Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүлийг хүсвэл мөнгөө төл
Монголын эрүүл мэндийн салбар болбоос... ёо ёо-ёо, шал дургүй хүрчихлээ. Өнөөгийн Монгол орны социалист эрүүл мэндийн салбар үнэ төлбөргүй.
Сонгуульд өрсөлдөж буй нам болгоны хамгийн их санаа зовдог юм нь эрүүл мэндийн салбар. Оройн дээд нь 2000 онд махнистууд энэ салбарыг төлбөргүй болгоно гэсэн амлалт байлаа. Ер нь хэн нь ч гэсэн үнэгүй л болгоод улс даагаад л байх тухай ярина. Сонгуулийн суртчилгаа үзэж байсан жаахан хүүгээс “том болоод юу болох вэ?” гэж асуужээ. “Том болоод юун түрүүн ядуу, өвчтэй хүн болно” гэж хариулж. Ядуу тэгээд өвчин зовлонтой байвал намууд онцгой анхааран жаргуулна гэж амалж буй учраас тэр. Иргэдийн дундах “үнэгүй юманд нугасгүй”, “тангараг өргөсөн тул эмнэлгийхэн үйлчлэх ёстой” гэсэн ойлголтын цаад суурь нь сонгууль болгоны дараа гарч ирсэн улс төрийн хүчний ёс мэт тунхагладаг “Урьдчилан сэргийлэх чиглэлийг үндсэн чиг хандлага болгоно“, “Эмчилгээ оношлогоог үнэ төлбөргүй болгоно” гэх юм уу эсвэл “Орчин үеийн эмчилгээ оношлогооны тийм тийм төвүүдийг тэнд энд сүндэрлүүлэн босгож гадаад руу цуврах өвчтөн болон мөнгөний урсгалыг зогсооно”, мөн “Эрүүл монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлж монгол хүн бүрийн өвчнийг эрт илрүүлж газар дээр нь эрүүлжүүлнэ” гэх мэтийн сонсоход содон сонин авч яльгүй бодвол утга учиргүй лоозонгууд билээ. Үр дүн нь юу гээч. Төсвийн зарлагын утгагүй нэмэлт, төрийн хүнд суртал, зарчимгүй тэндэр, авилга хээл хахуул, эрүүл мэндийн салбарын улам доройтол. Иргэдийн зүгээс эх орны эрүүл мэндийн салбарыг жигших, шоолох, басамжлах, үл итгэл. Зуднаар нохой, зовлонгоор лам цаддаг гэж юутай үнэн. Нүдэн дээр харагдана. Анагаах ухаанаас гадуур эмчилгээ дэлгэрч нийтийг хамарсан ийм үзэгдэл өнөөгийн ХХI зуунд манайхаас гадна Бразилийн шугуй, Африкийн ширэнгэ, Австралийн цөлд л бүдүүлэг отог омгуудад үлдсэн байх. Нөгөө үнэгүй лоозонгуудын эцсийн үр дүн энэ.
Энэ салбарт реформ хийх гэсэн оролдлого уг нь гарсаан. Зах зээлд зовиургүйгээр, хэтийн төлөвлөлттэйгээр “аажуухаан” шилжих онолын дагуу 1994 оноос Эрүүл мэндийн даатгалын систем буй болгосон. Гэвч албан журмаар хүчиндэх маягтай хийсэн энэ тогтоцын төлөлт алаг цоог, их бага, цаг улирлын шинжтэй. Цугларсан мөнгийг нь төлөөгүй нь хэрэглэж төлсөн нь хүнд сурталд зодуулаад хоосон хоцордог систем. Ийм мангар тогтоцон дотор хулгай, хүнд суртал, шамшигдуулал, залилан, авилга, хоосон цэцэрхэл ёстой нэг үүрлэж байрласанд огтоос гайхах явдалгүй. 1996 онд мэнэжмэнтийн хувьчлалыг туршилтаар хэрэгжүүлж эхлэв. Нааштай үр дүн дөнгөж цухуйгаад эхлэнгүүт 2000 онд “амьдрал дахин цоо шинээр эхлэхээр” боллоо. Бүгдийг нь үнэгүй болгоно гэсэн лоозонгийн дагуу хувьчлалд орсон эмнэлэгүүдээс аль болж бүтээгүйг нь жишээнд татаж байгаад нурааж орхив. Ер нь эрүүл мэндийн салбарын тухайлсан бодлого байдаггүй учраас шинэ сайд болгонд шинэ бодлого бий. Өнгөрсөн дөрвөн жилд 5 сайд солигдсон болохоор бодлого тав дахин солигдсон болж таарч байна. Тооцоо нь хүртэл нэг ороор, нэг иргэнээр, нэг өвчтөнөөр, нэг эмчээр гээд л солигдоод явна. Ер нь л зугаатай.
Хөдөлмөр нь зах зээлд шудрагаар үнэлэгдэхгүй бол хэнд ч ажил хийх сонирхол төрөхгүй. Тангараг өргөсөн эмч хүртэл. Тангараг бол моралийн асуудал хөндөж байгаа болохоос хөдөлмөрийн үнэлгээ биш. Хувийн эмнэлэг нэлээд тоогоор байгуулагдсан байх. Гэхдээ эрүүл мэндийн салбарыг бизнес гэж хэлэх байтугай бодож ч чаддаггүй манай нийгэмд буяны шугамаар хичнээхэн явах вэ дээ. Бизнес биш учраас алаг цоог байдлаар зарим эмч нар айлын өрөөнд, бараг л подволд эмнэлэгийн үйлчилгээний цэг нэлээдийг байгуулсан нь өнөөгийн шаардлагаас дэндүү холуур юм. Эрүүл мэндийг бизнес гэж үзвэл энэ нь уг нь эмч хүний ажил биш юм л даа. Хаа очиж солонгосчууд бизнес утгаар нь ганц эмнэлэг байгуулчихсан нь аварлын од болж байна. Эрүүл мэндийн ариун гоё лоозонгоор амьдарч шамшигдуулагчид очоод нэг хараасай билээ. Эмнэлэг тийм л байх ёстой байхгүй юу даа. Эмч нар нь ч тааруухан л юм шиг билээ. Гэхдээ эмчээсээ чухал юм нь мэнэжмэнт юм гэдгийг харуулсан сайн загвар.
Эрүүл мэнд манайд бохир бизнес болоод байна. Бизнес ч гэж дээ, хулгай тонуул. Үнэгүй, төлбөргүй, бүх нийтийн гэх энэ гоё лоозонгууд нь хэсэг цөөн бүлгийн хөрөнгө мөнгө шамшигдуулж орлого олох үүд хаалга болжээ. Ямар үхснийх нь бүх нийтийн. Тэр дундаа үнэгүй байж харагдаач. Сайд солигдонгуут бараг бүх эмнэлэгийн дарга нар хуйгаараа өөрчлөгддөг нь энэхүү тонуулын ердөө ил харагдах хэсэг нь. Бөөн хэрүүл. Үнэндээ мөнгө булаацалдаж байгаа юм шүү дээ. Эмчийн мэргэжил мэнэжэрийнхээс тэс ондоо. Харин манай эмнэлэгүүдэд хэн хэрэггүйв, мэнэжэр л хэрэггүй. Эмнэлэгүүд “буяны ариун” байгууллага учраас мэнэжмэнтээр ч яах юм билээ.
Яршиг, муу муухайг нь дуудаад байвал дуусах юм биш, тэгээд ч шал дэмий нерв хөдлөхийн нэмэр. Зүгээр л саналаа хэлье. Иргэдийг эрүүл мэндийн карттай болгоё. Цахим карт шүү дээ. Өөрснөө өвөртлөөд явж байг. Картанд хүн болгонд жишээ нь 200 мянган төгрөгийн үйлчилгээ даах мөнгө байг. Одоогийн даатгалын системд иргэн болгонд дор хаяж 100 мянган төгрөг ноогдох мөнгө бий, хэрэв дарга анги аваад гударчаагүй бол шүү дээ. За яахав 100 мянга байг. Монголын нутаг дахь аль хүссэн эмнэлэгтээ иргэн өөрөө сонгож очоод оношилгоо, эмчилгээ, зөвөлгөө, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг хийлгэж байг. Эмнэлэгээ иргэн өөрөө сонгоод ирэхээр эмнэлэгүүдийн дунд эрүүл өрсөлдөөн үүснэ. Сайн нь дэвжинэ, муу нь дампуурна. Хэн нь сайн мэнэжмэнттэй нь усан дээр тос хөвөх мэт шууд л ялгараад ирнэ. Салбарын үр дүн дорхноо харагдана. Иргэнд өмчлөгдсөн өнөө карт дотрох мөнгө маань эмнэлэгийн шугамаар дамжаад бэлэн мөнгө болон хөрвөх чадвартай болно гэсэн үг шүү дээ. Эмч, эмнэлэгийн ажилтан, эмнэлэгүүд үүгээр дамжин санхүүжинэ.
Иргэд эрүүл мэндээ сайн хамгаалж өвчин зовлонгоос хол байвал урамшуулах түмэн хэлбэр байна. Оны эцэст картаа ашиглаагүй хүнийг дараа жилд нь тодорхой хувиар урамшуулж болно. Илүү гарснаа гэр орныхон найз нөхөддөө бэлэглэдэг байж болно. Шагналаа эрүүл мэндийг дэмжих спорт эрүүлжүүлэлтийн газарт зарцуулах эрх олж болно. Арга мундахгүй дээ.
Одоохондоо хэцүү юм бүртгэл л байна даа. Хүнсний карт хэрэглэж байх үед манай иргэдийн тоо 3 сая гараад байсан. Гэрлэсний мөнгө өгөхөөр хуримын тоо тав дахин өссөн. Бүртгэл байхгүйгээс болж байгаа юм. Энэ жилээс туршилтын, хойтонгоос жинхэнээсээ хүн амын тооллого явна гэсэн, тэрэндээ энэхүү эрүүл мэндийн цахим карттай болгох санааг агуулбал, тээ? Таван төгөлдөршлийн нэгд бүртгэлийг оруулж нэрлэж байсан. Энэ нь сонгуулийн будлианыг арилгах ганц зорилготой биш байлгүй дээ. Бүртгэл төгөлдөршөөгүй бол капитализм огт бүтэхгүй гэж үздэг юм билээ. Дэлхий даяар алдаршсан Эрнандо дэ Сатогийн “Капиталын нууц” гэж ном бий. Монголоор ч хэвлэгдсэн. Капиталын нууц нь бүртгэл л юм билээ л дээ. Эрхбиш бид хүнээ бүртгэж нэг тийш нь болгох биз. Тэгвэл эрүүл мэндийн цахим карттай болох амархан. Эрүүл мэнд ч бүх нийтийн болж хувирна. Ядахнаа энэ салбарт шудрага байдал тогтоно. Ер нь зах зээлийн тогтоцонд ороод 20 жил боллоо шүү дээ. Боловсрол, эрүүл мэнд, хууль шүүх, цагдаа, засаг захиргааны өнөөгийн харилцаанд таарахгүй хуучин тогтолцоо нь байгаад л байх юм. Хамаг муу муухай эндээс л үүсч байна. Цөмөөрөө л болохгүй байна гэцгээх юм, тэгээд болохгүй юмаа засах дургүй. Учир нь нийгмийн цөөн тодорхой бүлгийг энэхүү болохгүй байгаа тогтолцоо нь тэжээж амьдруулж байгаа хэрэг л дээ.
emch