Асрамжийн газрын хүүхдэд сэтгэл зүрх, нэр төр гэж байхгүй хэрэг үү
Сэтгэл өвдөх бол бие өвдөхөөс хэцүү зүйл юм.
Сэтгэл өвдөх бол бие өвдөхөөс хэцүү зүйл юм. Эм уугаад биеийн өвчнийг зогсоож болдог бол сэтгэл өвдөхөд арга чарга дэндүү хомс. Хоолойд яс тээглэчихээд байгаа юм шиг, цээжин дээр том чулуугаар дарчихаад байгаа юм шиг, бүх юманд хүчин мөхөсдөөд байгаа юм шиг ийнхүү өөртэйгөө ноцолдон тарчлах даанч хэцүү. Тэр тусмаа шударга бус, дэндүү гэх хэм хэмжээ ч багадмаар увайгүй явдлуудаас болж, хүн гэхэд ч хэцүү арилсан дотортой албан хаагчдын бурангуй бодлого шийдвэрүүдээс үүдэж сэтгэлдээ сүүдэр унаган шаналах хичнээн гунигтай.
Хүний амьдралын баяр гуниг, ээдрээ зовлон дундуур зүрх сэтгэлээрээ туучин явдаг, тэрнийхээ хариуд элдвийн дайралт, хараал зүхэл, магтаал сайшаалын эрээлжилсэн довтолгоонд балбуулж явах амар биш тавилангийн эзэн байхаар зурагдсан сэтгүүлчдийн хувьд сэтгэл өвдөх гэх ойлголт утгаа алддаг байх гэж зарим нь боддог байж мэднэ. Гэвч тийм биш байдаг. Юу ч болж байсан зүрх сэтгэлээсээ хахь холуур өнгөрөөчихөөд, исгэрсэн шиг санаа амирлангуй алхаад байх бололцоо сэтгүүлч хүнд бараг байдаггүй.
Үүрэн телефоны Юнител корпорацаас явуулсан азтай хэрэглэгч тодруулах „Жуманжи” аяны супер азтанаар тодорч, Египет орноор аялах азтан болсон 15 настай Д.Баярцэцэг охины тухай төвийн хоёр ч хэвлэлээр гарлаа. Аз гэдэг зүйл амьтны хүүхдийг ялгаж ирдэггүй эд болохоор мянга мянган хэрэглэгчид дотроос асрамжийн газрын бяцхан охины алган дээр буугаад орхитол биш болоод явчихаж гэнээ. Аз гэгч тэрхүү үлгэр домгийн, ид шидийн юм шиг гэрэлт шувуу ардын хүүхдэд биш, асрамжийн хүүхдэд бүр биш, зөвхөн аавтай ээжтэй, элэг бүтэн боломжийн хүүхдийн алган дээр л суух хувьтай юм байжээ. Магадгүй сүүлдээ энүүхний учрыг олохгүй эмзэглэж, гуниглаж, нүдэндээ нулимстай хүлээж авч байгаа миний ч буруу болон хувирч мэдэх юм. Амьтны санаа сэтгэл үймүүлж, буруу юмны төлөө сэтгэлээ чилээсэн чиний хохь гэх хөндлөн хариу авч ч болох юм. Учир нь манай нийгэм зүй бус, хүмүүнлэг бус, энэрэлгүй, хатуу хахир явдлуудад чих нь дөжирч, тэгтлээ ойрхон хүлээж авахаа больсон болохоор. Учир нь манай улсад шударга бус явдлууд ямагт толгой дээр заларч, түүнийхээ хэрээр гааран газар авч дадсан болохоор. Маргааш хэн нэгэн албан тушаалтнаас зандран загнасан, өөрийгөө өмгөөлсөн бохир бичиг ирүүлэхийг үгүй гэх газаргүй. Гэсэн ч дуугүй сууж тэвчмээргүй байна. Гэсэн ч холбогдох хүмүүст хандан „Яагаад” гэх асуултыг тавьмаар байна. Яагаад азтан болсон хөөрхий охин асрамжийн газар өссөнийхөө төлөө ингэж гадуурхагдах, ингэж сэтгэлээ шархлуулах ёстой юм бэ гэж.
Юнител корпорацийнхан хэрэглэгчдийнхээ дунд зарласан аянаа дүгнэж, шалгарсан супер азтнаа Египет орон руу аялуулах гэтэл урдаас нь „болохгүй” гэсэн аймшигт төмөр хаалга нугас юугаа чихруулсаар тас хаагджээ. Гайхшаа бараад холбогдох газруудад хандсан ч бүтэлтэй хариу авсангүй.
Ингээд хэдхэн хоногийн өмнө азтан болсноо мэдэн баярлан хөөрч,бараг нисч байсан хөөрхий охин өнөөдөр уйлж сууна.
Баярцэцэг охин зүүд нойрондоо аль хэдийнэ үлгэрийн сайхан Египетэд оччихсон байсан байх. Одоо түүнд тохиолдсон бүх юм амтат сайхан зүүд л байж дээ гэж бодогдож байгаа байх. Асрах газар өсч буй хүүхдүүдэд зөвхөн зүүдлэх эрх л байдаг юм байна даа гэж бодон, ирээдүйдээ итгэл алдарч суугаа байх.
Азтай юм аа чи... гэж атаархангуй хэлж байсан асрахын хүүхдүүдийн бүгдийнх нь сэтгэл дээр дээд газрынх нь хатуу харгис шийдвэр сүүдэр унагасан байх. Учир нь тэд эцэг эхийн хайрыг амсаагүй өссөн ч хүүхэд л юм болохоор адилхан мөрөөддөг, адилхан аз жаргалтай амьдрана даа гэсэн хүсэл тэмүүллээр жигүүрлэдэг шүү дээ. Хүүхдийн ийм цагаахан мөрөөдөл, итгэл найдвар, гэрэл гэгээн дээр нь хэн нэгэн албан хаагчийн харалган шийдвэр гишгэж болно гэж үү.
Алс холын арабын ертөнцөд хөл тавьж, алтан пирамидын хормойд нүд гялбуулан зогсож байгаа өөрийгөө зүүдэндээ харан инээж байсан Д.Баярцэцэг охины эрх ийнхүү бүдүүлгээр зөрчигдөж байхад хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд юу хийж байна вэ.
Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгийн хэвлэлд өгсөн тайлбарууд үнэхээр гайхаш барж байна.
-Азтан болсон Д.Баярцэцэг охиныг явуулах боломжгүй гэсэн шийдвэр гарчээ. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ ? гэсэн сурвалжлагчийн асуултад тэр эрхэм
-Асрамжийн газрын хүүхдийг асран хамгаалагчгүйгээр гадаад улс оронд явуулах хориотой байдаг. Д.Баярцэцэг насанд хүрээгүй учир явуулах боломжгүй гэж хариулжээ.
Өөр нэг сонинд эрхэм мяндагтан маань бүр дэмийрнэ дэмийрнэ гэхэд хэрээс хэтрэн ханхалзсан байх юм.
-„Юнител”-ийн азтанаар асрамжийн газрын охин тодорсон нь үнэхээр баярлууштай. Гэвч танай байгууллагаас охиныг гадагш явуулахгүй гэсний учир юу вэ? гэсэн асуултад тэрбээр:
-Нэгд, асрамжийн газрын хүүхдийг гадаад улс орон руу явуулах бол асран хамгаалагч дагалдуулах ёстой. Хоёрт, хүүхдийн хичээл тасрах асуудал гарна. Эдгээр шалтгаанаас бид Д.Баярцэцэгийг Египет явуулах боломжгүй. Харин Египет явах зардлыг нь охины дансанд хийж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан.
-Асран хамгаалагч дагалдуулбал зардлыг нь мөн даая гэдгийг „Юнител” корпорациас илэрхийлж байгаа юм байна. Д.Баярцэцэг охин бас энэ жил сургуулиас завсардсан байна лээ?
-Сургуулиас яагаад завсардсан юм бол доо. Асран хамгаалагч дагалдуулахын хувьд манай газар тийм завтай, чөлөөтэй хүн байхгүй. Ер нь Д.Баярцэцэгийн хувьд асуудалтай хүүхэд байгаа юм. Америк асрамжийн газрын эзэд охиныг америк авч явах гэсэн оролдлого гаргаж байсан удаатай. Тиймээс ойрын жилдээ Д.Баярцэцэгийг гадаад явуулж болохгүй.
Уншигч авхай та сайтар ажиглалт хийнэ үү. Азтан болсон охиныг явуулахгүй байгаа гол буруутан энэ нөхөр болох нь тодорхой харагдаж байгаа байх. Түүний дээрх хариултуудаас охиныг явуулахын эрс эсрэг бодолтой байгаа төдийгүй, түүн дээрээ дөрөөлөн гол шийдвэрийг гаргаж байгаа хүн гэдэг нь ил байна. Азтан болсон хүүхдийг эхлээд асран хамгаалагчгүйгээр явуулахгүй гэсэн дүрэм журам иш татаад хориглочихож. Түүгээрээ ч асууж сурж очсон сурвалжлагчийг аргалаад гаргачихаж. Бас болоогүй ээ, хичээл ном нь тасрана гэж сүрхий асран хамгаалагчийн дүр эсгэсэн байх. Гэвч үнэн хэрэг дээрээ охины хүмүүжиж байсан америкийн хөрөнгө оруулалттай асрамжийн газрыг элдэв дарамт шахалт үзүүлсээр байгаад үйл ажиллагааг нь зогсоож, тэнд хүмүүжиж байсан хүүхдүүдийг нь тал тал тийш нь тараасан юм байна. Тэрхүү „нутаг заалт”-аар Д.Баярцэцэг „Альфа” гэх асрамжийн газар хувиарлагдсан ч шууд л Эрдэнэт рүү „цөлөгдсөн” аж. Энэ талаар Д.Баярцэцэг „Надаас бусад бүх хүүхдүүд хотод байгаа. Би асрах газар багаасаа хамт өссөн найзуудаа маш их санаж байна. Бас аав ээж хоёрыгоо их санаж байна” гэж ярьжээ. Аав ээж хоёр гэдэг нь түүнийг асран халамжилж байсан америк гэр бүл юм байна. Тэд нь Д.Баярцэцэгтэй холбоотой байя гэж гар утас авч өгсөн ч хураагаад авчихаж, тэгэхээр нь Эрдэнэт явахад нь ахиад нэг утас авч өгсөн нь охинд Египет аялах аз авчирсан нь энэ.
Хичээл завсардана.Тийм учраас явуулахгүй хэмээн амныхаа зоргоор бүлтэрч байсан эрх мэдэлтэн асрахын бяцхан охиныг гарынхаа үзүүрээр ийш нь тийш нь „цөлж” байх зуур аль хэдийнэ нэг жилээр завсардчихсан, асрах газрын гал тогоонд төмс ногоо арилгаж, багаас америк хүмүүсийн дэргэд өссөний ачаар сурсан англи хэлээ хүүхдүүдэд зааж өдрийг өнгөрөөж явааг нь мэдээ ч үгүй сууж байдаг. Тэгвэл асран хамгаалагч гаргаад өг. Бид зардлыг нь хамт даая гэсэн „Юнител” корпорацийнхны хүсэлтэд „Манайд тийм зав чөлөөтэй хүн байхгүй” гэж гөжүүдлээд зогсохгүй азын аялалынх нь зардлыг дансанд хийхийг хүсэмжлээд авсан байх нь даан ч ичмээр. Хувь заяаны гашуун тавилангаар эцэг эхгүй үлдэж, асрах газрын хаяа бараадан ирсэн хөөрхий хүүхдүүдийн хувь заяаг ийм нөхдүүд мэдээд, шийдээд, даналзаад сууж байна гэдэг санаанд багтамгүй хэрэг биш гэж үү. Нарийн ярих юм бол хүний эрхэнд хүүхэд насаа өнгөрөөж буй тэдний нэрээр мөнгө шамшигдуулж, төрийн албан хаагчийн суудал бөглөж, ёс суртахуун хийгээд хүний ёсны наад захын галбираа алдталаа сагаж суугаа Чойжилсүрэн мэтийн нөхдүүдийг ийм эмзэг байгууллагын ойр орчинд ч байлгаж болохгүй. Тэднийг эцэг эхээсээ салж элгээ өмлөн өсч буй хөөрхий хүүхдүүдийн төлөө ёс журмынх нь дагуу ажиллаж чаддаггүй учраас л гадаадын хүмүүнлэгийн салбарын ажилтнууд энэ салбарт орж ирж хөрөнгө хүчээ зориулан зүтгэж, түүнийхээ хажуугаар хардагдаж, хавчигдаж зарим нь дур нь гутан монголыг орхидог. Ийм хүүхдүүдийн төлөө галд шатан амиа зориулж, талын жижигхэн монголд цэл залуугаараа хөшөө болон үлдсэн америк бүсгүйн түүхийг бид мартаагүй. Тэдэн шиг гайхамшигт хүмүүсийн сэтгэл рүү Чойжилсүрэнтнүүд ус цацан, хардаж сэрдэж суудаг. Өчнөөн олон жил сэтгэл харамгүй өсгөж хүмүүжүүлсэн тэр америк гэр бүл арга ядахдаа л хөөрхий охиныг үрчилж авъя гэсэн биз. Арга ядахдаа сэтгэлийг нь засч байх гэж утас хүртэл авч өгсөн биз.
Сэтгэлдээ наргүй, зүрхэндээ элбэрэл хайргүй хүмүүс хэзээ ч хүүхдийн төлөө ажиллаж чадахгүй.
Хоёрхон настайдаа эцэг эхээ алдан асрамжийн газар ирсэн хөөрхий охины сэтгэл ахиад л ийнхүү шархалжээ. Ах дүү амраг саднаа ч мэдэхгүй, ганц эгч нь хамаатныдаа өсөөд ОХУ-д сурахаар явснаар ахин өнчирсөн түүнийг бодоод сэтгэл шархиран өвдөж байна. Хөөрхийлөлтэй монгол охинд хайртай болсон, дасч ээнэгшсэн америк багш нар нь буцахдаа аваад явъя гэж хүссэн нь Д.Чойжилсүрэнгээр улс орон даяар, нээлттэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр „асуудалтай хүүхэд” гэж ангилуулан доромжлуулахад хүргэжээ. Хүүхдэд нэр төр гэж байдгийг энэ хүнд сануулах газар байдаггүй юм уу гэж асуумаар байна. Хүүхдэд, тэр дундаа асрамжийн газрын хүүхдэд зүрх сэтгэл гэж бас байдаг юм шүү гэдгийг дуулгамаар байна. Хүүхдийн нэр төрд аймшигггүйгээр халдаж, хүсэл мөрөөдөл, баяр хөөрийг нь гутаан доромжилж, дур мэдэн хувь заяаг нь шийдвэрлэж, элдэв нэр хоч өгөн улс орон даяар шилжилтийн эмзэг насандаа яваа өнчин өрөөсөн хүүхдийн нэр хүндийг гутаасных нь төлөө энэ хүнийг ажлаас нь халж, шүүхэд шилжүүлэхийг шаардмаар байна. Хэрэв бидний дуу илжигний чихэнд ус хийсэн лугаа өнгөрвөөс тасралтгүй тэмцэх болно гэдгээ мөн дуулгамаар байна.
Д.Баярцэцэг охинд хүсэл мөрөөдлөө биелүүлж англи хэлний багш болоход нь туслах сайхан санаат хүмүүс гарч ирнэ гэдэгт би итгэж байна.
Энэ удаа чамд ийм муухай зүйл тохиолдсонд маш их харамсаж байна. Гэхдээ зүгээр ээ. Аз хийморийн гэрэлт шувуу ахиад чиний алган дээр бууж л таарна. Харин улам ухаантай, улам хичээнгүй, улам сайн сураарай гэж эцэст нь ерөөмөөр байна. Түүнийг бурхан ивээг.