IV бүлэг

зүүдэнд наминчлахуй


Тэнд нэгэнтээ Ручера-Кету (Үзэсгэлэнгийн охь) бодьсадвагийн зүүдэнд нарны хот мандал адил машид ихээр гэрэлтсэн алтан хэнгэрэг үзэгдэв. Тэнд зүг бүрт Ялж төгс нөгчсөн тоолшгүй олон бурхад их эрдэнэт модны өмнө биндэрьяа ширээнд залрах бөгөөд олон зуун мянган нөхдөд ном сонсгохыг тэр зүүдэндээ үзсэн билээ. Тэнд бас бярман төрөлхтөн бээр нэгэн их хэнгэрэг дэлдэх бөгөөд тэр их хэнгэргийн дуу нь шүлэг адил урсан гарахыг тэр сонссон билээ. Тэгээд бодьсадва Речура-Кету шөнийг өнгөрүүлээд өглөө Ражагриха их хотоос олон мянган нөхдийнхөө хамт гарч Бурхан багш заларч буй Тас цогцолсон ууланд хүрч ирлээ.

Бодьсадва Речура-Кету бээр Ялж төгс нөгчсөн Бурхан багшийн өлмийд оройгоороо алга хавсран мөргөв. Ялж төгс нөгчсөнийг гурван удаа эргэж тойроод нэгэн зүгт суулаа. Тэгээд Речура-Кету бодьсадва Ялж төгс нөгчсөн бурхан багшид алга хавсран мөргөөд зүүдэнд үзэгдсэн хэнгэргийн дуунд сонсогдсоныг ийн айлтгав:

Урьд шөнө, алгасрал үгүй
Учирт зүүдийг би зүүдэлсэн нь: 

Үзэсгэлэнт их хэнгэргийг үзэхүй
Бүгдэд алтан гэрэл нь
Нар ямар мэт бадарч,
Бүхэнд нэн тодорхой бөгөөд
Арван зүгүүдийг гийгүүлэх болов.

Бүхэнд их эрдэнийн модны өмнө
Биндэрьяа эрдэнийн ширээнүүдэд
Бурхад нугууд залран оршоод
Булт олон зуун мянган
Нөхдийн дунд өмнөөс харсныг үзэв.

Бярман адил дүрт нэг
Их хэнгэргийг машид дэлдэхийг үзэв
Тэрбээр түүнийг дэлдэх лугаа
Шүлэг номлол эдгээр гарав: 

Дээд алтан гэрэлт их хэнгэргийн дуугаар
Гурван мянган ертөнц, гурван ертөнц энд
Муу заяаны зовлон, эрлэгийн зовлон хийгээд
Хоосрохын зовлон, зовлон амирлах болтугай.

Их хэнгэргийн дуу хэл үүгээр
Энэ ертөнцийн мунхаг бүгд амирлах болтугай.
Ямар мэт чадагчийн эрхэт аймшиггүй, аймшгийг амирлуулсан мэт
Амьтан аймшиггүй, аймшиг лугаа хагацах болтугай.

Ямар мэт орчлонд Бүхнийг болгоогч чадагчийн эрхэт
Ялгуулсан хутагтын эрдэм бүхэн лугаа төгөлдөр тэр мэт
Төрөлхтөн бүгд самади, бодийн гишүүний
Эрдэм төгс хийгээд эрдмийн далай болъюу.

Их хэнгэргийн дуу хэл үүгээр
Эгэл амьтад эсрэнгийн дуу төгөлдөр болж
Бурхан бодийн дээдэд хүрэх болтугай.
Буян номын хүрдийг эргүүлэх болтугай.

Санаанд багташгүй галавт орших болтугай
Амьтанд туслахын тулд номыг ч үзүүлэх болтугай.
Нисванисийг дарж зовлонг арилгах болтугай
Хүсэл тачаал уур мунхгийг амирлуулах болтугай.


Ямарваа амьтад алин муу заяаны газарт оршоод
Яс биед нь галын оч машид бадарсан
Тэдгээр их хэнгэргийн дууг сонсох болтугай
Тэсэшгүй зовлон бүгд нь машид амирлах болоод
“Бурханд мөргөх болой” хэмээх үгийг сонсох болтугай.

Амьтан бүгдээр төрөл олон зуу хийгээд
Мянган гольт насанд төрлөө санах болтугай
Чадагчийн эрхэтийг үргэлжид санах болтугай
Тэдгээрийн агуу их зарлигийг сонсох болтугай.

Их хэнгэргийн дуу хэл үүгээр нь
Бурхад лугаа үргэлжид нөхөрлөх болж
Хилэнцийн үйлүүдийг нэн тэвчих болтугай
Хичээж буяны үйлүүдийг үйлдэх болтугай.

Тэнгэр хүн хийгээд амьтан бүгд
Тэдгээрийн санаа ба ерөөл алин
Тэрхүү их хэнгэргийн дуу үүгээр
Тэдгээрийн горил бүхэн төгсөх болтугай.

Амьтан алин нугууд барагдашгүй тамд төрж
Биед нь галын оч машид бадарсан
Аврал үгүй гаслант хийгээд огоот тэнүүчилсэн
Хүмүүн тэдгээр нь машид амирлах болтугай.

Амьтны там бирд хүний ертөнцөд
Амьтны зовлон барагдашгүй хатуу алин
Тэрхүү их хэнгэргийн дуу үүгээр
Тэдгээрийн зовлон бүхэн амирлах болтугай.

Шүтээн үгүй, өмөг садан үгүй хийгээд
Шүтэх аврал үгүй болсон нугууд
Тэдгээрийг аврах хийгээд өмөг садан
Тэтгэх шүтээний дээд нь би болох болтугай.

Бурхан хоёр хөлтний дээд нугууд
Энэрэл нигүүлсэнгүй төгөлдрийн таалал
Алин арван зүгийн ертөнцөд заларсан
Авралт бурхад намайг болгоон соёрх.

Би бээр урьд хилэнцийн үйл
Машид барагдашгүй алин үйлдсэнийг
Арван хүчийн мэлмийн өмнө би
Сөгдөөд тэдгээр бүгдийг наминчлан үйлдье.

Эцэг эх нугуудыг үл хүндлэх хийгээд
Бурхад нугуудыг үл бишрэх хийгээд
Буян нугуудыг үл барих зэрэг
Би бээр хилэнц алиныг үйлдсэн. 

Баярхах ба омгоор дээрэлхэх хийгээд
Язгуур ба төгс эдлэлээр омгорхох хийгээд
Залуугийн омгоор дээрэлхэх зэрэг
Би бээр хилэнц алиныг үйлдсэн. 

Гэмийг санаж, гэмтэйг өгүүлсэн хийгээд
Гэмтэй үйлдсэн үйл нугууд хийгээд
Гэмийн зоригдолд үл харснаар
Би бээр хилэнц алиныг үйлдсэн. 

Эглийн оюунаар орох хийгээд
Мэдэхгүйн харанхуй санаа болон
Хилэнцийн нөхрийн эрхэнд орох ба
Нисванисийг нэн хямруулахын санаа

Тоглоом баяслын эрхэнд орох хийгээд
Гаслан ба өвчний эрхэнд орох болон
Эдээр үл ханасны гэмээр
Би бээр хилэнц алиныг үйлдсэн. 

Эгэл төрөлхтөнийг хорлох болон
Атаа, харам бач хийгээд
Башир хийгээд хоосорсны гэмээр
Би бээр хилэнц алиныг үйлдсэн. 

Хоосрох зовлон гарахын цагт
Хүсэл нугуудын аюулын уг хийгээд
Баян бус ядуу болсноор
Би бээр хилэнц алиныг үйлдсэн. 

Башир сэтгэлийн эрхэнд болох хийгээд
Хүсэл хийгээд уурын эрхэнд болох
Өлсөх цангахаар хохирсны эрхээр
Би бээр хилэнц алиныг үйлдсэн. 

Бие хийгээд хэл, сэтгэлийн хилэнц
Гэмт явдал гурван янзыг хурааж
Энэ мэтийн ёсоор алин үйлдсэн
Тэдгээр бүгдийг би наминчилмой.


Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн эрхэт дээд хаан их хөлгөн судраас.
“Зүүдэнд наминчлахуй” хэмээх дөрөвдүгээр бүлгийн хэсгээс...

Орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлэн бичсэн Батжаргалын БАТБАЯР




БАДАМХАНД МУЗЕЙ