100 жилийн түүх рүүгээ жирэлзэж яваа манай улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам ялалтын буухиагаа энэ удаа тасдуулжээ. Энэ үйл явдал өөрсдийнх нь хувьд гэнэтийн, цочир явдал болсон байх талтай ч нөгөө талаар “Ялалт” гэх энэхүү гайхам гоё ойлголт зөвхөн тэдний эзэмшлийнх биш юм. 12 жил ялагдал хүлээн, бусдын аяыг харж, засаглалын гэрт ор гэхээр нь орж, гар гэхээр нь гарч, заримдаа өөрсдөө ч хаян гүйж, дандаа дутуу гуцуугийн гашуун хүлээсэнд тэлчилж явсан Ардчилсан нам нэг удаа бүтэн бүрэн биш ч гэсэн саналаа өөрсдөө тавих, эрх мэдлийн гоцоон дээр том дуугаран илүүрхэх хоймрын олбог дээр хагас хугас сандайлсан явдалд нь хөндлөнгийн ажиглагч бидэнд хорсоод байх үндэслэл байхгүй. Юм ээлжтэй.

Одоо ялсан, ялагдсан хоёрын хоолой дээр хоёуланд нь л бүлх тээглээтэй байна. Ялалт нь үнэмлэхүй биш. Үнэмлэхүй биш болохоор дангаараа ноёрхох бололцоогүй. 39 гэх адармаатай тоо тэднээс энэ удаа ч хулжсан болохоор  сонгогчдын өгсөн тамын гэмээр тал эрх мэдэл дээр сууцгаагаад бодлого болцгоож байгаа. Ийм юмыг хоолой дээр тээглэсэн бүлх гэхгүй өөр юуг бүлх гэх билээ.

Ялагдсан МАН-нхны бүлх бол харин нэлээн том, хатуу бөгөөд мөд залгигдахгүй зовлонтой бүлх. Ялалтдаа эргэлзээ байхгүй шахам итгэлтэй байсан болохоор бөөн хардлага сэрдлэг тээсэн нойргүй шөнүүдийг эдэлж байгаа биз ээ. Ингэхэд тэд яагаад ялагдчихав аа.

2000 оноос хойш цөөнх гэж ойлголт байдгийг, тэр хэсгийнхэн цаг үргэлж шүдний өвчин шиг янгинасан зовлон эдэлж амьдардгийг тас мартан тэнгэрт заларч ирсэн энэ хүчирхэг хүчин бас ч гэж улс орны эдийн засгийг өндийлгөж, стратегийн ордуудыг эргэлтэнд оруулж, иргэдийнхээ цалин тэтгэврийг нэмж, өдий төдий ажлуудыг хийчихээд яагаад өвдөг шороодчихов оо.  Энэ асуултын хариуг мэдээж дор бүрнээ эрцгээж, бас олцгоож байгаа байх. Гэвч эрэх нь ч, олох нь ч ялгаагүй хоолой дээр хорсолтой хатуугаар зангирах бүлх . Энэнээс өөр юуг бүлх гэх юм.

Нээрээ МАН юунаас болж ялагдал хүлээв ээ. Бүгдээрээ хариулах гэж үзье.  Нэгдүгээр шалтгаан, намын нэр сольсон явдал гэж тэдний гишүүд уурлацгааж байна. Гэхдээ ахмад голдуу, улс төрийн нарийн ширийн ойлголт багатай хэсгийнхэн энэ явдлыг гол шалтгаанаар нэрлэж байна гэж зарим нь дүгнээд байх шиг . Үнэн хэрэгтээ тэд ч гэсэн дүгнэх цэгнэх эрхтэй. Энэ дүгнэлт нь ч ор хоосон зүйл биш. Гэхдээ намын нэр солих асуудал бол ганцхан энэ үеийнхний асуудал байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй . Аль эртнээс, монголын улс төрийн амьдралд өрсөлдөгч цоо шинэ хүчнүүд дуугаа авалцан гарч ирсэн цагаас л эхтэй зовлон нь шүү дээ. Үе үеийн удирдлагууд нь бүгд л нэрээ солихыг хичээж, дотоод талдаа намынхаа ахмад гишүүдэд ойлгуулж чадахгүй,  гадаад талдаа  тохироо нь бүрэлдэж өгөхгүй явсаар энэ хүрснийг бид мэднэ.



Харин энэ цаг үед намыг толгойлж буй С.Батболд, У.Хүрэлсүх нар зориг гарган хорин хэдэн жил гадна дотныхны өмнө нүүрийг нь улайлгаж ирсэн “хувьсгалт” гэдэг үгнээс салж чадсан. Аливаа реформ араасаа ямагт эрсдэл дагуулдаг. Тэр жамыг одоо тэд эдэлж байна. Нэрнээсээ хуу татан авч чулуудсан “Х” үсэгнээс болж нээрээ тэд багагүй эрсдэл амслаа. Үнэндээ халсан нэрийг хэрэглэх эрхийг 20 жилээр хаасан хуулийн заалт энэ удаа гуулин заалт болон хувирч сөрөг хүчнийхэн жинхэнэ “Х” ажиллагаа явуулчихав. “Х” ажиллагаа.

МАХН гэх нэрийг түүхийн саванд орхиж, МАН гэх ууган нэрээ аван уухайлж, Бодоо тэргүүтнээр гул барьсан баахан сурталчилгаанд мөнгө цаг хоёроо урсгаж байх зуур нь АН-ныхан анаж байгаад сандал дээр нь зүү зоочихсон.  Тэр нь “Х” ажиллагаа гэх зүү байв. “Х” гэх энэхүү сэрээ шиг үсэг хөөрхий тэдэнд мөн ч их гай удах юм даа. Аваад чулуудахад л ард нь шүүх засаглалаар дамжуулсан хорлонтой бодлого явж, буцаагаад экс даргад нь өгч золигтдог байгаа. Ийкс-ийг аваад өвөртөлчихсөн Экс жинхэнэ хагалаад, хорлоод өгдөг юм байгаа биз дээ.
 Хагарсан, хуваагдсан нэрнүүдийн дунд хөгшид нь төөрөлдөж, хүмүүс нь үймрэлдэж юм юм болов. Ийм хөрсөн дээр хөлжиж, сөрөг хүчнийхэн том давуу талтай сонгуульд орсон. “Х” ажиллагааны нэгдүгээр амжилт энэ юм. “Х” бол бүх математикийн зорилго. Энэ хорвоогийн бүх эрэл хайгуул, бүх бодлого гагцхүү үл мэдэгдэх “Х”-ийн хариуг олоход л чиглэгддэг. Бүх амжилттай бодолт тэрхүү “Х”-ийн хариуг гаргадаг. Ийм л жамтай. Залуудаа манай Гончигоо  “Х”-ийг олоод бөөн кайф авдаг байсан биз. Түүний төлөө л тоо гэдгийг боддог болохоор. Энэ кайфыг Элбэгээг одоо эдэлж байгаа гэнэм. Улс төр ч гэсэн математик. Тэгэхээр гайхах юу байхав. 

Үнэхээр яаж ч харсан аймшигтай “Х” ажиллагаа явагдсан болохоор эздийг нь энэхүү элит зиндааны тоглогчдоос эрэх нь миний буруу биш л дээ. 

Бод л доо, МА”Х”Н...дундаасаа гаргаад л шидлээ, МАН боллоо. Баахан найр, дуу хуур болж байх зуур нь эргээд МАХН гэсэн малгайтай, өлөн зэлмэн сүрэг цөөвөр үсээ босгоод байдгаараа архиралдчихсан зогсч байдаг байгаа. Ёстой самарсаан.  
Энэ амжилттай ажиллагааны үргэлжлэл 2013 онд ч АН-д том түшиц газар нь болно гэсэн тооцоо байгаа. Бас л үгүйсгэхэд хэцүү тооцоо доо.  Харин “ Х ” ажиллагааны хоёрдугаар бүлэг юу байв аа. Нүдээ аниад тэмтэрсэн ч энэ бол “Х”урц гэсэн “ Х ” ажиллагаа. 

Хуучин Ерөнхийлөгч Н.Энхбаярт АТГ-аас үүсгэн шалгасан эрүүгийн хэрэг өнөө ч эцэслэгдээгүй байна. Энэ сонгуулийн дүн эцэслэгдэхийг нь ч эргэлзээнд оруулав. Хэрэв шударга ёс, хуульт ёс гэж байдаг бол эцэслэгдэх ёстой ч монголын хуулийн байгууллагууд улс төрөөс хараат хэвээрээ байгаа учраас энэ зүг рүү тэгтэл хариуцлагатай ширтэх хэрэггүй ч байж мэднэ. За, энэ ч яахав. Тусдаа хэрэг.

Бүтэн жил АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн байцаагчдыг хаалганыхаа гаднаас доромжлон буцааж, мэдүүлэг байцаалтаа ч өгөхгүй хуулиас гадуур даналзсан Н.Энхбаярыг гэнэт сонгуулийн өмнө баривчилсан. Баривчлах баривчлахдаа харахын аргагүй бохир аргачлал сонгосон нь олон түмнийг тэр чигээр нь эргүүлсэн гэхэд болно. Энэхүү ажиллагааг АТГ-аас зохион байгуулсан ч нийгмийн бүх уур хилэн Хууль зүйн яамны удирдлага руу чиглэсэн. “Х” ажиллагааны анхны тооцоо яг ёс дүрмээрээ явсан нь энэ. Ц.Нямдоржийг л хорлож, унагаж байвал хаа хаанаа таашаал эдлэнэ шүү дээ.  Энхбаярыг хөл гарыг нь гозолзуулан, хүрз жоотуу болон ачиж явсан аймшигт шуугианы хөлд эрх барьж буй намын нэр хүнд шалан дээр унав.  “Х” ажиллагаа ёс горимоороо явсан нь энэ. Гардан шалгасан, шүүхэд баривчлах хүсэлтээ гаргасан гол эзэн АТГ-ыг биш Хууль зүйн сайдыг занаж зүхэх зохион байгуулгатай орилоон бүтэн сар явав. Огцруулах барихдаа тулав. Нам дотроос нь бүлэг этгээдүүдийг босгож ч үзэв. Харин хэргийн эзэн, гол автор Хурц таг бүгэв. Төрийн тусгай хамгаалалтаас нэмэгдэж ирсэн багахан хүчнээс болж зориуд цагдааг авчрах нь тусгай тооцоо байсан. Намбар гуайн “Оргил”-ын гадаа цагдаа ирэнгүүт үймээн дэгдээх залуус ч бэлэн байлаа.  Энэ хүртэл “Х” ажиллагаа хяналтаас гарсангүй. Ном дүрмээрээ л жирэлзэв. “Х” ажиллагаа Н.Энхбаярын эмийн ханд, ясны шөлтэй өлсгөлөнгөөс эхлэн санаачлагаа алдаж эхлэсэн. Н.Энхбаярыг далд хийчихнэ, МАН-ын хуваагдал, иргэдийн сэтгэл хөдлөл, монголчуудын ханарсан тогтворгүй уур амьсгал дээр сонгуульд орж бүтэн еэвэн өвөртлөнө гэсэн супер  төлөвлөгөө эндээс буруу эргэсэн. Нөгөө эрүүгийн хэрэгтэн Энхбаяр нь үндэсний удирдагч, энхрий хайрт эцгийн дүрд эргэн очсоноор хорионоос салаавчтай гарч ирэх нь тэр. Чингээд тогтсонгүй, олон түмнийг уйлуулж хайлуулан ханаруулж, гар хуруугаа үнсүүлэн мандаж, гарын таван хуруугаар хэмжигдэж байсан хувьтай МА”Х”Н-ын рейтингийг гэрлийн хурдаар өсгөөд шидчихдэг байгаа. “Х” ажиллагаа ингэж бүр мөсөн удирдлагаа алдав. Муу санаа яван хатна гэдэг энэ буюу.” Х” ажиллагааг яг хаана нь, хэзээ зогсоон барих байсан юм бол. Тооцоог хэн алдсан, хэн алдуулсныг хэргийн эзэд л мэдэж байгаа байх.

Одоо харин яах вэ. Муу ёрын “Х” үсэг мундахгүй гай чирчихлээ. Н.Энхбаяр одоо “Намайг цагаатга” гэсэн ганцхан шаардлага тавина. Хүлээж аваад МАХН-тай эвсэх үү, татгалзаад хоёр сар муу муухайгаараа дууудалцсан МАН-ыгаа гуйх уу. Тэгвэл АН хийгээд МАН-ын энэ ээдрээтэй харилцааг зохицуулах стратегич хэн бэ. Ерөөс МАН-ын хувьд энэ удаа стратегичгүй сонгууль хийчих шиг. Нарийн шинжихэд яагаад ч юм нэг л гүйлгээ тархи, хурдтай, эрэмгий, хүчирхэг бодлого хийдэг технологи үгүйлэгдээд байсан.

Өнөөдөр МАН-ын зарим фанатууд намын дарга С.Батболд, Нийслэлийн намын дарга Г.Мөнхбаяр нарыг цагаан байшингаар нэг ил далд харааж зүхэж байна гэнэ. Тэрэндээ тулбал жишээ нь, Г.Мөнхбаярыг бол шалдан л гүйлгэсэн шүү дээ. Би хувьдаа хотын фракцийн үндсэн хөл энэ удаа хөдлөөгүй л гэж хэлнэ. Хоёрын хооронд хувьд ч, хувьсгалд ч хэрэггүй хар муурнууд гүйлдэж хөндий сэрүүн уур амьсгал зарим хүмүүсийн дунд үүсгэсэн. Хэдэн жил явсан энэ хор өнөөдөр хотыг ялагдалд хүргэлээ. Яг үнэндээ АН-ын мөрийн хөтөлбөр илүүдээ, Ардын баатар хотод их юм хийнэ гэсэн итгэл найдварыг төрүүлсэндээ биш шүү дээ. Энийг бол хэнд ч адлагдахаас айхгүй хэлнэ. 

Ийнхүү  сонгууль явагдаад дууслаа. МАН-ын хувьд ийм л сонгууль боллоо. Гэхдээ  энэ бүхний эцэст өнөөгийн баг чадлаараа ажилласан гэдгийг нь хэлэх ёстой. Үнэлэх ч ёстой. Угаасаа аливаа юманд хуруу дутах, хувь дутах тавилан гэж байдаг шүү дээ.