Тун энгийн жишээ авъя. Хоёр залуу нэг хүүхэнд зэрэг дурлаж гэж бодъё. Гэвч эцсийн шийдвэрийг хүүхэн гаргана. Хоюуланг нь сонгоно гэж байхгүй. Харин аль алийг нь тоохгүй байж болно. Хүүхэн аль нэгийг нь сонгоно гэж үзвэл харцуулын хооронд өрсөлдөөн үүснэ. Залуус ирээдүйн эхнэрийнхээ төлөө өрсөлдлөө... Нуруу туруугаараа, архи тамхи хэрэглэдэггүйгээрээ, үнэнч шудрагаараа, бие мах бодоороо, ухаан чадвараараа, царай зүсээрээ, хөрөнгө мөнгөөрөө, зан аалиараа... Гагцхүү эрчүүл төдийгүй ойн моднууд ч хоорондоо нарны төлөө өрсөлддөг. Амьдрах тэсэн гарах, үр удмаа үлдээхийн төлөөх өрсөлдөөн.

    Асуудлыг улс үндэстэн гэсэн хүний нийгмийн нэлээд өргөн утгаар авч үзвэл эдийн засгйн ухаанд бүхэл бүтэн судлагдахуун болсон байна. Өрсөлдөх чадамж сайтай улс үндэстэн өнөөгийн даяаршсан ертөнцөд илүү баялаг бүтээж, хүн ард нь илүү бан чинээлэг, сэтгэл ханамжтай амьдардаг. Судлаачид үндэсний өрсөлдөх чадварыг үндсэн дөрвөн бүлэг үзүүлэлтээр шалгуур тавин хэмждэг. Энэ нь 1. Эдийн засгийн чадамж, 2. Төрийн чадамж, 3. Бизнесийн чадамж, 4. Дэд бүтэц.

    Улс үндэстний өрсөлдөх чадамж түүхийн туршид янз бүрийн хүчин зүйлээр хэмжигдэж байсан биз. Эртний египтечүүд Нил мөрний таатай нөхцлөөр, эртний ром, герегчүүд түрүүлж олж авсан иргэншлээрээ, эртний хятадууд технологийн нээлт болон нийлэмжит амьдрах ухааны философиороо баялаг бүтээж олж байсан бол дудад зууны монголчууд довтолгооны зэвсэг морьтой болоод бүх нөхцөлд зохицож чаддаг чадвараараа, арабчууд шинэ хүчирхэг үзэл суртлаараа цойлж байлаа. Орчин үеийн түүхийн эхэнд англичууд шинжлэх ухааны ололт, түүнээ ашиглан үйлдвэржилтын амжилт гаргаснаараа бусад үндэстнээс сугаран гарч ирж байсан. Даяаршсан өнөөгийн ертөнцөд аль ч үндэстэн өрсөлдөх чадвараа сайжруулж чадвал ямар ч салбарт амжилт гарган баялаг буй болгон бүтээж болох жишээг Сингапур, Катар, Израил, Финланд, Норвеги мэтийн жижиг үндэстнүүд амьдрал дээр нотолж байна. Гэтэл өрсөлдөх чадвараар сул Индонез, Пакистан, Мексик, Нигери зэрэг хүчирхэг том гүрнүүд ядуурал гуйранчлал, нийгмийн хоцрогдлоосоо салж чадахгүй байгаа юм.

    Орчин үеийн ертөнцөд улс үндэстний чадамжийг тодорхойлдог хэд хэдэн аргачлал буй болсон, мөн түүнээ дагаад олон институциүд энэ талаар судалгаа хийдэг. Гэхдээ дээр өгүүлсэн дөрвөн чадамжаар өрсөлдөх чадамж илэрхийлэгдэнэ гэдэгт санал нэг байна. Эдгээр үндсэн дөрвөн хүчин зүйлийн чадамж аль зэрэг байхыг илэрхийлдэг дөрвөн янзын бодлого байна. Энэ бодлого нь тухайн үндэстний уламжлал, мэнэжмэнт, түүх, тухайн асуудалд хандах уг үндэстний араншин, тогтолцооны төлөв байдал зэрэг олон хүчнээс хамаарна. Энэ нь

А. Дур булаах vs Довтлох: Герман, Солонгос, Япон зэрэг орнууд экспортын бодлого явуулан довтлох баримжаа баримтладаг бол Ирланд, Сингапур зэрэг орнууд гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд Дур татах стратеги баримтлана.

Б. Дотогшоо vs Гадагшаа:  Аль ч орны эдийн засаг нэг төрлийн байдаггүй учир энэ хоёр төрлийн эдийн засаг хослон оршдог, харин үүний тэнцвэрийг барьж явах нь маш чухал. Дотогшоо гэхээр уламжлалт арга хэмжээ болох боловсрол, эрүүл мэнд, төрийн болон шүүхийн тогтолцооны арга хэмжээ, зэхэг нийгмийн үйлдлүүд болно. Харин Гадагшаа гэхээрээ экспортыг дэмжих, дэлхийн зах зээлд өрсөлдөх, түүндээ зориулж авах арга хэмжээ орно. Өөрөөр хэлбэл үндэсний бизнестээ хандуулах анхаарал.

В. Үнэ цэнэ vs Үйлдэл боловсруулалт: Зарим улс орон байгалийн баялаг, газар зүйн байрлал зэрэгтээ дулдуйддагийг Үнэ цэнэ гэж байна. Үүний жишээ Энэтхэг, Орос, Бразил зэрэг болно. Үүний нөгөө тал нь Япон, Сингапур, Швейцар зэрэг байгалийн сайн нөхцөлгүй боловч үйлдэл боловсруулалтаараа баялаг бүтээдэг орнууд байна.

Г. Иргэдийн эрсдэл хүлээх тогтоц vs Нийгмийн зөвшлийн араншин: Хувьчлал, хувийн хариуцлага, иргэд өөрсдөө эрсдэл хүлээх дээр тулгуурласан бодлогоор нийгмийн баялаг бүтээхийг Иргэдийн эрсдэл хүлээх  тогтоц гэж нэрлэж байна. Үүний тод жишээ нь АНУ юм. Үүний эсрэг тогтолцоо нь нийгмээрээ зөвшиж хоцрогдож буй хэсгээ “харж үзэх” халамжийн маягийн тогтолцоо болно.

    Өнөөгийн даяаршсан ертөнцөд улс үндэстнүүд биенээсээ маш их хамааралтай, харилцан солилцоогоор амьдардаг. Хаалт боолтод орж гадаад ертөнцөөсөө таслагдсан Иран, Хойд Солонгос зэрэг орон маш аймшигтай хүндрэлд орж буй нь үүний баталгаа юм. Нэгэнт нээлттэй дэлхийд бусадтай харилцаж, өрсөлдөж баялаг буй болгодог болохоор өөрийн сул болон давуу талыг тогтоож түүндээ таарсан бодлого мэнэжмэнт явуулах нь аль ч улс үндэстний гол стратеги, амин чухал асуудал мөн. Иймээс хүлээн зөвшөөрөгдсөн институци хүрээлэнгүүдээр өөрийн өрсөлдөх чадамжийг ул суурьтай тодорхойлуулах нь аль ч орны хувьд ердийн зүйл болжээ. Шинжлэх ухааны үндэстлэлтэйгээр дүгнүүлж үүндээ үндэслэн чадамжаа нэмэгдүүлэх гэсэн санаа.

    Саяхан Монгол улс анх удаа өөрийн өрсөлдөх чадамжаа дүгнүүлжээ. Дэлхийн өрсөлдөх чаддамжийн төв хэмээх байгууллага энэ ажлыг гүйцэтгэсэн байна. Дэлхийн бүх оронтой харьцуулж маш нарийвлалтай судалгаа ч хийдэг, товч маягаар цөөн орнуудтай харьцуулж цөөн үзүүлэлтээр ч судалгаа хийдэг. Манайх сүүлчийнхээр нь дүгнүүлж. Уг төвийг толгойлдог профессор Стэфан гарэлли өнгөрсөн жил Улаанбаатарт ирж лекц уншсан ба судалгаа хийх хэлэлцээртгарын үсэг зуржээ. Үр дүн нь “Монгол улсын дэлхийд өрсөлдөх чадамж” хэмээх товхимол сая гарав.

    Судалгааг Сингапур, Катар, Чили, Малайз, Казахстан, Тайланд, Солонгос, Болгар, Пэрү, Орос, Словак, Мексик, Словени, Украин гэсэн 14 оронтой харьцуулж хийжээ. Эдийн засгийн чадамж, Төрийн чадамж, Бизнесийн чадамж, Дэд бүтэц гэсэн дөрвөн гол чиглэлээр хийсэн судалгаан дунд Дэд бүтцийн судалгаа нь жаахан тиймэрхүү болсон санагдлаа. Учир нь өргөн уудам нутаг, хөгжлийн дорой төвшин, хүн амын хэт сийрэгжилт зэрэг нь тухайлбал Мексик, Монгол хоёрыг дэд бүтцээр хэмжин өрсөлдүүлэх нь дэндүү утга учир багатай юм. Харин энэ хоёр орны нэг иргэнд ноогдох боловсролын төвшин, нэгж компаний төлж буй татварын хэмжээ зэрэг нь харьцуулж болох үнэн үзүүлэлт мөн.

    Монгол улсын давуу талын жагсаалтад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт (энэ үзүүлэлтээр ерөөс дэлхийд нэгд ордог юм байна), боловсролын салбарт өгч буй төсвийн хөрөнгө, хаилцаа холбоонд оруулж буй хөрөнгө оруулалт, утас холбооны үнэ, үйлдвэрлэлд нийлүүлж буй цахилгааны үнэ, ажилчин бэлтгэх дахин сургалт, хувиар аж ахуй эрхлэгчдийн бололцоо зэрэг зүйл багтаж байна. Харин Монгол орны сул талууд гэвэл хувьцаа эзэмшигчдийн эрх, залуучуудын дундах ажилгүйдэл, нэгж ажил эрхлэгчийн үйлдвэрлэлийн үр ашиг, шууд хөрөнгө оруулалт, олон улсын туршлага, эрчим хүчний ирээдүй, биржийн зах зээл, компаниудын үр ашиг, эрчим хүчний дэд бүтэц, мэдээллийн технологийн нэвтрэмж гэх мэтээр тоочжээ.

    Харьцуулсан судалгаагаар Эдийн засгийн чадамжаар Монгол улс 13-р байрт орж ардаа Словак, Украиныг орхижээ. Төрийн чадамжаар 12-р байрт орж, Мексик, Словени, Украины урд гарсан байна. Бизнесийн чадамжаар Украин, Словени, Болгарын урд мөн 12-р байр эзэлсэн байна. Харин дэд бүтцийн чадамжаар хамгийн сүүлчийн байр эзэлж буй нь учир шалтгааны хувьд мэдээж зүйл юм.

    “Дэлхий дээр ийм юм байхгүй”, эсвэл “Дэлхий даяараа ийм байдаг” гэж ирээд л ярих хүмүүс бишгүй байдаг. Хаана ямар судалгаагаар олж мэдсэнээ харин тас нуугаад өнгөрөх нь ном. Харьцуулсан судалгаа бидэнд юун түрүүн хаа яваагаа тодорхойлоход луужин болно. Нөгөөтэйгүүр үнэхээр дэлхий дээр ямархуу стандарт байдгийг ойлгож хүрэх цэгээ тодорхойлж болно. Энэхүү “Mongolia in World Competitiveness”  буюу “Дэлхийн өрсөлдөх чадамж дахь Монголын байр” гэсэн судалгааны эмхтгэлийг иргэд, компаниуд, төрийн байгуулагынхан авч үзэн өөртөө дүгнэлт хийж хүрэх цэгээ тодорхойлбол их олон зүйл тодорхой болох гээд байна. Судалгаа үйлдсэн хүмүүс харин ямар ч дүгнэлт хийгээгүй байна билээ. Энэ нь баялаг үйлдвэрлэж эх орноо хөгжүүлэх санаа агуулсан хувийн болон төрийн аль ч ажилтны өөрийн бөндгөрөөр дүгнэлт хийх орон зай юм. Өнөөдөр манайд ч цэцэн хүн багтахгүй олон болсон цаг даа. Эхлээд хаа яваагаа мэдчихмээр юм.
2011.4.11