Зүүд, мөрөөдөл, таамаг
Монголын талд эзэнт гүрнүүд 400 орчим жилийн давтамжтай бий болж байсан юм. Үүнийг хэр анзаардаг юм бүү мэд.
Түүхийн модон тоглоом
Энэ удаа дандаа худлаа юм бичих гэж байна, тиймээс итгэх хэрэггүй. Монголын талд эзэнт гүрнүүд 400 орчим жилийн давтамжтай бий болж байсан юм. Үүнийг хэр анзаардаг юм бүү мэд. Манай түүхчид Монголын түүхэнд хүй нэгдэл, боолын нийгэм, феодалын нийгэм, капитализм, коммунизм заавал байх ёстой гэж мунгинасаар байна.
Марксист түүхчид Монголоос боолын нийгэм хайгаад олоогүй юм. Монгол бол урт түүхтэй ард түмэн. 1990 оноос хойш Монголчууд түүхээ урагшлуулах гэж үзэж тарсан. Монголын төрт ёсны түүхийг Хүн гүрний үеэс тоолбол 2000 гаруй жилийн түүх бичих агаад лав л Оросынхоос дор хаяж хоёр, бараг гурав дахин урт түүхтэй болох юм. Оросын сурах бичгүүдэд Оросын төрт ёсны түүхийг манай эриний 800-гаад оноос эхэлж байна билээ.
Марксист түүхэн материализмын онолоор Монгол гаж түүхтэй. Боолын нийгэм байхгүй, Хүннүгээс Монголын эзэнт гүрнийг хүртэл тувт феодалын төрт улсууд л байгуулагдаад байсан. Хойшоо ч үгүй урагшаа ч үгүй 2000 жил гацсан. Тэр ч байтугай Монголын эзэнт гүрэн бол феодализмын түрүү үеийн, өөрөөр хэлбэл хүй нэгдлээс дөнгөж салсан төр юм. Судлаач Чулуунжав гуайн онож асуусан нь “Хүй нэгдлээс дөнгөж салсан үндэстэн дэлхий нийтийг захирч чадах уу?”
Бас нэг гажилт байна. Монголчууд боолын нийгмийг алгасаад удаж удаж гэнэтхэн дэвхрээд капитализмыг алгасаж орхисон. Нөгөө алдартай ухуулах хуудас шиг. Тугаа бариад морио унаад капитализмын хар ангал дээгүүр харайгаад коммунизмыг хайгаад давхиад байтал тэр нь яг л “коммунизмын хий үзэгдэл” байжээ. Түүхийн материализм буюу К.Марксынхаар материаллаг хүчин зүйлүүд түүхэн тодорхой өөрчлөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол буруу байж гэдэгт өнөө хүртэл итгээгүй л байна. Харин ч алгасаж бус “хөгжингүй капитализмаар дамжин” коммунизмд хүрэх гээд тийшээ хамтран зүтгээд байна.
Түүхийн хатуу үечлэл явахаа байсны ХХ зууны эхээр Тойнби олж харсан. Улс үндэстний түүх ямар ч онолд таарахгүй байв. Тэр цагаас түүхийн шинжлэх ухаан хөгжлийнхөө оргил үед хүрээд нэгжин задарч, лав дангаараа явахаа байчихсан юм. Түүхийн үечлэлээ өөрөөр харъя. Яагаад Халхын талд, Геродотын хэлснээр Иранаас цааш оршдог, Скифүүдийн гэнэт гарч ирсэн Туран хэмээх хязгааргүй тал нутгийн зүрхэнд 400 жилийн давтамжтай гүрнүүд сэргэн мандаад сүйдэж, үе үе Европод цутган орж ирээд байдаг юм бэ?
Монголын модны цагираг судлаач эрдэмтний тодорхойлсноор 400 орчим жилийн давтамжтай модны насны цагираг хоорондын зай холддог байна. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл хуурайшил зогсож, үндэстний оршин амьдрах ландшафт өөрчлөгдөж, чийглэг болоод уур амьсгал дулаарч, мал сүрэг өсөж, тархай бутархай овог аймаг хоорондын хуурай цөлүүд бэлчээр болон хувирч, бэлчээрээ дагасан овог аймгууд нутаг булаалдан зөрчилдөн дайтсаар эцэстээ нэгэн гүрэн болж нэгдэж, сэргэн манддаг ажээ. Үүнээс хоёр зууны дараа дахин хуурайшил эхлэхэд голууд татарч, хуурай сайр болоод урьдын сайхан бэлчээр цөлжижөд тал нутагт тачир бэлчээрээ дагасан жижиг овог аймгууд их хааны хараанаас салж бутардаг байна. Дайн хийхэд ч бэрх болох агаад алсран тасарсан овог аймгуудыг нэгтгэх аян дайн хүнд хүчир болдог ажээ. Цаг уур ч хүйтэрч, дараалсан зудад нэрвэгдэнэ. Юань гүрэн байгуулагдсаны дараахан Монголын тал нутаг дараалсан зудад дайруулж, хааны сангаас их мөнгө гаргаж малчдыг ивээж байжээ.
Зүгээр барагцаа тооцоо хийхэд XIII зуунд эзэнт гүрэн байгуулагдах үед Монголын тал нутагт цаг агаар 2 хэм орчим дулаарсан юм билээ. Гэвч дулаарал ашиггүй төвшинд хүрч 3 орчим градус болоход ахин цөлжилт эхэлж, дараа нь хүйтрэл залгаж Монголчууд задран бутраад, XVII зууны үед л ахин сэргэн мандлын үедээ орсон ч оргилол нь хэтрээд санаачлагаа Зүрчидүүдэд алдчихсан юм. Уг нь Чингис хааны үед өрссөн. “Албан ёсны” шинжлэх ухаан худал байж бид 70 жил мунгинасан тэгэхээр албан бус шинжлэх ухааны таамагт орох маны оюун дүгнэлт худал болохоос зайлахгүй гэдгийг анхааруулаад үргэлжлүүлье.
Хувьсгалчид уу, хувьсгалын эсэргүүнүүд үү...
Дараагийн уур амьсгалын дулаарал XXI зуунд тохиохыг Ерөнхийлөгч Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нарын ухаалаг хүмүүс ойлгож байв. Одоо үүнийг зөн совин гэвэл их л буруу тодорхойлолт болох байх даа. Ер нь “Сэргэн мандлын үзэл санаа” тухайн үеийн УТТ-ныхны дунд их тархсан байсан юм билээ. Гэвч энэ удаад нэг л биш болчих гээд байна. ХХ зууны эхээр цаг уур 2 хэм орчим дулаарсан ч өнөөдөр дэлхий нийт халаглаж буй хүлэмжийн үзэгдлийн улмаас дулаарал хэт хурдан явагдсанаар Монголын өргөрөг дэх түүхэн таатай цаг үе бараг үл ажиглагдам, маш хурдан, ердөө 100 орчим жилд өнгөрч байна. Өнөөдөр дулаарал хоёр хэмээс даваад хуурайшил эхэлж, цөлжилт нүүрлэлээ. Уг нь бид сэргэлтийнхээ оргилд очих ёстой 2050 он гэхэд Монголчууд 47 дугаар өргөрөгөөс хойш суух болно. Гэхдээ “мухар сүсгээр” бол тэнгэрийн таалал оршсон энэ цаг үед Монголчуудын дунд пассионар сэргэлт ажиглагдаж, бэртэгчин идэвхгүй ард түмний дотроос идэвхтэй дайчин, хэрсүү зоримог хүмүүс төрөн гарснаар тусгаар тогтнолтойгоо золгоод 100 жилийг угтаж байна. Судалгаанаас харахад ХХ зуун эхэлж байхад Монголын цаг агаар 1-1,5 хэм дулаарсан байжээ.
Ерөөсөө Монголын байгаа өргөрөгт идэвхжил маш хүчтэй явсан бөгөөд 1905 оны Персийн хувьсгалаас эхлээд дорно зүгт долгилсон сэргэн мандалтууд дандаа азтай сайхан байгаагүй юм. Мөн энэ 100 жилд 20 жилийн давтамжтай шинэчлэх хөдөлгөөнүүд өрнөж, бэртэгчин идэвхгүй улс үндэстнээ урагш чирэхийг байнга оролдож байсан юм. Харин нийгмээрээ бэртэгчин болчихсон учраас идэвхтэй хэсгээ алж хядаж бахаа хангасаар цуст зууныг үджээ. Анхны тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдээс эхлээд баруунтан, сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлэг, ардчилсан хувьсгалаар улбаалсан тэмцлийн давтамж өнөөдөр иргэний хөдөлгөөнийхөнд /иргэний нийгэм гэгч паразит төсөл хэрэгжүүлэгчид энд хамаагүй/ ачаа үүрүүлж байна.
Хорин жилийн өмнөх шинэчлэл өнөөдрийн хоцрогдол гэдгийг ойлгож байгаа амьтан байна уу? Шинэ үеийн залуус нийгмийн шинэтгэлд уриалж, “Өнгөт хувьсгал”-д санаархаж байгааг нуух хэрэггүй. Харин өмнөх үе дараа үеэ даран сөнөөхийг хүсэж байна. Эрхбиш алчихгүй байна аа, гэхдээ л бид нэгдүгээр ээжлжин ховдогууд, наадуул чинь хоёрдугаар ээлжийн ховдогууд гэх юм. Тэгэхээр бүтэн үеэрээ идэж ууж, цусалснаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Хорин жилийн өмнөх шинэчлэгчид өнөөдөр хоцрогдогсод болчихоод түүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад д манай өнөөдрийн эмгэнэл оршиж байна. Хэрэв Монголчууд энэ шинэтгэлийг амжилттай хийж чадахгүй бол “тэнгэрийн цаг” асар хурдан өнгөрөн одож байна.
Монголчууд ахин сэргэхгүй
Олон хүн анзаардаггүй юм. ХХ зууны дэлхийн коммунист системийн оршин байсан хязгаар XIII зууны эзэнт гүрний хил хязгаартай давхцаж байсныг. Энэ тохиолдол уу? Хэн хүчирхэг байсан, тэр хүчирхэг болдог гэсэн түүхийн философийн давтамж уу? Бүр энгийнээр харахад Чин гүрэн задарсны дараа яагаад хагас сая хүн амтай, Бээжинд хамгийн ойр, эдийн засаг гэж авах юмгүй Монголчууд тусгаар тогтносныг. Төвд, Уйгуруудад яагаад энэ хувь тавилан оногдоогүйг. Нөгөө талаар ХХ зууны эхээр яг түүхийн давтамжит үзэгдэл бий болж оргилуун идэвхтэй хүмүүс төрж гарсныг, тэдний зөв байсныг анзаарахгүй байна уу? Тэр ч байтугай Монголын тусгаар тогтнолын төлөө Тогтох нарын өвөрлөгч, Жамсрано нарын буриад, Дамбийжаа зэрэг халимгууд, Сумъяа нарын шинжааны ойрадууд “дүрвэн ирж” зүтгэснийг. Нийт Монгол угсаатан өнөөгийн тусгаар тогтносон улсыг байгуулахын төлөө амь өрсөн тэмцсэний хүчинд Монгол тусгаар тогтносон. Энэ бол өнөөдөр бид ухаантайдаа тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан Чингисийн удам гэж цээжээ дэлдэхээс илүүтэй Монгол үндэстний хүчин чадлыг харуулж буй хэрэг юм. Оросууд туслаж байсан хэр нь Дорнод Туркестаны бослого амжилт олоогүй, тэр ч байтугай 1940-өөд оны үед Хятад 1911 оныхоос чдор байдалд байсныг. Англичууд туслаж байсан хэр нь Төвдийн тусгаар тогтнол мөн л бүтээгүй. Олон янзын прагматик тайлбар гаргаж болно, гэхдээ энэ үнэн.
Өнөөдөр Монголчууд хуваагдмал байна. Өнөөгийн либералчууд, коммунистууд тэднийг гаргуунд хаявал таарна гэлцэж байна. Бид л тусгаар байвал тэд яах вэ? Тэгээд хуваагдмал байгаагаа нэг бол шившиг, эсбөгөөс гутрал гэж харж байна. Түүхэнд ийм давтамж Халхын талд өндийсөн улс гүрний тоогоор давтагдаж л байсан. Эртний Өмнөд Хүннү, Зүүн Түрэг, Киданы Ляо улс, Өвөрмонголын хооронд ямар ялгаа байна? Өмнөд Хүнчүүд боссоноор Сянби нар амжилт олсон, Зүүн Түрэг босож хожуу Түрэгийн хаант улс байгуулагдсан, Алтан улсыг дайлахад Киданчууд Монголчуудад тусласан энэ бүгд өнөөдөр биднийг цөлжсөн тал нутгаа харан итгэл алдрах арчаагүй аймхай байдлаас салгах учиртай юм.
Хэн хүчирхэг байна, тэр буцаад хүчирхэг болно. Юутай сайхан үг вэ? Сэргэн мандлын боломжийг өнөөдөр Монголд мал аж ахуй биш, бүгдээрээ эрдэмтэн болоод дэлхийд гайхуулах гэнэн төөрөгдөл ч биш, зүгээр л уул уурхайн салбар олгож байна. Шинэ нийгэм дэхь шинэ боломж. Тэгэхээр Монголчууд бүгдээрээ боломжоо ашиглахын төлөө зүтгэх ёстой. Ингэхийн тулд либералчуудыг даган дуурайгаад хөгөө хөлдөө чирч байгаа АН-ынхан, эсбөгөөс коммунист халдвараасаа салж чадахгүй байгаа МАХН гэгч хорт хавдраас салах ёстой. Энэ хоёр нам хоёулаа Монголыг харийн үзэл санаанд нийцүүлэх туршилтыг нэг нь 70 жил, нөгөө нь хорин жил хийгээд өнөөдөр сүйтгэж байна.
МАХАН-ын “Үнэн”
Зориггүй, унхиагүй, хоосон цэцэрхэгчид. Түрүү үеийнхэн нь Оросод сурч ирээд интернациональч байгаа нь энэ гэж орос эхнэр хүртэл авч, дандаа дүү болж явсаар дууссан. Нөгөө хэсэг нь глобальчлал бол манай ирээдүй гэсээр үндэстнийг тэр чигээр нь өгөөш болгож баллаж байна. Зөвхөн энд бичээд байгаа шиг бусад “жинхэнэ ахан дүүсээ” ч биш, өөрийн улс орныг тавган дээр тавиад бусдад өгч байна. Ингээд үндэстэн явцууран жижгэрч, зөвхөн тэдний хэлсэн үгээр явах болж байна уу?
Наад зах нь нэг их байгаль хамгаалал ярьж байна. Дэлхий дахиныг нэрвэж буй энэ хуурайшлын эсрэг тэмцэлд Монгол их хувь нэмэр оруулах учиртай юм гэнэ. Мал аж ахуй шивтэр ялгаруулдаг учраас яг Хятад шиг фермержүүлнэ гэнэ. Ер нь говийн экологийг хамгаалах гэж их зардал гаргах ямар шаардлага байна гэж? Тэртэй тэргүй Хятадаас зааглаж байгаа энэ хамгаалалтын зурвасыг цөлжүүлээд хаявал харин ч Хятадын танкуудын эсрэг сайхан хамгаалалт юм биш үү? “Өргөн уудам газар нутаггэдэг хөнгөн бодож довтолсон дайсанд хана хэрэм л гэсэн үг” Энэ бол Гитлерийн үг. Үнэндээ говийн экологийг бид хамгаалж чадах ч үгүй. Мөнгө байхгүй. Төсөл хэрэгжүүлж, мөнгө хусдаг гадны мөнгө хүүлэгчид, жаахныг нь хусдаг манй төсөл хэрэгжүүлэгчид говийг хамгаалж дийлэхгүй. Өрний нэмэр. Хожимдсон.
Тавиад жилийн өмнө Хятадууд Ганьсугийн хойд нутаг, Алшаа орчмын бэлчээрийг сайжруулахаар Хатны голын бороо буюу Шар мөрнөөс манай говьд буудаг хур тунадасыг замд тосож буудаж эхлэхэд л манай өмнөд бүст олон арван жил үргэлжилсэн ган болж, цөлжиж эхэлсэн. Өнөөдөр тэр цөлжилт нь Бээжинд шар түйрэн болж бууж байна. Яая гэхэв. Дээрээс нь говийн экологийн тэнцвэрийг хадгалдаг Хангайн нуруурнаас эх авдаг голуудыг нь алтныхан сүйтгэчихээр Сахараас ч аймаар цөл болж байгаа юм.
Гэтэл манай эрх баригчид маныхаа тархийг цөлжүүлж байгаа юм шиг том том төслүүдээр манийгаа хооллож байна. Бүх төмөр замыг өргөн болгоход 10 тэрбум доллар, аж үйлдвэрийн парк байгуулахад 13 тэрбум доллар, Таван толгойн ордыг ашиглах 4 тэрбум доллар, Оюу толгойн хувьцааг худалдан авах 1 тэрбум доллар, зэс хайлуулах хоёр үйлдвэр байгуулах нэг тэрбум доллар, ард түмэнд тарааж өгөх 4 тэрбум доллар, хотын утаа арилгах 18 тэрбум долларын үлгэр ярьцгааж байна. Эднийг нэмээд үз дээ. 51 тэрбум долларын бүтээн байгуулалт хийхээр өдөр шөнөгүй ярьж байгаа парламентыг бид эрүүл саруул ухаанаар ажиллаж байна гэж хэлэх үү?
Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 7 тэрбум ам.доллар, төсөв нь 2,5 тэрбум доллар болдог улс хүчин чадлаасаа хэдэн арав дахин их зүйл хийнэ гэж ярьж байгааг зүгээр л солиорол гэнэ биз дээ. Ердөө амласан мөнгөө өгчих гэхэд “инфляци өсөх гээд л өгч чадахгүй байна, түүнээс биш ч мөнгө бол байна л даа гэсхийгээд сууж байгааг харахаар эрүүл ухаантай хүний бөөлжис цутгадаг юм байгаа биз дээ. Тэгээд “Бидэнд итгэ, хамтдаа бүтээцгээе” ч гэх шиг. Монголчууд аа, нүдээ нээгээд эрүүл ухаанаар харцгаая л даа. Үнэхээр ийм мөнгө гаргачихдагсан бол Оюу толгой, Таван толгойг юунд гадныхантай хамтарч ашиглах вэ дээ.
Сэм Блэкийн “Пиарын библь” гэж алдаршсан номонд ард түмэн сохор, тэдний ой санамжинд 8-10 асуудал л тогтдог. Хэрэв эрх мэдэл олж авъя, сонгуульд ялъя гэвэл 1-2 том зорилт тавих хэрэгтэй, тэр нь үлгэрлэвээс “Сар луу төмөр зам тавина, та нар удахгүй түүгээр тавтай зорчоод саранд зочилно” гэдэгтэй адил байх ёстой гэсэн байдаг юм. Өнөөгийн улстөрчид “Сарны 10” том төсөл ярьж байна.
Нийгмээрээ солиоролд автчихаад байна. Ердөө таван жилийн өмнө “Мянганы зам бол мянгуужингийн үлгэр” гэж байсан этгээдүүд өнөөдөр энэ үлгэрийг ам уралдан ярьж, бүр хөгжүүлээд мянганы орос өргөн төмөр зам болгочихоод ярьж байна. Монголын парламент ардын үлгэрт гардаг “70 худалч” болчихоод байна. Нэгэнт нийгэм солиотой байгаа учраас ямар ч цуурхалд итгэдэг болсон байна. Энэ нийгэмд шударга хүн үлдээгүй, тиймээс шударга байх нь тэнэг хэрэг, нийгмийн шинэчлэл ярьж байгаа хүмүүс бол шантаажчид, тэд бидний бүтээн байгуулах гэж байгаа юмнаас идэх гээд байгаа юм. Үүнийг дагаад ард түмний моралийн элэгдэлд орчихож. Сонгуулийн үед өгсөн 20 мянгаар нь хоёр мянгын 10 найрка авч тасарч унаад, хог хаядаг жалганд нохой мэт үхэхийнхээ өмнө диваажинд байгаа мэт мөрөөдлөө хардаггүй л юм бол. Нөгөө хар тамхинд мансуурсан ассасины алуурчид шиг. Ямар үхснийх нь бүтээн байгуулалт байх вэ дээ. Олигтой ганц гутлын үйлдвэргүй байж аж үйдвэрийн парк байгуулна гэнэ ээ.
Тэгээд Ленин цагдаа Кремлийн ордны мөрөөдөгч гэгдэж байсан ч Орос орныг цахилгаанжуулаад Гитлерийн цахилгаан дайныг тасалдуулан ялсан хөгжилд хүрсэн түүхийг дотроо бодож байгаа байх. Саарал ордны коммунист мөрөөдөгчид. Ассуаны даланг бариад Египет хөгжсөн л гэнэ. Ер нь том ярьвал том хөгждөг бололтой юм. Мао улс орноо үйлдвэржүүлэх гэж сүйтгээд хаясныг харин нууна. Үүнийг чинь нөгөө өлсөж үхэх шахсан хоёр хятад “Чи нэг сайхан хоолны нэр хэлваа, би халбагадаваа” гэсэн шиг онигоо гэдэг юм шүү дээ. Тэгээд ард түмэн нэг сайхан санал өгсний хариуд тэрбумыг савхадчихаж байгаа юм. Гарт баригддаггүй, нүдэнд харагдаггүй тэрбумыг авилга л гэдэг.
Сэрэх үү? Үхэх үү?
Ертөнцийн гурван хагасын нэгэнд “Нойр бол үхэхийн хагас” гэдэг билүү. Сайхан бүтээн байгуулалтаар бүүвэйлүүлээд зүүдэлж байхад нь сэрээх гээд байна уу? Ард түмээн. Хэрэв сэрэхгүй бол та нар өлсөж үхлээ... Гэхдээ итгээд хэрэггүй дээ, би худлаа ярьж байна. Гадаа багаа мал чинь зуданд хиарчихлаа. Хүүхэд чинь зүүдний дээд боловсролтой учраас эмэгтэй нь худалдагч, эрэгтэй нь ажилгүй болж байна.
Их хурлын гишүүд чинь гадаадаас туршлага судлаж, мөнгө гуйж ирэх гээд унтаж байгаа та нарыг сэрээхгүй сэмхэн гадагшаа явж байна. Та нарыгаа сэрээхгүйн тулд Хятадаас хүний тоогоор орлогч ажилчин авч бүтээн байгуулалтаа эхлүүлж байна. Цаадуул чинь туйлын ажилсаг учраас бүх ажлыг чинь орлоно гээд эхнэрт чинь хүртэл орлож байна. Улс оронд ардчилал ялан мандаад Америкчууд хүртэл атаархаад байж ядаж байна. Хотын гудамжинд ургадаг шарилжнууд цэцэг юм. Аргалийн утаа боргисон малчны гэрт төрсөн учраас утаатай хотод амьдрах нь Монголчуудын онцлог юм.
Талаар дүүрэн мал, одоо гудамжаар дүүрэн машин байна. Мал бэлчээргүй, машин замгүй л болохоос. Машин байхад зам олдоно оо, хө. Банкин дахь бүх хадгаламжийн гурван хувь нь ард түмний мэдэлд байсаар байна. Хонгорынхон хордоогүй, хамуурчихсан юм . Бороо гоулд их ашигтай ажилласан тул улам их ашигтай ажиллаарай гээд Гацууртын ордыг өгсөн байна. Худлаа гэвэл Ерөнхий сайд асар их ноогдол ашиг авсан байна билээ. Хэвлэлийн эрх чөлөө хэрэгжээд олигархуудын телевиз, сонинууд дандаа үнэн ярьж байна.
Төрийн албан хаагчдад бүгдэд нь төрийн ордон барьж өгөх гэж байна. Унтаж байгаа хүнд бэлэн мөнгө хэрэггүй учрас дансанд чинь хийх гэж байна. Борнуурын төмсний чанарыг сайжруулахаар цианит хэмээх бордоогоор бодоод байна. Та нар унтаж байгаа учраас газар нутгийнхаа талыг овоохон мөнгөөр түрээслэчихээд байна Сэрээд харахад улс даяар үйлдвэр уурхай цогцолсон байна. Үүнд 51-хэн тэрбум доллар хэрэгтэй.
Хааяа сэрэхэд шартаад байна уу? Май хө, мянган жилийн төрийг бэлгэдсэн “Соёмбо” архи. Морьтой морьгүй, хар, шар, алтан мөнгөн “Чингис” архи. Чингис хаан та бүхний дотор үргэлж байх болтугай. Наадуул чинь дэлхийн архинд өгдөг бүх гавъяа шагналыг хүрсэн эд шүү. Хэдэн хүүхэд сэрчихээд хашгичаад унтуулахгүй байна уу? Яахав дээ бид нар аманд нь уураг сүүл хийгээд чимээгүй байлгах гэж оролдож л байна. Заримыг нь төмөр өлгийд бүүвэйлж, олонх нь чимээгүй болсоон, хахаж үхмэрүүдийг дээ...
Altan
Зочин
Зочин
Зочин
neg
Зочин
halh
amerikn mongol
Зочин
Зочин
Зочин
gumilev
Зочин
moonrider
demjigch
gahh gahh
Зочин
och
Boldoo
Zochin
BATKA
Зочин
Xamart
Зочин
Bas neg zochin
үнэн
zochin
Зочин
Xamar
novsh
Xaimchig
Зочин
Зочин
логикгүй юмуу гэсэн логиктой юм байнаа
сэтгэгдэл
Зочин
Зочин
irgen
bayar
Зочин