Дутуугаа ОУВС-гаар нөхүүлж, дундуураа хандивлагчдаас дүүргэнэ
Олон улсын валютын санг сүүлийн гурав, дөрвөн жил үл тоомсорлож, сүүлээ сэрвээн дээрээ тохон тодорч байсан Монголын Засгийн газар номхорчээ.
Зэсийн үнэ өндөр, түүнийг дагаад төсвийн орлого боломжийн байх үед тэдний зөвлөгөө, заавар хамаагүй болоод байв. Тэр тусмаа сонгуулийн амлалтаа дагуулж халамж, тэтгэлэг гэдгийг хаа, хамаагүй цацаж байсан эрх баригчид одоо л амаа барьж байна. Амаа бариад зогсохгүй, төлөөлөгчийн газраа Улаанбаатараас татах гэж байсан ОУВС-г эргээд царайчлахад хүрэв. “Та бүхний үгийг сонсох төдийгүй дагахад бэлэн” гэдгээ ойлгуулж, ач холбогдолгүйд тооцогдоод байсан ОУВС-гийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрыг 2011 он хүртэл хаалгаа бүү бариач гэж хүссэн юм.
“Нохойд барьдаг мод” гэгчээр Сангийн сайд ОУВС-гийнхны өмнө нүүрээ ширлэж, хөтөлбөр тохирох хүнд даалгавар үүрээд байлаа.
Өнгөн дээрээ “санхүүгийн хөтөлбөр тохирох” гэдэг гэм зэмгүй нэртэй ч, чин үнэндээ “өр, зээл” гуйх, тэр тусмаа өгөх зээлийг нь дээд хэмжээнд нь тулгах үүргээ С.Баярцогт биелүүлэв.
Бямба гаригт валютын сангийнхан албан ёсоор мэдээлэл өгч, зээлийн квотыг байж болох дээд хэмжээгээр өсгөж, 224 сая ам.долларын зээлийг Монголын Засгийн газарт олгох болсноо зарлалаа. Хоёр он солигдох босгон дээр л ОУВС-гийнхантай хөтөлбөрийн талаар ярьж эхэлсэн ч тэр үед бүтээгүй. Дахиад гуравдугаар сард төлөөлөгчид ирж, хөтөлбөр ярина гэж Сангийн сайд мэдэгдэж байсан. Харин тус байгууллагатай хөтөлбөр тохирохын тулд төсвийн орчин, мөнгөний бодлогоо эргэн харах хэрэгтэй гэдгийг ч олон нийтэд ойлгуулсан юм. Бүр тодруулбал, ОУВС төсвийн алдагдлыг багасгаж, зургаа орчим хувьд барих, хавтгайрсан халамжыг хазаарлах зэрэг нөхцөлүүдийг шаардаж, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалзаж байж “хөтөлбөр тохирно” гэдгээ илэрхийлсэн юм.
Энэ оны төсвийн алдагдлыг яг тал хувиар нь бууруулах шаардлагыг хангахын тулд Засгийн газар төсвийнхний цалин, нийгмийн халамжийг танах тодорхой тооцоо бүхий санал хавчуулсан төсвийн тодотголыг УИХ-ын ээлжит бус чуулганд өргөн барьсан билээ.
Ээлжит бус чуулган эхлээд санхүү, эдийн засгийн хүндрэлийг туулах 1.5 их наяд төгрөгийн өртөг бүхий төслийг, дараа нь 300-аад тэрбум төгрөг төсвөөс танах тодотголыг Засгийн газраас хүлээн авч хэлэлцэж эхэлсэн юм. УИХ хямралыг давах төлөвлөгөөг 1.5 их наяд төгрөгийн өртөгтэй байхаар нэгэнт баталсан ч төсвийн тодотголыг эцэслэж хараахан чадаагүй байна.
Гэвч ОУВС төсвийн алдагдал буурах эсэх баталгааг хүлээлгүйгээр хөтөлбөр тохирчээ. ОУВС-гийнхан УИХ, Засгийн газрын зарим нэг гишүүдтэй урьд нь албан бус уулзалт хийж, дээрх хэмжээнд зээл өгч болохоо мэдэгдээд байсан юм.
Засгийн газрын тэргүүн “мөнгө олдоно, заавал олно” гэж УИХ дээр ам гарч байсан бол сураг сонссон зарим нь ОУВС-гаас авах мөнгийг хэдийнэ үрж зарахаа тооцоолж байсан нь ч нууц биш.
ОУВС, дараа нь хандивлагчид
ОУВС-тай санхүүгийн хөтөлбөр тохирсон Засгийн газар энэ долоо хоногт хандивлагчдын чуулга уулзалт хийхээр товлоод байна. Нэгэнт ОУВС “зээлийн эрх” нээсэн болохоор гадаад орнуудаас зээл, тусламж гуйхад саадгүй гэсэн үг. Нөгөө талаар гэвэл хөрөнгийн эх үүсвэр олох зорилгоор олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргах Засгийн газрын төлөвлөгөө хаагдлаа гэж ойлгож болох юм. Учир нь ОУВС-тай санхүүгийн хөтөлбөр тохирсон тохиолдолд бонд гаргах нь “онолын” хувьд боломжгүй гэдэг тайлбарыг Сангийн сайд гишүүдэд өгч байгаа билээ. Тэгэхээр одоо хандивлагчдыг тойлох л үлджээ.
Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард хандивлагчдын чуулга уулзалт хийхээр чимээгүйхэн товлоод байснаа мөн л чимээгүй цуцалж орхисон билээ. Энэ нь ОУВС-тай хараахан тохиролцож чадаагүй байсантай холбоотой биз ээ. Харин одоо хандивлагчидтай уулзана гэдгээ ил тод зарлалаа.
Мөнгө гуйх. Шаардлага нь тодорхой гэхэд болно. Монголыг сүүдэрлээд байгаа дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын нөлөөг гэтлэхэд дор хаяж 1.5 их наяд төгрөг хэрэгтэй гэж Засгийн газар үзэж байгаа бол үүнийг нь ч УИХ ээлжит бус чуулганаараа баталсан. Санхүү, эдийн засгийн хүндрэлийг гэтлэхийн тулд ямар ажлыг хэдий хэрийн өртгөөр хийх нь дээрх 1.5 их наядын задаргаа болж байгаа.
Үүнтэй зэрэгцээд төрийн нэгдсэн данс улайсах шахаж буй гэх ноцтой мэдээлэл ч буй. Ер нь л Засгийн газарт мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. ОУВС-гийн 224 сая ам.доллар, бас энд тэндээс авахаар ярьж буй зээлийн сураг. Одоогоор тодорхой сураг дуулдаж байгаа зээлүүдийн дүнгүүдийг нэгтгээд үзэхэд 1.5 их наядад арай л хүрэхгүй байх аж.
Дутуугаа зээлээр нөхөх эрхийг ОУВС олгочихлоо. Одоо дундуураа дүүргэх боломжоо хандивлагчдаас хайх л үлдээд байна.