(Дипломатчийн тэмдэглэл: Каир – 8)

Хоёрдугаар сарын 11, Баасан гариг  


Өглөө эртлэн босч гадагш гарч кварталаа тойрч алхлаа. Тэгэнгээ талхны дэлгүүрт орж талх авлаа. Үнэ нь нэмэгдээгүй байна. Талх нарийн боовны төрөл зүйл цөөрснөөс бус бүр зогсчихсон юм алга. Үд хүртэл Каир хот нам гүм, бага үд, их үдийн мөргөлийн дуу хадаж байна. Үдээс хойш л бужигнаж эхэлнэ дээ.  Жагсагчид Тахрирт хуран цугларсаар байна. Тэд Маср аль- Гадида дүүрэгт байрлах "Эль-Уруба" ордон руу цувж эхэллээ. Энэ бол Ерөнхийлөгчийн нэг өргөө. Үдийн мөргөл өнгөрөөд маш том тэмцэл эхлүүлэхийг Facebook-ын сүлжээгээр уриалан дууджээ. “Цуст Баасан гариг” болгоно гэсэн заналхийлэл ч тэр дотор явж байна.

15.00-18.00 цагт Тахрир болон төв гудамжууд, Ерөнхийлөгчийн өргөөний орчим, Төв ТВ орчим жагсагчид шуугилдсаар л байв. 17.55 цагт Мубарак Шарм эль Шейх рүү гэр бүлийн хамт явлаа гэсэн мэдээг ЕТГ тараажээ. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Төв ТВ рүү орлоо гэх мэдээ залгав. 18.00 цагт бүх ТВ-ийн сувгаар  нэгэн зэрэг Дэд ерөнхийлөгч Омар Сулейман гарч ирлээ. Улс оронд үүссэн нөхцөл байдлыг харгалзан хүнлэг ёсны нэрийн өмнөөс Аллахын нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Мубарак огцорлоо. Засгийн бүх эрх Цэргийн дээд зөвлөлд шилжлээ хэмээн мэдэгдэв. Анзааргагүй хүн бол энэ мэдээг тоохгүй өнгөрч мэдэх байх. Гэвч энэ бол түүхэн цагийн үеийн оргил, түүхэн мөч юм. Утас дуугарч манай Чинтүшиг “Та мэдээ үзэв үү?” гэж байна. Би ч тэр дор нь Улаанбаатар руу сайд Г.Занданшатарт энэ мэдээг уламжлав. Египетийн ард түмэн 18 өдөр шөнө цөхрөлтгүй тэмцсээр 18 дахь өдрөө тэмцлийнхээ эцсийн зорилгод ийнхүү хүрчээ. Өчигдөр орой огцрохгүй, Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг дуусгана гэж мэдэгдээд 24 цаг бололгүй ийнхүү огцорч, египетчүүд 18 өдрийн тэмцлийн 18 дахь өдрийнхөө 18.00 цагт огцруулж чаджээ. Гэрт байж суух аргагүй, юу болчихов гэмээр их дуу гадуур хадаж байна. Хотын төв баяр баясал, баярын нулимс, ялалтын баярт дарагдлаа хэмээн Al Jazeera ТВ гарчгаа хөврүүлж өгч байна.  Машинууд сигнал, дуут дохиогоо орилуулж, буун дуу тачигнаж, үнэхээр сүрдмээр. Хүмүүс тарах шинж алга, өнөө шөнөжингөө шуугилдах байх. Сонор сэрэмжээ сулруулж болохгүй гэдгийг би хоёр залуудаа хэллээ.

Улс орны хувь заяа хэний гарт орж вэ? Төр засгийн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ?  Засгийн бүх эрх Цэргийн дээд зөвлөлд буюу дараахи хэдэн хүнд түр шилжлээ.

1)    Дэслэгч генерал Омар Сулейман – АНБЕУ-ын Дэд ерөнхийлөгч
2)    Фельдмаршал М.Х.Тантави – Ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалахын ба батлан хамгаалах аж үйлдвэрийн сайд
3)    Дэслэгч генерал Сами Анан – Египетийн армийн Жанжин штабын дарга, хуурай замын цэргийн командлагч
4)    Нисэх хүчний маршал Ахмед Шафик  – Иргэний агаарын тээврийн сайд (Түр Ерөнхий сайд)
5)    Нисэх хүчний маршал Реда М.Х.Мохамед – Агаарын цэргийн командлагч
6)    Дэслэгч генерал Абб эл Азиз Сейф Элдээн – Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч
7)    Дэд адмирал Мохаб Мамиш  – Тэнгисийн цэргийн командлагч
 
Цэргийн дээд зөвлөлөөс Засгийн газрыг тарааж, парламентын хоёр танхимын үйл ажиллагааг зогсоов. Үндсэн хуулийн цэцийн даргаар Шилжилтийн Засгийн газрыг толгойлуулна. Шилжилтийн Засгийн газар нь эвслийн Засгийн газар байна. Шилжилтийн Засгийн газар шинэ сонгуулийн дүн гартал ажиллана гэсэн шийдвэр гаргажээ. Түүхэнд цөөхөн настай Засгийн газар олон л байсан. Аравхан хоногийн настай нэг Засгийн газар ийнхүү огцорчээ. Энэ бол Мубаракийн дэглэмийн сүүлчийн Засгийн газар байлаа.

Хоёрдугаар сарын 12, Бямба гариг  

Ялалтаа тэмдэглэж байгаа ард түмэн тарах шинж алга, өнөө шөнөжингөө шуугилдана гэж өмнө бичсэн нь нотлогдож байна. Манай ЭСЯ-ны хажууханд цагаан хоолойгоор баярын дуу цууриатуулж, манай арын төв гудамжаар машинууд сигналдаад, хүмүүс орилолдоод, буун дуу салютын буудлага хоёр нь ялгарахгүй пачигнаж  шөнийн 02.00 цаг хүргэв. Зурагтын бүх суваг зөвхөн Тахрирыг үзүүлж байна. Бид унтаж чадсангүй. Үүрээр ганц цаг зүүрмэглээд сэрлээ. Юмыг яаж мэдхэв гээд би гадагшаа гарч байншингаа тойрч эргээд, хашаанаасаа гарав. Гудамжинд хэн ч алга. Харуул хамгаалалт, ардын сайн дурынхан ч алга. Шөнөжин баярлаад нойргүй хоносон, Каир хот нам тайван, бүгд амарцгааж байна. Олон хоногийн ядаргаа стрессээ хүн ард тайлж байгаа.      
Мубаракийг огцруулж, түүний дэглэмийг унагасан явдал яах аргагүй тус орны түүхийн шинэ хуудсыг нээлээ. Египчүүд үнэхээр том сорилтын ард гарчээ. Энэ хэд хоногийн жагсаал цуглаан, бослого тэмцлийг харж байхад энэ орны аугаа том, жин нөлөөг бүр ч ихээр мэдэрлээ. Тунист болсон үйл явдал, одоо Йеменд болж эхэлж байгаа бослого тэмцэл бол Египетийн дэргэд бол юу ч биш юм байна. Харьцуулах юм ердөө ч алга. Сонирхол татахаар зүйл ердөө ч биш, тэгээд ч дэлхий тоохоо больжээ. 

Ийм лут оронд, ийм түүхэн цаг үед нь Элчин сайдаар ажиллах хувь хүн бүрт тохиохгүй хэмээн би өөртөө бэлгэшээж, энэ мөрүүдийг бичиж байна. Үнэхээр дэлхий нийтийг хөлдөө чирсэн түүхэн үйл явдал гэж дүгнэхээс аргагүй. АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө биечлэн хэдэн ч удаа Египетийн талаар мэдэгдэл хийв дээ. Зөвхөн энэ үзүүлэлт л нэгийг хэлээд өгнө. Хоёр жилийн өмнө Каирын их сургуульд Барак Обамаг лекц тавьж байхад би тун ойроос хараад сонсоод сууж байсан. Түүний уриа дуудлага энэ их хэргийн эхийг тавьчихав уу?

Харин дэглэм унасны дараахи асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх нь энэ хувьсгалаас дутахгүй том үйл явдал байх болно.

Мубарак огцрохынхоо өмнөхөн Израилийн Кнессетийн депутат Биньямин Бен-Элиэзертэй утсаар ярьсан яриа Израилийн ТВ-ээр гарчээ. Тэр яриаг Reuters агентлаг дэлхийд цацжээ. Тэнд мэдээлж байгаагаар бол Ойрхи Дорнодод ардчилал ялтал мөдгүй, бараг ялах ч үгүй,  ардчилал ялна гэсэн худал хуурмаг ярианд итгэх хэрэггүй гэнэ. Америкийн хүсээд байгаа тэр ардчилал бол худал хуурмаг зүйл хэмээн Мубарак шууд хэлжээ. Ойрхи Дорнодод явуулж АНУ-ын бодлого эцсийн бүлэгтээ экстремизм, радикал лалын ялалтад хүргэнэ. Иранд Засгийн газрыг солих гэж оролдоод лалын диктатур л тогтоосон, Газын зурваст сонгууль явууллаа гэсэн чинь террорист ХАМАС байгууллагыг ялуулчихсан гэж Мубарак ярьжээ. Буухынхаа өмнө маш ноцтой сэрэмжлүүлэг өгчээ.  

Хоёрдугаар сарын 13, Ням гариг

Ажлын шинэ 7 хоног эхэллээ.  Ерөнхийлөгч Х.Мубаракгүйгээр египетчүүд шинэ 7 хоногтойгоо золгож байна. “Шинэ эрин үе” хэмээн Al Jazeera ТВ сүржин нэрлэсэн байна. Үнэхээр ч тэгж үзэж болох юм. Дэглэм нурах үйл явц гинжин урвалаар цааш хөвөрч эхэлж байна. Энэ бол жам ёсны үзэгдэл юм.

Мубаракийг огцорсноос хойш тус орны төр-засгийн эрхийг авсан  Цэргийн дээд зөвлөл 5 дахь мэдэгдлээ өнөөдөр буюу 13-нд гаргалаа. Гурав хоноход 5 мэдэгдэл гаргаж байна, цаашаа ойр ойрхон хэдийг ч гаргаж мэдэхээр байна. Тэгээд ч мэдэгдлүүд нь анхны зарчим, заалтаасаа өөрчлөгдөж байгаа нь анхаарал татаж байна. Цагийн аясыг дагаж өөрчлөх нь зөв ч байх. Цэргийн дээд зөвлөлөөс анх Засгийн газрыг тарааж, парламентын хоёр танхимын үйл ажиллагааг зогсоох, Үндсэн хуулийн шүүхийн даргаар Шилжилтийн Засгийн газрыг толгойлуулах, шилжилтийн Засгийн газар нь эвслийн Засгийн газар байх,  шилжилтийн Засгийн газар шинэ сонгуулийн дүн гартал ажиллах гэсэн шийдвэр гаргаж байсан бол өнөөдөр өөрчилж нэмээд парламентын хоёр танхим, Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааг зогсоох, харин 10 хоногийн настай байгаа А.Шафикийн одоогийн Засгийн газрыг “Шилжилтийн” гэсэн тодотголтой цааш ажиллуулах, Үндсэн хуулийг цуцлах  шийдвэр гаргажээ. Ингэснээр тус орон Үндсэн хуулиа хүчингүй болголоо. А.Шафикийг “Түр Ерөнхий сайд” гэж нэрлэхээр боллоо. Шилжилтийн түр Засгийн газрын ажиллах хугацаа 6 сар, улс оронд аюулгүй байдлыг сахиулж сонгуульд бэлтгэх үндсэн үүрэгтэй, завсарт нь реформоо хийнэ. Шинэ Үндсэн хууль боловсруулах комисс байгуулах шийдвэр Цэргийн дээд зөвлөлөөс гаргасан нь Дэд ерөнхийлөгч О.Сулейманы эхлүүлсэн “Үндсэн хуулийг шинэчлэх хороо” байгуулахаар хэлэлцэн тохирсоны үргэлжлэл мөн эсэх, хуульчид, улс төрчид ажиллаж 3 дугаар сарын эх гэхэд гол баримт бичгийг бэлэн болгох, мөн хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсан байхаар тогтсоныг тэр шинэ комисс нь хэрэгжүүлэх эсэх тодорхойгүй байна.  

Нэгэнт Үндсэн хууль цуцлагдсан тул Дэд ерөнхийлөгч О.Сулейман Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх эрх зүйн үндэсгүй болж байна. Иймд Египетийг олон улсын хэмжээнд Цэргийн дээд зөвлөлийн дарга фельдмаршал М.Х.Тантави  төлөөлж, Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх болно хэмээн Цэргийн дээд зөвлөлийн № 5 мэдэгдэлд заажээ. Дэд ерөнхийлөгчийн тухайд бол түүний цаашдын хувь заяаг Египетийн арми шийднэ хэмээн А.Шафик  Nile ТВ-ээр мэдэгдсэн нь Омар Сулейман  Дэд ерөнхийлөгчөөрөө цааш байх эсэх нь эргэлзээтэй,  бараг огцорч магадгүй гэсэнтэй адил дуулдаж байна.
 
Дэглэм нурах гинжин урвал гэж би нэрлэсэн. Мубаракийн дэглэмийн үед төр, засгийн албанд удирдах тушаалд ажиллаж байсан бүх хүнийг ажлаас нь хална гэсэн яриа таамаг гадаадын сателитын зарим ТВ-ээр явж байгаа боловч өнөөдрөөс албан байгууллагууд дахь Мубаракийн том хөрөг зургийг буулгаж, Засгийн газрын хуралдааны танхимаас түүний жаазтай зургийг зөөж гаргаж байгааг харуулав. Өмнөх ба одоогийн Засгийн газрын гишүүд нь зөвхөн Ерөнхий прокурорын зөвшөөрлөөр гадаадад явна гэдгийг Цэргийн дээд зөвлөлөөс анхааруулсан байна. Цэргийн дээд зөвлөлийн мэдэгдлээс үзвэл өмнөх дэглэмийн Ерөнхий сайд Ахмед  Назиф, түүний Засгийн газарт Дотоод хэргийн сайд байсан Хабиб Адли, одоогийн  Мэдээллийн сайд Анас Фикки нарын хэргийн шалгаж байна. Мэдээллийн сайдыг Каирын олон улсын нисэх буудалд саатуулж улмаар гэрийн хорионд хийжээ. Өмнөх дэглэмийн баахан түшмэлийг золигт гаргах нь тодорхой болсоор л байна. Хээл хахуулийн хэрэгт 15 сайдыг сэжиглэж байгаа гэсэн мэдээг Вести-ийн сурвалжлагч хэлээдэхлээ. Египетийн эрх баригчид Европын Холбоо, АНУ, Их Британи, Францад хандаж экс Ерөнхийлөгчийн дэглэмийн дарга нарын мөнгөн хадгаламжийг хөдөлгөхгүй байлгаж байхыг хүсчээ. Reuters-ийн мэдээлснээр бол хэсэг хүмүүсийн нэрс Каираас очсон ба тэнд нь Мубарак, түүний гэр бүлийн гишүүдийн нэрс байхгүй гэнэ.

Төр засгийн эрхийг цэргийн бус иргэний Засгийн газарт шилжүүлэх хүртэл Тахрирын талбайгаас явахгүй гэж хэдэн зуун жагсагч мэдэгдээд цэрэг цагдаатай тулсан байдалтай байна. Тахрирт хэдийгээр тийм ая зантай байгаа боловч Каир хот харьцангуй тайван болж, тус орон хэвийн амьдралдаа эргэн орж эхэлж байна. Бүх шатны  сургуулиудын хичээл өнөөдрөөс (2 дугаар сарыг 13) эхэлж, залуусын хурсан их хүчийг задалж тараах арга хэмжээ авч эхэллээ...

-o0o-