Мөнгө ба Эрх чөлөө
АН-ын сунгаа өндөрлөж, шинэ намын дарга томилогдсоны дараа С.Эрдэнэ вантан Баянголынхноо хувийнхаа амралтын газар амраахаар болжээ.
АН-ын сунгаа өндөрлөж, шинэ намын дарга томилогдсоны дараа С.Эрдэнэ вантан Баянголынхноо хувийнхаа амралтын газар амраахаар болжээ. Намынхан нь “Би зургаан удаа санал өгсөн байтал нэг, хоёрхон удаа санал өгсөн хүн яахаараа надтай адил амардаг юм” хэмээн бөөн хэрүүл зарга болсон сурагтай. “Пүрэв тайжийнх хонио хяргасан чинь хамжлагууд нь хар цайгаа булаацалдаад зодолдсон гэнэ лээ шүү, хаха хэхэ” гэдэг л болсон юм дагуу.
АН-ын сунгааны дүн гараад тав хонов. Сунгаанд магнайлсан С.Эрдэнэ энэ сарын 12-нд болох АН-ын их хурлаар тамга тэмдгээ авах юм гэсэн. Намын тамгаа авсан даруйд ҮЗХ-ны хурлаа зарлан хуралдуулж, гишүүдийг нь шинээр томилно гэдгээ мэдэгдсэн. Мөн намын даргын дэргэд хоёр дэд дарга, нэг генсектэй /анх таван нам нэгдэж АН-ыг байгуулж байсантай адилаар/ ажиллах юм гэнэ гэсэн яриа ч бас тархаад байна. Энэ үг яг С.Эрдэнийн өөрийнх нь амнаас унасан эсэхийг мэдэхгүй ч хэрвээ тэгвэл сунгаанд удаалсан нөхдөөс зарим нэг нь намын дэд даргад үлдэж мэдэх л юм.
Үндсэндээ хоёр сар гаруйн хугацаанд таван нэр дэвшигчийг уралдуулж үр дүнг нь үзсэн АН-ын нөхөд ялалт, ялагдлынхаа шокноос гарч, “цаашид ямар үйл явж болж өрнөх бол” гэсэн хүлээлтийн байдалд ороод байна. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тэргүүлэн “Энэ сунгааг С.Эрдэнэд зориулж явуулсан буй заа” хэмээн мэдэгдсэн ч сонсох нь цөөн. Сонгуулийн өдөр С.Эрдэнэ нэр дэвшигчийн мөнгө тарааж буй бичлэг /гишүүн асан Ц.Оюунгэрэлийн туслах уг үйлдлийг баримтжуулсан нь С.Эрдэнийг зөвтгөх үндэслэл биш юм/ интернетээр цацагдаж, өрсөлдөгч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нарын сонгуулийн штабаас /Д.Эрдэнэбатаас бусад нь/ АН-ын сонгуулийн хороонд гомдол гаргасан. Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “Мөнгө тараасан нь тогтоогдвол нэр дэвшигчээс хасна” гэж мэдэгдсэн ч уг асуудал ингэсгээд дарагдах төлөвтэй. Учир нь өнгөрсөн тав хоногийн хугацаанд АН-ын даргын сонгуульд санал өгсөн 89 мянга гаруй гишүүнээс нэг нь ч албан ёсоор энэ талаар гомдол гаргасангүй. Сошиалаар жаал тархсан “АН сөнөчлөө ш тээ”, “Н.Алтанхуяг нь ядахдаа дээр байж уу” гэх халаглалыг эс тооцвол.
Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ хууль зөрчсөн эсэх нь хамаагүй, сонгогчдын дийлэнх нь ялагчийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэгэхээр саналыг мөнгөөр худалдаж авах нь ганц С.Эрдэнэ гэдэг хувь хүний ч мораль ч биш, намын нийт гишүүдийн мораль болжээ гэсэн үг. “Мал нь байвал малчин олдоно” гэдэг шиг... Хууль ёс, үнэт зүйл, үзэл баримтлал гэх мэтээс илүү өнөөдөр гар дээр тавьж байгаа таван төгрөг, зүг чиггүй амлалт л өнөөдөр АН-ын гишүүдийг залж байна. С.Эрдэнэ биш, энэ л жинхэнэ АН-ын эмгэнэл юм. Намын гишүүдийн итгэл найдвар, хүчин зүтгэл ингэтлээ шалан доогуур орж, тартагтаа тулсан гэсэн үг. Үүнд намын олонхийг буруутгахаасаа илүү энэ намыг өдийг хүртэл залж ирсэн үе үеийн дарга нарыг буруутгах нь зүйтэй болов уу. С.Эрдэнэ гэдэг хүн яах вэ, боломжийг ашиглаж азаа үзсэн л нэг этгээд шүү дээ. АН-ын түүхэнд ийм дарга урьд өмнө ч байгаагүй, цаашдаа ч гарахгүй байх. Харин азтай, одтой явах үедээ гишүүдээ мартсан, намаа мартсан, чиг баримжаагаа гээсэн дарга нараас болж гишүүдийнх нь итгэл найдвар ингэтлээ шалан доогуур шургасан хэрэг. Жирийн гишүүд бол зүгээр л хулгайч ч бай, хулигаан ч бай хамаагүй, хэн хүчтэй нь энэ намыг авч яваад ямар ч үнээр хамаагүй ялалтанд хүргээсэй гэсэн горь тээж саналаа өглөө. Хууль ёс болоод хөгжил дэвшил, улс орны уруудах, өгсөхийн тухайд яриад ч хэрэггүй. Хэн илүү хүчтэй нь ноёрхлоо тогтоодог ширэнгийн хууль руу орлоо л доо.
Сунгааны дүн гарахын өмнө намын гишүүдийн дунд “тэр нь ч дарга болбол би намаасаа гарлаа”, “энэ нь ч дарга болбол АН тарлаа” гэсэн уур бухимдал, буруутгалууд явж л байсан. Өнөөдөр ч гэсэн мөнгөтэй нь, сүлжээтэй нь энэ намыг өмчилдөг юм байна, ерөөсөө энэ сунгаа чинь З.Энхболд гэдэг хүний С.Эрдэнэд зориулсан жүжиг байсан юм биш үү? гэсэн эргэлзээ, шүүмжлэл тасраагүй л байна. Гэхдээ “Ийм учраас С.Эрдэнийг намын даргаар томилохгүй” гэж хэн ч ил тодоор эсэргүүцсэнгүй. Тиймээс намын их хурлаар С.Эрдэнийг томилох нь тодорхой болов. Харин АН-ыг энэ хүний сүүдэрт оруулахгүйн тулд сунгаанд оролцсон бусад нэр дэвшигчид бүгд эрвийх дэрвийхээрээ намынхаа шинэчлэлд оролцох ёстой болж байна. Ж.Батзандангаас бусад нь.
Сонгуулийн дүн гарсны маргааш буюу 30-ны өдөр Ж.Батзандангийн сонгуулийн менежер С.Амарсайхан гэдэг хүний гарын үсэгтэй “С.Эрдэнийг нэрийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасч, хариуцлага тооцож өгнө үү!” гэсэн албан бичиг АН-ын сонгуулийн хороонд очсон байдаг юм. Гэтэл яг тэр мөчид мань хүн хэвлэлийн бага хурал дээр З.Энхболд, С.Эрдэнэ нартай зэрэгцэж суугаад “Намынхаа шинэ даргатай хамтарч ажиллана аа” гэчихсэн мишилзэж харагдсан. Энэ хүний улс төрд явж ирсэн зам мөр дэндүү төвөгтэй бөгөөд АН-ын туулсан замналаас огт өөр юм л даа.
Нэгэнт С.Эрдэнэ гэдэг хүн АН биш, АН ч бас С.Эрдэнэ биш учраас түүнийг дэмжсэн, дэмжээгүй АН-ын бүх гишүүд хэрвээ намаа шинэчлэе, шинэчлэлийг анх эхлүүлсэн зорилтдоо хүргэе гэж байгаа бол урьд урьдахаасаа илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай болж байна. Тэгж байж АН-ын гишүүд өмнөх дарга нараасаа нэхдэг байсан гишүүнийхээ эрх, хувь хүнийхээ эрх чөлөөнд хүрч, “Эрдэнэ вангийн хамжлага” нэрнээс зугтаж чадна. Яагаад гэвэл АН-ын шинэ дарга тэр зорилтыг хэрэгжүүлэхэд хэтэрхий их зөрчилтэй нэгэн билээ. Гээд яалтай билээ, “өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг дээ.
Баагий
Баагий
Баагий
hulgaich
Зочин
Зочин
Зочин
Tuya
1
Зочин
Сэтгүүл зүй баларчээ
Сэтгүүл зүй баларчээ
АН-ын ахмад
ERDENE