Баруун бүсийн аймгуудаар бодлого, шийдвэрээ танилцуулж яваа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн иргэдтэй хийж буй уулзалтуудыг хараад урам хугарч, итгэл алдарлаа.
Миний бие “Баруун Монголын голууд эх оронч голууд” гэж өвөг дээдсийн хэлснийг уйдсандаа үглээд байгаа юм биш. Энэ цаг үед геополитикийн хувьд хараат бус байх ховорхон боломжийг авчрах, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх төслүүд баруун бүсийн аймгуудад явж байгаа юм. Ийм мөчид Улсын Ерөнхий сайд очоод зарим төслийг гацаах, зарим нээж болшгүй боомтыг нээнэ гэж мэдэгдэх зэрэг хөөрүү мэдэгдлүүд хийгээд яваа нь маш хариуцлагагүй явдал юм.

Улс орны хөгжил, эдийн засагт амин чухал хэрэгцээтэй, тэр хэрээрээ урагштай яваа, хөрөнгө оруулалт татах төслүүдийг “олж” голыг нь гогдох мэт гацааж чадаад ирдэг ийм Ерөнхий сайдыг “Ерөнхий саад” гэж бичээд хариуцлагаа хүлээе! Ерөнхий сайд Таныг 2022 оны 5 дугаар сарын сүүлчээр Өмнөговь аймагт айлчлахдаа мөн л иргэдтэй уулзалт хийх үеэрээ “2014 онд Засгийн газрын гаргасан шийдвэрийг түр хугацаанд түдгэлзүүлнэ” гэснээ “Засгийн газар болон Өмнөговь аймгийн иргэд олон нийтийн байгууллага иргэдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг үр дүнд хүрсний дараа энэ асуудлыг хэлэлцье” гэснээс болж уг концесс хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болчихсон. Тэр үе бол Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 31-ний хуралдаанаараа уг боомтыг нээнэ,  замаа барина, Ажлын хэсгийг яаралтай байгуулж ажиллана гэж яригдсан цаг мөчөөс гуравхан хоногийн өмнө юм шүү дээ. Ингээд таг гацсан.  Ерөнхий сайд Таны энэ “саад” мэдэгдлээс хэдхэн хоногийн дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 30-нд БНХАУ-ын талаас БНХАУ ын ӨМӨЗО-ы Өлзийт боомтын удирдлагын хорооноос Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны харьяа Хилийн боомтын Үндсэн захиргаанд хандан Монгол, Хятадын “Өлзий- Цагаандэл уул” боомтыг нээж байгуулахад идэвхтэй, тогтвортой хамтын ажиллааг зохицуулахад дэмжлэг үзүүлнэ гэсэн яасан бэ” гэсэн агуулгатай захидал ирүүлсэн байдаг.


Монголын төрөөс нэг төгрөгийн хөрөнгө оруулалт ч ороогүй. Хятадын талаас манай улсад 1.6 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь зөвхөн боомтын барилга, гаалийн хяналтын талбайд зарцуулагдсан хөрөнгө. Харин  зам, дэд бүтцийн ажилд зарцуулсан хөрөнгө нь 30-аад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байтал ингээд Ерөнхий сайд нь очоод “гацаасан”-д гайхсандаа ийм захидал ирүүлсэн юм. Ерөнхий сайд иргэдийн уулзалтын уур амьсгалаас алга ташилт хүлээж ийм гоомой шийдвэр гаргасандаа харамсаж явдаг байх. Энэ боомт ашиглалтад орохгүй бол манай эдийн засгийн хөгжлөөс гадна гадаад нэр хүнд унаж “дахиад л худалч, дээрэмчин улс” хэвээрээ үлдэнэ шүү дээ гээд хүлээж байв.

Гэтэл  Ховд аймагт очоод яав? Яах аргагүй Ерөнхий сайд “Иргэд үнэхээр ийм саналтай байгаа бол Халзан Бүрэгтэй ордыг ашиглах асуудлыг Засгийн газар дэмжихгүй. Үүн дээр та нар санаа амар байж болно” гээд хэлчих юм даа. Мэдээж хутган үймүүлэгчид нижигнэтэл алга ташлаа. Аргагүй шүү дээ, ийм амархан Засгийн газрын шийдвэрийг гацааж Ерөнхий сайд нь “буугаад өгчихнө” гэж бодоогүй биз. Бүр дахин дахин бичлэгийг ухрааж чихээрээ сонслоо. Ийм Засгийн газар байдаг юм уу? Тэр хэдэн хүний алга ташилт, “үү…” гэж хашгирах нь Танд тийм өндөр үнэтэй байсан юм уу? Үр дагавараа мэдэж байгаа юу, Ерөнхий сайд аа?!

Монголын Засгийн газар гэдэг маань юусан билээ. Та хэн сэн билээ? Хэнтэй юу ярьж тохирсоноо мэдэж байгаа юу? Миний мэдэхийн л өнгөрсөн оны 11 дүгээр сарын 23-25-нд “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 23-25-нд Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдав. Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Д.Амарбаясгалан, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар ахалж, хоёр улсын яам, байгууллагын албаны төлөөлөл оролцов. Солонгосын тал газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо нотолж, “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах, газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллах хамтарсан Ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов” гэсэн мэдээлэл харсан. Одоо ч цахим хэвлэлүүдэд хадаастай л байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд миний нотолж чадахаар лав АНУ, ХБНГУ, БНСУ, Япон улсуудтай газрын ховор элемент дээр хамтран ажиллахаар ярьчихсан шүү дээ. Тэд ямар Ховдын иргэд үү?

Нөгөөтэйгүүр, хатуу сануулахад эрхэм Ерөнхий сайд Танд алга ташилт тийм чухал бол аймгийн Засаг даргаар ажиллаж болно шүү дээ. Тэр эрх мэдэл танд яг зохихоор байна. Яагаад гэвэл улс орноо төлөөлж яриа хэлэлцээ хийх, асуудлыг шийдэх Гүйцэтгэх засаглалын бүрэн дүүрэн эрх мэдлийг өгөөд байхад та тэр эрхийг эдэлж улс орноо хөгжүүлэх алхам хийхгүй байна. Эхлээд “шүдгүй арслан”-гийн үлгэр ярьж Шүүх рүү дайрсан. Одоо ч дайрсаар л байгаа. Харин одоо “Улс орны хөгжлийн төлөө энэ төслүүдийг хэрэгжүүлэх болно” гэсэн агуулгыг ард иргэддээ зоригтой хэлэхээс айж байгаад чинь бол Шүүх буруугүй шүү.
Хачирхалтай нь Нарансэвстэйн боомтыг нээнэ гэж яагаад  Засгийн газрын нэрийн өмнөөс амлав? Энд л ёстой судалж үзнэ гэдэг үг чинь зохих байлаа. Дэлхийн байгаль орчны байгууллагууд НҮБ-ын концвенцийн заавар зөвлөмжийн дагуу яагаад улаан номд орсон ховор амьтдын ундны усыг хамгаалдаг байх вэ, яагаад Нарансэвстэйн боомт гэхээр Талын мэлтэс, Хатан суудал алтны ордуудыг ярьдаг юм бол, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед яагаад эдгээрийг тусгай хамгаалалтаас гаргах асуудал яригдаж байв гэдгийг судалж байж “боомт нээх” мэдэгдлээ хийх нь зөв байсан болов уу? Ямартай ч улс төрийн нөхцөл байдлын хувьд шахалт байсан учраас яаран мэдэгдлээ гэж ойлгогдов.

Харин Халзанбүрэгтэй төслийн хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө дэмжиж, барууны хөрөнгө оруулагчидттай хамтран эдийн засгийн эргэлтэнд оруулахаар зорьж байгаагаа мартчихмааргүй юм. Газрын ховор элемент зөвхөн Монголд байгаа ч юм биш. Монголын эрх ашиг гэвэл дэлхийн зах зээл дээрх эрэлттэй нөхцөлд яаж ийгээд эдийн засгийн эргэлтэд оруулах, үүн дээр хөрөнгө оруулагчид манай агуулга багатай, боловсруулах ажлын болон геологийн хүндрэл ихтэй, өндөр зардал шаардагдах , ялангуяа эрчим хүчний хангамжийн хувьд бараг үргээхээр нөхцөлд байгальд хохиролгүй арга замаар хайгуулаа хийж арав гаруйхан хоногийн дараа дуусгах гэж байтал нь Ерөнхий сайд нь ирээд “голыг нь тасалчихлаа”.

Үнэхээр ойлгохгүй байна. “Боомтын сэргэлт”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” гэсэн үгс чинь танай Засгийн газрын бодлого шийдвэр юм уу, зүгээр л тоглоомоор хэлсэн гоё үгс юм уу? Яагаад тууштай байж болдоггүй юм бэ? Хөрөнгө оруулалт татаж, хөгжлөө түргэсгэх бодол байна уу? Гадаадынхаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдаа хүндлэх, дэмжих, хилийн чанадад очоод болон хөрш орнуудын, дэлхийн гигантуудыг зочдыг урьчихаад хэлсэн ярьсан үгэндээ эзэн байж, хийж хэрэгжүүлж харуулах эх оронч эрмэлзэл танд байна уу? Тэд “Оюун-Эрдэнэ худалч” гэхгүй, “Монгол Улс худалч” гэдэг юм. Тиймээс энэ нийтлэлийг ташуур гэж ойлгоорой, Ерөнхий сайд аа!