„Ярилцъя” булангийнхаа энэ удаагийн зочноор Баянгол дүүргийн засаг дарга, хатагтай Л.Амгаланг урилаа.
-Та бол төрд тодорхой төвшинд алба хашч яваа цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. Энэ утгаараа байнга анхаарлын төвд байдаг. Миний л ажигласнаар сүүлийн нэг жилийн турш таныг хэвлэлээр багагүй „гөвөх” шиг боллоо. Хариуд нь яагаад таг суудаг юм бэ. Эрчүүдтэй өрсөлдөхөд адилхан „үзэлцэх” ёстой юм биш үү?
-Хөгжилтэй асуулт байна. Үнэндээ эмэгтэй хүн төрд хариуцлагатай алба хаших амар биш л дээ. Нуруундаа ахадсан ийм ачааг үүрч явна гэдэг эмэгтэй хүнээс асар их тэсвэр тэвчээр, бас ухаан шаарддаг юм байна. Олон сайхан эмэгтэйчүүд төрд алба хашч байна. Бас л амар биш замаар явцгааж байгаа. Гол бэрхшээл чин үнэнийг хэлэхэд монголчуудын тамын тогооны араншингаас үүдээд байна л даа. Тодорхой төвшинд гараад ирсэн нэгнийгээ доош нь татаж унагах гэдэг. Үеийн үед л ийм байсан. Энэ байдлаасаа мөд салахгүй ч байж мэдэх юм. Гэхдээ л төрд явж байгаа цөөхөн эмэгтэйчүүд байна. Тэднийгээ илүү хайрлаасай л гэж би боддог. Би өнөөдөр төрд 27 дахь жилдээ ажиллаж байна. Зам харгуйгаа огт бэрхшээлгүй байсан гэж хэлэхгүй. Бусдын адил даван туулсаар ирсэн. Цаашдаа ч тийм байх болно.

-Таны өмнөх засаг даргын ярилцлага хэвлэгджээ. БГД-ийн засаг дарга Л.Амгалан захиалгаар хүн зодуулжээ гэсэн детектив гарчигтай...

-Уучлаарай. Би яриагаа ийм бэлэггүй, таагүй зүйлээр эхлэмээргүй байна. Ийм мэдээлэлд ач холбогдол өгч, хариулж суух нь надад утга учир муутай явдал гэж бодогдож байна. Манай иргэд аливаа юмыг айхтар ялгаж салгаж, үнэлж дүгнэдэг. Тэр шүүлтүүрээрээ тунгааж хүлээж авах байлгүй дээ.

-Та тийм бодолтой байгаа бол уучлаарай. Би хүлээж авч байна. Гэхдээ сэтгүүлчид үйл явдалд их дуртай улсууд гэдгийг та мэдэх байх. Ямар нэг хариулт л авчимаар санагдаад байх юм?

-Цогтбаатар дарга бид хоёр дөрвөн жил сайхан хамтарч ажилласан. Нэг намын нөхөд. Би орлогчоор нь дөрвөн жил ажилласан.

-Нээрээ та өмнөх дөрвөн жил дүүргийн орлогч даргын албыг хашсан шүү дээ. Тэр үед ямар нэгэн үл ойлголцол байсан юм уу?

-Ямар ч тийм асуудал байгаагүй. Үнэхээр гар нийлж ажиллаж байсан. Энэ дүүргийн ажлын төлөө, энэ хүний ар тал нь болж, илүү их ачаалал өөр дээрээ авч ажилласан маань бас үнэн. Хоёрдугаарт, намын, төрийн гэхээсээ илүү эмэгтэй төрийн албан хаагчийнхаа нэр төрийг хамгаалж ажиллах гэж би бас чамгүй хичээж ажилласан. Өдөр шөнөгүй, цаг наргүй л ажиллаж байсан. Сүүлийн үед хэвлэлээр нэг тийм мэдээлэл яваад байна. Гэхдээ би арай ч Цогтбаатар даргыг над руу ингээд дайраад байна гэж бас бодохгүй байна. Магадгүй бидний хооронд яс хаядаг ч юм уу, бидний хооронд зохион байгуулалттай юм хийдэг улсууд байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл бид хоёр уулзахаараа урьд нь ямар харьцаатай байсан түүгээрээ л уулзаад, ажил төрлөө яриад өнгөрдөг. Өнөөдрийг хүртэл бид хоёр ам мурийж үзсэнгүй. Мөн өнөөдрийг хүртэл би дуугүй байж ирсэн.

-Сүүлийн нэг жилийн турш үе үе системтэйгээр таны эсрэг мэдээллүүд явсан. Ингэхэд яагаад таныг ингэж гороолох болов оо. Эмэгтэй хүн гэдэгт  тань байна уу, эсвэл танай дарга тахимаа өгөхдөө жаахан наана цаанаа гомдолтой, эмзэг өгсөн юм уу?

-Хүмүүс янз бүрээр л ярьдаг юм. Гэвч би чинь бас хүн шүү дээ. Хэдийгээр би эмэгтэй хүн ч гэлээ хов жив хөөцөлддөг, хэрэгтэй хэрэггүй юмны араас нэхэл дагал болдог тийм хүн биш. Намайг мэддэг хүмүүс миний зан чанарыг маш сайн мэднэ. Хоёулаа сайхан шударга өрсөлдөе гээд л сонгуульд орсон. Шударгаар өрсөлдөөд л би ялсан. Асуудал ийм тодорхой. Гэвч намайг ажил хүлээж авснаас хойш үндсэндээ тайван байлгасангүй. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа зүйлсийг анхааралтай ажиглаж байгаа. Ний нуугүй хэлэхэд ямар нэгэн сэжүүрээр намайг оролдох санаачлага гарч, түүнийгээ зохион байгуулалттайгаар явуулж байхыг үгүйсгэж чадахгүй нөхцөл байдалд хүрж байна. Тэглээ гээд би юм санахгүй. Хэрэв энэ бүхнийг хийж байгаа нь үнэн бол тэр хүний бас буруу биш.

-Юу гэлээ гэнээ. Их сонирхолтой үг байна. Яагаад вэ?

-Ялагдсан хүн гэдэг хэцүү шүү дээ. Намдаа олон жил зүтгэсэн хүн өнөөдөр намаасаа ямар нэгэн хүлээлт тээж, тэрэндээ дотор нь шатаж байхыг үгүйсгэхгүй. Ойлгож болох зүйл.

-Л.Амгалан руу давшсан юм шиг атлаа цаанаа нам руугаа л хандсан өнгө аяс үнэндээ ярилцлагаас нь цухалзаж байна лээ. Нэг талаас олон жил намд зүтгэсэн хүний амнаас унаж болох л үгс байх?

-Би бас тэгж мэдэрсэн. Гэхдээ би нэг юманд үнэхээр харамссан. Тэр үйл явдал болсон өдөр бид хоёр хоёулаа л намын ажлаа хийгээд л хамт явж байсан. Бүгд мэдэж байгаа. Тийм байтал тэнд хоёр залуу зодолдсон ч надад авчирч наагаад л, тэнд хоёр хүн тэврэлдсэн ч надад татаж наагаад байгаа нь үнэхээр таалагдахгүй байна. Яагаад намайг зүгээр ажил хийлгэхгүй байгаа юм бэ. Би бас энэ дүүргийн ард иргэдийн төлөө ажиллана, зүтгэнэ гэж амлалт өгөөд гарч ирсэн хүн шүү дээ. Тэр хариуцлагынхаа төлөө ажилламаар байна. Цаг зав алга байна. Энэ их ажлын хажуугаар ийм элдэв зохисгүй, бүдүүлэг, хүн итгэхийн аргагүй юмаар дарамталж байгаагаа зогсоогооч гэж хүсмээр байна.

-Цогтбаатар дарга Сүхбаатар дүүргийн цагдаад өргөдөл гаргасан байна. Бусдад зодууллаа гэж. Нөгөө талд Баянгол дүүргийн цагдаад Цогтбаатарт зодуулчихсан гээд нэг залуу өргөдөл гаргаж. Эрчүүдийн хооронд болж л байдаг нэг түлхэлцээн болж дээ. Гэвч Амгалангийн нэр яагаад хавчуулагдчихав гэж л гайхсан?

-Мэдэхгүй. Би тэрийг сонирхоо ч үгүй. Надад тийм юм зохион байгуулаад явж байх ёс суртахуун ч байхгүй. Тийм хүмүүжил ч байхгүй. Угаасаа тэр нь хүн итгэж үнэмшихийн ч аргагүй асуудал. Ийм юманд ач холбогдол өгөөд л ар өврөөс нь гүйгээд байх сонирхол ч алга. Тэр зодолдсон хүмүүс нь яах аргагүй л миний таньдаг, манай дүүрэгт амьдардаг хүмүүс байсан. Эрчүүд архи уучихсан явцгааж байгаад тааралдсан юм байна. Ам мурийсан юм байна. Харилцсан бие биенээ цохиж авцгаасан л юм байна. Гэтэл энэнд нь би яахаараа хамаатай болчихдог юм. Яагаад над руу нялзааж байгаа юм бол гэж би бүр гайхаад байгаа.

-Манай эрчүүдээс сүүлийн үед ийм нэг эр хүнийх нь мөн чанарт халтай авир их харагдах болжээ. Ажил төрөлгүй жаахан явахаараа сэтгэл санааны тэнцвэрээ алддаг. Ийш тийшээ гомдож гоншгонодог. Тэгснээ хэн нэг амжилттай ажиллаж байгаа эмэгтэй рүү ноцдог. Тэрний л нэг жишээ юм шиг харагдаж байна л даа?

-Магадгүй.

-Баянгол дүүргийг олон сайн дарга нар удирдаж ирсэн. Та анхны эмэгтэй дарга нь байх. Энэ дүүрэгтэй холбогдсон намтрыг тань сонирхож болох уу?

-Баянгол дүүрэгт  би тав дахь жилдээ ажиллаж байна. Төрд гэх юм бол би гуч шахам жил ажиллаж байна. Би сургууль төгсөөд л 21 настай байхдаа Хэнтий аймгийн гүйцэтгэх захиргаанд томилогдож очиж ажилласан. Тэр үеэс л миний төрд алба хашсан түүх маань эхэлсэн.

-Та Хэнтийн хүн юм уу?

-Үгүй ээ. Би Дундговийн хүн шүү дээ. Бидний үед чинь боловсон хүчнээ төр шууд явуулах газраа явуулдаг байлаа шүү дээ. Тэр томилолтоор л би Хэнтий аймагт очсон. 10 жил Хэнтий аймагт би ажил сурсан. Төрийн ажлын дадлага туршлага, хүнтэй ажиллах арга барилд тэр арван жил л би суралцсан. Миний аав ээж хоёр хоёулаа багш хүмүүс байсан л даа. Манайх арван хүүхэдтэй өнөр өтгөн айл байсан. Тэр арван хүүхдийн том нь би. Дүү нарыг удирдаж авч явах үүрэг айлын томд л оногддог. Энэ хувь тавилан маань надад хүн удирдах, хүнтэй ажиллах анхны суурийг тавьж өгсөн гэж болно. Аав ээж маань их залуудаа өнгөрцгөөж, олон өнчин дүү нараа өсгөж өндийлгөх үүрэг надад ирсэн. Хэнтий аймгийн захиргаанд ажиллаж байгаад сүүлд нь намын хороонд ажилласан. Дараа нь аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагаар ажиллаж байгаад Улаанбаатарт шилжиж ирсэн. Тэр эмэгтэйчүүдтэй ажилласан, тэр төрд ажилласан, тэр хөдөө орон нутагт ажилласан он жилүүд намайг маш их зүйлд сургасан. Ерөөсөө л өнөөдөр төрд энэ төвшний алба хашч байгаагийн маань гол хөрс суурь тэр үед тавигдсан.  

-Гэнэт л гараад ирсэн эмэгтэй гэж үзэх аргагүй бололтой?

-Хэдийгээр Дундговьд төрж өссөн. Дундговьдоо сургууль төгссөн, говийн хүн атал Хэнтийнхэн надад их сайн ханддаг. Зарим нь Хэнтийн хүн ч гэж андуурдаг. Хэнтийн 50 мянган хүүхэнтэй ажиллаж байсан үеээ би хэзээ ч мартдаггүй. Тэр үеийн хамтарч ажиллаж байсан бүх хүмүүс надад сайн сайхнаар ханддаг. Үргэлж холбоотой явдаг. Олон сайн дарга нарын удирдлаганд ажиллаж, төрийн ажлын ачаа даах хат суусан. Хэнтий аймагт би тэр үеийн удирдлагууд болох Ч.Дашдэмбэрэл, Н.Насан-Очир, А.Даваадорж зэрэг мундаг дарга нартай ажиллаж байсан. Дараа нь хотын захиргаанд ирсэн. Бас л янз бүрийн нэр зүүж явсан. Талийгаач сайд Ж.Наранцацралт бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд. Тэгээд л намайг энэ Ардчилсан намын хүн гэж ил далд хэлдэг л байлаа. Гэх мэтчилэн хэлүүлж л явлаа. Талийгаач сайд манай нөхөр бид гурав бол яг нэг дорын улс. Нэг дор шороон дээр өсөөд л, дунд сургуульд хамт,дараа нь  үргэлж л хамт явж ирсэн. Хотын дарга болохдоо намайг Улаанбаатар сангийнхаа захирлаар тавиад л ингээд явсан. Тэр хариуцлагатай ажлыг нь би унагаагаагүй. Харин ч итгэл дүүрэн ажиллаж, маш амжилттай авч явж байсан.

-Наранцацралт агсны найз нөхөд гэж огт дуулж байгаагүй. Харин эсрэгээрээ М.Энхболдын л хүн гэж бодож байлаа?

-Өө би үе үеийн сайхан дарга нартай ажиллаж байлаа. Л.Энэбиш даргатай ажиллаж байлаа. Баасанжав даргатай ажиллаж байлаа. Ж.Наранцацралт даргатай, М.Энхболд, Ц.Батбаяр, М.Билэгт, Г.Мөнхбаяр гээд олон сайн дарга нарын удирдлаганд ажиллаж явлаа. Бүгдтэй нь нэг баг болж ажиллаж байсан. Одоо ч тийм. Хэзээ ч ийм инээдэмтэй юмаар тоглодог эрчүүдтэй ажиллаж байсангүй дээ. Өнөөдөр хотод дүүргийн эмэгтэй засаг дарга ганцхан байгаа. Тийм болохоор эмэгтэйчүүдийнхээ нэр хүндийг давхар авч явах үүрэг надад байгаа. Урьд нь С.Нармандах, Ц.Цогзолмаа гээд сайхан эмэгтэй засаг дарга нар ажиллаж байсан. Тэдэнд бас л ийм үүрэг ногдож байсан байж таарна. Би энэ албыг сайн хашихын төлөө зүтгэж байгаа. Цаашдаа ч зүтгэнэ.

-Баянгол бол манай хотын зүрх нь болсон дүүрэг. Урд нь дөрвөн жил орлогчоор ажилласан хүн болохоор ажил нь гартаа орсон дарга юм байна. Танай дүүргийн ажил хэр байгаа вэ. Амжиргаагаар ер нь ямархуу төвшинд зогсдог дүүрэг вэ?

-Гайгүйд нь орно шүү дээ. Манайх чинь төвийн дүүрэг. Иргэдийн маань 72 хувь нь орон сууцанд амьдарч байна. Ерөнхийдөө их оюунлаг залуучуудын дүүрэг. Тэр хэрээрээ амьдрал ахуй нь ч сайн байдаг.

-Гэхдээ л манай хотыг утаагаар будаж байгаа хэсгийн тодорхой хувь танай дүүрэгт байна даа?

-Байгаа байгаа. Энэ асуудал бол улсын хэмжээний бодлогын том асуудал. Бид бүгд л дээр дооргүй нийлж нэгдэж байж л энэ асуудлыг шийднэ. Улсаараа хөдөлж байж л ард нь гарна шүү дээ.

-Ямарваа нэг шалгаралд эрчүүдтэй ана мана өрсөлдөж гарч ирэх амаргүй. Энэ хэцүүг давахад их зүйл шаардагддаг. Дүүрэг тань таныг одоо хүлээн зөвшөөрсөн үү. Ажил хүлээж авангуутаа арав гаруй хүнийг халчихлаа гээд л шуугисан?

-Би үүнд нэг их эмзэглэхгүй байна. Би ажлаа л хийж байна. Би Нийслэлийн засаг даргатай гэрээ хийсэн. Энэ Баянгол дүүргийн ард түмний өмнө хүлээсэн үүрэг надад байгаа. Хоёрдугаарт би дүүргийнхээ  ард иргэдэд амлалт өгөөд гарч ирсэн. Би ажиллана л гэж амлалт өгсөн. Тэрийгээ л хийнэ. Түүнээс биш хэн намайг юу гэж хэлнэ, яаж бичүүлнэ тэрэнд автаж би ухарч няцна гэсэн ойлголт байхгүй.Би тийм хүн биш.

-Хуучин засаг даргынхаа хүмүүсийг халсан юм уу?

-Ямар ч дарга халдаг шүү дээ, ер нь. Эцсийн эцэст ажлаа хийж чадахгүй, шаардлага хангахгүй хүмүүсийг халдаг л биз дээ. Тэр удаа бол хэлтэс газар дотор нь ажилтнуудаа сэлгэж байршуулах шийдвэрийг би гаргасан. Халсан ч юм биш. Ийм практик байдаг шүү дээ. Тэр асуудлаар намайг бас баахан дайрсан л даа. Гаднаас ч бас зохион байгуулалт байсан байх. Одоо тэр улсууд нь ажлаа хийгээд явж л байна. Төрийн албаны зөвлөл ч дүгнэлтээ гаргасан. Ямар нэг байдлаар хохирчихсон хүн байхгүй.

-Үнэн хэрэгтээ төрийн албаны шалгалтад өндөр оноо авч тэнцсэн ч ажилд орж чадахгүй олон зуун залуучууд явж байна. Гэтэл нөгөө талд төрийн албанд шаардлага хангахгүй бөглөө болоод сууцгааж байгаа улсууд бөөнөөрөө байдаг шүү дээ. Тийм нөхдүүдийг бол явуулах л ёстой байх. Та шуугианаас айгаад дорхноо буугаад өгчих шиг болсон?

-Үгүй. Би бууж өгдөг ч хүн бас биш. Надад энэ зан чанарыг юу өгсөн юм бэ гээд бодохоор мэдээж нэгдүгээрт эцэг эх маань өгсөн. Хоёрдугаарт би спортын хүн. Тэр дундаа багийн спортын хүн. Ийм спортын тоглолт дунд аливаа шийдвэрийг гаргахдаа зөв оновчтой, түргэн бодох шаардлага гардаг. Хамгийн эцсийн мөчид хэдхэн секунд дотор хамгийн зөв шийдвэрийг гаргах ёстой шүү дээ. Би баг дотор байгаа зургаан тамирчныг зохицуулж тоглодог холбон тоглогч байсан хүн. Алдах эрх байхгүй. Хариуцлага, мэдрэмж, багийг холбох, зангидах урлаг гэх мэт олон зүйлийг волеиболын спорт надад өгсөн. Тэр туршлага маань Баянгол гэдэг энэ багийг авч явахад асар их хэрэг болж байна.

-Та иргэдтэйгээ хэр уулздаг дарга вэ?

-Долоо хоног болгон уулзаж байна. Долоо хоног болгоны гурав дахь өдөр би иргэдийг хүлээж авч уулздаг.

-Уулзаж байгаа иргэдийн ихэнхи хувь ямар асуудал ярьж байх юм?

-Ерөөсөө л амьжиргааны асуудал. Нийгмийн халамжийн л асуудал. Иргэд маань намайг маш их хүндэтгэдэг. Хүндэтгэдэг учраас итгэдэг. Өнгөрсөн дөрвөн жил өдөр шөнөгүй Баянгол дүүргийн иргэдийн төлөө зүтгэснийг маань мэддэг учраас надад итгэж саналаа өгч гаргаж ирсэн. Тийм учраас би тэднийг хүлээж авч уулзах ёстой. Сонсох ёстой. Тулгарсан асуудлынх нь ард хамтдаа гарахаар ажиллах ёстой. Ажиллаж ч байна. Хүн итгэж найдсан хүндээ л ханддаг шүү дээ. Би итгэлийг нь дааж ажиллахыг хичээж байгаа. Хэрвээ тэр итгэлийг дааж чадахгүй бол ажлаа шууд өгөх л хэрэгтэй.

-Та ч гэсэн өгч чадах уу?

-Өгч чадна.

-Өөртэй чинь уулзахын өмнө ганц хоёр хүнээс сонирхож асууж үзсэн. Бүгд л цаадах чинь волеиболын хүн ш дээ гэцгээж байсан нь сонирхолтой санагдсан. Жаахан уйтгартай спорт биш үү?

-Яалаа гэж. Хамгийн ухаалаг спорт.

-Одоо ч тоглодог уу. Тамирчны хувьд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Би хоёр сайхан багшийн шавь л даа. Дундговийн арван жилийн сургуулийн гавъяат дасгалжуулагч багш А.Доржсүрэн гэж миний волеиболын анхны багш. Надад энэ спортын „А” үсгийг зааж, бөмбөгтэй харьцуулсан анхны багш. Миний аав ээж хоёр волеибол тоглодог улсууд байсан. Дараа нь би Хөдөө аж ахуйн дээд сургуульд оюутан болж ирээд монгол улсын ганц гавъяат тамирчин Шоовдор багшийн шавь болсон. Ийм мундаг хоёр багшийн гараар орсон хүн л дээ. Волеиболын спортын мастер гэдэг цолыг нь авлаа. Волеиболын спортод бас өөрийн гэсэн хувь нэмрийг орууллаа. Одоо би монголын волеиболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Би цаг завынхаа тодорхой хэсгийг энэ спортод зориулдаг хэвээрээ. Яагаад гэвэл миний хобби шүү дээ.  

-Эмэгтэй хүний чамин, нандин сэтгэл бас харагдаж эхэлж байна. Жишээ нь, хорооллын төв гудамжинд нэмэгдсэн цэцгийн мандлуудаас...?

-Энэ жил нийслэлийн 370 жилийн ойтой. Иргэдэд хүрсэн, бодитой хүртээмжтэй ажил санаачилж хийх чиглэлийг Нийслэлийн удирдлагуудаас бидэнд өгсөн. Түүнийгээ хэрэгжүүлэх гээд л зүтгэж явна.

Цэцэг бол жижиг асуудал байж болно. Гэхдээ цэцэгний дэргэд хүмүүс зодолдож чадахгүй, цэцэгний дэргэд бие засч чадахгүй. Цэцэг бол орчноо хамгийн ариухан болгож хүний сэтгэлийг ариусгаж гэгээрүүлдэг эд.  Мөн нийслэлд хараахан босоогүй орчин үеийн техникийн шийдэлтэй, хөгжимтэй гэрэлтүүлэгтэй, хөдөлгөөнт усан оргилуурыг ашиглалтанд орууллаа. Мөн аравдугаар хорооллын өмнөх Энхтайваны гудамжинд том нарс мод тарьж, зүлэгжүүлж, хашаагаар хамгаалан цогцоор нь тохижууллаа. Гэр байшин хорооллын гэрэлтүүлэг гэх мэт бүтээн байгуулалтын олон ажлыг хийж байгаад иргэд маань сэтгэл хангалуун байгаад урамтай байна.  

-Танай дүүргийг муухай болгож байгаа нэг зүйл байнаа. Үүргийн худалдаачдын бараагаар  гудамж ноолойж байна. Гэхдээ энэ асуултыг тавихдаа миний сэтгэл өвдөж байна л даа?

-Би ч гэсэн таныг тэгж бас бодоосой л гэж бодож байна. Тэр хүмүүсийн ард амьдрал байгаа шүү дээ. Шууд хөөгөөд буулгачихаж болохгүй. Тэд бол талхныхаа л мөнгийг өдөржин зогсч байж олж байгаа хүмүүс. Надад тэднийг харгислах зүрх байхгүй. Харин нэг төрөлжсөн гудамж болгох талаар бид ярьж байгаа. Эдийн засгийн төрөлжсөн гудамжтай болгоё гэж би мөрийн хөтөлбөртөө жишээ нь оруулсан байгаа. Үүнийгээ хийх гээд л явж байна.

-Танай дүүрэгт л ийм хүмүүс их байх шиг байна?

-Бусад дүүрэгт бас байнаа байна. (инээв) Ганцхан манайд ч биш.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье   

 Л.Амгалан үнэхээр эрч хүчтэй, дайчин бас шаргуу ажиллаж байна. Ингэж  гялалзаад байгаа нь ч зарим нэгний дургүйг хүргээд байж мэдэхээр үзэгдэнэ. Үнэнийг хэлэхэд манай нийгэмд тодорхой төвшинд гараад ирсэн эмэгтэйчүүд ямар нэг байдлаар эрчүүдийн дарангуйлалд өртдөг байдал арилахгүй амь бөхтэй оршсоор байна. Л.Амгалангийн нэрийг холбогдон системтэйгээр цацсан  удаа дараагийн шуугианууд үүний тод илрэл.  Бид иймэрхүү бүдүүлэг ажиллагааны золиос нь эмэгтэйчүүд болж үлддэг тамын тогооны араншинг сөрж, эмэгтэйчүүдээ хамгаалж, дэмжиж  ажилламаар байна . Амгаланг ярилцлагынхаа зочноор урьсан гол шалтгаан энэ. Түүнд ахин амжилт хүсч, улам эрч хүчтэй, зоригтой ажиллахыг ерөөе.