Давосын чуулган өндөрлөх өдөр Ерөнхийлөгч монголын сэтгүүлчдэд ярилцлага өгсөн юм. Өвлийн Давосын бүлээн жавар сэнгэнэсэн эл өдөр гадаа зогсч байгаад бидэнтэй хөөрөлдсөн түүний яриа уншигч та бүхэнд нэгийг бодогдуулж, нөгөөг төрүүлэх биз ээ.   

ММ агентлаг:
Давосын чуулганд та хоёр дахь удаагаа оролцлоо. Энэ удаагийн чуулган дахь монголын оролцоо ямар түвшинд байв. Ямар ямар салбар хуралдаануудад манай тал ач холбогдол өгөв. Мөн чуулганы хүрээнд маш олон уулзалт болж өнгөрлөө. Ямар ямар хүмүүстэй, ямар асуудлаар ярилцсан бол?

-Давосын чуулган бол 40 гаруй жил болж байгаа чуулган л даа. Нэг ийм үг байдаг. Дэлхийд тухайн жилд болох гол үйл явдлууд, улс орнуудад гарах гол шийдвэрүүд, олон улсын түвшинд нөлөөтэй улс орнуудад гарах шийдвэрүүд эхлээд үзэл санааны хувьд Давост яригддаг гэсэн. Тийм учраас Давост дэлхийн олон улс орны тэргүүнүүд, улс төрийнхөн,банк, санхүүгийн ертөнцийн нэр нөлөөтэй хүмүүс ирдэг. Энэ удаагийн чуулганд ОХУ-ын ерөнхийлөгч Медведевээс авахуулаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, БНФУ-ын Ерөнхийлөгч Н.Саркози, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, Украины Ерөнхийлөгч В.Янукович, Японы Ерөнхий сайд Н.Канн, Английн Ерөнхий сайд Д.Камерун, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, Жорж Сорос  гээд олон хүмүүс ирлээ. Нэг юм ажиглагдаж байна. Ноднин бол маш олон хурал, уулзалтад оролцох урилга хүлээн авч оролцсон. Энэ жил бүр олон урилга хүлээж авлаа. Өглөөний 07 цагаас эхлээд л шөнийн 22 цаг өнгөртөл уулзалтуудад орж байна. Цаг шахуу хөтөлбөрүүдтэй байгаа учраас маш олон хүмүүсийг гомдоож байх шиг байна. Хамгийн гол нь болж байгаа гол гол хурлуудад идэвхтэй оролцож, тэнд монголын нэрийг гаргаж, улс орныхоо онцлогийг, мөн давуу талыг бусдад тайлбарлах явдал миний хувьд илүү чухал байна.  Ер нь хурлуудын хувьд бол хөрөнгө оруулалттай холбоотой, байгаль орчинтой холбоотой, хүмүүсийн амьдралтай холбоотой сэдвүүд өргөнөөр тавигддаг л даа. Жишээлбэл, баялаг бага байна, ийм тохиолдолд үнийг яаж тогтворжуулах вэ ч гэдэг юм уу ийм яг тухайн улс орнуудын, засгийн газруудын  өдөр тутмын зовлон бэрхшээлийг энд бас их ярьдаг. Бусад улс орнууд ямар нэгэн хүнд байдлаас яаж гарч байна. Ямар арга замаар даван туулж байна гэдгийг их ярьдаг. Энэ туршлагуудтай танилцах өргөн боломж олддог нь их чухал. Би сая нэг хуралд оролцлоо. Энэ нь дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөлийн гишүүн юм. Тэгээд гишүүний хувьд очоод юу хийв гэдгээ ярьсан. Жишээ нь, манай засгийн газар говьд хуралдсан. Энэ бол монголын ард түмэнд цаг агаарын өөрчлөлт гэж юу болж буй талаар ойлголт өгөх гэж хийсэн. Би ерөнхийлөгчийн хувьд есдүгээр сарын нэгэнд хүүхдүүдэд байгаль орчны сэдвээр хичээл заасан. Энэ бол хойч үедээ энэ талаар ойлголт өгөх зорилготой байсан.  Мөн Улаанбаатар хотын утааны асуудлаар хууль санаачилж УИХ-д өргөн барьлаа. Ер нь бол энэ асуудлаа дөрвөөс таван жилийн дотор шийдэж чадах боломж байгааг олж харлаа. Бид иргэдтэйгээ хамтарч ажиллаад, хувийн сектортойгоо хамтарч ажиллаад дээр нь төрийн зүгээс улс төрийн хүчтэй бодлого явуулж чадах юм бол шийдэх чадах юм байна гэсэн найдвар төрлөө. Бид ийм ийм арга хэмжээнүүдийг авч байгаа гээд дэлгэрэнгүй ярьлаа. Хүмүүс алга ташиж баяр хүргэж байна. Энэ жил бид ази, европын байгаль орчны сайд нарын чуулганыг Улаанбаатарт зохион байгуулах гэж байна.  Бэлтгэл ажлууд хийгдэж байгаа.  

-Та Давосын форумыг санаачлагч Шваб гуайтай уулзсан. Монгол улсад зүүн азийн эдийн засгийн чуулганыг хийх санал тавьсан. Таны саналыг хэр хүлээж авав?

-Шваб гуай бол Харварын төгсөгч л дөө. 40 жилийн өмнө энд бусдаас мөнгө зээлж байж анх энэ уулзалтыг зохион байгуулж байсан түүхтэй. Тэгээд анхны уулзалт амжилттай болсон. Өрөө төлөөд харин ч ашиг олсон. Хүмүүс цуглаж ярилцана, санаа оноогоо солилцоно гэдэг өөрөө ямар ач холбогдолтой чухал зүйл юм бэ гэдэг эндээс харагдаж байгаа юм. Тэр цагаас хойш өнөөдөр 41 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Одоо Давосын чуулган гэхээр дэлхийн хамгийн хүчирхэг хэвлэл мэдээллийн агентлагууд, дэлхийн бодлого тодорхойлогчид анхаарлаа хандуулж байдаг. CNN энэ тэр бол бүтэн 14 хоногийн турш Давосыг ярьж байдаг.  Ийм л өндөр нэр хүндтэй чуулган байгаа юм. Тэгэхээр энэ чуулганы индрийг ашиглана гэдэг бол зөвхөн жижиг орны удирдагчдын хувьд ч биш томоохон удирдагчдын хувьд ч их чухал байдаг. Шваб гуайг би монголд урьж байгаа.  Энэ жил есөн сард ирэх байх. Давосын форумын үүсгэн байгуулагч энэ эрхмийг Монголд ирэхэд дэлхий нийт ч анхаарлаа хандуулах байх. Тэр үеэр монголынхоо асуудлуудыг нэлээн сайн ярьж таниулах бололцоо гарна гэж найдаж байгаа.  Давосын зүүн азийн чуулган гэж болдог. Хятадын томоохон хотуудад байнга болж байдаг. Сингапурт болдог. Энэ жил БНХАУ-ын Далянь хотод болно. Энэ уулзалтад манай бизнесийнхэн очих хэрэгтэй. Төр засгийн шийдвэр гаргагчид, олон нийтийн байгууллагууд очвол үнэхээр чухал. Энэ жил бид бас нэг санаачлагыг нь авч байгаа. Тэр нь юу вэ гэвэл Давосын авилгалын эсрэг санаачлага гэж байдаг. Тэр санаачлагад Монгол улс нэгдэхээр болж байгаа. Та бүхэн мэдэж байгаа бидний санаачлагаар НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид нэгдсэн байгаа. Одоо бид хууль дүрмээ тэрний дагуу өөрчилж, шударга ёсыг нийгэмд тогтоох бас нэг хэрэгсэл болгож ашиглах ёстой.  Энэ талаар цаашаа нэлээн арчимтэй ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь энд ирнэ гэдэг бол өөрөө өндөр ач холбогдолтой зүйл байдаг. Та бүхэн ч харж, мэдэрч, ойлгож байгаа байх. Гэртээ суугаад л байвал гэрийнхээ л юмыг сонсоно. Яваад , олон улс орны хүмүүстэй уулзаад, өөрийнхийгөө харьцуулж жишиж үзэх, олон талаас санаа оноо авах, дээр нь монголынхоо онцлогийг нэмээд бодлого гаргаж хэрэгжүүлэх зэрэг өргөн боломжуудыг нээж  гаргадгаараа их чухал байдаг. Гэхдээ мэдээж энэ уулзалтад оролцоход тодорхой хязгаарууд байдаг. Дуртай хүн бүхнийг ч уриад байдаггүй тийм л газар байгаа юм. Та бүхэн өөрсдөө харж байгаа байх.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад Монголд хандах олон улсын хандлага ер нь хэр өөрчлөгдсөн байна?


-Монголд хандах хандлагаас гадна монголыг хүндэтгэж хандах хандлага, бас монголын явуулж байгаа бодлогыг сайшааж хандах хандлагууд их нэмэгдэж байгаа. Энд бол яригдахгүй юм гэж байхгүй. Хүний эрхийн асуудлаас авахуулаад, цаазаар авах ялаас татгалзах асуудал ч гэдэг юм уу бүгд яригддаг. Танай орны баримталж байгаа энэ энэ бодлого таалагдаж байна. Таны цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн явдалд талархаж байгаа. Уул уурхайн салбар идэвхтай хөгжиж буй орны хувьд баримталж буй энэ энэ бодлогууд тань ийм байна гээд бүгдийг л ярьдаг. Одоо би хэдхэн минутын дараа уул уурхайн хуралд орох гэж байна. Тэнд би нээлтийнх нь үгийг хэлнэ. Энэ хуралд Давост ирсэн бизнесийн болоод улс төрийн хүрээнийхэн бүгд оролцох юм. Тэнд би хэлэхээр зэхэж байгаа гол санаагаа хэлье л дээ. Та бүхэн тухайн улс оронд уул уурхайн салбарт нь хөрөнгө оруулалт оруулахдаа нийгэмтэй нь, тухайн орны ард түмэнтэй нь харьц аа, зөвхөн нэг Засгийн газартай асуудлыг яриад явна гэдэг зөв зүйл биш ээ. Дэлхий нийтийн бизнесийн явж ирсэн энэ замд, энэ туршлагад өөрт нь өөрчлөлт хийе ээ. Би энэ өөрчлөлтийг юу гэж харж байна гэвэл Засгийн газар бол нэг л тал нь. Хамгийн том тал нь ард түмэн. Манай газрын дор байгаа баялаг бол хэдэн сая жил хадгалагдаж ирсэн баялаг. Тэр хэрээрээ урт настай баялаг. Цаашид ч ард түмэндээ үр ашгаа өгнө. Тэгэхээр энэ асуудал нь өөрөө ард түмний асуудал гэсэн үг. Засгийн газар гэдэг бол ирээд л буцдаг нүүдлийн шувуу шиг зүйл. Харин ард түмний эрх ашиг гэдэг зүйл бол мөнхөд байдаг. Ард түмэн мөнхөд байдаг. Тэгэхээр та нар тэр ард түмэн юу хүсч байгааг ойлго. Хүмүүс ажиллахыг хүсч байна. ажилтай болохыг хүсч байна. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байна. Тэр хүсэл тэмүүллийг нь ойлго. Тэгээд дараа нь тэр хүсэл тэмүүлэлд нь хөрөнгө оруулалт хий. Тухайн улс орноос баялаг хүртэж л байгаа бол тэр улс оронд үлдсэх баялгийг бас бүтээж өг. Жишээ нь манайх бол мал аж ахуйн орон. Бид махныхаа үйлдвэрлэлийг дэлхийн төвшинд гаргаж ирмээр байна. Малаа эрүүлжүүлэх явцаа улам сайжруулмаар байна. Энэ дэр туслаач. Махны, сүүний, арьс ширний үйлдвэрлэл, ноосны, ноолуурын үйлдвэрлэлээ дэлхийд гаргаж ирэх хүсэлтэй байна. Үүнийг дэмж. Манайд мөн дэд бүтцийн асуудал байгаа. Аялал жуулчлалын бизнес ч байгаа. Та бүхэн бол оруулсан хөрөнгөө нөхөж авах нь ойлгомжтой. Нэмж ашиг олох нь ойлгомжтой. Тэр ашгаа олохдоо тухайн ард түмэнтэй нь хамтарч ажилла гэж би хэлэх гэж байна. Энийгээ маш олон талаас нь тайлбарлана. Дээрээс нь миний нэг хэлэх гээд байгаа юм тухайн оронд очоод улстөрчдийг нь, шийдвэр гаргах төвшний хүмүүсийг нь битгий ашигла. Засаг дарга нарт унах жийпийг нь шийдэж өгөх зэрэг бол биш ээ. Энэ чинь бүр л манай нийгмийг тогтворгүй байдал руу оруулна гэдгийг анхаарулна. Их мөнгө орж ирнэ гэдэг өөрөө манайх шиг жижиг оронд их асуудал үүсгэж байна. Ер  нь баян болно гэдэг заримдаа ядуу байхаасаа илүү асуудал үүсгэдэг. Ийм нөхцөлд нээлттэй байдал л хамгийн чухал. Шударга ёс гэдэг зүйл хамгийн чухал. Тэгж байж та нар амжилт олно. Ер нь нээлттэй нийгэмд улстөрчид нь ард түмнийхээ санаа бодлыг л дагаж явдаг. Түүнээс биш улстөрчдийн санаа бодлыг ард түмэн дагадаггүй юм. Тийм учраас та бүхэн огт өөр монгол улстай харьцах гэж байна гэдэг ийм ийм мессэжүүдийг энэ хүмүүст өгнө.

-Хуучин Давост ирсэн манай удирдагчид хүмүүстэй уулзах гэж гуйж явдаг байсан бол одоо эсрэгээрээ эргэжээ. Форум эхлэхээс хэд хоногийг өмнө нь тантай уулзах хүсэлт ирүүлсэн хүмүүсийн тоо 90 давсан байсан гэх мэдээлэл байна. Бас таныг уул уурхайнхантай уулзахаас жаахан цааргалж байгаа гэж сонссон ?

-Энэ бол ерөөсөө монголын ард түмний л нүүрийн буян. Энэ бол монголын ард түмэн зөв сонголт хийсэн, зөв зам дээр байгааг л харуулж байгаа юм. Дээр нь монголын ард түмэнд үзүүлж байгаа хүндлэл. Үүнээс өөр юу ч биш. Нөгөө талаас монголын тухай ойлголт, монголын тухай тэр мэдээлэл зөв эргэснийг, монголыг сонирхогчдын тоо ихэссэнийг л харуулж байгаа юм. Тэр сонирхогчдыг ард түмнийхээ эрх ашгийн тулд “ашиглах”, ач холбогдлыг нь монголдоо тусгах үүрэг л надад байгаа. Уулзсан хүмүүст миний хэлж байгаа үг, илэрхийлж байгаа байр суурь ердөө л саяных.

-Давост ирсэн анхны өдрөө та Швейцарын холбооны улсын ерөнхийлөгч, хатагтай Калми-Рейтэй уулзсан. Хоёр улсын Ерөнхийлөгчийн энэхүү уулзалт ямархуу сэдвүүдийг голчилсон бэ?             

-Энэ бас их чухал асуулт. Давосын чуулганд орохоос өмнө бас их бүтээлч ажилласан гэж үзэж байгаа. Наашаа нэгэнт зүглэснийх тусдаа айлчлал энэ тэр гэж зардал гаргаж байхаар Швейцарийн холбооны улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөсөн.  Швейцарийн холбооны улсын шууд ардчилал  гэсэн ийм ойлголт байдаг. Энд ганцхан зөрүү байгаа. Тэрийг манай ард иргэд сайн ойлгох ёстой. Швейцари улсад Монгол болон бүр сонгодог ардчилалтай гэж ярьдаг Америк, Герман, Франц тэр улсуудаас нэг ялгаа байна. Тэр нь юу вэ гэхээр жишээ нь, манайд хууль, бусад шийдвэрүүд УИХ-аар батлагдсан л бол тэр нь эцсийн шийдвэр болдог. Швейцарт бол тэр эцсийн шийд болохгүй. Түүнийг хүмүүс нь санаачлаад, санал асуулга явуулаад бүр хүчингүй болгож болдог. Нэг үгээр хэлвэл эцсийн шийдвэрийг яг ард түмэн гаргадгаараа хамгийн чухал. Одоо нөгөө миний их хурал энэ тэр дээр яриад байдаг иргэддээ эрхийг нь өгье өө, ард түмэндээ эрхийг нь олгоё. Москвад байсан эрх Улаанбаатарт ирээд гацчихлаа. Кремлд байсан эрх төрийн ордонд ирээд гацчихлаа. Энийг гаргаж иргэд рүүгээ явуулъя аа гэдэг тэр үг хоосон үг биш гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Швейцари яагаад энэ тогтолцоог хэрэгжүүлсэн вэ гэхээр бас нэг онцлог байгаа. Монгол Швейцари хоёрт ижил тавилан бас бий. Яагаад гэхээр Швейцари ч гэсэн европтоо том улсуудын дунд оршдог. Том орнуудын дунд байгаа жижиг орнуудын зовлон гэж байдаг.  Аль нэг талд нь орохгүй. Бие даасан бодлогоо явуулах нь чухал байдаг. Монголд жишээ нь би асуудлыг шийдэхгүй. Их хурал шийднэ. Засгийн газар шийднэ. Би энийг л хэлдэг. Швейцарт бол уучлаарай, манай ард түмэн шийддэг юм аа, бид биш гэж хэлдэг. Ялгаа нь эндээ байдаг. Энэ тогтолцоо нь эргээд өөрөө тухайн улс орондоо хамгаалалт болж өгдөг юм байна. Нэг л талын ач холбогдлын тухай ярьж байна шүү дээ. Эдний туршлагаас бидэнд авах юм маш их байна. Цаашдаа бид Швецарийн холбоотой хамтарч ажиллана. Эхний ээлжинд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг авчраад энд аймаг яаж асуудлаа шийддэгийг үзүүлье. Энд бол ер нь арван асуудлын наймынх нь эцсийн шийдвэрийг ард түмэн гаргадаг юм байна. Манай хүмүүст нэг буруу ойлголт байгаа. орон нутагт эрхийг нь өгье гэхээр орон нутгийн дарга нарт эрх мэдэл өгөх гээд байна гэж хараад байдаг. Яг үнэндээ бол хүмүүст нь өгч байгаа эрх байхгүй юу. Тэгэхээр энэ асуудлаар бид цаашдаа Швейцарийн холбооны улстай их ойрхон ажиллана гэж бодож байна.

-Энэ ажлын айлчлалын хүрээнд олон улсын олимпийн хорооны болон хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч нартай уулзсан. Та ард түмэндээ шинэ хүсэл тэмүүлэл авчрах түүхэн гэмээр үнэ цэнтэй баримт бичигт гарын үсэг зурлаа ?

-Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге ч гэдэг юм уу, Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Жозеф Блаттер зэрэг энэ хоёр эрхэмтэй хүмүүс бүгдээрээ л уулзахыг хүсдэг. Магадгүй зарим улс орнуудын удирдагчид ч уулзахыг хүсдэг байх. Магадгүй энгийн иргэд зурагаа авахуулахыг мөрөөддөг байх. Би зүгээр ярилцаж сууж байгаад зурагаа авахуулаад гарч болно. Хамгийн гол нь энэ хүмүүстэй уулзсаных монголынхоо залуу үед хүсэл мөрөөдөл, итгэл тэмүүлэл бий болгоё. Жишээ нь, 15-20 жилийн өмнө Катар гэж орон өнөөдрийн монголоос ч дор орон байсан байх. Гэтэл одоо 2022 оны хөл бөмбөгийг авах гэж байна. 20 жилийн өмнө социалист байсан зарим орон зуны олимпийг авна гээд ярьж эхэлж байна л даа. Тэгэхээр монгол ийм хэмжээний мөрөөдөлтэй байж болох ард түмэн байхгүй юу. Тийм учраас бид дэлхийн хөл бөмбөгийн аваргыг тэдэн онд авнаа, түүнээс өмнө азийн хөл бөмбөгийг авнаа, зүүн хойд азийн тоглолтыг авнаа …гээд ядаж бэлгэдэл талаасаа дуугарч эхлэх ёстой. Монголчууд бол бэлгэдэлдээ итгэдэг ард түмэн. Ард түмнээ ийм том хүсэл мөрөөдөлтэй болгох гэж, залуусаа ийм хэмжээний тэмүүлэлтэй болгох гэж би ингэж батум цаасан дээр бэлгэдэл болгож энэ хоёр хүнээр гарын үсэг зурууллаа. Энэ мөрөөдлийнхөө төлөө бид нэрээ гаргах гэж, мөрөө гаргах гэж зүтгэх болно. Энэ бүхнийг дагаж зорилго бий болно. Зорилго хөгжлийг бий болгоно. Энэ зун олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге манайд айлчилна. Дээрээс нь бид мөн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Жозеф Блаттерийг урьсан байгаа. Энэ үеэр би ахин уулзаж тухтай ярилцана гэж бодож байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Жак Рогге-тэй уулзахдаа  “Улс үндэстэн, хүн төрөлхтөн том  хүсэл эрмэлзэлтэй, том зорилготой байх ёстой.  Тэр хүсэл эрмэлзлийнхээ төлөө чармайж тэмүүлдэг байх нь хөгжилд хөтлөх нэгэн чухал хүчин зүйл юм. Энэ үзэл санааны үүднээс  Олимпийн наадмуудыг Монгол улсдаа зохион байгуулах хүсэл бидэнд байдаг.  2017 оны Зүүн Азийн Олимп, 2022 оны Азийн Олимп, 2040 оны Зуны Олимийн наадмууд Улаанбаатарт зохион байгуулагдаасай гэж бид хүсч байна”  гэж хэлсэн юм.

Тэр үргэлж ямар нэгнийг сэдэж явдаг. Энэ удаа ийм том “амбийц” тээж явна гэж бидний  хэн ч таагаагүй. Ийм халуу оргисон, ийм гэнэтийн санал тавьна гэж тэд ч бас бодоогүй байх.   Ноён Жак Рогге хариуд нь “Эрхэм Ерөнхийлөгч Таны, эх орондоо Олимпийн наадмуудыг зохион байгуулах хүсэл эрмэлзлийн төлөө баяр хүргэе. Монголчуудад том зорилт байгааг харж, бахархаж байна. Олимп зохион байгуулах эрх авахад урт удаан хугацаа, сайн бэлтгэл, өндөр зохион байгуулалт хэрэгтэй, түүндээ хүрэхийн төлөө улс орнууд тодорхой амжилтад хүрдэг билээ. Та бүхнийг амжилтанд хүрнэ гэдэгт би итгэж байна. Сүүлийн жилүүдэд Азийн улс орнууд, тэр дундаа Монгол орон зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй, бусад бүх чиглэлд хөгжиж, ялангуяа спортод гайхалтай амжилт үзүүлж байгааг тэмдэглэн хэлмээр байна. Олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулах энэ хүсэл эрмэлзэл тань биднээс биш та бүхнээс өөрсдөөс тань хамаарах болно” гэж хэлнэ лээ. Ингээд ч зогссонгүй уулзалтын төгсгөлд  2017 оны Зүүн Азийн Олимп, 2022 оны Азийн Олимп, 2040 оны Зуны Олимпийг Монгол Улсад зохион байгуулах талаар энэхүү уулзалтаар ярилцсанаа нотолсон  дурсамж бичиг болгон нэг батум цаас гаргаж ирж англиар тэмдэглэн бичээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж өөрөө гарын үсгээ зураад нөгөө талд нь Жак Роггегоор нар гарын үсгийг нь зуруучихсан.

Тэрийг нь хараад би лав дотроо хөөх, манай ерөнхийлөгч ч ёстой “бужигнуулдаг гар” юм аа гэж уулга алдсан.  Аварга төрүүлэхийн өмнөх мөрөөдлөөс илүү аваргыг төрүүлсний дараах ард түмний мөрөөдөл ийм том байдаг юм байна гэж өөрийн эрхгүй зөвшөөрсөн.