Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Шувуу”, “Шүүр” ажиллагаа, УИХ-ын нэг гишүүнийг чөлөөлж, хоёрынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тэргүүтэй хаврын улс төрийн уур амьсгалд бүхэлдээ шуурга дэгдсэн энэ цаг үе нэгэн үйл явдал болж өнгөрснийг олон нийт төдийлөн анзаарсангүй. Тэр нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин Монгол Улсад ирж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан тухай. Хоёр жилийн турш бүхэлд нь “хорио”-нд оруулсан цар тахлын нөлөө суларч дэлхий нийтэд арай гэж аажуу амьсгаа авах боломжийг олгосон ч ОХУ, Украины дайн хэмээх шинэ үзэгдэл “Ковид”-ын халааг “залгамжилсан”-аар жил тойров. 

Үүнээс үүдсэн ОХУ ба Украйн, Европ, АНУ гэсэн геополитик, геостратегийн шинэ хуваарилалт явж эхлэхтэй зэрэгцэн Узбекистаны Самарканд хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан нь өнгөрсөн оны есдүгээр сар. Тэгэхэд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж байсан юм. Уулзалтын үеэр Монгол Улс ажиглагч орны статусаа цаашдаа хадгалах байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлж байлаа.

Харин энэ удаад Жан Мин даргын Монгол Улсад хийсэн “гэнэтийн айлчлал”-ын үеэр Ерөнхийлөгчийн зүгээс ШХАБ-д ажилагчийн хувиар үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа тодорхой илэрхийлжээ. Улмаар Монгол Улс, ШХАБ-ын харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр ложистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Өөрөөр хэлбэл, ШХАБ дахь Монгол Улсын байр суурь одоогийн буюу ажиглагчийн статусаа хадгалахад төрийн бодлого чиглэнэ гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Жан Мин даргад хоёр дахь удаагаа илэрхийлсэн нь энэ.

Их гүрний явуулдаг бодлого өөрөө том цар хүрээг хамарч таарна. Ялангуяа ОХУ, БНХАУ-ын нөлөө нь үлэмж, бараг чиглүүлдэг ШХАБ-д ямар оролцоотой явах эсэх нь тэг дунд нь оршдог Монгол Улсын төрийн бодлогоос шууд хамаарах асуудал. Дэлхий нийтэд ч сонирхолтой сэдэв. Тэгэх нь ч аргагүй. Анхнаасаа, ардчилсан нийгэмд шилжсэн цаг үеэсээ БНХАУ, ОХУ гэсэн мөнхийн хоёроосоо давж гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, оролцоог нээлттэй, ил тод зарлаж ирсэн Монгол Улс газар зүйн байрлал, геополитикийн солбилцлоороо хэзээнээс хэн бүхэнд сонирхолтой өгөгдөл байсаар ирсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манайд айлчлахдаа “Дэлхийн энх тайвны бэлгэдэл” хэмээн тодотгосон ч учиртай.

Үндсэндээ ШХАБ-д ажиглагчийн статустай явах нь нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэхэд, Монгол Улсын дипломат харилцаанд гуравдагч хөршийн оролцоо жин дарж эхэлсэн тухай агуулгыг Ерөнхийлөгч Жан Мин даргад ийн дайжээ.

Хятад, Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, Пакистан, ОХУ, Тажикстан, Узбекистан тэргүүтэй найман улсыг эгнээндээ нэгтгэсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа, хамрах хүрээ нь том, Евроазидаа төдийгүй дэлхийд нөлөөтэй. Өнгөрсөн жил гишүүнээр элсэх болзлоо хангасан Ираныг нэмж тооцвол энэ оноос ес болж нэмэгдэх эл байгууллагын үйл ажиллагаа АНУ тэргүүтэй барууны орнуудын анхаарал татах төв цэг байх нь ойлгомжтой.

Саяхан БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин ОХУ-д хоёр өдрийн айлчлал хийж тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй “Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн стратегийн харилцааг гүнзгийрүүлэх тухай", "Оросын харилцааны гол салбаруудыг хөгжүүлэх төлөвлөгөөний тухай" 14 баримт бичиг, хоёр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, зарим таамаг дэвшүүлэх сэдэл бас сэдэв болж байна.

Ийм нэгэн энэ цаг үед ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд ирсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Эсрэгээрээ ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөршийнх нь эдийн засгийн, улс төрийн харилцан хамаарал нь улам лавшрахтай зэрэгцэн Монголд ирж, Ерөнхийлөгчтэй ганцаарчилж уулзсан нь дипломат харилцаа талаасаа бидний байр суурийг дахин сонсох тандалт байсныг үгүйсгэхгүй. Учир нь, үе үеийн Ерөнхийлөгч нарын үед ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчлал хийж, Төрийн тэргүүн нартай уулзаж байсан тохиолдол хуруу дарам цөөхөн. Гагцхүү "Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлнэ" гэдгийг ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Минд уламжилсан нь дипломат өрөг дээрх Монгол Улсын баримтлах бодлогын талаар Ерөнхийлөгчийн товч бөгөөд тодорхой ХАРИУЛТ байлаа.

UZEG.INFO