Ардчиллыг дэмжигчид С.Зоригийг алаагүй, араандаа зуугчид хөнөөсөн гэж молхи толхи би 26 жил дотроо сэрдэнгүй явтал Ц.Элбэгдорж журмын нөхрөө алсныг ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэнээс хойш бие хямраад нэг л биш. Үхэх ч яахав-хугацаа нь болсон юм чинь гомдолгүй. Харин ардчилалдаа харамсаад нойр хулжсан нь мэдээж зөнөснийх. Юу ч гэхэв дээ Элбэгдоржоо. Чи ардчиллыг хөнтрөв. Чамтай нэг үзэлд багтаж явсандаа ичиж байна. Лам хувраг удмаа хөнөөлгөж, нударган гэж хавчигдсан айлын (нулимстайгаа холилдож өссөн) отгон хүү би 1990 оны ардчиллыг сэдэгч хэдэн жаалд хөл газар хүрэхгүй баярласан буурай нарын нэг. Ардчиллын анхдагчдаар бахархан магтаж явсан зохиолч-насны эцэст нүүрээ хийх газаргүй боллоо. 

Захын тролл намайг “алуурчин Ц.Элбэгдоржийгоо хар” гэж ам асууж байна. Мөр зэрэгцэн тэмцэж явсан хамтрагчаа устгахыг захиалж буйг, гүйцэтгэгч нь хутгалж буйг шидэт херо Баатарын ээлжит цувралаар харах л үлдлээ. Сонгуулийн өмнө хэлсэн үгээ нотлооч ерөнхий сайдаа. Зохиолч-нам харгалзахгүй үнэний талд зогсдог. Монголд үнэн ялахыг үхэхийн өмнө үзээд та нарын төлөө шулуудсан итгэлээр саналаа өгье. Ерөнхий сайд, МАН-ын даргынхаа мэдэгдэлд итгэх ёстой, үнэмших учиртай. Ийм журамлаг ёс зүй бол биднийг хөтлөгч гэгээрлийн чиг. 

Сонгуулиар ардчиллын анхны хэдийг амьтны адаг, адсаганы шороо гэх зүхэл МАН-аас, бүр АН-аас ч сад тавив. Гэлээ ч Ц.Элбэгдоржоос болж би ардчиллаа хаях зохиолч бишээ. Содномдаржаа Чимгээ хоёрын аллага гэгчид итгэл төрөхүйц баримт огт байдаггүй, ийм болхи гүтгэлгийг ямар тэнэг нь зохиож, ямар тэнэг нь үнэмшив ээ гэмээр ч гурван шатны шүүхэд итгэх мөн л бидний эзэмшвэл зохих хүмүүжил. Тагнуулын дарга Увсын Хурц, ерөнхийлөгч Ховдын Элбэгдорж хоёр дов жалгаар хуйвалдамгүй яа?! Сээтэн чихтэй бол чонын бэлтрэг, сэрүүн санаатай бол баруун аймгийнх гэдэгт би дургүй. 

Ардчилагчид нүдний булай болсонд тэдний дунд сэтгэл сэргээх нэгэн байна уу гэж гутрав. Буриад баавай-зохиолч Сэнгийн Эрдэнэдээ би хайртай. Түүний хүү Бат-Үүлийн үзэл минийхтэй нийлдэг. Монголчууд 90 оны ардчиллаа булшилж буй энэ үест Үүлийнхээ тухай дахин бичвэл уужирч юу магад гэж годьдлоо. Гуч гаруй жил сүүмэлзээд бөхөж буй ардчилалтайгаа салах ёс гүйцэтгэхэд хэнийгээ дурсах вэ гэснийх шүү.

Бат-Үүлээ, чамайг өмөөрч дэмждэг минь хэврэгшиж буй ардчиллаа л хайрласан алхам шүү. Чи Ц.Элбэгдорж, Х.Баттулга шиг ерөнхийлөгч, Н.Алтанхуяг шиг ерөнхий сайд, З.Энхболд шиг УИХ-ын дарга байтугай шилэн Цогоо шиг орлогчсайд ч болоогүй. Болгоогүй. Чамайг голсон юм биш. Чамаас айсан юм цаадуул чинь. Чи ардчиллын онолд бузгай нэвтэрсэн бөгөөд үнэт зүйлсээ хамгаалах ёс зүйгээр тууштай нь. Энэ үгэнд чамд жөтөөрхөгчдийн хор буцалбал буцлаг.

Чиний баривчлагдан ачигдаж байгаа болон аавынх шигээ цагаан халимгаа зулгаалгаж буйг чинь телевизээр хараад чамайг хайрлаж өрөвддөг. Зохиолч ааваас чинь болж би чамайг өмөөрөөгүй. 30 гаруй жил дүү минь чи өөрийгөө үзүүлсэн. Чамайг УИХ-д сонгохоо больж. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэж тунгаа. Мэдрэмжгүй сонгогчид Монголыг ялзруулав. Сонгогчид гэгээрвэл хулгайчид бус лидерүүд ялна. Сонгогчид харанхуй бол Будда ч дэвшээд нэмэргүй. Э.Бат-Үүл “Эрдэнийн төгөл” хотхон хулгайлсан мөнгөөрөө барьсан гээд хуйларч байна. Тэд ардчиллыг сонгохгүй нь мэдээж. Үүл минь дээ чи бидэнд итгэх хүн алга болжээ. Монголын ардчилал оройн нар мэт уулын цаагуур далд орж, эх оронд харанхуй нөмрөв. Жаргасан нар манддаг даа уг нь.



Ардчилалд уриалсан пости коммунистуудаар төр засаг дүүрээд хуучин руугаа шуудрав. Нар баруун хойноос мандах юм байлгүй. Эхлээд Лукашенко араас нь Путин. Нүд аньж буй өгөрт ийм юм бичих илүү зан ч үр хойчдоо захихад: өргөст хэмхгийг хичнээн ч бордоод тарвас болдоггүйн адил коммунизмээс ардчилал, чөлөөт зах зээл цэцэглэх нь юу л бол. “Шинэ хоршоо”-г дэмжье. Гэвч 5 их наядыг сонгуулиар цацах нь сэжигтэй. “Шинэ хоршоо”-г холгоод балалчихгүй бол малчид хэрэгжүүлж элбэг чадна. МАН далимдуулж сонгуулийн ялалт суйлах гол зорилго нь болтой. Нэг үгээр түр зуурын хожил. Дараа нь Хадгамж зээлийн хоршооны төгсгөл давтагдаж, малчид өрөнд унаж, шоронд шидэгдэхгүй бол яамайсан.

Ардчилал коммунизм шиг нурж, нэг намд атгуулбал Бат-Үүлийн хийсэн ажил Бат-Үүлдээ хаяглагдана. Ардчилал сүйрвэл ардчиллаар эхэлсэн бүх ажил буруудаж таарна. Бурууг санаачилсан этгээд хэн бэ гэнэ. Өмч хувьчлалыг санаачлагч нар хэн бэ? Бат-Үүлийн нэр дуун дээр гарна. Иргэддээ гадаад паспорт олгохыг хэн сэдсэн бэ? Бат-Үүл. Нэгдлийг хэн тарааж, малыг малчдад хэн өгсөн бэ? Орон сууцыг хувьд өгсөн шийдвэрийн мөрөөр яллах эздийг хайна. Буруудагч нарын эхэнд шоовдор Бат-Үүл ял сонсоод цагаан халимгаа хийсгэж зогсох бий. Тариачдыг газартай болгох-тракторчдын самууныг хэн турхирлаа. Бат-Үүл. Эх орноо хоосолж, иргэдээ ядуурлын балчиг руу түлхсэн хамгийн гайтай ардчилагч бол Бат-Үүл гэж сошиалаар дуу авалцан уухайлна. Ардчилал баларвал Бат-Үүлийн амжуулсныг хэн ч булаацалдахгүй. Энэ өнцгөөр харвал Бат-Үүл ардчиллын бүх өөрчлөлтийг сэдсэн гол этгээд мөн нь нотлогдоно. 

Зориг Бат-үүл нарыг хийтэй бацаанууд гэж басамжлан дооглож байсан коммунистууд Зөвлөлт импер сэхэмгүй хазаймагц ханцуй шамалснаа хүн мэдэхгүй мэт өдгөө сүртэй пээдийдэг. ЗХУ нурмагц коммунистууд анхдагч хэдийг бүдгэртэл ардчиллаар галзуурсан. Ардчиллын тугийг булаасан тэд эргээд Бат-Үүл нарыгаа намнах гэж гучин жил гөрөөллөө. Шоронд хоригдсон М.Энхсайхан нар өөрсдийгөө гэмгүй учраас бүү өршөө, харин цагаатаг гэсэн. Юутай ч бүгд суллагдсан. Өршөөл үү цагаатгал уу? Гэмгүй хүн хилствэл өршөөгдөх бус цагаадах учиртай. Тиймээс цагаадсан лидерүүд хилсдүүлэгч шүүх прокуророос ял нэхэх ёстой. Хилсдүүлэгч нарынхаа цолыг дуудаач эзэд нь.

Баривчилгаа намжив уу гэтэл Э.Бат-Үүлийг шоронд хийчхэв. Олон жил мөшигсөн занал даа. Өө хайгаад л явсан. Э.Бат-Үүл С.Зоригийг хөнөөсөн нь нотлогдоосой гэж байж ядсан этгээдтэй би таарч байв. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж буриад хөвүүн Бат-Үүлийг буриад оросын эрлийз ардчиллын анд Зоригийнхоо эхнэртэй садарладгаас хөнөөсөн болгох гэж шоронд хориод, нотолж чадалгүй суллаж байв даа. Зоригийг алчаад Эрдэнэтийн өшөөг авав. Дараачийнх нь Бат-Үүл гэж гэргийд нь хэлснийг дурсахаа больж. Бат-Үүлийг хамгаалахаар очсон хотын цагдаагийн дарга Н.Ганболдтой хамт Зоригийнд очихдоо хадам ээжийнхээ нарны малгайг санамсаргүй өмсөөд тэнд мартсаныг шалгаж тогтоосон ч “Бат-Үүл алаад малгайгаа мартсан” гэж өдөж, могойн хэл гялалзуулна. 

Ю.Цэдэнбалын үед бол муу Үүл Д.Төмөр-Очир шиг “өөдгүй хүн алуулах нь зөв” гэсэн нууц хаягтай дурсагдахгүй мартагдах байсан биз. Төмөр-Очирт МАХН харамсаагүйгээр үл барам дурссан хүнийг араандаа зуудаг. Төмөр-Очир устгалд өртсөн золбин нохой мэт өнгөрөх хэнд ашигтай байв? Үүнийг захын халх мэддэг. Төмөр-Очирыг зэрлэгээр хөнөөсөн аллагыг мөшгөлгүй хав дарсан. Эмгэнэлтэй үрэгдсэн Д.Төмөр-Очир гэгч халхын хүүг нулимсан МАН С.Зоригт харамсах нь эргэлзээтэй. Харин түүнийг ардчиллын анхны нэг лидер алсан аваас сонгуулийн ялалт-бөөн баяр. 

М.Энхсайханд тулгасан хорлон сүйтгэгч гэх ялаа нотолж чадалгүй албаны машины үнийн зөрүүгээр ялалсан. Ц.Нямдорж хүүдээ тэрбумаар Эрдэнэтэд шахаа хийх боломж олгосноо телевизээр гайхуулж сайрхахад ардчиллыг зүхдэгчид алга ташсан бол Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа хүүдээ боломж олгосон гэж 4 жилээр ялласан. Хүүдээ боломж олгосныг нотолж чадалгүй суллаад “өршөөл” үзүүлэв гэж нэрээ цэвэрлэснээр “энэрэнгүй төр” гэх үнэлгээ өөрсөддөө наав. 

Ялын захиалгыг ерөнхийлөгч Х.Баттулга шүүгчдэд өгдөг гэх мэдээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цацсан. Нямбаатарыг гүтгэлээ гэж Баттулга шүүхэд өгснөө зарласан. Тэгтэл өнөө Баттулга нь ерөнхий сайд Оюун-Эрдэнээс асуух бус зөвлөх эрхтэй томорчээ. Ерөнхий сайдын зөвлөх Женко салбар яамны сайд Нямбаатарт зөвлөх бус томрох эрэмбэ үүсэв. Женко Нямбаатар хоёрын гал ус шиг хэрүүл ийнхүү унтарлаа. Энэ технологи нэг мэдэхнээ ноёлчих вий гэж би зовнино.



Хорлон сүйтгэгчийнхээ гэм бурууг нотолж чадалгүй сулласан уурандаа Бат-Үүлийг шүүрэв үү. Үүлийн шоронд орсныг эндээс хай. Адгийн Монгол парламент, чөлөөт зах зээл, хуулийн засаглал, гурав дахь хөрш гэж оодорч буй нь ардчиллын анхдагчдаас үүсэлтэй гээд Лениний хөшөөг буулгасан эсэргүү Бат-Үүлийг намнах хяхуу Кремльд бүрэлдсэн. Бат-Үүлийг түргэн түүхий ялласан нь нууц ноёндоо үнэлэгдэх гэж Х.Баттулга, З.Энхболд хоёрын яарсных гэх хардлага дагуулдаг. 

ХХI зууны аясыг сөрөлгүй дагаж-ардчилал чөлөөт зах зээлээр замнаж, гадны эрхшээлээс ангижирч, хөршүүдтэйгээ тэгш, хэн хэндээ ашигтай харилцах гэж тэмцсэн Бат-Үүл чамайг би хүндэлдэг. Чам руу хаанахын ашиг сонирхлоор хэн довтолдог нь надад андашгүй. Үүл хуралдвал хур бууж өн болдог. Аав чинь чамд Бат-Үүл нэр хайрлажээ. Буриад зоныг хүйс тэмтэрсэн геноцидыг бялчир насандаа туулсан аав чинь чамд бас надад нөлөөлсөн. Халдашгүй суут ганц нам бус олон нам ухаан уралдуулан улсаа жолоодох замыг сонгоход чиний оролцоо их. Гэвч чамайг тоох хүн ховордсоор. Харин би ардчиллын бартаат харгуйд алдаа гарлаа ч либериал үзлээсээ гуйвахгүй зохиолч гэдгээ давтъя.

Өлсгөлөн зарлаж Улс Төрийн Товчоог огцруулсан, ардчилсан сонгууль, олон намын систем, өмч хувьчлал зэргийг анхны хэд эхлүүлсэн. Үнэн биз дээ. 200 000 гаруй түшмэл хуйгаараа МАН-ын татаас байхад ардчилагчид Төр засгийн ажилд оролцох боломжгүй. Энэ гажуудлыг залруулж чадах лидерүүдийг шилэх эрхийг зөвхөн сонгогч олон эдэлдэг. Сонгогчид зүхэгчид болсон нь даргын төлөө зодолдсон ардчилагчдын гай. 

Чанга гараар атгах нэг намын тогтолцоо-Орос Хятад шиг том гүрнүүдэд таардгийг үгүйсгэхгүй. Монгол шиг өчүүхэн эдийн засагтай 3-хан сая хүнтэй улс нэг намын ноёрхолд орвол нэгд-хүний эрх, эрх чөлөө хумигдах эрсдэлтэй, хоёрт-гадны нөлөөнд ганц нам, ганц жолоодогч сөхрөх-хялбар. Тиймээс жижиг улсын Төрд хараа барааны хоёр нам зөвлөлдөж явбал ухаалаг шийд гарахаас гадна, гол нь олонх цөөнх-Чойбалсан Цэдэнбалаас илүү дархлаатай. Бодлогоо хамгаалахад хоёр нам ганцаардахгүй, гадны дээрэнгүй ховдог хоншоорыг шогнойлгоно. 76 гишүүнтэй парламент олонхоороо шийднэ гэхэд хоёр намын алиар МАХН-ыг орлуулж, олонх цөөнхөөс хэнийг Цэдэнбалын хойд дүрээр тодруулах тулгалт санасны зоргоор бүтэхгүй. Энэ бол эвдрээгүй монгол ухааны ололт. 

Гэтэл ардчиллын энэ алтан боломж алдагдах ёр нүүрлэв. Нөлөөллийн үл үзэгдэгч бүслэлт гадна дотноос сэм хумьж эхэллээ. Сэхээнд орсон сөрөг хүчнийг сэргээх лидер АН-д байна уу. Бат-Үүлээс илүү хэлэх үгтэй хийсэн ажилтай, түүнээс ухаалаг, түүнээс туршлагатай тэмцэгч алга. Бат-Үүл бол харьшгүй ясны ардчилагч. Тийм ардчилагч дэндүү цөөн. Хөгшин залуу цөм шуналтай-хуурамч сүржин гарууд.

МАН-аас угшилтай гурван өндөрлөг, 62-ын өөдөөс цагаан толгойтой ганц баавайн хуцах чимээг анирдаж суувал, сонсох мэдэх эрхээ алдаж буй улсад үгүй дээ ардчилалтай улсад амьдарч буй санагдана. Дангаар ноёрхож дураар дургигч хэт олонхийг хазаарлах-хүн амд ашигтай. МАН цэвэршихэд-тустай. Бат-Үүл хашааныхаа газраар орон сууцанд орох төсөл зүтгүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр олон мянган өрх тохилог сууцтай болсон. Төслөөс бус хүнээс шалтгаалж орж чадаагүй нь ч бий. Улсын төсвөөр сантехникийн шугам тавиад өгье, айлууд хашаандаа өөрсдийн сонирхлоор тохилог сууцаа бариад гудмандаа очсон шугамд холбочих гэж уриалсан хотын дарга бол Бат-Үүл. Хашаа орон сууц болж утаа арилбал Бат-Үүл үнэлэгдэж МАН хохирно гэх мунхгууд төслийг муулсаар унтраасан. Өнөөдрийн утааг хар. Хорт утаанд хэд маань амь алдав.

Бат-Үүлийг баатар болсонд атаархагч, хуучнаа хамгаалагч, ардчилалд хорсогчид тэчъяддаг. Бат-Үүл мэтийн шинэлэг лидерт баатар гэх хоцрогдсон алдар хэрэггүй байсан юм. Зохиогүй. Өндөр албанд тавиагүйн төлбөр гэж би харддаг. Коммуны хуаранд доромжлогдсон хөөрхий олноо эрхтэй, өмчтэй болгосон зүтгэлд чинь ирээдүй мөргөнө. Баатартай баатаргүй Бат-Үүл миний бахархал. Аавд чинь өргөх үг энэ. Зохиолчид үхсэн ч үг нь парламентын ээлжит сонгуулийн хугацаанаас арай удаан оршдог. Орос хэт ойртвол эрх чөлөө холдоно гэх зовиур хоосон айдас байх болтугай гэж залбиръя.*



*Аль эрт бичиж зурсан намтраганууд маань өнөөдрийн эмзэг асуудлуудаас тэгтлээ холдоогүй санагдаад дахин толилуулав. Уучлаарай тэнхэл барагдсан буурайг.

2024-06-07