Гадаад бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл гэдгийн цаад учир
Тэр бүр яриад бичээд байдаггүй, гэвч иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийн нэгэн хөндүүр сэдэв болж ирсэн асуудлыг энэ удаа зориглон хөндөж миний номын садан Элчин сайд Жаргалсайханы Энхсайханы бичсэнийг энд бүрэн эхээр нь хэргээр оруулъя гэж шийдлээ.
Тэр бүр яриад бичээд байдаггүй, гэвч иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийн нэгэн хөндүүр сэдэв болж ирсэн асуудлыг энэ удаа зориглон хөндөж миний номын садан Элчин сайд Жаргалсайханы Энхсайханы бичсэнийг энд бүрэн эхээр нь хэргээр оруулъя гэж шийдлээ. Шар нунтаг нутагтаа булуулахад яг бэлэн болчихсон байгаа тухай сэдвийг олон улсын харилцааны нэртэй мэргэжилтэн нөхөр маань бичсэн байгааг эндээс сонирхоорой. Сонирхох юу байхав, анхааралдаа авч, булуулахгүй байх талаар сэтгэж бодно уу хэмээн төр-засгийн өндөрлөгүүддээ хандаж байна.
Ж.Энхсайхан гуайн бичсэнийг уншуулсныхаа дараа Ж.Дулмаа, Л.Пүрэвдорж гэх хоёр гэрчийн бичгэн болон аман түүхээс эшлэж хэдэн үг би өөрөө холбосон байгааг хүлцэн үзээрэй.
Нэг. Элчин сайд доктор Ж.Энхсайханы бичсэн үндсэн сэдэв
Аливаа улсын гадаад бодлого нь дотоод бодлогын нь үргэлжлэл байдаг гэсэн ойлголт, бичигдээгүйхууль ч байдаг. Өөрөөр хэлбэл гадаад бодлого нь тухайн орны аюулгүй байдлын гадаад таатай нөхцлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна дотоод бодлогын үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх нэмэлт арга зам, арга хэрэгсэл нь болдог.
Тэгвэл харамсалтай нь манайд сүүлийн үед гадаад бодлогыг улс төрийн дотоод зөрчлийн илэрхийлэл, улс төрийн бодлого, зөрчлийн үргэлжлэл гэж үзэж ханддаг болж байна. Төр нь сул, тогтвор муутай, бодлогоо ул үндэстэй боловсруулаад түүнийгээ тайлбарлаж, хамгаалж чадахгүй болохоор гадаад бодлогын чухал асуудал нь дотоод улс төрийн хүчний бодлогын хөзөр буюу тэр ч байтугай хувь этгээдийн хувийн тоглолт ч болж байна.
Энэ асуудал сүүлийн үед ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх эсэх асуудалтай холбогдож гарч ирж байна. Манай улс анх ШХАБ-ын ажиглагч болж байх үеийн нөхцөл байдал өнөөдөр эрс өөрчлөгдөж Орос, Хятадын нөлөөнд яав ч орохгүй Энэтхэг, Пакистан хоёр бүрэн эрхт гишүүнээр нь элсэж орсны дараа ч ШХАБ-аас болгоомжилсоор хэвээр байгаа нь ойлгомжгүй байна.
ШХАБ-ын гишүүд нь тус байгууллагыг цэргийн эвсэл биш гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Мөн ШХАБ нь аливаа шийдвэрээ бүх нийтийн тохиролцооны үндсэн дээр буюу консенсусаар гаргадаг нь аливаа гишүүн улс өөрийн нь эсрэг шийдвэр гаргуулахгүй байх, өөрөөр хэлбэл шийдвэрт хориг тавих эрх зүйн үндэс нь болж байгаа. Тиймээс манай улс нэгэнт багтдаг бүс нутгийнхаа энэхүү байгууллагад элсч ашиг сонирхлоо урагшлуулах бүрэн боломжтой юм.
Харин гишүүн болсныхоо дараа гишүүн улсынхаа тэрхүү статусыг хэрхэн ашиглах талаар нарийн судалгаа хийж гадаад бодлогынхоо зорилтуудыг хэрэгжүүлж, шаардлагатай гэж үзвэл өөрт ашигтай санал санаачилга дэвшүүлж хэрэгжүүлэх өргөн боломж нээгдэнэ. Эс тэгвээс цөмийн зэвсгээс ангид өвөрмөц статусаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлчихсэн хэрнээ түүнийгээ гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болгож мэдэхгүй буюу чадахгүй, гадаадынхантай ярихдаа өөрийгөө хоосон магтсанаас цаашгүй гацааны байдалд байгаатай адил байвал утгагүй болох юм. Иймэрхүү маягаар манай улс ЕАБХАБ-д элссэнийхээ үр ашгийг бүрэн эдэлж чадахгүй байгаа нь ч мөн харамсалтай юм.
Гэхдээ энд ШХАБ, цөмийн зэвсгээс ангид статус, ЕАБХАБ-ын талаар бус харин манай хэтийн аюулгүй байдлын холбогдолтой өөр нэг асуудлыг хөндөх гэсэн юм. Тэр нь юу вэ хэмээвээс манай хоёр хөрш цөмийн цахилгаан станцаас нь гарч байгаа шаар хаягдлаа чухам хаана хадгалах буюу булшлах бодлого явуулж байгаа талаар өгүүлэх гэсэн юм.
Энэ талаар гурван жилийн өмнө “Монголын цөмийн ирээдүй...” гэсэн номдоо би тодорхой бичиж шийдвэр гаргагчдад хүргүүлж байсан боловч ямарваа нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн манай ашиг сонирхлыг хамгаалах учиртай “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менжментийн аюулгүй ажиллагааны тухай конвенц”-д яаралтай нэгдэж орох шаардлага байгаа талаар УИХ-ын холбогдох байнгын хороонд бичсэн боловч мөн л тодорхой арга хэмжээ аваагүй өдий хүрээд байна. Энэ талаар өгүүлье.
Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенц гэж чухам юуг өгүүлэх вэ? Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах боломж, бололцоо өсөн нэмэгдэж улмаар цацрагийн үүсгүүр хэрэглэдэггүй улс гэж бараг байхгүй болж байна. Цацрагийн үүсгүүр хэрэглэгчдийн тоо хэдэн арван саяар тоологдож, цацраг идэвхт хаягдлын тоо хэмжээ асар их хэмжээгээр өсч, түүнийг хулгайлах, дамлан зарах, “бохир бөмбөг” хийх, буруу хадгалах, ашиглах зэргээр улс орон, нийгэмд их хэмжээний сөрөг үр дагавар дагуулах аюул нэмэгдсээр байна.
Тиймээс тийм аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс олон улсын хамтын нийгэмлэг, нэн ялангуяа Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас олон тооны гэрээ конвенц, журам заавар гаргаж мөрдүүлж, энэ талаар олон тооны сургалт семинар явуулдаг. Манай улс ч мөн тэдгээрт хамрагдаж байгаа. Түүнээс гадна цөмийн цахилгаан станцуудаас гарч байгаа асар их хор хөнөөлтэй ашигласан түлштэй зөв харьцах менежментийн шаардлага бий болсон. Тиймээс тус агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар cobalt-60, strontium-90, caesium-137, iridium-192 зэрэг цацраг идэвхт бодис агуулсан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд нэн хөнөөлтэй матерал болон ашигласан түлшний асуудлыг зохицуулахаар “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны нэгдсэн конвенц” гэдгийг 2001 онд байгуулсан. Өнөөдрийн байдлаар 78 улс түүнд нэгдэн орж, 42 улс гарын үсэг зураад байна.
Нэгдсэн конвенцийн гол зорилго нь түүнд нэгдэж орсон улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын зөв зохистой менежментийг хангах, бүх шатанд ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөнөөс хувь хүн, нийгэм болон хүрээлэн буй орчныг хамгаалах, цацрагийн сөрөг үр дагавар бүхий ослоос урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг хамгийн гарз багтайгаар арилгахад оршино.
Тиймээс ч уг конвенцид нэгдэж орсон буюу түүнд гарын үсэг зурсан орны олонхи ньцөмийн цахилгаан станцгүй буюу цөмийн үйлдвэргүй орнууд бөгөөд тэдний тоо хэмжээ нэмэгдсээр байна. Тухайлбал Австри нь цөмийн цахилгаан станц барьж байгаад ард түмнийхээ санал асуулгын дүнд түүнийгээ зогсоосон хэрнээ цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлогыг бодож конвенцид нэгдэн орсон.
Куба, Габон, Гана, Ботсван, Мальта, Маврик, Перу, Нигер, Македон, Узбекистан, Туркменистан улсууд өөрсдийн хэрэглэж байгаа цацрагийн үүсгүүрээс гарах цацраг идэвхт хаягдлын аюулгүй байдлыг бодож конвенцид нэгдэж орсноос биш цөмийн ашигласан түлшийг нутагтаа байршуулах зорилгоор нэгдэж ороогүйг баттай хэлж болно.
Нэгдсэн конвенц Монголд ямар ашигтай вэ? Дээр өгүүлснээс үзвэл манай улс уг конвенцид нэгдэж орсноор өөрт байгаа цацраг идэвхт матриал, хаягдлыг олон улсын хэмжээнд тогтоосон заавар журмын дагуу хадгалж хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчноо найдвартай хамгаалах, энэ талаар олон улсын тусламж зөвлөгөө авах илүү боломжтой болно.
Манай улсын хувьд л гэхэд 1996 онд цацрагийн үүсгүүр хэрэглэгч 99 байгууллага, аж ахуйн нэгж байсан бол 2015 онд тийм байгууллагын тоо хэмжээ бараг гурав дахин нэмэгдсэн мэдээлэл байдаг. Түүнээс хойш ч тоо хэмжээ нь улам нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Хорт хавдраар өвчилж байгаа хүний тоо буурахгүй байгаа, нөгөөтэйгүүр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалтын явцад гарах цацраг идэвхт хаягдлын цар хэмжээ мөн ихсэх төлөвтэй байгаа нь манай улсад эдгээр материалын менежментийг олон улсын хэмжээнд тогтоосон дүрэм зааврын дагуу эрхлэн явуулах XXI зууны зүй ёсны шаардлагыг зайлшгүй хангахад чухал юм.
Монгол Улс конвенцид нэгдэж орохын бас өөр нэг зайлшгүй шаардлага нь манай газар зүйн өвөрмөц байршилтай холбоотой. Манай улс бол хоёрхон том хөрштэй. Хоёр хөршид мааньцөмийн үйлдвэрийн салбар нь нэн хурдацтай хөгжиж байгаа, түүний дотор олон тооны цөмийн цахилгаан станц ашиглаж буюу нэмж барих замаар асар их хэмжээний ашигласан түлш гаргаж байгаа, ашигласан түлшээ хэрхэх талаар шийдвэр гаргах гэж байгааг бид бодолцох ёстой юм.
Конвенцийн 32 дугаар зүйлд зааснаар тэд “зиндаа нэгтний” (peer review) мэдээллийн журмын дагуу конвенцид оролцогч орнуудад цөмийн ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийнхээ талаар үндэсний илтгэл гаргаж хэлэлцүүдэг. Тиймээс хэрэв манай улс уг конвенцид нэгдэж орвол тэдний илтгэлтэй урьдчилан танилцаж, өөрийн ашиг сонирхлыг хөндөж болох асуудлаар бүсдад нээлттэй хэлбэрээр асуулга тавьж, мөн бусдад нээлттэй хэлбэрээр хариу авах боломжтой болно. Эс тэгвээс Монгол улс хил орчмынхоо ойролцоо цөмийн хаягдлын талаар хоёр хөршийн явуулж байгаа бодлого, мөн цаашид хэрхэх бодолтой байгаа талаар нарийн мэдээлэлгүй харанхуй байх болно.
“Зиндаа нэгтний” мэдээллийн журам нь гишүүн улс асуулгыг олон улсын хэмжээнд тавьж болохоороо, мөн хариугаа ч бусдад нээлттэй авах боломжтой байдгараа жижиг улсуудад ашигтай мханизм юм. Тэгснээр уг механизм нь нэг ёсондоо мэдээлэл хүртэхийн хувьд том, жижиг улсын ялгааг арилгаж байна гэсэн үг юм. Тийм дэвшилттэй механизмыг жижиг улсууд сайтар ашиглах хандлага нэмэгдэж байна.
Манай улс ч түүнийг ашиглах хэрэгтэй юм.Онгон байгальтай, бараг 70 сая малтай бөгөөд цаашид мах, махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн цагаан эдээ, сүүн бүтээгдэхүүнээ гадаадад гаргах асар их боломжтой, мөн аялал жуулчлалын салбартаа ихээхэн найдвар тавьж байгаа манай улсын хувьд ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Цаг агаарын өөрчлөлтийн улмаас газар хөдлөлтийн давтамж ихсэх төлөвтэй байгаа бөгөөд хөрш хоёр орны цөмийн хаягдлаа булшлах газар түүнд өртөхгүй гэх баталгааг тэд ч өгч чадахгүй.
Нэгдсэн конвенц нь Монголын ашиг сонирхолд огт харшлахгүй. Конвенцид Монгол Улс нэгдэж орсноор бусад улсын цөмийн шаар хаягдлыг нутагтаа оруулж ирж булшлах эрх зүйн үндэс буй болно гэж манайд үзэж эсэргүүцэж байгаа тал байдаг. Конвенцийг уншвал тэгж хардаж сэрдэх үндэсгүй нь тодорхой болно. Учир нь дээр өгүүлсэнчлэн конвенцийн гол зорилго нь энэ чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байгаа, бусдын шаар хаягдлыг авах үндэсгүй, харин ч конвенцийн оршил хэсгийн (xi)-д аливаа улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт оруулахыг хориглох эрхтэйг тод хүлээн зөвшөөрсөн байдаг.
Цөмийн зэвсэг бүхий 5 гүрэн, түүний дотор манай хоёр хөрш 2012 онд Монголын цөмийн зэвсгээс ангид статусын талаар дэлхийд зарласан хамтарсан тунхаглалдаа тус улсын 2000 оны “Цөмийн зэвсгээс ангид байх тухай” хуулийг хүлээн зөвшөөрч хууль гаргасныг сайшаасан байдаг. Тэгвэл манай тэрхүү хуулийн 4.1.4-т Монгол Улс цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхт материал, шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгахыг хориглосон заалт байгаа.
Цөмийн цахилгаан станц бүхий цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч улсууд, түүний дотор манай хөршүүд, цөмийн түлшийг бүрэн биш гэхэд аль болохоор их хэмжээгээр шатаах боломжийн талаар судалгаа хийж түргэн реактор туршиж, тэр ч байтугай ашигласан түлшийг зарим нөхцөлд дахин ашиглах арга хэмжээ авч байгаа. Хэдий тийм ч цөмийн шаарны асуудал хүн төрөлхтний шийдэж чадахгүй байгаа асуудал хэвээр байна. Тэр бол газар зүйн байршлын улмаас манайд шууд хамаатай гэж үзэж тусгайлан анхаарч байх эмзэг чухал асуудал яалт ч үгүй мөн.
Конвенцид нэгдэж орохыг Монголын язгуур ашиг сонирхол шаардаж байна. Учир нь бид хөрш хоёр орныхоо үйл ажиллагааны талаар, нэн ялангуяа манай ашиг сонирхлыг хөндөж болох үйл ажиллагааны талаар бодитой мэдээлэлтэй байх учиртай, тийм мэдээллийг авах эрх конвенцийн дагуу нээгдэнэ.
ОХУ, Хятад хоёр хоёулаа их хэмжээний ашигласан түлш буюу шаар хаягдалтай бөгөөд хойд хөрш маань Красноярск мужийнхаа Нижнеканск хотын хавьд ашигласан цөмийн түлшээ газар дор булшлахаар шийдвэрлэжээ. Ингээд газар дор лаборатори байгуулаад судалгааны ажлаа эхлүүлжээ. 2025 он гэхэд агуулахаа ашиглаж эхэлнэ. Манай өмнөд хөрш Хятадын хувьд Ганьсу мужийнхаа Бэйшаньд шаар хаягдлаа булшлах талаар судалгаа хийж ирсэн.Бүр нарийвчилсан судалгаа хийх зорилгоор 2016 оны 3 дугаар сард тэнд лаборатори барьж эхэлсэн. Тэд эцсийнхээ шийдвэрийг 2021 онд гаргахаар төлөвлөж байна.
Тиймээс хоёр хөршийн эдгээр төлөвлөгөөний үндэслэл, гарч болох үр дагавар болон явцын талаар бодитой мэдээлэлтэй болохын тулд манай улс нэгдсэн конвенцид цаг алдалгүй нэгдэн орох шаардлага байна хэмээн миний бие 2017 онд УИХ-ын холбогдох байнгын хороонд бичсэн. Тэр тухайгаа дахин давтахын учир нь: 2018 оны 5 дугаар сард конвенцид оролцогч орнуудын ээлжит бага хурал болж оролцогч улс орнуудын мэдээлэл, илтгэлийг хэлэлцэхээр төлөвлөж байсан. Тиймээс түүнээс нь өмнө өрсөж конвенцид нэгдэн орж өөрийн ашиг сонирхлыг хөндөж болох асуудлын талаар асуулга тэдэнд бичгээр тавьж, түүнийгээ конвенцид оролцогч бусад орны хүртээл болгож бага хурлын үеэр хариу авах, улмаар манай нутгийн ойролцоо гэж хэлж болохоор газар цөмийн шаар байрлуулахтай холбогдсон асуудлаар тэдэнтэй нүүр тулан яриа хэлэлцээг эхлүүлэх хэрэгтэй байна гэж би бичиж байсан юмсан.
Эс тэгвээс түүнээс хойш 3 жилийн дараа буюу 2021 онд конвенцид оролцогч талуудын хурал болоход Хятад эцсийнхээ шийдвэрийг нэгэнт гаргачихсан байна. Хятад шийдвэрээ гаргасаны дараа ОХУ мөн тийм шийдвэрийг түвэггүй гаргана. Тэдний шийдвэр гарсны дараа манай улс яаж ч хүсэл, гомдол тэдэнд буюу олон улсын хэмжээнд тавиад тэдний нэгэнт гаргасан шийдвэрийг цуцлуулж чадахгүй, харин үүрдийн “хэрүүлийн алим”-тай үлдэнэ хэмээн УИХ руу явуулсан бичигтээ би цохон тэмдэглэж байсансан.
Хөрш орнуудтайгаа байгуулаад байгаа түншлэлийн харилцаа энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж болохын зэрэгцээ харилцаа үнэхээр “түншийн” хэмжээнд хүрсэн эсэхийн шалгуур нь цөмийн шаараа манай хилийн ойролцоо булшлах, эс булшлах явдал болж болох юм.
УИХ-ын Байнгын хороонд хүргүүлсэн бичигтээ ашигласан цөмийн түлшний талаар манай хэвлэлд гарч байсан эрх зүйн холбогдолтой 5 гол асуудалд тодорхой хариу өгсөн бөгөөд энд дахин нурших хэрэггүй гэж үзлээ.
Монгол Улсыг энэхүү нэгдсэн конвенцид оруулахгүй байх нь хэнд ашигтай вэ гэх адармаатай асуудал буй. Асуудлыг нарийвчлан судлаж байсныхаа хувьд Монгол Улсыг нэгдсэн конвенцид оруулахгүй байх нь манайд лавтайяа ашиггүй гэж хэлнэ. Тиймээс Монгол улс нэгдсэн конвенцийг УИХ-ын намрын чуулганаараа хэлэлцэн соёрхон баталж, ОХУ, Хятадын ашигласан түлшний бодлогын талаар дотооддоо нэгдсэн нэг цэгцтэй ойлголт, бодлоготой болж конвенцид нэгдэж орохын зэрэгцээ түншлэлийн харилцаатай хоёр хөрштэйгээ энэ талаар тодорхой ярилцаж идэвхтэй гадаад бодлого явуулах нь манай язгуур ашиг сонирхолд нийцэнэ. Гадаад, дотоод бодлогын органик холбоосын ач холбогдолүүгээр л манай ашиг сонирхолд үйлчилнэ.
Xoёp. Д.Баярхүү миний нэмэх үг
Мөнөөхөн МҮОНТВ-ээр нэвтэрсэн “Defacto Мэтгэлцээн - Монгол ШХАБ-д элсэх нь зөв үү?” нэвтрүүлэгт сонсогчоор оролцсон Монголын Ногоон Намын дарга О.Бум-Ялагч хурц эмзэг нэгэн сэдвийг хөндөөд орхисныг уншигч үзэгчид анзаарсан болов уу. Түүний ярьсан нь: Монгол Улс ШХАБ-д элсээд ашиг олдог юм байж гэж бодъё. Гэтэл хоёр хөршдөө ашиглагдчихвал яах вэ? Жишээ нь гишүүнээр элсүүлж аваад цөмийн шаар, шар нунтгаа Монголын нутагт буршилна гэвэл бид яах вэ гэсэн асуулт тавьж байв. Ерөөсөө тэгж хардаж байгаа нь ч тэр нөхрөөс илт харагдана билээ.
Ж.Энхсайхан гуайн бичсэнийг уншсан уншигчиддаа Ж.Дулмаа, Л.Пүрэвдорж гэх хоёр гэрчийн бичгэн болон аман түүхээс эшлэж сонирхуулъя.
Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийнсалбарт францын AREVA гэх компани Монголд цөмийн хаягдал булшлах нь гэсэн хардлага буруутгал Монголд түгээмэл байдаг бол энэ асуудал маань бүр 1980-аад онд Чехословак улсын зүгээс босч ирээд түүнийг нь Ж.Батмөнх таслан зогсоосон баримт байдаг юм байна. Энэ тухай тэр үед Прагад эх орноо төлөөлөн сууж байсан Элчин сайд Ж.Дулмаа дурсан бичжээ. Түүний бичсэн “Ажил амьдралын зам минь, УБ, 2014” номын 158-159 дэх талд дурайтлаа тэр тухай байгаа.
“Чехословакийн талын санал болгосон өөр нэг зүйл гэвэл” гэж байгаад тэрээр ийн бичжээ.
- Монголын говь дундуурөнгөрдөг төмөр замын ойролцоо 15 ам дөрвөлжин километр газрыг гаргаад өгчих. Тэнд атомын цахилгаан станцын хог хаягдлыг оршуулах газар байгуулж болох юм.
- Одоо дэлхийд атомын эрчим хүчний хог хаягдлыг гадаад далайн ёроолд нууцаар хаях буюу Африкийн зарим орны цөлд оршуулж элдэв хэл ам таталдаг болоод байна.
- Хэрэв Монголын говьд дээрхи хэмжээний газар гаргавал тэнд нэлээд хэмжээний хог хаягдал булшлах бөгөөд энэ ажлыг байгаль орчинд хор хөнөөлгүйгээр олон улсын хэмжээнд тогтсон дэг, жаяг, стандартын хэмжээнд зохион байгуулж болох юм.
- Хэрэв дээрхи хэмжээний талбай гаргаад хог хаягдлыг булшилбал үүний төлбөрт жилд 1 тэрбум доллар монголын талд орж ирж байх жишээтэй гэнэ.
Элчин сайд Ж.Дулмаа энэ саналыг өвөртөлсөөр 1989 оны сүүлчээр Улаанбаатарт МАХН-ын Төв Хорооны ээлжит бүгд хуралд ирэхдээ Ж.Батмөнхөд уламжилжээ. Харин юу гэж хариу өгсөн бэ?
- Нөгөө нэг атомын хог хаягдлыг Монголд булшилна гэдэг асуудлыг Ж.Батмөнх дарга сонсохыг ч хүсэхгүй байсан бөгөөд ийм асуудал тавьж Монгол орон, ард түмний өмнө лай ланчиг хурааж нүгэл үйлдэхээ боль гэж шууд хэлсэн юмдаг.
- Ер нь Ж.Батмөнх даргад ямар нэгэн асуудал тавихад хариуг нь тэр даруйд нь хэлдэггүй, аливаа зүйлд их л болгоомжтой ханддаг хүн байсан.
- Харин атомын хог хаягдлыг Монголд булшлах гэсэн гадаадын хүмүүсийн дээрхи саналд шууд эрс тэс хатуу хариу өгсөн билээ. Би ч энэ асуудлыг хэзээ ч хэнд ч дахин хөндөж тавиагүй, үүгээр цэг тавьсан юм.
Чех нөхөд энэ асуудлыгсанал болгон тавихдаа олон талаас нь судалсан байж таарна. Лав Чехословакийн өөрийнх нь станцын хог хаягдал биш болов уу. Атомын эрчим хүч өндөр хөгжсөн Өрнөд Европын хөгжингүй орнуудын хаягдлыг булшлах бэлээхэн сул талбай нь Монголын говь, тэр дундаа төмөр замаар хүргэчих боломжтой Дорноговь аймгийн хязгааргүй говь тал хэмээн чех, словак нөхдийн судалгаанд туссан бололтой юм. Бас ЭЗХТЗ-ийн хүрээний асуудал болгоод найрамдал, нөхөрлөлөөр далайлгаад өлхөн бүтчих ажил хэмээн тооцоолсон, Монгол нь ядуу буурай тул тэрхүү жил бүр орж ирэх тэрбум ам.долларт нь хөл алдчихна гэсэн гэнэн төсөөлөл ч байсан биз ээ. Харин тиймгүй ээ, хэнд ч ашиглуулахгүй, ЭЗХТЗ-өөр мундагдуулаад нэмэргүй ээ гэсэн тов тодорхой хариултыг Ж.Батмөнх өгсөн нь тэр байжээ.
Монголын ардын армийн Улс төрийн газрын сүүлчийн дарга хошууч генерал асан Л.Пүрэвдорж гуай хуучилж байна. Бас л энэ тухай сэдэв. Гэхдээ тун ноцтой. Булшилчихсан тухай баримт. Монголоос Зөвлөлтийн цэрэг гарч байсан бужигнаантай өдрүүдэд түүн дээр Зөвлөлтийн Өвөр Байгалийн цэргийн тойргийн тусгай албаны нэгэн хурандаа ирж уулзжээ. КГБ-гээс томилж суулгасан тусгай хэлтсийн нэг дарга байсан гэв үү. Тэрээр еврей үндэстэн, СССР мөд тарах нь гэдгийг ч олоод харчихсан, бас Зөвлөлтийн үзэл суртал, КГБ-д итгэхээ байчихсан нөхөр илэн далангүй бүх баримтыг Л.Пүрэвдорж генералд дэлгэж гэнэ.
Юу гэвэл чехүүдийн эв зүйгээр ярьж тэрбум доллар амлаад байсан нөгөө цөмийн хаягдлын нэг хэсгийг Дорнод Европт байрлаж байсан (бодвол Чехословакт) Зөвлөлтийн цэргийнхэн аваад цэргийн маш нууц ачаа нэрээр автомашинаар зөөвөрлөж Зөвлөлт Холбоот Улсаар нэвт давхиулан Казахстан-Алтайн хязгаар-Баян-Өлгийгөөр оруулаад тэр чигт нь давхиулсан Дундговь, Дорноговийн хавьцаа талд булуулж амжээ. Зөвлөлтийн цэрэг Монголоос бүрмөсөн гарахын яг өмнөхөн тэгж амжуулжээ. Шанд нь Өрнөд Европын орнуудаас асар төлбөрийг нь Зөвлөлтийн БХЯ хүртчихсэн хэмээн тэр еврей хурандаа сэтгэлээсээ ярьсан байх юм. Тэгж булахад манай НАХЯ, ШУА-иас зарим нэг гэрч байлцсан юм байх. Хожим нь тэр газрыг олохоор манайхны эрлийн групп яваад олоогүй ирсэн хэмээн Л.Пүрэвдорж гуай ярьж байна...
-о0о-