Ц.Нямдоржид дөрлүүлсэн төр гэж байх учиргүй
МАН-ынхны толгой эргэчихэж. Мөс, өвс, юу байдгийн, бүх төрлийн мансуурах бодисыг хувааж хүртээ юу гэмээр манарчихсан байх юм. УИХ-д 65 суудал авч, дангаараа Засгийн газар байгуулсан гавьяандаа манарав уу.
М.Энхболдод хариуцлага тооцонгоо PM “цол” нэмэх үү
МАН-ынхны толгой эргэчихэж. Мөс, өвс, юу байдгийн, бүх төрлийн мансуурах бодисыг хувааж хүртээ юу гэмээр манарчихсан байх юм. УИХ-д 65 суудал авч, дангаараа Засгийн газар байгуулсан гавьяандаа манарав уу. Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдаж, хэдийгээр Төрийн хамгийн өндөр албан тушаал боловч цагаа тулахаар хязгаарлагдмал эрх мэдэлтэй нэг суудлыг АН-аас нэр дэвшигчид алдаад л мангартчих нь энэ үү. Угтаа “урт хутга” ч бил үү тэр хүн нь л “топор” гээд байгаа нэг нөхөртэй хуйвалдсан гээд уначихаар нам нь Монгол Ардын Нам мөн гэж үү. Энэ нам У.Хүрэлсүхээр удаа дараа тоглууллаа. “Намын нэрийг солиод ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэж тэнэгтэхэд нь нэг хууртсан. Намын дэргэдэх залуучуудын байгууллагыг хагалан бутаргасан. Одоо намаа хагалан бутаргах үүрэг хүлээсэн нь өөрийнх нь суудлыг хөндөх хэмжээнд хүрч бантсандаа “Намайг тагнаж чагнаад байна” гээд Засгийн газраа огцрууллаа. Хамгийн их зовоодог, тэнэг хүүдээ хайртай байдгийн адил У.Хүрэлсүхдээ МАН-ынхан хайртай. “Томоотой” байсан бол хайранд нь умбаад МАН-ын дарга, Ерөнхий сайд болгоход бэлэн байв.
Авууштай тал нь тэрбээр гэнэн, цочмог болохоос Ц.Нямдорж шиг зальжин, шуналтай биш л дээ. У.Хүрэлсүх томоотой байгаад Ц.Нямдоржид хүссэн бялууг нь өгчихсөн бол өнөөдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэвийн ажиллаж, ОУВС ч дүнгээ тавиад ээлжит хөрөнгө оруулалтаа хийх байлаа. “Оготны уршиг олондоо” гэгчээр тун жижиг шалтаг байгаа биз. Тиймээс ч сөрөг хүчнийхэн огцруулахад тэгтлээ чангаар алга ташаагүй юм. Есүүлхнээ ч гэсэн тэдэнд ийм хүчирхэг Их хурлаар хамгаалуулсан Засгийн газрыг унагахын тулд том шалтаг хэрэгтэй байв. Тэд үүгээрээ ялгарч, сөрөг хүчний үүргийг гал цогтой биелүүлдэг билээ. Гэвч МАН-ын 33-ын тэнэглэл тэднийг дуртай дургүй кноп дарахад л хүргэсэн. Ийм нөхцөлд яаж баатарлагаар дараагийн Засгийн газарт орохоос татгалзахгүй гэх вэ. Тэгж намынхаа нэр хүндийг шороотой холих тэнэгүүд биш л дээ.
Одоо тэд МАН хэдэн удаа Засгийн газраа унагаахыг тоолох, тэр болгонд кноп дараад сууж байх л үлдэж байх шив. Үгүй л болов уу, тэдний дотор “Хөөе, наад улс орон чинь сүйд боллоо” гэж хэлэх нэг ч атугай гишүүн бий. Энэ бол 1996 -2000 он биш. Тэр үед бол хэн ч сайд гэж хэлүүлэхийг хүсдэг, огцруулахад гоё, юун олон түмнийг бодох, өөрийгөө л боддог байсан. АН-ын дарга С.Эрдэнийн үгийг ч сонсоход тааламжтай, сөрөг хүчний үүргээ биелүүлсэн, “Дараагийн Засгийн газрыг байгуулах асуудал удах тусам муу”-г мэддэг” болсон байна. Ээлжит бус чуулганыг 30 хоногоосоо наана зарлахыг шаардана гэж байна.
Гэтэл дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг нь тун тодорхойгүй байгаа юм. Нам дотроосоо Засгийн газраа огцруулж байгаа болохоор ч тэр үү, 6-7 нэр Ерөнхий сайдад өрсөлдөхөөр дуулдах боллоо. “Хуваах тусам хуваагдана” гэдэг хятад үгийн утга ч энэ. У.Хүрэлсүх сайн хуваасан байгаа биз. Гэхдээ “Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг эвлүүлэг гэдэг болохоос Энхболд, Сандуй хоёрын яриаг эвлүүлэг гэдэггүй” гэдэг шиг “Ц.Нямдоржийг Ж.Эрдэнэбатаар солихыг шинэчлэл гэдэг юм уу, У.Хүрэлсүх ээ! Эсвэл Намын дарга М.Энхболдод хариуцлага тооцонгоо түүнийг “тушаал буулгаж” УИХ-ын даргын суудлыг нь Ц.Нямдоржид авч өгөөд М.Энхболдод PM цол нэмж гурван давхар дээлтэй болгомоор байна уу.
Саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээрх өнгө аясаас харахад бол Ц.Нямдорж даргад Ерөнхий сайд болох сонирхол байгаа гэдэгтэй хэн ч маргах аргагүй. Түүнийг PM болгоход болохгүй юмгүй. Гэхдээ иймдээ хүртэл асуудлыг хурцатгалгүй “Эрдэнэтийг зохицуулсан” бол өнөөдөр МАН гэдэг их айлын өргөө гэр бүтэн, өртэй ч гэсэн хоолтой хонох байлаа. Харин одоо асуудал тун ч ярвигтай боллоо.
Ц.Нямдорж Ерөнхий сайд болж гэмээнэ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьд хамгийн түрүүнд санаа зовинож явдгийн хувьд ы “алдааг нь засна”. Бүр Төрийн банк, Хөгжлийн банк, хаашаа ч “яарч” мэднэ. Яг л Оюутолгойн орд, MCS, Энержи ресурс, MMC зэрэгт санаа тавьдаг шигээ л “зохицуулна”.
Түүнтэй өрсөлдөгч нь М.Энхболд. “Намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой” гэдэг нэрээр ийм “тохироо” хийх гээд улайраад байгаа дүр зураг харагдаж байна. Харамсалтай нь М.Энхболд, З.Энхболд шиг л парламентаа атгасан намын дарга байхыг хүсч буй. Харин намын нэр бүтэн байгаасай гэвэл, тэрбээр намын дүрмээ дагаж мэднэ. Эсвэл “бэл бэнчин муутай гэх сөрөг талтай, ноён нуруутай төрийн хар хүн” гэдэг эерэг талтай Н.Энхболдын “АТМ” нь байж, хүүхэлдэйгээ болгох гарц буй ч Н.Энхболд ийм болзлыг хэрхэвч зөвшөөрч нутгийн амьдаагийнхаа амьгүй албат болохыг хүсэхгүй. Хэчнээн бэлтэй ч худалдаж авч болдоггүй зүйлийн нэг бол энэ юм.
Ер нь У.Хүрэлсүх шинэчлэлийг хүсээд байгаа бол яагаад ах нараасаа хайгаад байгаа юм бэ. Яагаад өөрөө, эсвэл Ж.Энхбаяр, С.Бямбацогт, бүр Л.Оюун-Эрдэнийгээ сойхгүй байгаа юм бол. Дахиад Засаг унахыг харахыг хүсээгүйдээ л тэр болов уу. Одоо хамгийн удаан тогтох Засгийн газрыг байгуулъя гэвэл Увсын бүлэглэл, хотын фракци, MCS-ийнхэн, “Топорчид” гээд бүх бүлэглэлээс эн тэнцүү холих, үүнд үнэхээр чухал төсөл хөтөлбөр, зөв ажил эхлээд байгааг нь үр дүнг нь үзэхийн тулд дахин томилох, хэдийгээр хэрэгтэй ч адлаад, хэмнэх гээд байгаа дэд сайдын суудлыг үгүй хийх зэрэг болзлыг хангахад болно. Гэвч албан тушаал авахын тулд мөнгө төлсөн байж болзошгүй ч биш ерөөсөө 60 тэрбумын хэрэг гэгч байсан гэж үзээд огцруулсан бүлэг доторх албан бус бүлэг дээрх болзлыг хангаж чадах уу. Чадахгүй бол дээрх хоёр Засгийн газарт багтаагүй хүмүүсийн гомдлыг чирээд гурав дахь Засгийн газар төрнө. Улс орны нэр хүнд, эдийн засаг, хөрөнгө оруулагчдын итгэл, амлалт өгч гар барьсан уулзалтуудаа мартацгаа гэх шаардлагатай болж байна. Үүндээ тулбал гадна шившиг болсноос дотооддоо булайгаа дэлгэлцэж УИХ-аа тараая! Буруу сонголт хийжээ гэж халаглаж буй сонгогч олон байна. Олон Засгийн газар “тэжээснээс” нэг удаа дахин сонголт явуулъя. Тэгвэл ийм хувилбарт хөтөлж авчирсан 33 гишүүн МАН-ын өмнө буруутай ч сонгогчдын өмнө гавьяатай ч гэгдэх юм бил үү. Сүхний мөн чанар бол хагалах. “Энэ сүх” дэндүү олон, дэндүү үнэ цэнтэй зүйлийг “хагаллаа”. Хэний “сүх” байсан нь ч тодорхой боллоо. Ямар ч байсан У.Хүрэлсүхээр “хагалуулсан” нам, Засгийн газар, УИХ байлаа гэхэд Ц.Нямдоржид дөрлүүлсэн төр гэж байх учиргүй.