Баабар: Хүмүүс өөрийнхөө ойлгож байгаа төвшингөөр сонголт хийдэг
Таны “Дори идэр дүүдээ” номыг оюутан байхдаа уншиж, таны фен болж байлаа.
Зүгээр л хүүхэд шиг хүүхэд байсан. Би 18-р сургуулийг төгссөн юм. Тэр үедээ хотын захад тооцогддог байсан сургууль. Манайх 120 мянгатын айл л даа. Тэгээд арваа төгсөөд гадаадад сургуульд явсан. Тийм л намтартай. Харин онц сурлагатан хүү байсан шүү.
Номонд бичигдсэн бүх номыг биш юм гэхэд талыг нь та энэ үедээ уншчихсан байв уу? Энэ ном бичих сэдэл хэзээ хэрхэн төрсөн бэ гэж асуух гээд байна л даа.
Оюутан болоод гадаад, соёлт ертөнцөд гологдож эхэлнэ биз дээ. Өөрийгөө нөхөж авахын тулд олж авсан сургамж гэх үү дээ. Манайд тэр үед ямар тэр ном гардаг байсан биш. Олонхи нь хориглогддог ч байсан байх. Би дунд сургуульд байхдаа гадаад хэл мэддэг ч байсан биш. Тэгээд оюутан болоод энэ нийгмийн надад өгөөгүй юмсыг олж авах гэж будилж, онож, алдаж явсан туршлагаараа өнөө үеийн залуучуудад энэ нь дээр юм байна лээ шүү, энэ нь хэрэггүй юм байна лээ, энийг ингэж товчлоорой гэж л заасан ном шүү дээ. Хоёрдугаарт ном болгоныг барьж аваад хэрэггүй, хэрэгцээтэй ном гэж байдаг, номноос олж болох мэдээллийг өнөөдөр кино, элдэв урлаг, интернет зэрэг янз бүрийн юмнаас олж болноо гэдгийг хэлсэн. Цаашлаад аль ч нийгэмд тун цөөхөн хувь нь боловсролтой байдаг, хүн болгон эрдэмтэн, доктор, профессор болоод унах юм бол хэн сандал хадах юм, тийм ээ. Тиймээс боловсролтой болох гэж байгаа, зөвхөн тийм хүрээний залуучуудад л зориулсан ном. Тэрнээс хүн болгонд хэрэгцээтэй юм биш шүү дээ. Эцэг эх нь хүүхэддээ тэр номонд бичигдсэн бүх номыг уншуулж, киног үзүүлнэ гэж дайрах юм бол утга учиргүй юм. Товчхондоо энэ бол залуу хүн болгоны мөрийн хөтөлбөр биш, ердөө. Аливаа нийгэмд боловсролтой маш цөөхөн хувь байдаг юм. Америкийн нийгмийг өнөөдөр таван хувь нь л авч явж байгаа гэдэг шүү дээ.
Та олонд танил, нээлттэй юм шиг атлаа хачин нууцлагдмал эрхэм. Хүн болгон Баабар гэж мэддэг хэрнээ таны бага нас, аав ээж бас гэр бүл, хувь хүний талаар төдийлөн мэддэггүй. Таны хувь, дотоод ертөнцтэй чинь илүү ойр дотно танилцмаар байгаагаа шуудхан хэлчихье. Та зөвшөөрөх үү?
Надад нууц юм нэг ч байхгүй. Чи асуугаад, би хариулахгүй гээд зугтаагаад байх юм байхгүй. Би Архангай аймагт төрсөн. Аав, ээж хоёр маань сургуулиа төгсөөд Архангай руу хуваарилагдаж явсан юм билээ. Би айлын анхны хүүхэд л дээ. Ээж анхныхаа хүүхдийг хотод төрүүлнэ гээд шуудангийн машинд суугаад явсан чинь нөгөө машин нь замдаа Түвшрүүлэх дээр онхолдчихсон гэдэг. Тэгээд аймагтаа хүргэгдэж ирээ, хүүхдээ хотод төрүүлнэ гэсэн биш дутуу төрөөд. Манай аав Завханы Цагаанхайрханы хүн. Том эрдэмтэн байсан. Доктор, профессор. Аав, ээж маань хөдөө төрж өссөн ч эрдэм номын мөр хөөж 50-иад оны үед хотод орж ирсэн улс. Намайг нэг ойтой байхад гэр маань хотод нүүж ирж, би хотод өссөн. Бид нар аав, ээжээсээ гурвуулаа.
Та багадаа ямархуу хүүхэд байсан бэ? Магадгүй их уншдаг, этгээд сэтгэлгээтэй хүү байсан байх гэсэн төсөөлөл буугаад байдаг юм.
Багадаа томоотой, ном сайн сурдаг хүү байсан. Гэрээсээ гардаггүй хүүхэд байсан юм уу даа, ээж намайг миний хүү гараад ядахдаа байшингаа нэг тойрчихоод ороод ир гэдэг байж билээ. Тийм л хүү байсан. Хулигаан, атаман байгаагүй. Гэхдээ бас зожиг биш.
Та биохимич гэх ховор мэргэжилтэй. Таны мэргэжил сонголтонд хэн нэгэн нөлөөлсөн үү эсвэл та хувь заяаныхаа эзэн байж өөрөө сонголтоо хийсэн үү?
Би биохимич мэргэжилтэй. Тийм ч ховор юм бишээ. Дунд сургуулийн ахлах ангид биохимийн анхны ойлголт өгдөг шүү дээ. Манай аав биологийн ухааны доктор.
Энэ мэргэжил таны амьдралд юу өгсөн бэ? Мэргэжлээрээ хэр олон жил ажилласан бэ?
Олон жил ажилласан. Нарийн ярьвал би энзимлогич хүн. Энзимлоги гэдэг нь амьд организм дотор болж байгаа урвалуудын катализатор болсон уургийг судалдаг ухаан. Би энзимлоги, микробиологийн эрдэм шинжилгээний институтэд туслах ажилтнаас ахлах ажилтан хүртэл их олон жил ажилласан. Химотрипсин, трипсин гэдэг бодисыг ялгаж авах, түүний физик химийн шинж чанарыг судлах ажил хийж байсан. Цаг үеийн эрхээр институт дампуураад, мэргэжлээсээ хөндийрсөн дөө. Монголд чинь 260 институт байсан юм шүү дээ. Манай институт химотрипсин, трипсин, панксин зэрэг нарийн бодисуудыг ялгаж аваад тэр үедээ гадагшаа экспортолдог байлаа. Бүтээгдэхүүн гаргаад, түүнийгээ гадаадад гаргаад зарчихдаг, өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө нөхчихдөг институт байсан. Ийм институт их ховор байсан даа, бүгд улсаас татаас авдаг. Энд ажиллаж байхдаа эхнэртэйгээ танилцаж, гэр бүл болсон. Манай авгай генийн инженер мэргэжилтэй хүн. Москвад бид хоёр хамт аспирантурт суралцаж байлаа. Тийм байна. Өөр “нууц” юм байхгүй биз дээ.
Гэргий тань одоо юу хийдэг вэ?
ТИС-д багшилж байгаад сүүлийн үед толь бичиг хийж байгаа. Өмнө нь Oxford, сая энэ Collins-ийн толийг хийсэн. Мэргэжлийн ажил нь байхгүй болохоор генийн инженерийн эрдэмтэн хүн толь хийгээд суудаг болсон байна. Энэ бол Монголд хамгийн анх гарч байгаа олон улсын стандартыг хангасан толь бичиг. Энэ чинь тодорхой шалгуураар гардаг юм шүү дээ. Толь бичиг гаргах эрхийг тухайн байгууллагаас нь очиж маш өндөр үнээр авна. Дэлхийн дээр англи хэлнйихүлээн зөвшөөрөгдсөн хоёр л билингуал том толь бичиг байдаг юм, Oxford, Collins гэж.
Хүн болгоны хамгийн гэгээн үе оюутан нас байдаг. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаж болох уу?
Сайхан байжээ. Гэхдээ эх эцэг гэр орноосоо хол анх удаа бие дааж амьдарч байгаа болохоор эхэндээ ч амаргүй. Гээд бие дааж сурна гэдэг том сургууль л даа.
Зах зээлийн шуурганаар та хаана, юу хийж байсан бэ? Хэзээ нэгэн цагт бусдын нэг адил гахай зөөж, ганзага үүрч байв уу?
1990-1991 онд би Англид сурч байсан. Импириал коллеж гээд маш мундаг институтэд ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад тэнд дөрвөн Нобелийн шагналтан байсан гээд бод доо. Тэнд авамори гэж микробын чихэр задлагч генийн судалгаа хийх төсөл дээр арваад хүн ажиллаж байсны нэг нь би. Ер нь надтай энэ чиглэлээр хамт сурч байсан, биотехнологиор бэлтгэгдэж, мэргэшсэн манайхан одоо голцуу Америкт ажиллаж байна.
Таньд ч гадны байгууллагаас ажиллах санал ирнэ биз?
Тухайн үед бол өөр хэрэг байсан байх. Одоо бол би хоцрогдчихолгүй яахав дээ. Арван зургаа, долоон жил өнгөрчихөөд байхад. Одоо би А витамины томъёо танихгүй болтлоо хөндийрөө биз. Шинжлэх ухаан гэдэг чинь дотроос нь хөндийрчихөөд сүүлд сайн дурын уран сайхан болоод эргээд давхиж очдог ажил биш. Тасралтгүй, өдөр тутмын нөр их хөдөлмөр шааррдаг зүйл. Одоо намайг хэн ч тоохгүй. Тухайн үедээ бол өөр л байсан байх. Би ч улс төр мөр гэж гүйж явсаар байгаад хөндийрчихсөн.
Гадаадад бол үнэ цэнэтэй мэргэжил биз дээ?
Америкийн эмиграцийн хуулинд 1986 оноос эхлээд биотехнологи болон электроникийн мэргэжлийг ногоон карт олгоход давуу тал болно гээд заагдчихсан юм. Өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрөгдсөн ийм мэргэжилтэй байх юм бол ногоон карт олгоход жагсаалтын эхэнд орно гэсэн үг.
Та тэгээд яаж яваад улс төрд хөл тавьчихав?
Улс төрийн хэргээр 1950-1990 оны хооронд шоронд орсон тавхан хүн байдаг юм. Тэдний нэг нь би. 1979 онд шоронд орж байсан. Гайхуулаад, би хэлмэгдсэн гээд улсаас мөнгө нэхээд явдаггүй л дээ.
-Юунаас болж?
Солженицыны зохиол, бүтээлээс орчуулж тараагаад. Тэгээд баригдчихгүй юу. Тэр яахав, тусдаа асуудал. Нийгэмтэйгээ таарахгүй, энэ нийгэм болохгүй байна гэж тэрсэлддэг үзэл надад бүүр оюутан цагаас бий болсон. Тийм учраас ерэн оны үйл явдалд өөрийн итгэл үнэмшлээр оролцсон болохоос тохиолдлынх биш. Би хийдгээ хийсэн, энэ нийгмийг өөрчлөхөд зөндөө оролцсон. Тэгээд 2000 оноос би улс төрөөс гараад явчихсан. Дахиж орох ч үгүй байх.
Хэрвээ улс төрч гэдэг мэргэжил байдаг байсан бол тэдгээр мэргэжилтнүүдийн нэг нь та…
Улс төрч гэж мэргэжил байхгүй. Улс төр судлаач гэж байна. Хэн ч улс төрч болж болно. Ганцхан нийгмээсээ итгэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тийм ч учраас сонгууль болдог. Сонгуулиар нийгэм өөрийн итгэж, найдаж байгаа улсуудаа сонгож гаргаж ирдэг. Тэр нь улс төрч. Улс төр судлаач гэдэг тусдаа ажил. Их сургуульд тусгай анги байдаг. Түүнийг төгсмөгцөө депутат болчихдоггүй биз дээ.
Мэдээж улс төрч гэдэг мэргэжил байхгүй л дээ. Гэхдээ улс төрч гэх тодотголтой олон хүмүүсийн дунд бодлого боловсруулах түвшинд ард түмнийхээ төлөө ажиллачих чанар, улс төрч хүнд байх ёстой үнэт зүйл энэ хүнд байна гэх нэг онцлог байдаг. Тийм чанартай хүмүүсийн нэгийг таныг гэж боддогоо хэлсэн хэрэг л дээ…
Тэр чиний бодол байхгүй юу. Хүмүүс өөрийнхөө ойлгож байгаа түвшингээрээ сонголтоо хийдэг. Тиймээс одоо энэ 76-гаа янз бүрээр хэлж гоочлоод ч яах юм билээ. Яг энэ ард түмний хүсэл эрмэлзлээр бий болсон хамт олон шүү дээ. Мэдээж хэрэг түвшин доогуур газар өөртэйгээ таарсан юмаа сонгож таарна. Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид ч юм уу, эсвэл аль ч дундаж иргэн тэр байснаас энэ нь байсан бол дээр байсан юм гэцгээдэг нь өөрсдийнх нь бодол шүү дээ. Нийт хүмүүсийн, массын бодол биш, массын дундаж бодол л сонголт болоод гарч ирж байгаа.. Ямар ард түмэн байна, тийм л төр байна гэдэг чинь энэ. Хүмүүс өөрийн улс төрчөө өөрөө сонгодог. Би бол ерөөсөө улс төрч хүн биш. Би олон нийттэй харьцаж чаддаггүй. Би шулуухан хэлдэг, хорон үг хэрэглэдэг. Нийгэм ийм хүнийг хүлээж авдаггүй юм. Ухаан нь тийм ч юм хийнэ, ийм ч юм бүтээнэ гээд худлаа яриад, бүлтрээд байдаг хүнийг ялангуяа төвшин доогуур нийгэм хүлээж авахдаа сайн байна.
Хүмүүсийн, нийгмийн сэтгэлгээ ядуу байна л даа..
Хүмүүсийн сэтгэлгээ…? Ер нь тэгээд яг ямрыг нь ядуу гэх юм? 50 жилийн өмнөх Монголын нийгмийн сэтгэлгээ одоогийнхоос хамаагүй доогуур байсан. Одоогийнхыгаа Европ юм уу Америкийн нийгмийн сэтгэлгээтэй харьцуулахад тээр доор байгаа шүү дээ. Харьцангуй ойлголт. Түүнээс биш Монгол дахь нийгмийн сэтгэлгээ муухай, тэнд сайхан байгаа юм биш. Өнгөрсөн зуухан жилийн дотор дундад зууны бүдүүлэг байдлаас ийм хурдтай гараад ирсэн өөр ард түмэн байхгүй байх шүү. Харин ч хурдаа дийлэхгүй байна. Тавин он гэхэд энэ орон ямар байсан? Хүн амын 80 хувь нь малчин, нүүдэлчин. Өнөөдөр гэтэл дөнгөж 15 хувь нь ийм хэв маягаар амьдарч байна. Арван мянган хүнд оногдох оюутны тоогоор дэлхийд нэгд орчихсон явж байна. Хоёрдугар байранд АНУ жагсаж байгаа. Тэгэхээр энэ харьцангуй ойлголт юм. Манайх л муухай, гадаад гоё гэсэн үг биш шүү дээ. Өнөөдөр улс төр бохир заваан болчихлоо, Монголын улстөр утгаа алдчихлаа л гэж байна. Энэ чинь ард түмний өөрсдийнх нь хүсэл эрмэлзэл шүү дээ. Ард түмэн юу хүсэж байна, түүнийгээ л гаргаж ирж байгаа хэрэг.
Сонгуулийн булхай гэж нэг асуудал байгаа
Сонгууль булхайтай болох гэдэг тусдаа асуудал. Боллоо боллоо гэхэд зуун хувь булхайцна гэж байхгүй. Тодорхой хувьд нь тийм юм байгаа байх. Ихэнхи нь ард түмний итгэл найдвараар гарч ирсэн улс. Сонгогчид мөнгөөр худалдагдсан л гэнэ. Үгүй яахав дээ, байж байгаа царай нь л тэр дээ. Хүмүүсийн итгэл найдварыг хүлээж чадахгүй байх нэг тусдаа асуудал. Юуны өмнө бид өөрсдөө ямар хэмжүүрээр сонгож байгаагаа бодох л хэрэгтэй. Сая таванзууг тоолоод өгнө гэхээр нь хошгирч давхиж очоод л саналаа өгчихсөн үү? Одоо яая гэхэв. Юутай ч тэр чинь сонголт мөн шүү дээ. Ямар сэтгэхүйтэй байна тэр хэмжээндээ л сонгоно. Ингэхээр ард түмний итгэл найдвар мөн байгаа биз дээ. Социализмын үеийнх шиг хэнийг сонгож байгаагаа мэдэхгүй нэг нэр л зурчихдаг, хэрэв оролцохгүй бол алуулангаа алддагтай харьцуулахад хошгирч бариад бас дэвшил гарсан байгаа юм биш үү? Тийм учраас би хэлээд байгаа, хошногоо өмхий гэж тайрдаггүй юм аа. Наадах чинь муу ч сайн ч, чиний хошного байхгүй юу. Угаагаад авдаг болохоос хэзээ тайрч байсан юм.
Тэгвэл өөрсдийнхөө сонголтыг зүхдэг, улс төрчид нь цагаандаа гарчихсан өнөөдрийн нөхцөл байдлаас гарахын тулд яах ёстой вэ?
Нийгэм урагшлаад, бид хөгжөөд байгаа шүү дээ. Бид нарын амьдралын төвшин улам дээшээ болж байна. Саад бэрхшээл байна уу, байна. Аль ч нийгэмд байдаг зүйл. Манайд хээл хахууль, өөр юу байдаг юм, өчнөөн юм байна. Шинэ төлөв байдалд орохтой зэрэг түүнийг дагаад асуудал үүснэ биз дээ. Чи бод л доо, хорин жилийн өмнө Улаанбаатарт 3 мянган машин байсан, үүнийг нэг зуу нь хувийнх. Манай Цацрал зурагчин олон машинтай зураг авахын тулд Замын цагдаатай ярьж байгаад 30 минут машин зогсоосон байдаг юм. Тэгээд цугларсан нь хориодхон машин. Өнөөдөр Улаанбаатарт 130 мянган машин замын хөдөлгөөнд орж байна. Үүнийг дагаад шинэ асуудал бий болж байна, замын түгжрэл гээд. Шинэ нөхцөл байдлыг дагаж шинэ асуудал үүсэж байгаа хэрэг. Ерэн онд юун замын түгжрэл. Тиймээс бидэнд учирсан олон саад бэрхшээл нийгмийн хөгжлийг дагаж гарч ирж байна. 1990 оноос өмнө бас л сонгуулирхуу юм болдог байсан, хэнийг гаргаж ирснээ иргэд мэддэггүй, мэдүүлдэгч үгүй байсан. Хүмүүст үнэн чанартаа сонголт байгаагүй учраас элдэв гомдол гардаггүй байж. Одоо иргэд сонголттой болсон учраас голох гэдэг шинэ асуудал гараад ирж байнаа даа. Тэрнээс бид энэ хорвоогийн хамгийн адгийн, хамгийн балиар газар турж үхчих гээд байгаа улсууд биш. Мэдээж хамгийн аз жаргалтай нь биш, гэхдээ хамгийн адгийнх нь биш. Өнөөдөөр Монгол хүн дунджаар 2700 кл.калори хоол идэж байна. Баян улсууд нь 5000 калори хоол идэж байна гэж бодож байна уу? Язарч үхдгийм байгаа биз дээ. 2700 кл.калори гэдэг чинь Японы төвшин. Дундаж Япон хүн ямар илчлэгтэй хоол өдөрт идэж байна, бид тийм хоол идэж байна. Ирак шиг дайнд нэрвэгдчихсэн, эсвэл Сычуан шиг газар хөдлөлт болчихсон юм алга байна. Сэтгэл дундуур байгаа юу, дундуур байгаа. Үүнийг бид засах ёстой. Нийгэм урагшилж байна уу гэвэл, урагшилж байна. Нийгмийн сэтгэхүй урагшилж байгаа. Гэхдээ норм хэмжээндээ очтол урт хугацаа хэрэгтэй. Дор хаяж л үе солигдохыг хүлээж л таарна даа.
Үндсэн асуултндаа оръё. Та орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлчихсэн давхиж явах юм. Олон ч хүн Баабар ингэж доошоо ороод байхдаа яахав дээ, тэр парламентад, хууль тогтоох дээд байгууллагад байх ёстой сайн улс төрч гэж бухимдахтай би дайралдсан. Та яагаад орон нутагт нэрээ дэвшүүлсэн юм бэ?
Би нэр дэвшүүлээгүй ээ. Би сая Америк, Европ, Япон, Солонгосоор бүтэн сар явж байгаад ирсэн. Тэр хооронд миний нэрийг дэвшүүлсэн байна лээ. Ирээд би дэвшихгүй гэдгээ хэлсэн. Дахин сонгууль болохоор болсон гэх шив дээ. Миний нэрийг хасаарай гэж хэлс эн.
Эзнээс нь зөвшөөрөл авахгүй бас нэр дэвшүүлнээ?
Яахав дээ, тийм юм байдаг л юм. Талийгч Уламбаяр бид хоёр их найзууд байсан юм, тэр маань л, хөөе, би чамайг ялчихсан шүү гээд давхиад ирдэг юм байна. Юу, ямар ялалт гэсэн чинь 2000 оны орон нутгийн сонгуулиар намайг ялсан гэнээ. Би орсон юм уу гэсэн чинь, чи 11-р хороололд дэвшчихсэн байх чинь билээ, чиний нэр байсан гэнэ. Би улс төрд өөрийнхөө хувь нэмрийг оруулсан. Том хувь нэмэр оруулсан гэж боддог. Нийгмийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулахад хувь нэмрээ өгсөн. Би улс төрч байх араншинтай хүн биш. Сайхан талаас нь нийгэмтэйгээ зөв харилцана гэж хэлье л дээ, муухай талаас нь ярьвал хулхидана гэе л дээ, ийм байж улс төрч болно, надад ийм чанар байхгүй. Тийм учраас надад таарахгүй. Улс төрд таарахгүй хүн гэж байдаг юм. Тийм учраас би 1993 оноос нам мамын ажилд ер оролцоогүй. Сонгуулиар харин гарцаагүй намынхаа төлөө саналаа өгнө. Хэн ч байсан хамаагүй, бүр чөтгөр байсан ч өөрийнхөө намын төлөө санал өгнө. Ингээд болоо биш үү?
Би хувьдаа сайн нийтлэлчийн тань хувьд таныг улс төр гэж бохир тоглоомоос харамладаг. Та нэг хормыг ч гэсэн бичиж, нийтлэхдээ зарцуулбал тэр нь манай нийгэмд илүү тустай гэж үздэгээс тэр л дээ. Таны бичих авьяас юуных вэ? Их уншсаных уу эсвэл удмынх уу?
Би авьяастай л байхгүй юу. Удамшсан юм байгаа байхаа. Манай ээж Өвөрхангайн Нарийнтээл сумынх. Тэндхийнхэн ямар айхтар хэл амтай гэж санана. Хүний ам тагладагаараа алдартай улс байдаг. “72 дашийн шог” энэтэр гэсэн домог болсон хэлц тэндээс гарсан. Хүнд нэр хоч өгөхөөрөө бүр тасарчихсан газар. Манай ээжийн хамаатнууд миний мэдэхийн л бүгдээрээ цэцэн цэлмэг яриатай, хоржин үг элбэгтэй улс байдаг. Хүн болгонд цаанаас нь заяачихсан авьяас гэж байдаг. Дээр үед би Болгарын нэг хүүхэлдэйн кино зурагтаар үзэж байсан. Нэг жаахан хүн яваад байдаг. Бусад нь түүнийг шоолоод, гутлаараа замыг нь хаагаад явуулахгүй, эсвэл барьж авч гар дамжуулж тоглоод л, шоглоод л. Тэр нөхөр гүйж явсанаа гэнэт нэг нүх рүү орчихсон чинь гэнэт аймаар том болоод, нөгөө аврага улсууд нь мань эртэй харьцуулахад эрхийн чинээ болчихдог. Тэгээд нөгөө нүхнээсээ гараад гүйхээр буцаад жижигхэн болчихдог. Хүн болгонд өөрийн чаддаг асар том юм байдаг гэдгийг харуулж байгаа хэрэг л дээ. Хэн нэг нь тэвэг тоглохдоо лут байж болноо доо. Нийгэмд амьдрах чадваргүй, гэтэл яг тэвэг болохоор лаг. Тэвэгний дэлхийн аврага болбол мань эр амьдраад л явчихана байна шүү дээ.
Хүүхдүүд чинь аавынхаа номыг уншиж л хүмүүжиж, амьдралд хөл тавьж байгаа байх даа. Танайх ингэхэд хэдэн хүүхэдтэй вэ?
Хоёр охинтой. Нэг нь дунд сургуульд сурч байна, нөгөө нь сая дээд сургууль төгссөн.
Манайхан нэг үеэ бодвол хүүхдүүдийнхээ боловсролд их анхаарах болсон. Томчууд буюу амьдралын боломжтой хүмүүс нь гадагшаа явуулж боловсрол эзэмшүүлэх болсон. Та хүүхдүүдийнхээ боловсролд хэр анхаарч байна?
Манай том СЭЗДС-ийг төгссөн. Асуудал ер нь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг юм даа. Юм сурахааргүй хүнийг шал сонирхолгүй газар аваачиж тавиад, хаана ч юм сурахгүй. Ямартаа л Харвард төгссөн коммунист байхав дээ. Үнэндээцаанаасаа сурах хүнийг муу сургалтын систем ч эвдэж чаддаггүй юм.
Та нэг номондоо их оройтож буюу 30 хүрч гэр бүл болсон тухайгаа дурьдаад энэ нь ч уншиж, боловсрох боломж олгосон гэж бичсэн байсан. Ер нь гэр бүлтэй болсноор таны амьдралд хандах хандлага, эрх чөлөөний талаарх бодол чинь яаж өөрчлөгдсөн бэ?
Хэн ч гэсэн хүний ертөнцийн хуулиар хамтын, гэр бүлийн амьдрал зохиодог. Тэрэнд амьтны зөнгөөрөө хамаагүй эрт орох юм бол, ялангуяа сурч мэдэх гэж байгаа хүнд их төвөгтэй шүү дээ. Гэхдээ сурч мэдэхийн тулд хүн амьдардаг ч юм биш. Өөртөө зав гаргах гэж байгаа бол жаахан хүлээ гэж хэлэх гэсэн санаа шүү дээ. Өөр зорилго байгаа бол тэрэнд чинь саад болно, тийм учраас ганц бие байхдаа сурч мэдэхэд цаг гарга гэсэн үг. Яагаад гэвэл гэр бүлтэй болсноор тэр бүхэн хязгаарлагдмал болчихдог юм. Тийм л юм ярьсан болохоос хөгширтлөө нөхөрт битгий гар гэж хэлээгүй шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй байхаас бас их зүйл шалтгаална. Эмэгтэй бол бушуухан суучихсан нь дээр.
Яагаад?
Сүүлд нь нөхөр олдохгүй шүү дээ. Судалгаагаар Улаанбаатарт 26-45 насны 60 мянган өрх толгойлсон, өрөөр хэлбэл ганц бие эмэгтэй байна гэсэн тооцоо гарсан байна лээ. Том тоо байгаа биз. Ихэнхи нь дээд мэргэжилтэй. 26 гэдэг чинь нөхөрт гарах нас болчихсон, 45 гэдэг чинь бэлгийн амьдралтайгаа байгаа гэсэн үг шүү дээ. Ихэнхи нь дээд боловсролтой гэж байгаа юм. Яагаад гэвэл эмэгтэй хүн өөрөөсөө өндөр боловсролтой хүнтэй суухыг тэмүүлдэг. Гэтэл тэр насны ганц бие эрчүүл нь чааваас амьтад. Тэднийг тэжээхийн оронд нохой тэжээсэн нь дээр бололтой. Нөгөөдөх нь хүний мөнгөөр хооллоод зогсохгүй нэмж зодно.
Жендерийн тухай асуудлаар эр, эм хүмүүс гэр бүлийнхээ өмнө тэгш үүрэг хүлээнэ, заавал эрэгтэй нь гэр орноо тэжээж, эмэгтэй нь тэжээлгэх албагүй, хэн чадалтай нь чаддаг зүйлээ хийж амьдрах хэрэгтэй гээд л ярьдаг. Эрэгтэй нь амьдралаа авч явах ёстой гэсэн үзлээс олон эрчүүд депресст өртөж, архинд ордог гэнэ л дээ.
Манайд гэр бүлийн судалгаа хийвэл сонин сонин дүгнэлт гарах юм билээ. Улаанбаатарын ихэнхи гэр бүлийн эмэгтэйнх нь орлого илүү өндөр байна гэсэн дүн гарсан гэсэн. Дээр Канадын элчин надаас “Яагаад танайд жендерийн асуудал нөгөө тийшээ хэлбийчихсэн юм бэ?” гэж асуусан юм. Тэгэхээр нь би “Манай эмэгтэйчүүдийн 90 хувь нь нормаль, эрчүүдийн 90 хувь нь тэнэг байдаг юм. Тэгээд ингээд алдагдчихдаг юм” гэж би хариулсан юм.
Анх гэргийн тань юу таньд хамгийн их таалагдаж байсан бэ? Ер нь та эмэгтэйчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Хүн насаараа амьдрах хүнтэйгээ ижил сонирхолтой байх ёстой. Сонирхол зөрчилдөгөөс салалт их үүддэг байхаа. Нэг нь зураач, нөгөө нь огт тийм юм сонирхдоггүй бол хамтын сонирхолгүйгээр тэр олон жилийг яаж давна?
Таны амьдралын зорилго юу вэ?
Зүгээр л амьдрах. Чи бод доо, ямар зорилго тавьж яах гээд байгаа юм. Дэлхий дээр зургаан тэрбум хүн байна, аз жаргалтай сайхан амьдрах л зорилготой байгаа биз дээ. Эсвэл чамд бусдынхаас тусгай, онцгой зорилго байна уу? Зүгээр сайхан амьдраад, нийгмийнхээ дунд өөрийн байр суурийг эзэлж амьдрах нь хүний хамгийн том зорилго шүү дээ. Гэхдээ залуу хүн өмнөө сайхан зорилго тавиад, биелэхгүй ч гэсэн түүнийхээ төлөө амьдрах сайхан л даа. Саран дээр бууж үзэх юмсан гэж зорилго тавиад, тэр нь үл гүйцэлдэх ч гэсэн ингэж зорилго тавих нь зөв л дөө. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдрах сайхан шүү дээ.
Ихэнхи хүмүүс амьдралдаа нэг биш удаа би яг юуны төлөө, яах гэж ингэж яваад байгаа юм бол, амьдралын утга учир нь юундаа байна вэ гэх асуулттай тулгардаг тэрнээсээ болоод хямралд орж, сэтгэл санаа нь цочирдож…
Наад асуултанд чинь сайхан гарц бий дээ. Нэг алд олс олоод дүүжлээд л үхчихнэ биз. Ядаад байх юу байнаа. Оросын “Зачем ты меня родила мама” гэдэг дуу байдаг шүү дээ.
Амьдрал, цаг хугацаа Баабар гэдэг хувь хүнийг хэр их мөлийлгөж, сургаж байгаа бол?
Бүх хүнтэй л адилхан шүү дээ. Хүн чинь амьдрах тусмаа сургамж, туршлага олж авдаг. Амьдрал гэдэг тэр аяараа сургамж, туршлага шүү дээ. Сургамж, туршлагагүй учраас залуу хүн аливаад их зоригтой ханддаг. Сургамж, туршлагатай болох тусмаа, насжих тусмаа хашир болдог. Гэтэл хүний амьдралд зоримог байдал, туршлага хоёулаа хэрэгтэй. Тийм учраас залуу улсуудаас гэнэтийн, тэсэрсэн, хүчирхэг юмнууд гардаг. Шинжлэх ухааны нээлтүүд хүртэл ихэнхи нь залуу хүнээс гардаг. Математикийн нээлтүүдийг ихэвчлэн 20-иос доош насныхан хийсэн байдаг. Физикт ухаа нь 30 нас хүрсэн бол хөгширсөн гэж үздэг. Эйнштейн харьцангуйн онолоо 25 настайдаа нээсэн шүү дээ. Тэнд нэг эрч хүч яваад байгаа биз? Туршлага хуримтлагдаад ирэхээрээ юманд их болгоомжтой, хэт хашир болоод эхэлдэг. Энэ бол хүний л амьдрал. Би тэрнээс гажсан юм байхгүй.
Мөнгө таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Мөнгө маш чухал эд дээ. Хүнд тулгарч байгаа проблемийн 70 хувийг мөнгө л шийднэ. Гэхдээ мөнгөний шийдэж чаддаггүй зөндөө юм байна, бас. Хайр дурлалаас авахуулаад хүний сайхан сэтгэл, аз шовойх энэ тэрийг мөнгөөр шийдэхгүй. Гэхдээ мөнгө маш их юм шийднэ. Нөгөө талаас бурханы сургаальд хүртэл байдаг, чинээлэг, бэл бэнчинтэй байж буян хийнэ шүү гэдэг. Цоорхой оймстой, солих өмдгүй хүн буян хийнэ гэж байхгүй. Зарим нь мөнгийг нэг их үгүйсгэдэг юм, зарим нь мөнгийг хэтэрхий бурханчилдаг. Аль аль өнцгөөс нь харах хэрэгтэй.
Хүний хэтэвч рүү өнгийх бүдүүлэг ч гэлээ хэрвээ нууц биш бол та хэр баян хүн бэ?
Би Монголын зах зээлд 600 мянган ном борлуулсан. Тэгээд л бод. Зүгээр борлуулаад, худалдчихсан 600 мянган ширхэг ном байна. Нэг номноос нэг төгрөг олсон гэж бодохоор 600 мянган төгрөгтэй байх нь ээ дээ. Дээр нь би гадаадад өчнөөн ном хэвлүүлсэн. Чиний яриад байгаа “Дори идэр дүүдээ” нийт таван удаагийн хэвлэлтээр 40 мянган хувь борлогдсон.
Орчин үед дэлхийн баячуудыг хэтэвчнийх нь хэмжээгээр биш нийгэмдээ хандаж хэр буяны үйл хийж байгаагаар хэмждэг болсон байна лээ. Тэр хэмжүүрээр авч үзвэл та олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ?
Би чамд Бодь мөрийн зэрэг ном дурсгая. Энэ бол Буддын сургааль. Энэ ном 1402 онд бичигдэж, 1640 онд монгол хэлээр орчуулагдаж. Монгол хэл өнгөрсөн хугацаанд их өөрчлөгдөөд хүн ойлгохын аргагүй болчихож. Тиймээс бид нар үүнийг таван хэлэнд тулгаж байж орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлсэн юм. Их хөдөлмөр зарсан л даа. Тэгээд манай “Гэгээрэлд хүрэх сан” үүнийг 100 мянган ширхэгийг хэвлүүлж, үнэгүй тараасан. Ийм байна. Би өөрөө гурван жилийн өмнө айхтар өвдөж, энэ номыг уншиж босож, сэхэж ирсэн юм. Энэ ном Монголын өрх болгонд очих ёстой. Нийт 600 мянган өрх байгаа, тэр тоогоор хэвлүүлнэ. Энд асар их мөнгө орно. Гэхдээ өөр улсууд надад тусалдаг. Чи сэтгүүлдээ энэ номонд нэг хуудас зориулаач. Гэхдээ буян хийхдээ хөөрөөд л, рекламдаад байдаггүй юм шүү дээ. Хүмүүст хэрэгтэй гэдэг талаас нь мэдээлэл өг. Үүнийг бид нар олсон орлогоосоо л хийдэг. Хүн мөнгөтэй болоод өдөрт гурван тогоо хоол идэхгүй шүү дээ. Хүнд өгөгдсөн хэмжээ гэж байна, идэх хоол, өмсөх хувцас. Секс гоё л доо, гэхдээ өдөрт 15 удаа хийдэггүй биз дээ. Илүү гарснаараа буян хийх хэрэгтэй. Гэхдээ тэр нь бурхантай хийж буй наймаа маягаар биш шүү. Эсвэл олон түмэнд нэр төр олох зорилго агуулбал биш болоод л явчихана.
Та ямар шүтлэгтэй вэ?
Би шүтлэггүй. Миний үеийнхэн бүгд тийм. Шашингүй үзлээр хүмүүжсэн.
Би таныг Христийн шүтлэгтэй болов уу гэж анзаарч байсан..
Хаана, юу яасан Христ? Үгүй, ер нь би христчин байж болно шүү дээ. Лал ч байж болно. Ямар шашин шүтэх нь хувь хүний хэрэг. Хүн шүтлэггүй ч байх эрхтэй. Би бол шүтлэггүй хүн. Миний үеийнхэн бүгд шүтлэггүй. Хэдэн зальхайнууд нь харин лам болчихсон явж байгаа байх. Одоогийн лам нар дотор хуучин намын үүрийн дарга нар байсан амьтад олон байдаг юм. Эсвэл дотоод яамны офицер, мэдээлэгч. Миний үеийнхэн шүтлэгтэй гэхээр би итгэдэггүй юм.
Та номондоо Бурхан гэж олонтаа дурдсан байдаг..
Бурханыг үгүйсгэх муухай. Христийн шашныг ойлгохгүйгээр, Библийг уншихгүйгээр орчин үеийн ертөнцийг ойлгох ч үгүй. Заавал Библи унш. Тэгж байж л үгүйдээ тэр да Винчигийн зурсан зургуудыг ойлгоно. Нэг л алга тавхай нь цоорчихсон шалдан хүнийг тойрсон хүмүүсийн зураг байгаад байдаг, тэрийг сонгодог гээд байх, ямар учиртайг ойлгохгүйгээр сонгодгийг нь яаж мэдрэх юм бэ?. Өнөөгийн ертөнцийг Библийг уншихгүйгээр яаж ойлгох юм бэ? Энэ бол боловсролтой хүний мэдэж байх ёстой зүйл шүү. Гэхдээ боловсролтой гээд сүмд очоод загалмайлаад суух тухай яриагүй байна. Энэ бол тусдаа асуудал. Би Библийн талаар гайгүй сайн ойлголттой, цэгцтэй мэдлэгтэй. Гэхдээ шүтлэггүй. Шүтлэггүй гэж бахархаад байгаа юм биш. Тийм л үед өсөж, хүмүүжсэн.
Хүн бүрт л өөрийн эрхэмлэх үнэт зүйл, нандигнах юм байдаг. Таны хувьд тэр нь юу вэ?
Хүн болгон үхнэ. Үхлээс хэн ч зугтааж чадахгүй. Магадгүй амьдрал бол үхлийн бэлтгэл байх. Үхэл гэдэг бол амьдралын эцсийн дүн тавих шалгуур. Энэ шалгалтанд хүн тэнцэх ёстой гэж боддог. Мөнгө, хоол хүний амьдралд маш чухал л даа. Гэхдээ хоолны төлөө адгийн шаар болж болохгүй гэж боддог юм. Хулгай, дээрэм залилан гээд аль ч үед, аль ч нийгэмд, ерөөсөө хүний орчлонд үл зөвшөөрдөг юмтай орооцолдож болохгүй. Хүн амьдралаа зөв өнгөрөөх л ёстой. Бодь мөрийн зэрэгт энэ тухай их тодорхой бичсэн байгаа. Хүмүүсийн дэндүү олонхи нь зөв амьдардаг юм шүү дээ. Бүгдээрээ Бодь мөрийн зэрэг уншаасай. Өөрийнхөө зөв амьдарч байгааг тэндээс олж мэдээд сэтгэл сайхан болно шүү.
Та эр хүний хувьд юугаар гангардаг вэ? Ер нь жинхэнэ эр хүн гэж хэнийг хэлэх вэ? Юу тэднийг чимдэг юм бол?
За наадах чинь шал гурай асуулт байна даа. Хүн өөрийнхөөрөө байх л сайхан шүү дээ. Өөрийг нь юу чимж байна гэж бодно тэрүүгээрээ л чимэг. Зарим нь морь, зарим нь хөөрөг, зарим нь хувцас, зарим нь мэдлэг гээд л. Хүүхэн болгон нөхрөө, хүүхэд болгон аавыгаа жинхэнэ эр хүн л гэж бодож байгаа. Тэдний бүгдийнх нь зөв. Тэгэхээр яс тодорхойлолт байхгүй байгаа биз?
М.УРАНЧИМЭГ
Зочин
Зочин
зураг
БААБАР АХ
Баабар ахад
Зочин
Заяийн
irgen
Ajaa taij
Ajaa taij
zaya
Baabariig demjigch
ok
oyuka
уншигч
WarsawMan
amra
amra