Ай, Харанхуй минь...
Ай, Харанхуй минь, Аюулгүйн цогт Охин тэнгэр минь. Нялхаст айдас, егүзэрт бишрэлийг төрүүлэгч Нилэнхүйн их Эрх чөлөө минь. Нүцгэн мөчир дээр суусан ганц хэрээ – Нүгэл, буянаас хэтийдсэн Зэн дохио.
Ай, Харанхуй минь,
Аюулгүйн цогт Охин тэнгэр минь.
Нялхаст айдас, егүзэрт бишрэлийг төрүүлэгч
Нилэнхүйн их Эрх чөлөө минь.
Нүцгэн мөчир дээр суусан ганц хэрээ –
Нүгэл, буянаас хэтийдсэн Зэн дохио.
Орчлон бүтэхээс өмнөх орь оршихуй
Одох, ирэхээс ангид гүн амгалан.
Тиймдээ л хэрээ надад
Тийм дотно санагддаг.
Тэр Бурханы дохиог үзүүлэгч, Махагалын элч
Тэргүүн дээр минь сахиусан тэнгэр шиг эргэдэг...
Хэн нэгнийг үл зорих
Хэмжээсгүй сэтгэл – Аниргүмийн харц
Нил хайр,
Гил харанхуй минь.
Тунамал биет
Тунгалаг оршихуй минь.
Хоногийн үдэш бүр,
Хормын үдэш бүр,
Асанги галвын орой бүр,
Амьсгал алдрах бүрий тутамд
Таныгаа илбэн энхрийлж, таалан мансуурна.
Таныхаа бүлээн мутарт талст мөс мэт хайлна.
Надтай хамт нар, сар,
Од эрхис, орчлон ертөнц
Даяараа танд уусан алдарч,
Дахин төрөхийн тулд талийнам за.
Шинэ өнгө аялгуу,
Шижир амьсгал бүхэн
Тачаалаас хэтийдсэн бэлгэ билгийн цэнгэл,
Таны минь хэвлийд бүрэлдсэн хувилгаан үрс.
Тийм болохоор л Эгшиглэнт эх минь
Тэнгэрийн тэнгэр болж,
Балар харанхуйн дүрээр тодорч
Банданлхамын сүрээр залардаг аа.
Ертөнцийн уй гуниг бүхнийг тань руу юүлэхэд
Есөн өнгийн гэрэл болон цацардаг.
Хагдарсан навчис тань руу хийсэн одоод
Хаврын нялх найлзуур болон дэлгэрдэг.
Адбиш тэр нууцыг мэдсэн бодьсадва нар
Амаржингийн орныг орхиж, тамын ёроол руу тэмүүлдэг.
Хором бүрээс үдшийг нээж, үхлийн охийг амтлаад
Хотол ертөнцөд тань лугаа түгэхийг адислаж хайрла,
Цогт Охин тэнгэр минь.