Хотоо хот шиг болгохын хүслэн буюу нэгдсэн ложистик - терминалтай болцгооё
Японы хотуудын нэг онцлог байдаг юм. Тун цэвэрхэн, бүх юм тэнд хачин цэгцтэй.
-Японы хотуудын нэг онцлог байдаг юм. Тун цэвэрхэн, бүх юм тэнд хачин цэгцтэй. Байх ёстой юм, байх ёстой байрандаа л байхаас, эх толгойгоо алдсан зах замбараагүй юм гэж даанч үгүй. Энэ нь "япон мээнэжмэнт"-ийн агуу чанар. Тэр жаахан газар нутаг дээр амьдралыг хэрхэн үнэлж, "ургуулж" чадаж байна вэ? Японы хотуудын, тэр амьдралынх нь зохион байгуулалтыг Монголтойгоо харьцуулах аваас бид нэг л тийм найгүй зутарсан, үүд хоймор нь мэдэгдэхээ байсан отрын айл шиг санагддаг юм. Хоол унд нь гутал хувцастайгаа холилдож, ор дэр нь ундуй сундуй, хэн дуртай нь орж гараад, гэрийн эзэн, эзэгтэйн байр солигдсон, нэг л тийм арчаагүй амьдралтай айл байдаг даа. Яг л тэр төрх.
Тэгвэл түүнээс тэс өөр яваад ороход сэтгэл өег, ярьж хөөрөөд суугаад баймаар цэвэр, цэмцгэр, чамбай, ажилтай, ажилсаг, эмх цэгцтэй нь илт мэдрэгдсэн айл өрх бас бий.
Яагаад ийн бичээд эхлэв ээ! Нүүдэлчин зоргоороо Монголыг арлын суурьшмал япончуудтай харьцуулаад гэж эгдүүцэх нэгэн байж болох юм. Бид чинь XXI зуунд "хавтгай" болчихсон, Токиод болсон үйл явдлыг тэр дор нь сонсож дуулан, Вашингтонд байгаа ажлаа Улаанбаатараас амжуулаад, Англи руу хэдхэн хоромд мөнгө гуйвуулаад сууж болдог болсон дэлхий ертөнцийн иргэд шүү дээ!
Хэдэн сая, живаа жилийн тэртээх сансар огторгуйгаас малаа хаана бэлчиж явааг, маргааш хаагуур цас бороо орохыг нь хэдхэн хоромд л харж мэдэж болдог болсон цаг үеийн хүмүүс атлаа ингэж муухай “хоцрогдож” үлдэх шалтгаан юу байна. Тиймээс бид бүхий л сайн сайхнаас хормын зуурт ч суралцан, хэрэгжүүлж өөрсдийгөө харьцуулж, цаг ямагт урагшлах том боломж байгааг маш сайн ашиглах ёстой байна. Бидний Улаанбаатар ямар хот болчихоод байгааг, бид яаж амьдарч байгааг тэр Токио, Парис, Нью-Йорк, Сингапур, Бээжинтэй харьцуулах хэрэгтэй байна.
Ядаж л Эрээнийг харж, тэндээс суралцах юм мөн ч их байна аа! Улаанбаатарын хүн ам нэг сая хагаст хүрлээ. Энэ чинь дэлхийн том хотын статус. Тэгэхээр том хотын зангарагтай болох ёстой. Тэгэхийн тулд хотоо бид шал өөрөөр төлөвлөх, өөрчлөх хэрэгтэй. Энд би нэг зүйлийг онцлон хөндөх гэсэн юм. Үүнийг цаашдаа үндэстнийг хамарсан хэлэлцүүлэг болоосой, тэгээд үр дүнд хүрээсэй гэж хүснэм. Хот төлөвлөлт гэдэг амар зүйл биш. Хэн дуртай нэгэн шийдвэр гаргаад, хүссэн газартаа шавар, төмөр овоолоод байдаггүй. Бид ингэж ойлгож, зоргоороо байсныхаа үр дүнг одоо энэ их бухимдалтай, учиргүй заваан балгас шиг болсон хотоосоо харж байна.
Улаанбаатар хот дотор Улаанбаатар-Толгойт-Амгалан гэсэн өртөөдөөс салбарласан 80 гаруй төмөр зам байдаг гэвэл Та итгэх үү!
Энэ замуудыг хэн тавьсан, ямар учиртайг бид бараг л анзаардаггүй байх. Хотыг хөгжихөд, хот шиг болоход хамгийн том “шавар” болсон энэ заваан юмнуудыг эмхлэх, цэгцлэх даруй шаардлагатай болжээ гэдгийг хэлэх гэсэн юм. Бид дэлхийн улс орнуудаар бишгүй л явцгааж байгаа, хэзээ хот ийм байсан юм бэ? Манайхан шиг хэн дуртай нэг компани хот дотроо төмөр зам салаалаад, ачаа тээврийн гэх нэртэй компани байгуулчихаад хөглөрөөд, ачаа тээвэрт гацаа үүсгэн, цаг зав бараад, хотын хөдөлгөөнд садаа болон, хотын бүтцийг алдагдуулж, осол, аваарийн шалтгаан өдөөж, бухимдал чирэгдэл болоод байдаггүй шүү дээ. Түрүүн дурдсан гурван өртөөг даган хотын төвийн хамгийн хөдөлгөөнтэй хэсгүүдэд 20-30 ачаа тээвэр, зуучлалын нэртэй компани хөглөрч байдаг юм байна. Эдгээр компаниудыг хотын төвөөс даруй хөөж гаргах нь хотын иргэдийн төдийгүй улс орны эрх ашиг. Бид олон улсын жишигт нийцсэн ачаа тээврийн нэгдсэн, орчин үеийн терминал, ложистик төвтэй болох ёстой. Ингэснээр хотоос зах зайдуу байж, эндээс ачаа бараагаа зөөдөг, хадгалдаг, хуваарилдаг байж, хот эмх цэгцэд орох том эхлэл тавигдана. Олон улсын жишиг яг л ийм байдаг шүү дээ. Хүнд даацын тэрэгнүүд ачаа зөөж, хотынхоо төв замаар явдаггүй учир бусад улс орны хотын зам эвдэрдэггүй, орчин бохирддоггүй, хот дуу чимээгүй тайван амгалан байдаг юм. 1920-иод оны Хятадын худалдааны пүүсүүд шиг хөглөрсөн ийм байдлаа бид одоо цэгцлэхгүй, хэзээ гэж хойш тавьж суух юм бэ? Монголын Засгийн газар, тэр тусмаа НИТХ-ын дарга Т.Билэгт, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, хотын Ерөнхий менежер Ч.Бат нарын анхаарал яг одоо үүнд чиглээсэй. Улаанбаатар хот маань нэгдсэн терминалтай болсноор энэ замбараагүй компаниудыг цэгцэлж, хотын төвийг чөлөөлснөөр иргэдээ орон сууцжуулах ямар их зай, талбайтай болох билээ. Хотын зам, агаар, орчин, иргэдийн аюулгүй байдал хэрхэн сайжирч, цэвэршиж, дээшлэх боломжтой болохыг та бүхэн эрхбиш тооцсон байдаг гэдэгт найднам.
Ложистик-гэдэг нийгэмд чиглэсэн асар том цогц бодлого байдаг юм байна. Тэр тусмаа хүнд чиглэсэн. Энэ бол жинхэнэ чадвартай, чадалтай менежерүүдийн зайлшгүй хийх ёстой, гүйцэтгэдэг бодлого юм байна.
Эртний Грекийн “логос” (зохицуулалт, шалтгаан, яриа, хэлэлцээ, үг) гэдэг үгнээс гаралтай ложистик гэдэг маань эдүгээ цагт зөв төлөвлөлт хуваарилалт, зохион байгуулалтыг илтгэсэн шинжлэх ухаан болж. Эртний Грек, Ром, Византын эзэнт гүрний үед цэрэг армид шаардлагатай зэр зэвсэг, хүн хүчин, санхүү, төлөвлөлт, нийлүүлэлт хариуцсан офицеруудыг “ложистикас” хэмээн нэрлэдэг байсан юм билээ. Цэрэг, армид хамгийн шаардлагатай бүхнийг цаг тухайд нь хэрхэн ханган нийлүүлж, яаж зөв хуваарилж байснаас шууд ялалт, амжилт нь шалтгаалдаг байсан аж. Эндээс үүдэлтэй эдийн засагт, орчин үеийн хүний нийгмийн хөгжилд эрэлт хэрэгцээг хэрхэн зөв зохицуулах, нийлүүлэлт хуваарилалтыг яаж хийх, ачаа бараа, энэ их материалыг хэрхэн хадгалах, хамгаалах, яаж татах төвлөрүүлэх вэ гэдгийг зайлшгүй зохицуулах ухаан буюу бодлого менежмент болон хувирчээ. “Ложистик-гэдэг нь зай талбайг хамгийн үр ашигтай ашиглах, цагийг хэмнэх, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх үл тасрах гинжин урсгалын суваг, төв нь юм” хэмээн Оксфордын тольд тайлбарласан байхыг уншлаа. Өөрөөр хэлбэл, хотыг хот шиг байлгахад ложистик зайлшгүй чухал хүчин зүйл болсон байдаг юм байна. Улаанбаатар хот нэгдсэн терминал, ложистик байдаггүйгээс хоногт дунджаар 1.340.000 төгрөг буюу жилд 500 орчим сая төгрөгийн үргүй зардал гарч байдаг гэсэн тооцоог гаргажээ. Бас ачаатай вагонуудыг суллаж, тавьж өгч чаддаггүйгээс үйлчлүүлэгчид ямар их бухимдаж, цаг алдаж, хөрөнгө мөнгө урсаж, хохирч байдгийг бүгд мэднэ дээ. Үйлчлүүлэгчид ачаа бараагаа цаг тухайд нь авч чаддаггүйгээс торгуульд орж, хоосон чингэлгийг цаг тухайд нь буцааж чадахгүй түгждэгээсээ болж Олон улсын далайн тээврийн байгууллагад торгууль болгож 150 мянган долларыг бид 2008 онд гэхэд л төлсөн байх юм. Ийм арчаагүй байж болохгүй ээ. Өөрсдөдөө төдийгүй өрөөлд саад болсон ийм бодлогоо тэгээд цаашаа үргэлжлүүлээд л байх юм гэж үү.
Энэ олон жижиг терминал тус бүр дээр ажиллаж байгаа техникүүд бүрэн хүчин чадлаа ашиглах боломжгүй, үргүй зардал ихтэйгээс гадна, терминал бүрт зайлшгүй ажиллаж байх ёстой Улсын мэргэжлийн хяналт болон гаалийн үйлчилгээ байдаггүй болохоор ямар их үргүй зардал эдийн засагт үүсдэгийг холбогдох байгууллагууд өөрсдөө “үглэж” эхэллээ. Энэ нь сайн хэрэг. Бид нэгдсэн терминал, ложистик төвтэй болсноор юу хожихыг, Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдөхийг, ямар хөгжил дэвшил гарахыг эрх мэдэлтнүүд, тэр тусмаа тээвэр зуучлалын бизнес эрхлэгчид сайн тунгаагаасай гэж чинхүү сэтгэлээсээ хүсье.
Хэдий болтол зуунаар хоцрогдсон сэтгэлгээгээр хөгжилд хандаж явах юм бэ? Цөөхөн монголчууд хувийн явцуу эрх ашгаа нэгтгэн “Нэг бөгөөд хүчирхэг-Монгол” гэсэн итгэл үнэмшил, зорилгын дор зангидагдаасай гэж ямар их хүснэм. Утаагүй болцгооё гэж хэдэн жил ярив. Хотын хөдөлгөөний ачааллыг багасгая гэж хэчнээн зөвлөлдөв. Тэгээд юу хийлээ бид. Ямар их хөрөнгө зарлаа. Үр дүн нь хаана байна вэ? Одоо бодитой сэтгэж, бие биенээ хуурахаа больж, нийгмийн эрх ашгийн ирээдүйнхээ төлөө бодитой зүйлийг хийх цаг болсон гэж бодном. Аливаа юманд цаг, хэмжээ гэж байдаг. Алдах л юм бол дуусаа. Ядаж Улаанбаатарын энэ зах замбараагүй байдлыг журамд оруулъя гэж л бодвол бид нэгдсэн терминалтай болчих ёстой. Бидний зовлонгийн тал нь алга болно доо.
Дэлхийн улс орнууд ирэх онд “МOTORОLA” , “AT&T” компаниудын ивээн тэтгэлгээр дэлхийн нэгдсэн ложистик сэдвээр хуралдах гэж байна. Үүнд их олзуурхав. Яагаад гэвэл би энэ сэдвээр бичих гэж интернэт ороод олж сонслоо. Ийм л байна даа.
Ш.ДАВААДОРЖ
replica fendi bags
gold cartier jewelry stores
gold cartier jewelry stores