүүд дүүрч. Тэд Засгийн газар мөнгө өгөхөөр нь аваад гаргасан биз. Харин хууль журамтай олон нийтийн телевиз? Ер нь яах гэж тийм олон хурал семинар, хууль журам, хэрүүл тэмцэл хийж олон нийтийн телевизийг байгуулсан, тэгээд жил бүр татвар төлөгчдийн тэрбум тэрбумаар тэжээж ирсэн бэ гэвэл төрийн байгууллага, албан тушаалтнуудаас хараат бус байлгах гэж. Харин 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль гаргаж Монгол телевизийн нэрийг сольсноос хойш 15 жилийн дараа харвал бүр ухарч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн байгууллага, албан тушаалтнууд өөрсдийгөө хүссэнээрээ, гоёор (ганц сайжирсан юм нь энэ) тольддог төрийн сэлфи маягийн телевиз болсон байна.
1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон бол тэд МҮОНРТ хэмээх дундын хэрэгсэлтэй. Өнөөдөр төрийн захиргааны төв байгууллагууд бараг бүгд олон нийтийн телевизэд өөрийн нэвтрүүлэгтэй болжээ.
- Сүлд хөтөлбөр (Ерөнхийлөгчийн тамгын газар
- УИХ-ын цаг (УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас бэлтгэв)
- "Нээлттэй засаг" (Засгийн газрын хэрэг эрхлэх газар)
- "Засаг цаг - Засах цаг" (Засгийн газрыг хэвлэл мэдээллийн алба)
- "Эх орны төлөө" (Батлан хамгаалах яамны дэргэдэх "Дуулга" студиэс бэлтгэсэн)
- “Прокурорын цаг” нэвтрүүлэг
- "Амрыг эрье" (Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн нэвтрүүлэг)
- "Онцгой дуудлага" (Онцгой байдлын ерөнхий газар)
- "Сүлдэт баганын дэргэдээс" (Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх "Хилчин" студиэс бэлтгэдэг нэвтрүүлэг)
- АТГ-ын мэдээлэл гэх мэт.
Одоо сонгууль дөхөөд шинээр нэмэгдсэнийг дурдвал, "Шинэчлэгч бүтээлч парламент", "Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тайлан" гэх мэт цуврал нэвтрүүлгээс гадна "Бүтээн байгуулалтын цаг" ("Зам тээврийн хөгжлийн яам үзүүлж байна"), "ХЗДХЯ-ны бүтээн байгуулалт", "Дүгнэх цаг" (Соёл, спортын салбар), "Хөгжлийн тулгуур" (ХХААХҮЯ), "Нийгмийн даатгалын салбар-2019", "Шатахууны үнийн тогтвортой байдал", "Уул уурхай ба эдийн засаг", "Газрын тос боловсруулах үйлдвэр" (Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ажлаа тайлагнасан цуврал), "Хандлагаа өөрчилсөн он жилүүд" (Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сурталчилгаа) гэх мэт. Ердийн ярилцлагууд болох "Цаг үе үйл явдал", "Гол сэдэв", "Нийгмийн хэлэлцүүлэг" тэр чигээрээ төрийн байгууллага албан тушаалтнуудыг тайлагнах горимд шилжив.
"Хотод юу өөрчлөгдөв? гэж нэвтрүүлэг гардаг болжээ. Нийслэлийн есөн дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд гарсан амжилтыг нэг нэгээр нь дандаа магтдаг, гэхдээ зөвхөн Баянгол, Баянзүрх дүүргийг хог ихтэй байна гэж шүүмжилснийг нягталбал тэр хоёрт Ардчилсан нам засаг барьдаг учраас гэнэ.
Төрийн байгууллага, төсөл хөтөлбөрийн нэг удаагийн бусад захиалгат нэвтрүүлгүүд бол тасрахгүй. Тэднийг гүйцэд нэрлээгүй, өөрөөр хэлбэл захиалга, төлбөр авч суваг, цагаа зарах, хүмүүстээ хуваарилж гүйцэтгүүлэх, олсноо зарж үрэх гээд олон нийтийн телевизийн дарга нарын нөр их ажлыг дутуу дэлгэсэн бол уучилна биз. Би лав “Цагийн хүрд”-ийн ил далдыг хэзээ ч мэдэж барахгүй.
Үргэлжлүүлье. УИХ-ын дарга Г.Занданшатарын "Парламентын шинэчлэл-1", "Парламентын шинэчлэл-2" цуврал, түүний ажлын тайлангийн нэвтрүүлгүүд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн "Алсын хараа - 25". Урт хугацааны хөгжлийн бодлого" нэвтрүүлэг янз бүрийн хэлбэрээр хоёр он дамжин хагас жил гаруй үргэлжилж энэхүү "аугаа" баримт бичгийн сурталчилгаа олон нийтийн телевизийг зай завсаргүй чигжлээ. "Ерөнхий сайдын санаачилсан ..." гэж эхэлдэг "Хайртай" аяны цуврал нэвтрүүлэг, бас Монгол Улсын гадаад харилцаагаар дамжуулан түүнийг рекламдсан "Ирж буй Монгол"-д тайлбар хэрэггүй биз.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 5-р сарын 25-нд Засгийн газар шинэчлэгдэх ёсгүй гэж хэлэх үндсэн зорилготой ч түүнээсээ хальж асгарсан "Бүрэн зураглал" байна. Яг ийм зорилготой "100 чухал сэдэв.". Үндэсний телевизэд юу болоод байгааг надаас өөр сонирхдог хүн байдаггүй мэт санагддаг, харин энэ удаад УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин тэвчээр алдав бололтой "... төсвийн мөнгөөр нэвтрүүлэг хийж, иргэдээ гүтгэн, шинжлэх ухааныг хуурмаглан, Үндсэн хуулийг гүжирдэн гутаахыг тань өөгшүүлэн, тэвчин суумааргүй байна! Төлбөртэй нэвтрүүлгийн цаанаас биш шүүмж өрнүүлэгч эрдэмтэн, судлаачидтай нүүр тулаад маргаж мэтгэлц!" хэмээн олон нийтийн телевиз яг юу хийх ёстойг шаарджээ.
Хэрвээ төрийн байгууллагуудын бэлтгэсэн нэвтрүүлгийг дамжуулдаг нэгдсэн суваг, төрийн өндөр албан тушаалтнуудын үүрэг даалгавар, захиалга гүйцэтгэгч төдий байх юм бол үндэсний олон нийтийн телевиз гэж байхын хэрэг юун. Монголчууд олон нийтийн телевизтэй болох гэсэн найдлага та бидний нүдэн дээр аль хэдийнэ замхарчээ.
Ирэх долоо хоногт 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлж МҮОНРТ гэж хууль дүрэм жигтэйхэн номлож, улс төрийн намууд, нэр дэвшигчдийн сурталчилгааг тэв тэнцүүхэн хийж өгнө гэдэг шинэ дүрээр гарч ирнэ. Ердөө хорин нэгхэн хоног.
2020.05.25
Зочин
Zochin
Даваа
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
О.Б
Зочин
Зочин
Зочин
Бор
Зочин
zochin
Зочин
Зочин
оном