Инфляциар айлгагчид

АРД ТҮМНИЙ ИНФЛЯЦ


Засгийн газар, эрх баригчид олон нийтийг айлгадаг нэг айхтар хад­ны мангаатай болчихжээ. Амлалтаа биелүүл гэхээр инфляци нэмэгдэнэ, цалин нэм гэхээр инфля­ци нэ­мэгдэнэ, зээл олго гэхээр бас л инфяци нэмэгдэнэ гэнэ. Тэгээд яг энэ тэнэг тайлбарт нь адилхан тэнэг хариу өгье л дөө, тэгвэл. Эрх ба­ригчид өөрс­дөө тэрбумыг ава­хаар инфляци нэ­мэгддэг­гүй, Засгийн газар Монголбанкнаас нуу­цаар зуу зуун тэрбумын зээл аваад цалин тави­хаар инфляци нэмэгддэг­гүй, төрд шур­галсан авлигачид банк дампуу­руулаад, зээлээ буцааж төлөхгүй гар дээрээ баа­хан бэлэн мөн­гөтэй үлдэ­хээр инф­ляци нэмэгддэг­гүй болж байна уу?


Ердөө саяхны жишээ бий. 2008 оны эхээр Зас­гийн газар нэг ч төгрөгөөр цалин нэмээгүй, нэг төг­рөгийн амлалтаа биелүү­лээгүй байхад инфляци 36 хувьд хүрч байсан. Цалин нэмэхээр л инф­ляци нэмэгддэг юм бол тэр үед огт нэмэгдэхгүй байх ёстой биз дээ. Гэтэл сар шинийн өмнө хөгшид, хүүхдүүдэд 50 мянгыг өгсний дараа ч, одоо хүн амын 70 хувь нь тус бүр 70 мянган төгрөг гар дээрээ аваад байхад ч инфляци тэр үеийнх шиг 36 хувьд хүрээгүй. Эрх баригчид биднийгээ юу­гаар айлгаад, бас хөөр­хөн аргалчих гээд байна аа? Эдийн засагч гэгддэг нөхөд  ард түмний гар дээр хэдэн мянган төгрөг очихоор инфляци нэ­мэгд­дэг, эрх баригчдын гараар тэрбумаар сави­ра­хад инфляци нэмэгд­дэггүй гэж нэмж яншаад байна. Тэгэхээр энэ бо­лоогүй, болох ч үгүй инфляцийг ард түмний инфляци гэж нэрлэе. Харин өнөөгийн замба­раагүй бодат инфляц, хэрэв тэд үнэн хэлээд гиперинфляци болчих гээд байгаа юм бол эрх баригчдынх юм. Эрх ба­ригчид мөнгөний бодло­гоо буруу явуулж, инф­ляцийг хөөрөгдчихөөд үүгээрээ гул барьж ард түмнийг айлгаж байна.


Эдийн засгийн та­лаар бас ч гэж ярьчихдаг байсан хэд нь бүгдээрээ дарга нарын зөвлөх бол­сон, бас заримынх нь урьдын улс төрийн хол­боо­той нөхөр Ерөнхий сайд болчихоор бүгд нэг амаар ярьдаг болчихож л дээ. 2008 оны сонгуулиар дааж давшгүй амлалт авч сонгогдчихоод яг бие­лүү­лэхээ болохоор ямар нэг шалтаг олох хэрэгтэй болж, тэгээд нэг мэргэн арга олсон нь инфляци юм.


Хэрэв эндээ тулах юм бол МАХН-аас ч, АН-аас ч ял асуух ёстой. Хэрэв та нар ухаантай  мундаг, бодлоготойгоо гайхуулаад байдаг нь үнэн юм бол, та нараас өөр эрх барих бодлоготой хүчин байдаггүй юм бол яагаад нэг алх­мын дараахийг хоёр жилийн өмнө харж тооцож чадаагүй юм бэ? гэж. Хүн бүрт 2.5 саяыг өгнө, цалин тэтгэвэр тэтгэмжийг гурав дахин нэмнэ, боловсролыг үнэгүйдүүлнэ, дээр нь ямаанд 30 тэрбумыг өгнө (энэ нь МАХН-ын малчдыг саналыг авдаг, ноолуурын үнийг өсгөх уламжлалт амлалтын хошин төгс­гөл байсан юм) гэж ярьж байхдаа инфляци өснө гэдгийг харсан байх ёстой биз дээ?


Хэрэв үүнийг ердөө хоёрхон жилийн өмнө тооцож чадаагүй бол эрх баригч аль ч нам улс орныг эдийн засгийн хувьд зөв замаар аваад явах чадваргүй юм байна гэдгээ нотолсон гэсэн үг агаад өнөөдөр инфляци нэмэгдсэн гэж хэлэх бүртээ өөрсдийнхөө тэнэгийг баталж байна гэдгээ ойлговол зүгээр л байна. Алба тушаал, эрх мэдлийн төлөө яахаас ч буцахаа байсан дүүрчихсэн худалчдын цуглуулга гэсэн үг. Тиймээс өнөө­дөр инфляциар айлгаж байгаа намууд харалган бөгөөд хуурмаг этгээдүүдийн цуглуулга гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Яг үнэн­дээ бол эрх баригчид банкны депо­зитыг 1.3 триллионоос 2.8 болтол нь өсгөж, асар их хэмжээний төг­рөгийн эмисс хийгээд байхад инф­ляци 36 хувь л хүрсэн. Тиймээс өнөөдөр амлалтаа өгөөд, цалин нэмээд нэг триллион төгрөгийн нийлүүлэлт хийсний дараа инф­ляци өсөхгүйг баталж байна. Өнөө­гийн өсөлт бол эрх баригчдын зохион байгуулалттай явуулга. Энэ бол цэвэр сэтгэл зүйн өсөлт. Хам­гийн энгийн баталгаа нь сар ши­нээр 70 мянгыг тараасны дараа инфляци өсөх байтугай саяхан долларын ханш огцом буурсан. Инфляцийг зөвхөн бараа бүтээг­дэхүүний үнийн өсөлтөөр хэмж­дэггүй, валютын ханшийн хэлбэл­зэл зэрэг олон хүчин зүйлээр хэмждэг. Яг бодат байдлаар өдийд инфляц ийм өндөр түвшинтэй гарах ёсгүй ч эрх баригчид айлгаж, сэтгэл зүйн хүчтэй нөлөө үзүүлж байгаагаас хиймэл инфляци бий болоод байна. Наад зах нь валю­тын үнэ буурахад худалдаачид бараагаа хямдруулах ёстой атал эрх баригчид муу амласнаас тэд үнээ буулгах биш нэмсэн билээ.


ЁС СУРТАХУУНААР БООМИЛОХ НЬ


2008 онд яагаад ингэж амласны учрыг мэдэж цөхөх юмгүй. "Оюу толгой", "Таван толгой"-н төсөл батлах парламент бий болох гэж байсан. Нөгөө талаас иргэний хөдөлгөөнүүдийн нэр хүнд өндөр, сонгуульд хүчтэй нөлөөлөх нь тодорхой болсон байв. Тиймээс сонгуулийн үеэр өнөөдөр эрх барьж буй хоёр нам яг адилхан бодсон. Ямар ч үнээр хамаагүй ялах ёстой, ялчихвал хоёр том бялуу хуваах болно, энэ бялуунаас нэг хэрчим авчихад цаашдаа бо­лоод явчихна. Тиймээс уран гогцоо бодож олсон нь "Бид ард түмэнд мөнгө өгнө, өгөхийн тулд хоёр толгойн ордыг ашиглах ёстой" гэсэн томъёолол юм. Ард түмэн амлалтад нь итгээд сонговол мөнгийг чинь өгөхийн тулд хоёр толгойн гэрээг байгуулах хэрэгтэй байна гэж шахна, ард түмэн ч гэрээг ямар ч хамаагүй нөхцөлөөр хүлээн зөвшөөрнө. Мэдээж хөрөнгө оруулагчид ойроороо улстөрчид ихийг иднэ. Түүний дараа яасан ч яахав.


Оюу толгойн гэрээ батлагдаж байх үед бас нэг арга бодож олсон нь "гэрээний урьдчилгаа" гэгч байсан юм. Гэрээ байгуулах компаниас мөнгө авна, түүнийгээ ард түмэнд тарааж өгнө, тэгэхээр хүн бүр гэрээнээс мөнгө авсан гэсэн үг. Ард түмэн эцэст нь гэрээг ашиггүй хийлээ гэж шүүмжилбэл "Та нар ч бас эх орноо заралцсан". Хэдээр? 70 мянгаар. Энэ чинь бага байна. Үгүй дээ, их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий. Бид адилхан байгаа биз тийм үү?  Ямар ард түмэн байна, тийм л удирдагч байна гэдэг үнэн шүү хө. Өнөөдөр яг ийм юм болж байна. Ингэж гэнэн итгэмтгий, ядарсан ард түмнийг ёс суртахуунаар нь боомилохыг эрх баригчид оролдсон билээ.


Харин сар шинийг хүртэл хөрөнгө оруулагчдад нэг айдас байсан юм, хэрэв Монголын шунал­тай эрх баригчид инфляц энэ тэр гээд биднээс авсан мөнгөө тарааж өгөхгүй бол "өнгөт хувьсгал" гарч гэрээ сүйрэлд орно. Ард түмэн "инфляци" гэгчээс нь айгаад мөнгөө нэхэхгүй л байлаа, гэвч амласан бол өгөх ёстой. Хэрэв эрх баригчид өгөхгүй бол хууран мэхлэх замаар төрийн эрхийг авсан ялд унана. Хэрэв энэ ял дангаараа байсан бол эрх баригчид яаж ч мэхэлж чадах байсан, гэвч бас нэг шахаа нь долдугаар сарын 1-ний хэрэг явдал байсан. Ард түмэн тэднийг сонгоогүй юм, түүнийгээ илчилж МАХН-ын байшинг шатаасан, тэгэ­хэд ард түмнээсээ илүү намынхаа байшинд хайртай эрх баригчид таван иргэнээ золбин нохой "халиаварддаг" шигээ АКА-дчихсан юм. Урьд нь нэгээ дорбинкдоно гэдэг байсан, яг ард түмэн босохоор бүгд нэг тал болоод бууныхаа амыг ард түмэн рүү чиглүүлсэн нь энэ.


  АНАТХ-НЫ ТЭМЦЛИЙН ТӨЛӨВЛӨСӨН АМЖИЛТ


Эхний урьдчилгаа орж ирмэгц АНАТХ идэвхтэй ажиллаж шаар­даж эхлэв. Орон нутгийн цуглаа­нуудад хүмүүс олноор идэвхтэй оролцож байгааг эрх баригчид харж байлаа. Эхлээд хүүхэд, хөгш­дөд өглөө, дараа нь хотын цуг­лаанд паласын танхим дүүрчээ. Бүгдэд нь 70 мянгыг тараах яарал­тай арга хэмжээ авав. Гэвч АНАТХ зогссонгүй, яг айж байсныг нь "Хувьсгалд" уриалсан. Уг нь журам ёсоор бол таван аймагт зэрэг босвол шуурхай арга хэмжээ авах ёстой. Дөрөвдүгээр сарын 5-нд 10 гаруй аймагт нийтдээ 60 шахам мянган хүн оролцсон цуглаан болсон юм. Эрх баригчид арга хэмжээ авсан, тэд нэгдүгээрт бүх телевизүүдэд хэрэв жагсаал цуглааныг нэвтрүүл­бэл сувгийн эрхийг чинь хаана гэсэн санамж бичиг илгээжээ. Ингээд орон даяар мэдээлэл тасал­дав. Дараа нь цуурхал, тэгээд ард түмнийг айлгах зорилготой аллага зохион байгуулжээ. Бас айсандаа 1.5 саяыг өгнө гэдгээ батлахаас аргагүй болжээ.


Хэрэв шаардаагүй бол аль аравдугаар сард орж ирсэн 100 сая ам.долларыг банкинд байлгаад байх хүсэлтэй байлаа. Хүүг нь идээд байхад овоохон юм олно. Сарын нэг хувийн хүү нь сая ам.дол­лар. Жил хадгалахад 12 сая ам.дол­лар. 1.5 хувийн хувийн хүүтэй бол 18 сая ам.доллар. Тэгээд 2012 оны сонгуулийн өмнөхөн урьдчилгаа мөнгө бүрэн орж ирс­ний дараа иргэдэд тараана. 250 сая ам.доллар шүү дээ. Цуварч орсон мөнгөний хүүг тооцоод бай­хад дор хаяж 50 шахам сая ам.дол­лар наана нь суллаад авч чадна. Тэгээд хүүг нь тооцолгүй урьдчил­гааг нь яс тараахдаа ингэж хэлнэ. Гэрээ байгуулах нь байгууллаа, гэвч энэ уурхай гэдэг туучийг нь тийм ч хурдан барьчихдаггүй юм байна, тиймээс 2016 оноос өмнө амласан мөнгөө ахиулаад өгнө, үүний баталгаа нь энэ гээд 120 мянгыг өгөх байв. Ард түмэн итгээд ахиад өгнө, эрх барих хугацаагаа ахиад хууран мэхлэх замаар дөр­вөн жил сунгах болно. Тэгээд л ахиад хорьхон жил тэсчих гэх байв.


Гэвч АНАТХ шаардсанаар энэ мэх нь нуран уналаа. Маш богино хугацаанд эрчтэй түрсэн тул эрх баригчид шахамдан сандарсан билээ. Хувьсгал бол бүтэшгүй зүйл гэдгийг хоёр намын бичдэг бүхэн номлосон. Гэхдээ АНАТХ маш том амжилт олоод зогсохгүй бүлэглэ­лүүдийг дотоод хагаралд оруулж дөнгөсөн. Үүний дараа эрх баригч­дын дотор үе хоорондын зөрчил эхэллээ. Хөгшчүүл иддэгээ идээд, авдгаа аваад арилна, 20 жил идсэн тул гомдолгүй, гэтэл залуу гишүүд яах вэ? Тэд хөгшчүүлийн энэ заваан балчигт живэхийг хүсэх­гүй. Засгийн газар амлалтаа хэрэг­жүүлнэ гэж амласнаар эрх бариг­чид аймшигтай сүйрлийн зам руу орж байгаагаа мэдэрчээ. АНАТХ 2,5 саяыг нэхсэн. МАХН-ын шинэ дарга хажуудаа "Н.Алтанхуягийн зургийг" тавьж байгаад 1.5 сая өгнө гэж амлав. АН газар дээрээ ажил­гүй болжээ. 2012 онд АН ялах найдваргүй болов. Үндсэндээ үзэл санаа, ёс суртахууны хувьд бүрэн сүйрэлд оржээ. АН-ын тулах гол хүч МоАХ-г АНАТХ-ны эсрэг турхирс­наар зөвхөн нэр төдий оршин тогтнож байсан "хувьсгалч" хүчин 20 жилийн дараа бүрмөсөн нуран унажээ.


Өлсгөлөнд хамгийн харгис ханд­сан нь АН-ынхан байлаа. Тэд ямар ч хэлэлцээр хийлгүй өлсгө­лөнд оролцогчдыг буулгаж авахыг оролдсон юм. Учир нь тэд өлсгөлөн зохион байгуулж байсан туршла­гатай. Өлсгөлөн зарлагчид тэсэхгүй гэж байсан ч харалган тэнэгээ нотолсон. Харин МАХН болгоом­жилж байсан нь илүү ортой байлаа. Яг ордны дэргэд бослогын голомт байна гэдэг туйлын аюултай. Тий­мээс шөнө дөлөөр цагдаагийн их хүчээр өлсгөлөн зарлагчдыг зай­луулж, удирдагчдыг нь салгаж эмнэлэгт хэвтүүлээд цагдаагаар мануулсан юм.


Уг нь хэлэлцээрийн дүнд хожим баталсан есөн зүйл заалтын өмнөх 10 зүйлт хувилбар эрх баригчдыг хүнд шахаанд оруулах байсан ч бас л огт санамсаргүй дотоод зөрчил­дөөнөөс болоод хоёр заалтаар буулт хийсэн. Нэг хачин юм болсон, гэхдээ одоо шалгаж тогтоогоогүй үед зарлах нь дэмий, гэхдээ ам­жилт бол хангалттай. 


АН нь баларсан ч МАХН баяр­лах болоогүй. МАХН 1.5 саяа өгч чадахгүй. Тиймээс парламент тэр чигээрээ сүйрнэ. Үүнд нь залуучууд хэлмэгдэнэ. Тэд 2008 онд сонгогд­соноороо ирээдүйгээ баллажээ. Тиймээс залуус идэвхжиж өөрс­дий­­гөө авч гарахыг оролджээ. Хөгшчүүл нь авлигын төлөө нэгдэж байсан бол бид авлигын эсрэг нэгдэнэ гэж зарлажээ. Тэд хөгш­чүүлээ жийж эхлэв. Хөгшчүүл нь дургүйлхжээ. Тэгээд үүний илрэл нь Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар нарын зодоон юм. Ахиад хорин жил тэсэх шаардлагагүй. Шинэ үе гарч ирэх ёстой. Нэгэнт хоёр намд хорин жил хуйвалдсан этгээдүүд намаа хөсөр хаяад нягт бүлэглэлд байгуулсан бол нийлсэн намуудыг нэг гэж үзээд дотор нь хагалах ёстой. Энэ нь гарцаагүй үе хоорондын зөрчил байх ёстой. Одоо ориг комму­нистууд болон зүсээ хувиргасан коммунистуудаас салах цаг бол­сон. Коммунизмын үеийнхэн улс орныг удирдаж чадахгүй юм байна.