“Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдсон улстөрчид, эрх бүхий албан тушаалтнууд эхэндээ “Би нүүрс мэдэхгүй, Тавантолгойг хаана байдгийг ч мэдэхгүй” гэсээр ам бардам байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэх, 10 хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Одоогоор нийт 37 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. “Нүүрсний хулгайн хэрэг” гэх ерөнхий ойлголтын хувьд юуны өмнө нүүрс худалдах, худалдан авах гэрээг давуу эрхээр олж авсан, “С” зөвшөөрөл, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа, үйлчилгээ худалдан авах тендерт шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлүүдийг илрүүлж тогтоогоод байгаа аж. Ямар ажиллагаа хийгдсэн болон хийгдэж байгаа вэ гэхээр 203 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт 106 удаа үзлэг хийж, гэрчээр 2526 хүнээс мэдүүлэг авч, 1636 баримт материалыг холбогдох байгууллагаас гарган авч мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байгаа юм. Ингээд энэ хугацаанд нийт 47 хүнийг хойшлуулшгүй баривчилж шүүхэд танилцуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 138 иргэн, албан тушаалтан, хуулийн хоёр этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Дээрх 138 иргэний 44 албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 31 албан тушаалтныг хахууль авсан, 38 иргэн, албан тушаалтан, хоёр хуулийн этгээдийг хахууль өгсөн, 23 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хоёр албан тушаалтныг худал мэдүүлэх гэмт хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

“Хоригдошгүй яллагдагч нар” яг ямар хэрэг үйлдсэн бэ?


Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл нийтийн албан тушаалтан 89 байна. Үүнийг тодруулбал  “улс төрд нөлөө бүхий этгээд” буюу УИХ-ын гишүүн 7 байна. Үүнд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх, төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Өмнөговь аймгийн ИТХ-ийн дарга Ц.Бадраа, гурван аймгийн Засаг дарга, үүнд Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал, С.Гансэлэм нар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы зөвлөх И.Даваадорж, гаалийн улсын байцаагч 27, ХХЕГ-ын  харьяа байгууллагын 13 албан тушаалтан яллагдагчаар татагджээ. Мөн  “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 8 албан тушаалтан, үүнд Г.Доржпалам, С.Давааням, Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий, Х.Баярхүү, У.Золбоо, Б.Адъяа, Б.Бат-Оргил нар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагч Т.Түвшинбаатар, Өмнөговь аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалт газарт газрын даамал М.Оюун-Эрдэнэ, М.Баярсайхан нар, Боомтын захиргааны дарга, мэргэжилтэн Б.Мөнхбат, М.Дөлгөөн нар, “Эрдэнэс таван толгой ХК-ийн 10 албан тушаалтан, үүнд Д.Ариунболд, Б.Ганхуяг, Х.Нурлат, М.Энхтөр, Д.Миеэсүрэн, Б.Отгонжаргал, С.Мөнхбаяр, Г.Адъяа, Б.Булган, Б.Эрдэнэбаяр нар, “Тавантолгой” ХК-ийн  албан тушаалтан Р.Сэддорж, Г.Шүрэнхишиг, “Тавантолгой түлш” ХХК-ийн 6албан тушаалтан болох Д.Баяржаргал, М.Болдбаяр, Э.Амгалан, Х.Галымбек, Ө.Ононбаяр, Ч.Төрбат нар, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн албан тушаалтан Н.Удаанжаргал, Э.Эрдэнэбат Ц.Хүрэлсүх, мөн хуулийн этгээдийн 19 албан тушаалтан,  30 иргэн, 2 хуулийн этгээд тус тус байна.  
Хэргийг шалгах явцад 21 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо 1 яллагдагч цагдан хоригдож байна. Өөрөөр хэлбэл, АТГ-аас 138 иргэн, албан тушаалтан, хоёр хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 21 яллагдагчид нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад явуулчихсан. Одоо нэг л яллагдагч хоригдож байгаа юм байна. Эндээс бусад яллагдагч хаачсан бэ, яасан бэ гэдэг нь харагдах байх.

Хилийн хориг тавихгүй, өмчийн шилжих хөдөлгөөн хязгаарлахгүй байгаа нь “Боломж олгох” үзэгдэл мөн үү?

Дараагийн асуудал гэвэл 64 яллагдагчид хувийн баталгаа авах, 57 яллагдагчийг улсын хилээр гарахыг хязгаарлах, 5 яллагдагчид албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин 13 яллагдагчид одоогоор таслан сэргийлэх арга хэмжээ “авагдаагүй” байна. Эдгээрт УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, “Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргал, “Тавантолгой” ХК-ийн Р.Сэддорж, Г.Шүрэнхишиг, Э.Амгалан, Д.Наранхүү, Ч.Ганбат, Ч.Төрбат ба хоёр хуулийн этгээд таслан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй байгаа юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 30 орчим тэрбум  төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан байна. Үүнд орон сууц 84, оффисийн талбай 5, автомашины зогсоол 5, агуулах 3, нийт 97 үл хөдлөх хөрөнгө болон 49 тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөнийг, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээг, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Дараагийн дугаарт “Нүүрсний хулгайн” гэх хэргээр шүүхээр шийдвэрлэгдсэн болон шүүхэд шилжсэн нөхцөл байдлын талаар болон тухайн шүүхээс ямар шийдвэр гаргасан, шүүх хурал дээр холбогдох шүүгдэгчид ямар мэдүүлэг, тайлбар өгсөн талаар сонирхолтой нийтлэлийг хүргэх болно.