Даяаршлын үед улс гүрнүүд эрх ашгаа хамгаалахын тулд шууд зэвсэгийн хүчээр түрэмгийлэх нь голдуу өндөр төлөөстэйн дээр асар эрсдэлтэй алхам болох учраас арай өөр арга хэрэглэх болсоныг нь Харвардын их сургуулийн профессор Жозеф С.Най “Зөөлөн хүч” гэж томъёолсон байдаг.

Эрдэмтэн Найгийн бясалгаснаар аливаа улс зөөлөн хүчтэй байна гэдэг түүний соёл нь, улс төрийн үнэт зүйл нь, дипломат бодлого нь хүчирхэг байна гэсэн үг. Товчхондоо цэргийн бус арга замаар зорилгодоо хүрэх тухай ойлголт. Дэлгэрүүлбэл нэг улс нөгөө улсыг талдаа татах, ятган итгүүлэх замаар (хүчээр бус) өөрийнхөө зорилгод үйлчлүүлэх, улмаар хэрэгтэй зүйлээ авч чадах тийм чадавхи юм. Жишээ нь, АНУ-ын хувьд найрсаг дипломат харилцаа явуулах, эдийн засгийн тусламж үзүүлэх, ардчиллын үнэт зүйл дэлгэрүүлэх, соёлын татах хүчээ түгээх зэргээр зөөлөн хүчийг ашиглан зорилгодоо хүрэх г.м.

Харин эсрэгээр хатуу хүчтэй байна гэдэг нь тухайн улсын цэрэг зэвсэг нь лут, эдийн засаг нь лаг байхыг ойлгох ба эдгээр бяр чадалдаа дулдуйдаад бусад орныг дарамтлах, худалдан авах чадавхитай байх явдал юм.

Мэдээж зөөлөн хүч хатуу хүчээ үгүйсгэдэггүй. Аливаа улсад зөөлөн хүч, хатуу хүч зэрэгцэн оршвоос арга билиг хосолсон лугаа адил болж, санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтмой.


Хятадын зөөлөн хүч: Хятад улс хатуу хүчээ зузаатгахын зэрэгцээ зөөлөн хүчний бодлого үйл ажиллагаандаа анхаарч байгаа нь зарим нэг учир шалтгаантай. Сүүлийн 30 гаруй жил үсрэнгүй хөгжиж, эдийн засгийн суурь батжин, батлан хамгаалах хүч зузаарсан нь эргээд дэлхий дахин Хятадын сүр хүчээс болгоомжлох хандлагыг төрүүлж, олон улсад “Хятадын аюул” үзэл газар авах хандлага бий болгов. Иймд Хятадын аюул үзэл улам дэлгэрэх, цаашлаад Хятадын эсрэг эвсэл үүсгэх гэх мэт уршиг дагавар гарахaaс сэрэмжлэн Хятад улс шинэ зуунаас эхлэн гадаад ертөнцөд эерэг имиж бүрдүүлэхэд анхаарч, хөгжил цэцэглэл нь бусдад ямар ч халгаагүй, аюулгүй, найрсаг болох талаар эрчимтэй сурталчилах болсон юм. Хятадын зөөлөн хүчний бодлогыг дипломат арга зам, соёлын салбар, улс төрийн үнэт зүйлээр дамжин хэрхэн биежиж байгааг цухас ажиглая.

Дипломат бодлогын хувьд: Хятад улс өөртөө итгэлтэй, санаачлагатай болж, анх удаа өөрийн орны нэршилтэй бүс нутгийн байгууллага болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг байгуулав, Зургаан талт хэлэлцээрийг зохион байгуулав, 2003 оноос Их-8-ийн уулзалтад уригдав, АСЕАН+1 /Хятад/ яриа хэлэлцээний механизм бүрдүүлж улмаар Хятад, АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс байгуулав, Хятад Африкийн хамтын ажиллагааны Бээжингийн тогтмол уулзалт бий болгов, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох болов, Их 20-ийн чухал гишүүн болов гэх мэт.

Олон улсын тавцанд идэвхжиж байгаа эдгээр үйл ажиллагаагаа эерэгээр ойлгуулах, Хятадын өсөлтийг зөвөөр тайлбарлах үүднээс хөгжил цэцэглэлтээ “Энх тайванч өсөлт” хэмээн албан ёсоор томъёолоод 2003 оноос гадаад ерөнцөд цацаж, цаашлаад 2005 онд “Найрсаг дэлхий” үзэл санааг дэвшүүлсэн байдаг.

Хятадууд “энх тайванч өсөлт”, “найсаг дэлхий” үзэл санаагаа сурталчилан, эерэг имиж бүрдүүлэхээр олон улсын арга хэмжээнд бүүр ч идэвхтэй оролцох болж, 2008 оны Бээжингийн олимп, 2009 оны Зүүн Азийн спартакад, 2010 оны Шанхай-Экспо, 2011 оны Дэлхийн оюутны спартакатыг зохион байгуулах гэх мэтээр орчин үеийн Хятад орны талаарх дэлхий нийтийн ойлголт, төсөөллийг эебээржүүлэхийг чармайж байна.

Соёлын бодлогын хувьд: Хятадууд соёлын гадаад бодлогыг зөөлөн хүчээ өсгөх хамгийн чухал хэрэгсэл хэмээн үнэлэн улс төр, эдийн засгийн гадаад харилцаатай адил түвшинд тавьж, гадаад харилцааны гурван багана гэж үзэв. Ингээд эхэндээ эдийн засгийн салбарт хэрэглэж байсан “гадагш гарах” стратегиа 2004 оноос соёлын салбар руу тэлж өргөтгөлөө. Улмаар “соёлын зөөлөн хүч” нэр томъёог анх удаа 2007 онд БХАТИХ-ын илтгэлд оруулан онцолсон билээ. Энэ бүхний зорилго нь мэдээж “энх тайванч өсөлт”, “найрсаг дэлхий” үзэл санаагаа сурталчилах, Хятадын соёлыг дэлхийд түгээх, олон улс дахь нэр нөлөөг нэмэхэд чиглэж буй.

Хятадын соёлын “гадагш гарах”  стратегийн нэг биелэл нь “Кунзийн сургууль”. Дэлхий даяар байгуулж эхэлсэн уг сургуулийн анхных нь 2004 оны 11 сард БНСУ-ын Сөүл хотноо байгуулагдсан. Ингээд 5 жилийн дараа гэхэд нийт 282 Кунзын сургуулийг дэлхийн 88 улс, бүс нутагт байгуулаад байна. 2010 онд энэ тоог 500-д хүргэх аж. Кунзын сургуулийн төв нь Бээжинд байрлаж, хилийн чанадах салбарууддаа зөвлөх багш илгээх, сургалтын материалаар хангах маягаар дэмжлэг үзүүлдэг ба гадаад дахь гол үйл ажиллагаа нь хятад хэл заах, хятад хэлний багш бэлтгэх, хятадын соёлын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, хэл соёлын солилцоо явуулахад чиглэдэг ажээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд сүүлийн жилүүдэд хятад хэл суралцагсдын тоо эрс нэмэгдэж, 2009 оны байдлаар дэлхий даяар 40 гаруй сая хүн хятад хэл үзэх болжээ.

Улс төрийн үнэт зүйлийн хувьд: АНУ ардчиллын үнэт зүйлийг дэлгэрүүлдэг шиг Хятадуудад хүн төрөхтөнд санал болгохуйц даяар нийтлэг үнэт зүйл одоогоор бий гэхэд бэрх. Гэхдээ Үндсэн хуулиндаа ардын ардчилсан дэглэмт социалист улс гэж заасан Хятад улс Хятадын онцлогтой социализм байгуулах зорилт тавин өөрчлөлт шинэчлэлтийн нээлттэй бодлогыг хэрэгжүүлсэн нь өдгөө “Хятадын загвар” гэж яригдах хүртэл хэмжээнд амжилт олоод байна. Хятадын загварын тухай 2000 оноос хойш яригдах болсон ба хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “Хятадын туршлага”, “Хятадын замнал”, “Хятадын өсөлт” гэх мэт үг хэллэгүүд сүүлийн жилүүдэд улам эрэлттэй болж, эдгээр нь “Хятадын загвар”, “Бээжингийн зөвшил” гэсэн нэр томъёонд зангидагдаж буй.

Төвлөрсөн удирдлага бүхий социалист арга хэлбэрээр удирдуулсан чөлөөт зах зээлийн эдийн засгийн хөгжил, улмаар нийгмийг бүхэлд нь хөдөлгөсөн эв эетэй дэвшил нь бусад хөгжиж буй зарим орны сонирхолыг үнэхээр татаж буй агаад дор хаяж шилжилтийн үед хэрэглэж болох арга хэлбэр гэж үзэж байгаа юм. Ялангуяа барууны хөгжлийн загвар олон жилийн турш Африк, Латин Америкийн зарим оронд амжилт олохгүй байгаа нь Хятадын загварыг сонирхох бас нэг түлхэц болжээ. Иймээс Хятадын загвар голдуу хөгжиж буй болон ядуу буурай орнуудын л сонирхолыг татаж буй юм. Харин хөгжингүй орнуудын хувьд байдал өөр. Үнэхээр ч Английн эксперт Яакобсын хэлсэнчлэн одоогийн нөхцөлд АНУ-ын загвар “глобал шинжтэй”, Хятадын загвар “бүс нутгийн шинжтэй” Европын орнууд Хятадын загвараас үнэндээ туршлага судлахгүй, учир нь тэдний нүдэнд Хятад улс хөгжиж буй орон хэвээрээ л байгаа.

Хятадын загварын талаар гадаад ертөнц дээрх байдлаар харж байгаа бол Хятад улс дотроо хэрхэн үзэж буй талаар сонирхвол удирдлагын түвшиндөө “Хятадын загвар”-ыг тогтвортой, боловсронгуй болгох тал дээр анхаарлаа төвлөрүүлж, хичээн зүтгэж хэрэгтэй гэж үзэж байна. Харин иргэдийнх нь дунд явуулсан “Хятадын загвар”-ыг хэрхэн үзэж байгаа талаарх санал асуулгаар нийт оролцогсдын 74,55 хувь нь “Хятадын загвар” бүрэлдээд буйг хүлээн зөвшөөрсөн байхад 16,56 хувь нь загвар гэж нэрлэгдэх болоогүй байна гэж үзсэн байна.

Ийнхүү Хятадын идэвхтэй дипдломат бодлого, олон улсын арга хэмжээ, хэл соёлын түгээлт, Хятадын хөгжлийн загвар зэрэг нь урьд аль ч цаг үеийнхээс илүү Хятадын бодлого үйл ажиллагааны цаашдын харгуйд улаан хивс дэвсэж өгч байна гэхэд хилсдэхгүй.

Өдгөө Хятадын зөөлөн хүчний бодлого хамгийн амжилттай хэрэгжиж буй газар бол Зүүн өмнөд Ази юм. Энэ бүсийн орнууд 1997 оны Азийн санхүүгийн хямралын дараа Хятадыг илэрхий хүндэтгэн үзэх болсон ба Хятадтай хоёр талын хамтын ажиллагаагаа зузааруулах сонирхол нь нэмэгдсэн байна. 2000 оноос хойш Хятад Зүүн өмнөд Азийн орнуудтай 20 удаа хоёр талын хамтарсан мэдэгдэл хийж, мөн арав орчим жил зүтгэсний хүчээр 2010 оноос АСЕАН-ы 10 улс Хятадтай Чөлөөт худалдааны бүс байгуулаад байна.

Хятадын зөөлөн хүч Зүүн өмнөд Азид амжилттай хэрэгжиж байгаа нэг шалтгаан нь хүйтэн дайны дараа идэвхжсэн бүс нутагшлын үр дүн, Хятад хэдийн бүс нутгтаа их гүрэн болсонтой холбоотой, нөгөө талаар Хятадын зөөлөн хүч Зүүн өмнөд Азид нэмэгдсэн нь АНУ анхаарлаа өөр бүс нутагт (Ойрхи Дорнодод) төвлөрүүлж, Ази Номхон далайн бүс дэхь нөлөө нь буурсантай холбоотой.

Хятадын төр засгаас зөөлөн хүчний бодлогыг дэмжиж хэрэгжүүлж, тодорхой амжилтад хүрээд байгаа ч, хүндрэлтэй асуудал бийг үгүйсгэхгүй. Хятад улс 1979 онд Вьетнам руу цэрэг оруулж байсан түүх, 1990-ээд оноос хойш Хятадын өмнөд хэсгийн зарим арлын эрхийн талаар баримталдаг хатуу чиг хандлага, батлан хамгаалахын төсвөө дарагдуулдаг гэх хардлага, Хятадын аварга зах зээлийн түрэлт зэргээс болоод Хятадын аюул үзэл газар авах, бусад орны дотор Хятадын эсрэг үндсэрхэх үзэл нэмэгдэх, таагүй хандах явдал байсаар байна. Үүнээс гадна олон улсын зүгээс Хятадыг хүний эрхийн асуудал, улс төрийн эрх чөлөө, экспортын барааны чанар, аюулгүй байдал зэргээр шүүмжилдэг нь Хятадын зөөлөн хүч, олон улс дахь нэр хүндэд таагүй туссаар байна.