Арагшаа сарвайсан гар
Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Саньдо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг. Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Саньдо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.
Арагшаа сарвайсан гар
МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть бүтээлийн хэсгээс
Удалгүй Жавзандамба хутагт өөрөө лүндэн айлдаж Шинэ засгийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа зарлалаа. Ингэснээр 1911 оны зун Богдод мандал өргөх нэрээр халхын ноёд Хүрээнд нууцалсан болзоондоо цуглацгаав. Тэд сэмээр Богд уулын Нүхтийн амны модонд уулзацгаан Орос улсаас тусламж авч Манж Чин улсаас тусгаарлах төлөвлөгөөгөө ярилцацгаасан байна. Бүхий л оюуны удирдагч нь Жавзандамба хутагт байлаа. Харин нууц дэмжигч нь Хүрээн дэх Оросын консул В.Люба. Хуралдагсад Оросоос тусламж эрэх төлөөлөгчийг томилон Богдоор мэдүүлж тогтоолгоод, Миллерээс хил нэвтрэх зөвшөөрөл авлаа. Ийхүү Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нар Оросын эзэнт хаанд хандсан Богдын мутарын тэмдэгтэй бичгийг өвөртлөн 1911 оны долдугаар сарын 29-нд Хүрээнээс уван цуван сэмхэн гарч явсаар наймдугаар сарын 15-нд Санкт-Петербург хотноо очвой.Финийн нэрт монголч Густав Ёхн Рамстэдт (Gustaf John Ramstedt) тэр үед Лахтид (Lahti) байжээ. Тэрээр урд жил нь Монголд ирэхдээ Финланд дахь хаягаа үлдээсэн юмсанж. Гэнэт Хайсан гүн, Ханддорж, Цэрэнчимэд нар Санкт Петербургт ирснээ мэдээлж бушуу ирж туслахыг хүссэн захидал иржээ.
Буусан буудалд нь очвол мань гурвыг цагдаа байцааж байлаа. Ямар ч бичиг баримтгүй гурвыг Төвдөөс яваа бадарчин гэж үзжээ. Хэлмэрчээр нэгэн залуу буриад дагуулж очсон боловч өнөөх нь нутгаасаа анх гарч буй нэгэн тул учраа олохгүй байв. Мань хэд Оросын консулаас хил гарах бичиг авсан болохоос Санкт Петеобург орчих хэрэг зорилгоо хэлсэнгүй. Хүрээний амбанаас аялалаа бүр тас нууж гарчээ. Рамстэдт цагдаад ирсэн гийчдийг нутаг орондоо ямархуу том хүмүүс болохыг тайлбарлаж байж арай гэж сулласан байна.
Ханддоржийн Рамстэдтэд ярьснаас үзэхүл тэд Оросын Цэргийн яамныхантай уулзаж 10 мянган винтов, пулемёт, их буу гуйхаар иржээ. Гэвч ямар ч бичиг, томилолт, паспорт үгүй тул ингээд гацчихаад сууж буй аж. Эдгээр хачирхалтай төлөөлөгчдийг магадлахаар Жанжин штабаас Попов гэх генерал буудалд иржээ. Гадаад Монголоос ирсэн гэх дээд зэрэглэлийн язгууртнууд огтоос урьдчилан мэдэгдэлгүйгээр, ямар ч паспорт бичиг баримтгүйгээр энэ хол газар давхиад ороод ирсэн гэдэгт генерал ихэд гайхан үл итгэжээ. Хэлмэрч хийх Рамстадтыг ч хардан Лахти руу цахилгаан илгээн үнэхээр энэ хэлмэрч тэнд амьдардаг эсэхийг шалгуулсан байна.
Юутай ч гурван монголыг генерал Попов Цэргийн яамны сайдтай уулзуулсан байна. Уулзалтын дараа Ханддорж Рамстэдтээс Бухар гэж хаана байдаг ямар улс болохыг асуужээ. Хэргийн мөрөөр хөөвөл оросын Цэргийн яамны сайд Гадаад Монголтой Орос улс Бухартай хэрхэн харилцдаг шигээ асуудлыг авч үзье гэсэн аж. Бухарын тухай огт ойлголтгүй тэд зөрүүлээд Орос-Финландынх шиг харилцаа тогтооё гэсэн санал тавьсан гэнэ.[1]
XX зууны Оросын шинэчлэлийн эцэг П.Столыпин (Stolypin) энэ үед Ерөнхий сайдын алба хашиж байсан юм. Тэрээр ирсэн монголчуудыг ердөө л маргааш нь хүлээн авч уулзлаа. Монголчууд түүнд тодорхой санал тавьсан нь, Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд Орос улс туслах төдийгүй өөрөө юун түрүүн хүлээн зөвшөөрч гэрээ байгуулах. Оросуудын хувьд энэ бол дэндүү “томдчихсон” санал ажээ.
Төлөөлөгчдийг ГЯЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч А.А.Несторов хүлээж авлаа. Несторов төлөөлөгчдийн яриаг маш сайн ойлгосон учир дараа өдөр нь Сайд нарын зөвлөлийн хуралд оролцож дараах зүйлийг ярьжээ:
Монголын талаарх Хятадын бодлого эрс өөрчлөгдсөн нь Монголын ноёд, хуврагуудын дунд ихээхэн зовинол түгшүүр төрүүлжээ. Тэд өөрсдийн эрх ашиг болон бүс нутгийн бие даасан бүтцийг хамгаалахыг их хүсч байна. Монголын ноёд төвийг сахисан Хутагттай зургадугаар сард Хүрээнд нэгдэж, Хятадаас салан тусгаарлахаар шийдсэн байна. Гэвч үүнийгээ бие даан хэрэгжүүлж чадахгүй гэдгээ мэдээд эдүгээ хүртэл хадгалж ирсэн статусаа хамгаалахад туслахыг Оросоос хүсэхээр шийджээ.[2]
1911 оны наймдугаар сарын 17-нд Оросын Засгийн газар хуралдаж Монголын асуудлаар онц зөвлөлгөөн хийлээ. “Монголын асуудлаар идэвхтэй оролцохгүйгээр тэр хоёрын хооронд зуучлан Монголоос Чин династитай тогтоосон сюзерен холбоог таслалгүйгээр үндэсний байдлаа хадгалах гэсэн монголчуудын эрмэлзлэлийг дэмжих” шийдвэр гаргасан байна.
Монголчуудын тавьсан асуудлыг Оросын Сайд нарын зөвлөл авч хэлэлцээд:
Монголын үйл хэргийг дэмжих нь өөрийх нь ашиг сонирхолд тохирох бөгөөд хил хамгаалах бүтцийн хувьд ч чухал байх болно… Төлөөлөгчдийн хүсэлтэд нааштай хандахгүй байх, тухайлбал цэргийн тусламж үзүүлэх хүсэлтийг нь хүлээж авахгүй байхын зэрэгцээ өөрсдийх нь эзэн болох Чингийн Эзэн хаанаас харилцаагаа таслалгүйгээр дипломат сувгаар дамжуулан бие даасан байдлаа хадгалан үлдэх гэсэн хүсэл эрмэлзлийг нь Чин гүрэн, Монгол хоёрын хооронд зуучлагчийн байр сууринаас дэмжих нь зүйтэй.[3]
Хурлаас гаргасан гол шийдвэр нь 1. Бээжингийнхний Монголд явуулж буй шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргах. 2. Оросын залгаа хил орчмоор хятад иргэдийг суурьшуулж буйг эсэргүүцэх. 3. Энэ мэдэгдэлдээ хүч оруулахын тулд Хүрээнд буй консулын газрыг хамгаалуулахаар пулемот зэвсэг бүхий 200 козак цэргийг нэмж илгээх. 4. Одоогоор Манж Чин улсаас тусгаарлах санаа хэрэгжих бололцоогүй гэдгийг монголчуудад ойлгуулах.[4]
Оросуудад нэг талаас Монголыг тусгаар улс болгох сонирхол байсангүй, нөгөө талаас Монголыг өөийн онц сонирхол нөлөөллийн бүс болгохын тулд нутгийн ноёд дээдсийн Орос руу хандсан итгэл найдвар зайлшгүй хэрэгтэй байлаа. Иймээс оросууд Чин династийнхны Монголд явуулж буй Шинэ засгийн бодлогод Монголын архаг хуучинсаг үзэлтэй энэ нутгийн ноёд их эмзэглэж байгаа юм байна гэж үзээд үүнийг нь болиулах талаар Бээжинтэй ярьж өгнө, ер нь ч Шинэ засгийн бодлогыг зогсоож өгнө гэж амлав. Үнэхээр ч тэд Коростовецоор дамжуулан Бээжингийн эрх баригчдад хэлсэн ба цаадуул нь “Монголд авч байгаа арга хэмжээ бол улс орны соёл, эдийн засгийг хөгжүүлэх зорилготойгоос бус улс төрийн санаагүй, тэр дундаа Оросын сонирхлын эсрэг чиглээгүй“[5] гэж хариулжээ. Үнэндээ оросууд Гадаад Монголоос болж Манж Чин улстай шуудаар зөрчилдөхийг хүсээгүй учраас Ерөнхий сайд Столыпины зүгээс монголчуудад хандан “Бид монголчуудад туслалгүй яахав. Харин цаг нь болоогүй байхад та бүхэн яарч сандран элдэв бослого тэмцэл гаргавал Орос орон орон оролцоход хүндрэлтэй байдал үүсэхийг Халхын ноёд, лам нар анхаарвал зохино” гэж хатуу анхааруулжээ.[6]
Үнэндээ бол монголчууд хэдийгээр Шинэ засгийн бодлогод дургүйцэж байсан боловч үүний цаана тусгаар тогтнолоо сэргээх ариун хүсэл эрмэлзэл зүйрлэшгүй их байлаа.
Монгол төлөөлөгчид монголч эрдэмтэн Котвичоор (Władysław Kotwicz) дамжуулан зэвсэг олгуулах асуудлаа оросуудад ятгуулах ажил хийсэн бололтой. Төлөөлөгчид хоорондоо маргалдан зөрчилдөж байсан ч Хайсан энэ талаар Котвичид бичихдээ “Хэрэг зөвлөлдөх хүний асуудлаар зөрөлдсөн болохоос үндсэн зорилгын хувьд зөрчилдөөгүй” гэж бичжээ. Магадгүй Ханддорж, Цэрэнчимэд нарын хожмын маргаан тэмцэл эндээс эхэлсэн ч байж болох. Ханддорж, Цэрэнчимид, Хайсан нарыг оросууд очсоныг нь бодвол хавьгүй хүндтэйгээр гаргаж өгчээ. Тэдний Санкт Петербургт сууж байсан буудалд дөрвөн хятад иргэн мөн байрлаж байснаа Эрхүү явах галт тэргэнд цуг суусныг ажигласан Цэрэнчимэд өөрсдийг нь үдэн гаргахаар хамт яваа тагнуулын орос офицер Макушект хэлснээр замын өртөөнд бичиг баримт шалгах нэрээр тэднийг галт тэрэгнээс буулган авч үлдсэн байна.[7] Эндээс үзэхэд Орост сэмээр одсон төлөөлөгчдийг мөрдөж байсан бололтой.
Ханддорж Оростой хиллэдэг өөрийн хошууны ойгоор дамжин хил нэвтэрч ууланд бүгжээ. Цэрэнчимид Эрхүүд хагас сар хүлээгээд, орос цэргийн эмчийн хувцас өмсөн зүг буруулсаар Хүрээнд иржээ. Хайсан цагийн байдлыг харзнан Эрхүүд үлджээ.[8]
Энэ хооронд Хүрээнд сууж байсан Саньдо Монголын төлөөлөгчид Санкт-Петербургт очсоныг сонин хэвлэлээс олж мэджээ. Ингэнэ чинээ санаагүй байсан амбан хар уурандаа арга хэмжээ авахыг оролдож ядсандаа Богдыг ордонг цэргээр бүслүүлж тэнэгтэв. Оросуудаас шахалт ирлээ: 1). Монгол явуулж буй Шинэ засгийн бодлогоо зогсоо; 2). Монголын төлөөлөгчдийг нутагтаа буцаж ирэхэд нь шахалт үзүүлж болохгүй; 3). Монголд ямар нэг бодлого хэрэгжүүлэхийн өмнө Орост мэдэгдэж бай.
Ингэсгээд ер нь ч Бээжин Монголд явуулж буй бодлогодоо өөрчлөлт хийхгүй бол горьгүй юм болох нь гэдгийг ойлголоо. Аравдугаар сарын эхээр Санкт-Петербург дэх өөрийн түр хамаарагчаар дамжуулан Оросын ГЯЯ-нд “Монголд явуулж буй өөрийн цэрэг- улс төрийн шинэтгэлийн бодлогоо зогсоолоо” гэж мэдэгдсэн байна. Тай Зайлингийн цэргүүд ч Хүрээнээс гарч одлоо. Үр дүнд нь Оросын Засгийн газрын шаардлагыг Манж Чингийн эрхтнүүд хүлээж авснаар Гадаад Монголд үүссэн түгшүүрт байдал түр намжив. Яг л энэ үеэр Манжийн төрийг эсэргүүцсэн Учуаны бослого дэгдэх нь тэр. Гэвч бүх юм нэгэнт оройтжээ. Чин династи дотроо ч тогтох хугацаа нь дууссан, монголчууд одоо Шинэ засгийн бодлого халагдсанаар сэтгэл ханахаа ч нэгэнт больчихсон байв.
Халхын голлох удирдагчид “Түр ерөнхийлөн захиран шийтгэх газар” гэдгийг бараг л нууж хаах юмгүй байгуулахаар Саньдод зуучлагч хэрэг болов. Урьд амбан байсан Пунцагцэрэн, Шанзавын яамнаас хөөгдсөн боловч саяхан эргээд албан тушаалдаа орсон Бадамдорж нараас Саньдо тусламж гуйсанд цаадуул нь ёстой нэг бах нь ханасан маягтай хүйтнээр татгалзах нь тэр. Бадамдорж ялагч болж, Саньдо шалдаа буулаа.
Саньдод Богд хаан маш дургүй. 1911 оны цагаан сараар Богд хаан манж нартай нэгэн өдөр цагаан сар хийхээс татгалзаж, нэг өдрийн зөрүүтэйгээр тэмдэглэх зарлиг буулгажээ. Золгохоор ирсэн Саньдог хүлээж авахаас таттатгалзсан байна.[9] Хожим Гурван улсын Хиагтын гэрээний үеэр монголчуудын маргаж байсан гол сэдвийн нэг нь шашинаа Төвдөөс тусгаарлана, он тооллоо 1911 оноос тооцоно, Богдыг Хаан гэж албан ёсоор нэрлэнэ, монгол уламжлалт Төгсбуянтын зурхайн хуанли баримтлана гэж байсан билээ. Энд Богд Төгсбуянтын хуанлигаа баримтлаад эхэлсэн нь харагдаж буй ч нөгөө талаас Бээжин болон түүний албан ёсны төлөөлөгчийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн хэрэг.
1876 онд төрсөн Саньдо бол уг гарлаараа монгол хүн. Янз бүрийн зүйл, түүний дотор археологийн олдвор шимтэн сонирхдог яггүй боловсролтой нэгэн байж.[10] Монгол нутагт байгаа хүн чулуу, буган хөшөө зэргийн анхны бүртгэлийг тэрээр гаргажээ. Саньдо нь 1908-1909 онд Хаалганд амбанаар суухдаа дээрээс их үнэлэгдсэн нэгэн. Түүнээс нь болсон уу, мань эрийг Хүрээнд суух амбанаар томилжээ. Саньдо монгол хүн мөртөө монголоороо сайн ярьж чаддаггүй, манж, монголоор бичиж мэддэггүй, маш их хятаджсан хүн байлаа.
Хүрээнд ирээд хэдхэн хонож байхдаа бөөн хэрүүл шуугианд холбогдоод авав. 1910 оны дөрөвдүгээр сарын 6-нд Гандан хийдийн лам нар ба хятад худалдаачдын хооронд гарсан мөргөлдөөнийг зохицуулахаар давхиж очжээ. Хэдэн согтуу лам хятадын Даён хэмээх модны дэлгүүрт түлээ модны үнээс болж маргалдан, улмаар дэлгүүрийг нь түйвээж хаяжээ. Эргүүлүүд 3 ламыг баривчлан хүргэж явахад нь хийдийн лам нар дайрч тэдний сулласан байна. Тэгэхээр нь Саньдо өөрөө толгойлон цагдаа болон эргүүлийхнийг дагуулж очтол 2-3 мянган лам чулуу нүүлгэн хөөж явуулав. Монголд угаасаа цагдаа гэж юм байгаагүй. Саньдо ирэнгүүтээ “дээрэмчдийг баривчлах, худалдаачдыг хамгаалах” үүднээс Шинэ засгийн бодлогын дагуу Хүрээнд цагдаагийн алба байгуулсан.[11] Нэг цагдаа 15 мод газар хариуцах учир “Арвантавны цагдаа” гэх нэр гарчээ.
Чулуугаар нүдүүлж уур нь хүрсэн Саньдо шууд л Жавзандамба хутагт дээр давхиж оров. Лам нарын асуудал хариуцсан Шанзавын яамны Бадамдоржтой ярьж зохицуул гэж Богд түүнд хэлэв. Хятад дэлгүүрийн хохирлыг барагдуулахаар Шанзавын яам 1 711 лан мөнгө төлсөн боловч Саньдо, Бадамдорж хоёр эндээс биенээ үзэхээ болив. Их шавиас Бээжин рүү гомдол мэдүүлж, Саньдогийн хатуу ширүүн аашийг шүүмжлээд албан тушаалаас нь зайлуулахыг хүсчээ. Саньдо зөрүүлээд Бадамдоржийг Шанзавын яамнаас зайлуулах хүсэлтээ Бээжин рүү илгээв.[12] Саньдо Бадамдоржийг “тун зальтай этгээд” гэж тодорхойлсон байна. Бээжин Саньдог дэмжиж Бадамдоржийг огцруулав. Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Саньдо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг. Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Саньдо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.
[1] Рамстедт, Густав. Дорно этгээдэд долоон удаа (Сэлэнгэ пресс. Улаанбаатар 2016.) [Ramstedt, Gustaf John. Seven visits in East]
[2] Тацүо Наками Үндэстэн улсаа байгуулахыг зорьсон нь (“Монголын тусгаар тогтнол ба монголчууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл) х-19-20
[3] Тацүо Наками Үндэстэн улсаа байгуулахыг зорьсон нь (“Монголын тусгаар тогтнол ба монголчууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл) х-20
[4] Международные отношения в эпоху империализма (1873-1917. том 1) (Москва, 1938) стр-34
[5]Жамсран, Л. Монголчуудын сэргэн мандалтын эхэн, 1911-1913 (Улаанбаатар 1992) х-57 [Jamsran, L. The beginning of the Mongolian renaissance]
[6] Международные отношения в эпоху империализма (1873-1917. том 1) (Москва, 1938)
[7] Котвичийн хувийн архиваас олдсон Монголын түүхэнд холбогдох зарим бичиг баримт (1972)
[8] Ширэндэв, Б. Сэрэл (Улаанбаатар 1990) х-64 [Shirendev, B. A The awakening]
[9] Архив внешней политики Российской империи. Ф. Китайский стол 143. Стр-90
[10] Батбаяр, Ц. Кодама, Мицуй пүүс, Хүрээнд байсан япончууд (Улаанбаатар 1993) х-48
[11] Тацүо Наками Үндэстэн улсаа байгуулахыг зорьсон нь (“Монголын тусгаар тогтнол ба монголчууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл) х-14-15
[12] Жамсран, Л. Монголчуудын сэргэн мандалтын эхэн, 1911-1913 (Улаанбаатар 1992) х-44 [Jamsran, L. The beginning of the Mongolian renaissance]