Таван жилийн дараа гэхэд Шинжаан Уйгарын өөртөө засах орны ДНБ-ний хэмжээг бүх Хятадын ДНБ-ний дундаж түвшинд хүргэж, улмаар 2020 он гэхэд Шинжаан ядуурлаас ангижрч, “чинээлэг нийгэм”-ийг цогцлоон байгуулах ажээ. Энэ тухай өнгөрсөн долоо хоногт болсон Шинжаан Уйгарын ӨЗО-ны асуудлаарх хятадын дээд хэмжээний хурлаар хэлэлцэж тогтон, ойрын 5-10 жилд Шинжаанд авч хэрэгжүүлэх шинэ бодлого, зорилтыг гаргалаа. Шинэ зорилтын дагуу ирэх 5 жилд Шинжаанд 2 их наяд гаруй юанийн хөрөнгө оруулах бөгөөд энэ нь өнгөрсөн таван жилд буюу ХI таван жилийн төлөвлөгөөний хугацаанд оруулсан хөрөнгөөс 2 дахин их тоо ажээ.

Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд, Шинжааны удирдах албан тушаалтнуудыг авилгалд өртөж, бодлого, хууль тогтоомжийг завхруулахгүйн үүднээс 4 дүгээр сарын 23-ны өдөр удирдах шатны дарга нарыг хувь хүний орлого, гэр бүл, үр хүүхдийн гадаад, дотоодод шилжин суурьшсан талаарх мэдээллийг багтаасан “Хөрөнгө орлого мэдүүлэх журам”-ыг дахин нарийвчилж шинэчлэн гаргасан юм. Бас Шинжаан Уйгарын ӨЗО-ны Намын хорооны даргын албанд хурлаас өмнө шинэ томилгоо хийж, Хунань мужийн Намын хорооны дарга байсан Жан Чуньсенийг (Зам тээврийн яамны сайд асан) өнгөрөгч 4 дүгээр сард Шинжаан руу татаж, шинэ бодлогыг хөтлүүлэхээр болжээ.

Үүнээс өмнө 2009 оны 12 дугаар сард Төрийн Зөвлөлийн Үндэстний хэрэг эрхлэх хорооны бүгд хурал хуралдаж, цөөнх үндэстний талаар явуулах бодлогыг зөвшилцөн, ХII таван жилийн төлөвлөгөөний (2011-2015 oн) хугацаанд цөөнх үндэстний бүс районуудад нийгэм, эдийн засгийн бодлогыг түлхүү явуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ бүх шат дараалсан үйл явдлууд нь хятадыг цөөнх үндэстний асуудалдаа анхаарч эхэлснийг илтгэж байна. Ерөнхийдөө цөөнх үндэстний бүсүүдэд эдийн засгийг өөд татах замаар нийгмийн асуудлыг шийдэх бодлого барьж эхэллээ гэж үзэж болно.

Шинжааны бүс нутгийг хөгжүүлэх болсон шалтгаан

Хятадын бүсчилсэн хөгжлийн дагуу 10 жилийн өмнө дэвшүүлсэн Баруун бүсийг нээлттэй хөгжүүлэх төлөвлөгөө бий ч тэр нь бүсийн хэмжээний ерөнхий бодлого юм. Харин энэ удаагийн бодлого нь таван жилийн төлөвлөгөөнд багтсан тодорхой зорилтуудтай, мастер төлөвлөгөө гэж болно. Гэхдээ Хятад улсад цөөнх үндэстний өөртөө засах таван орон байхад гагцхүү Шинжаан Уйгарын ӨЗО-нд эл бодлогыг тухайлан дэвшүүлж байгаа нь дараах учир шалтгаантай юм.

·    Хятадын язгуур эрх ашигт заналхийлсэн үндэстний салан тусгаарлагчдын дэврэлт:

Шинжаан Уйгар нь 47 өөр үндэстнээс бүрдсэн 20 сая хүн оршин амьдардаг, лал, будда, христ, католик, бумбын гээд бараг бүх шашны урсгал зэрэгцэн оршдог үндэстэн, соёл, шашны “огтолцол” болсон газар юм. Хятадын газар нутгийн 1/6-ийг эзэлдэг Шинжаан Уйгарын ӨЗО-нд Төв Азийн талаас, тодруулбал угсаа гарвал, шашин шүтлэг нэгтэй ард түмнүүдээс үзүүлэх нөлөө асар их, тиймдээ иргэншлийн хувьд Шинжаан Уйгарын татагдах төв нь Хятад биш Төв Азийн лалын орнууд руу чиглэдэг, салан тусгаарлах үзэл хүчтэй байдаг хязгаар нутаг юм. Шинжаанд эдүгээ салан тусгаарлах байгууллага 52 хүрээд байна гэсэн тоо баримт бий.

Өнгөрсөн онд Шинжаанд дэгдсэн 7 дугаар сарын 5-ны цуст хэрэг явдлаар 200 орчим хүн амь үрэгдсэн нь сүүлийн 10 жилийн нийт тоотой тэнцэж байна. Уг эсэргүүцэл нь ойрхи жилүүдэд гарсан хамгийн том бослого хөдөлгөөн юм. “Муу ёрын гурван хүч”1-ний ажиллагаа ийнхүү эрчимжиж бослого болон биежсэн нь Хятад улсын бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашигт шууд заналхийлж буй учир уг үйл явдлаас хойш хариу хүчтэй арга хэмжээ авч, Зэвсэгт цагдаагийн хууль батлах, команд штабын удирдлагын уялдааг сайжруулах гэх мэт хүчний салбар, хууль эрхзүй руу чиглэсэн ажлыг нэлээд хийсэн бөгөөд энэ нь салан тусгаарлах үзэлтнүүд, террористууд руу шууд хандсан арга хэмжээ байсан юм.

·    Байгалийн нөөц хийгээд дотоодын хэрэгцээ:

Шинжаан Уйгарын бүс нутаг нь Хятадын байгалийн баялгийн нөөц ихтэй газар. Газрын тосны 20.9 тэрбум тонн нөөцтэй нь Хятадын нийт нөөцийн 30 хувийг, байгалийн хийн 1 их наяд м3 нөөцтэй нь 34 хувийг, нүүрсний нөөц 2.19 их наяд тонн байгаа нь хятадын нийт нүүрсний нөөцийн 40 хувийг тус тус эзэлж байна. Эдүгээ Шинжааны Таримаас Шанхай хүртэл 2400 км урттай хийн хоолойгоор байгалийн хийг татаж байгаа бөгөөд уг хоолой нь одоогоор хятадын хамгийн том бөгөөд урт хийн хоолой болж байна. Үүнээс гадна ОХУ, Казакстанаас Хятад руу татах нефть дамжуулах хоолой бүгд Шинжаанаар дайран өнгөрөх тул ойрын хугацаанд засан тохинуулбал зохистой стратегийн ач холбогдолтой чухал хязгаар нутаг гэдэг нь харагдаж байна.

 

Хятадын удирдлага Төвд, Шинжаан болон бусад цөөнх үндэстний тэрс үзэлтнүүдийг хатуу хянах, цагдах, хүчээр дарах уламжлалт арга барилын зэрэгцээ цөөнхийн бүсүүдэд “эебээр засах” бодлогыг түлхүү явуулахаар шийдсэн нь сүүлийн жилүүдэд цөөнх үндэстний эсэргүүцлийн бослого хөдөлгөөн он дараалан гарч (2008 онд Төвдөд, 2009 онд Шинжаанд), тэр бүрд багагүй хүч, хөрөнгө гарган дарж байсан учир Хятадыг цөөнх үндэстний бодлогоо эргэн харахад хүргэсэнтэй холбоотой. “Эебээр засах” бодлогын эхний алхмыг Шинжаан Уйгарын ӨЗО-оос эхэлж байгаа нь нэг талаас Шинжаан Уйгар нь хамгийн тогтворгүй хязгаар нутгийн нэг учир хяналтаа чангатгах, мөн амьжиргааг сайжруулах замаар жирийн иргэдийн бухимдлыг сааруулах, нөгөө талаас Шинжаан дахь байгалийн асар их баялаг нь хятадын эдийн засгийн зайлшгүй хэрэгцээг хангах түүхий эдийн түшиц тул даруй нээж ашиглах зорилготой байна.

Эцэст нь тэмдэглэхэд 2015 он хүртэл Шинжаан болоод бусад цөөнх үндэстний бүсүүдэд (үүнд Өвөр Монгол багтана) эдийн засгийн түлхүү бодлого хэрэгжүүлэх нь тодорхой болоод байна. Хэрэв уг бодлого амжилттай хэрэгжвэл цөөнх үндэстний зүгээс төв Засгийн газартаа нааштай хандах хандлага бий болох талтай ч, язгуур соёлоо улам алдах цөөнхүүдийн эсэргүүцэл, нийгмийн баялгаас тэгш хүртэж чадаагүй хэсгийнхний бухимдал ширүүсэх магадлалтай. Юутай ч эдийн засгийн бүтээн байгуулалтыг дагасан их хятадын тухай үзэл суртал хүчтэй явагдаж цөөнх үндэстний бүсүүд улам бүр хятаджих хандлага бий болох нь тодорхой байна.

1терроризм, үндэстний салан тусгаарлах үзэл, шашны экстремизмийг хятадууд ийн нэрлэдэг