З.Энхболд: Хаширсан гэж хаширсан хүмүүсийг л хэлдэг
УИХ-ын дарга З.Энхболдтой ярилцлаа. Зарим хүний хэлдгээр бие жижиг ч, бэлчээр томтой нь түүний сул гишүүнээс шууд спикер болж огцом “үсэрч” чадсанаас харагдана. Зарим нь түүнийг зарчимч гэхэд шазруун, зэвүүн ардчилагч гэх нь бас бий. Харин сэтгүүлчдэд бол ямарч асуултаас тойрч бултдаггүй, ярилцлага хийхэд урамтай, яриа нь “амттай” эх сурвалж үргэлж сонин, содон байдаг.
-УИХ 2014 оны төсвийг баталлаа. Дөрвөн удаагийн хэлэлцүүлгээр баталдаг төсвийн сүүлийн гурван хэлэлцүүлгийг гишүүд дөрөв хоногт амжууллаа. Хуулийн босго, цаг хугацаанд шахагдаад арай л халтуурдчих шиг санагдсан.
-Хөндлөнгөөс тэгж харагдаж болно л доо. Гэхдээ гэнэн дүгнэлт. Төсвийг батлахад 45 хоног зарцуулдаг. Сар гаруйг нь нэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт зориулдаг. Хамаг нарийн юм энд явдаг. Жишээ нь, Их хурлын даргын багцад тоног төхөөрөмж худалдаж авахад 3 тэрбум 612 сая төгрөг орж ирснийг хасъя гэж тэглэх, Цэцийн музейн танхим байгуулах зардлыг хасах гэх мэтээр хэрэггүй, тэвчиж болох зардлуудаа хасах, нэмэх шаардлагатайгаа нэмдэг. Миний санаж байгаагаар 106 тэрбум төгрөгийн тэвчиж, хүлээж болох зардал гэж үзээд хассан. Энэ маягаар намуудын бүлэг, гишүүд тасралтгүй ажиллаж байж зарчмын нэг их ялгаагүй гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг гаргаж ирсэн. Тэдгээр хурлын мэдээлэл нийтэд гардаггүй учраас явж явж байгаад л гэнэт төсвөө баталчихаж байгаа юмшиг харагддаг тал бий.
-Ерөнхий сайд “авлигажсан төсөв” гэж мэдэгдснээс болоод хяналт, шалгалт болж цаг алдах шиг болсон. Ямар учраас тэгж хэлсэн юм бол
-Жишээгээр тайлбарлах нь илүү ойлгомжтой байх. Баянзүрх дүүрэгт 1500 хүний нэгдсэн хорих анги барих санал байгаа. 2013 онд эхлээд 2015 онд дуусах. Анхны төсөвт өртөг нь гурван тэрбум төгрөг байснаа 37 тэрбум болж нэмэгдсэн. Өртөг яагаад 10 дахин өссөн шалтгааныг аудитоор тогтоолгох хэрэгтэй болсон. Аудит шалгаад төсөвт өртөг өссөн нь УИХ-аас болж уу, Засгийн газрын буруу юу, эсвэл төсөвчний алдаа юу гэдгийг нарийвчлан тогтооход гурван сарын хугацаа хэрэгтэй гэсэн. Өмнөх жилүүдэд аудит ч ийм хүсэлт тавьдаггүй, Их хурал нь мэргэжлийн байгууллагадаа хандаж бодитой дүгнэлт гаргуулахгүйгээр анх орж ирснээр нь батлаад явуулчихдаг байж. Өөр нэг жишээ. Миний мэдэхээр 2006 онд 960 хүүхдийн сургуулийг Өвөрхангайн Арвайхээрт 1.3 тэрбум төгрөгөөр барсан. Гэтэл өнөөдөр 960 хүүхдийн сургуулийг барихад таван тэрбум төгрөг хүрэлцэхээргүй төсөв оруулж ирж байна. Энэ долоон жилийн хугацаанд барилгын материалын үнэ нэмэгдлээ нэмэгдлээ гэхэд тэгж их өсөөгүй. Барилгачдын норм нормативыг долоон жилийн өмнөхөөс нь хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэ зөв, үүнийг ойлгож байна. Тэглээ тэглээ гэхэд адилхан багтаамжтай барилгын төсөвт өртөг долоон жилийн өмнхөөс 4-5 дахин нэмэгдээд ороод ирж байгаа юм. Яагаад гэхээр тайлбарлаж чаддаггүй. Нэг тэрбумын төсвөөр барихаар баталсан сургуулийг энэ төсөвт өртгөөр нь хугацаанд нь л барих ёстой. Гэтэл хугацаанд нь барихгүй, жил жилээр сунгаад төсвөө нэмүүлээд явсан. Олон жилийн энэ буруу схемээс гүйцэтгэлээ хийхгүй, жил бүр төсвөө нэмүүлж аваад явдаг компаниуд л хожоод явсан. 2013 оны төсөвт ч ингэж явсан. 2014 оных ч төсөв зохиодог, төсөв оруулж ирдэг схем нь яг хуучнаараа орж ирсэн. Төсвийн сахилга батгүй, олон жилийн энэ буруу хандлагыг Ерөнхий сайд “авлигажсан төсөв” гэж мэдэгдсэн л дээ.
-Тэгээд 2014 оны төсөв дээр авлигын энэ гинжийг тасалж чадсан уу
-Ялангуяа барилгын салбарт байдаг төсвийн авлигажсан цагирагийг хэзээ нэгэн цагт, аль нэг цэг дээр таслах ёстой. Тэр нь 2014 оны төсөв болсон, манай Их хурал тасалж таарсан. Анхны төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн, гүйцэтгэл нь хугацаандаа хийгдээгүй, өртөг нэмсэн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа хөрөнгө оруулалтуудыг гурван сарын хугацаагаар царцаахаар шийдсэн. Энэ хугацаанд аудит шалгаад үндэслэлтэй бол үргэлжлүүлнэ, үндэслэлгүй бол хуулийн байгууллагад шилжүүлнэ. Обьектийг нь дуудлагаар зарах уу, нэмж хөрөнгө оруулаад гүйцээж барих уу гэдгээ УИХ шийднэ. Хэрвээ төсөвчин, барилгын компани хоёр хуйвалдсан байвал тэднийг хуулийн байгууллагаар шалгуулж тухайн барилгыг компанид нь өгөөд төр мөнгөө хүүтэй нь буцааж авна. Ямар компани хаанахын барилгын төсвийг авлигажсан болгосон нь удахгүй маш тодорхой болно.
-Тэгэхээр гурван сарын дараа 2014 оны төсөвт тодотгол хийх нь гэж ойлгож болох уу
-Тэгнэ, аудитын дүгнэлтийг хүлээнэ. Барилга болгоны хувийн хэрэг дээр гаргасан дүгнэлтийг үзнэ. Төсөвт өртгөө арав дахин нэмээд орж ирсэн Тагнуулын газрын барилыг зогсоогоод зарахаар шийдсэн байгаа. Компанийг нь “зүгээр баяртай” гээд явуулчихгүй, улс мөнгөө олж авна. Төсөв зохиосон хүний буруутай үйлдэл ч бий. Архангайн Хашаат дээр ийм тохиолдол гарсан. 21 хүн ажилладаг Тамгын газрын байр барина гэсэн чинь 42 өрөөтэйгөөр бодоод зургаа хийлгээд барилгын ажлаа эхлүүлчихсэн. Тэгээд төсөв нь хүрэхгүй, дахиад мөнгө нэхээд ирж байх жишээтэй. Дан ганц барилга ч биш, бүр байгууллагаар нь хөрөнгө оруулалтыг царцаасан жишээ бас бий. Мэргэжлийн хяналтын байгууллагын бүх хөрөнгө оруулалт, зардлыг хассан. Яагаад гэвэл энэ байгууллага дараа жил байх эсэх нь тодорхойгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ байгууллагыг татан буулгана гэчихсэн. Хувь заяа нь тодорхойгүй ийм байгууллагад зардал төсөвлөхгүй гэж үзсэн. Гаалийнхан боомт дээр баахан байшин бариулдаг. Үүнийг болиулсан. Боомтын хууль гарангуут эдгээр барилгуудыг гаалийн балансаас гаргаж боомтын захиргаанд шилжүүлнэ. Энэ мэтээр Засгийн газрын хийх реформтой нь 2014 оны төсвийг уялдуулах бодлого барьсан.
-Ийм сэжигтэй обьектуудын хөрөнгө оруулалтыг царцааснаар төсөвт ямар хэмжээний хэмнэлт гарч байгаа вэ
-Хэмнэлт байхгүй. Мөнгийг нь хэмнэсэн дүнгээр бичээд Сангийн сайдын багцад үлдээсэн. Орлого, зарлагын аль алинд байгаа гэсэн үг. Үндэслэлтэй гэснийх нь хөрөнгө оруулалт үргэлжилнэ, буруу гэснийх нь өртөг төсвийн хэмнэлт болж гарч ирнэ.
-Төсөвт долларын ханшийг 1384 гэж тооцжээ. Зарим хүн үүнийг Монголбанкны ханш, эсвэл ченжийн зах дээрээс доллар худалдаж авах дээд үнэ гэж ойлгоод байх шиг байна. Монголбанк манайх ийм тоо өгөөгүй гэх маягийн ярилцлага өгсөн байна лээ. Одоо 1700 гараад явчихсан ханшийг яагаад ингэж доогуур тогтоосон юм бэ
-Долларын ханш ямар байхыг сайд, Монголбанкны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн аль аль нь зохиохгүй. Доллар өөрөө бараа. Энэ усны савыг чи, бид хоёр л худалдаж авдаг. Үйлдвэрлэгч хоёр сав хийвэл ханш хэвийн. Нэгийг хийвэл чи бид хоёрын дунд эрэлт бий болж, өрсөлдөөн үүсч үнэ өснө. Харин хоёроос илүү тавыг хийчихвэл нийлүүлэлт нь ихдээд үнэ бууна. Долларын ханш яг л ийм. Тийм учраас манайд орж ирэх, гарч явах долларын тэнцвэртэй байдлыг хадгалах бодлого парламентаас гаргах учиртай болохоос ирэх жил ханш 1300 юмуу, 1700 байна гэж хатуу тоо гаргадаггүй. 1384 гэдэг бол тооцооны нэгж болохоос ханш биш.
-Тооцооны нэгж гэдэг нь…
-Манай улс зэс үйлдвэрлэнэ, түүнийгээ экспортолно, бас хувийн хэвшлийнхэн имортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирнэ. Энэ бүхэнд авдаг татвар хийгээд, гааль татварын байгууллагын орлого бүрдүүлэхэд ашигладаг тооцоолол. Түүнээс биш, Ц.Нямдорж гишүүний хэлдгээр 1384 бол гаалийн татвар төлөхдөө барих ёстой тогтсон ханш биш. 2011 оны төсвийг баталж байхад доллар өнөөдрийнх шиг 1700 гарчихсан явсан. Төсөвт 1400 орчмоор суулгасан. Тэгэхэд яг өнөөдрийнх шиг асуудал үүссэн. Гэтэл ханш яваандаа жилийн дундуур төсөвт төлөвлөсөн хэмжээнд ирсэн. Сая гишүүд бас хэлсэн л дээ. Наад 1700 чинь дөрөв дэх сардаа явж байнаа. Ингээд гацчихаж байгаа юм биш үү гэхээр Эдийн засгийн хөгжлийн яамныхан “ирэх жилийн орлого, зарлагыг бодоод үзэхээр 1384 байх боломжтой” гэж байгаа. Үүн дээр нь Монголбанк тайлбар хэлэх эрхгүй. Монголбанк өөрөө ханшинд нөлөөлөгч, оролцогч учраас. Ханш хэтэрхий савлаад эхэлбэл, интервенц хийж тогтворжуулах л үүрэгтэй. Тийм учраас ханшийн талаар ямарч юм хэлэхгүй гэх нь Монголбанкны ерөнхийлөгчийн зөв. Одоо 1700 хүрч байгаа ханшийг 1384-өөр авснаас болоод улс оронд гамшиг болчихож байгаа юм ерөөсөө байхгүй.
-Ханшаас гадна цалин тэтгэврийн нэмэгдэл, оюутны 70 мянга дээр бүлгүүд нэлээд санал зөрөх шиг болсон.
-Засгийн газраас төрийн албаныхны цалинг найман хувиар нэмэх санал оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад 10 орчим хувь болсон. Энэ бол 160 гаруй мянган төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэл. Тэтгэврийг бас нэмж байгаа. Одоо авч байгаа хамгийн бага тэтгэвэр 180 мянга байгаа. Үүнийг 200 орчим мянга болгож нэмэхээр төсөв баталсан. Үүнээс дээшхийг нь ч нэмнэ. Бүх хүний тэтгэвэр нэмэгдэнэ.
Оюутны 70 мянгын тухайд Засгийн газар төсөвтэйгөө цуг хуулийн төсөл өргөн барьсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх тэтгэлгийг оюутнуудад өгөх мөнгө ирэх жилийн төсөвт алга гэсэн. Гэхдээ одоо өгч байгаа 70200-гаа 160 гаруй мянган оюутандаа өгөх 106 тэрбум төгрөгийг төсөвт дотор оруулж ирсэн. Энийг нь УИХ огт хөндөөгүй. Харин хуулийг нь өөрчилж өгсөн. 2013 онд бүх оюутан 70200-гаа авдгаараа авна. Харин 2014-2015 оны хичээлийн жилд шинэ зарчимд шилжинэ. Сургуулиуддаа шалгуур тавь, Дээд боловсролын хуулийн дагуу аттестатчлагдсан сургуулийн оюутнуудад тэтгэмж өгнө. Жилийн дараа тухайн сургуулийн төгсөгчдийн тодорхой хувь ажлын байртай болоогүй бол тэтгэмж өгөхгүй гэж хууль баталсан. Чанаргүй сургуулийнханд мөнгө битгий өг, оюутнууд нь чанартай сургуульд шилжиг. Тэгэхгүй бол эрдэм сурах гэж байгаа оюутанд биш, өөрийн гэсэн байргүй, номын сангүй, цагийн багш нартай, соёлтой хадгаламж зээлийн хоршоо ажиллуулж байгаа хэдхэн хүнийг дэмжээд байна гэж үзсэн.
-Ажлын байртай болсон байх оюутны босгыг төгсөгчдийнх нь 50 хувь гэж байснаа, “тодорхой хувь” болж өөрчлөгдсөн юм уу
- 50 гэж тоо гаргаж ирсэн гишүүдийн нэг нь би л дээ. Чуулган дээр 50 хувиасаа татгалзсан. Яагаад гэхээр 50 хувьдаа хүрэх бололцоо нь тухайн сургууль, төгсөгчөөс үл хамааралтай байна. Тухайлбал, Багшийн дээд, Анагаах хоёрын төгсөгчдийн бараг 90 хувийг улс өөрөө ажилд авчихаж байна. Энэ жил гэхэд төсвөөр 3000 хүнийн орон тоо нэмэгдсэн. Үүний тал нь эмч багш нар. Тэгэхээр энэ хоёр сургууль дээр гэхэд шалгуураа тухайн жилд төрөөс нэмж гаргаж байгаа ажлын байрныхаа тоотой уялдуулна. Харин инженер бол өөр. Сая бид судалгаа хийж үзэхэд хамгийн олон төгсөгч нь ажлын байртай болдог сургууль бол ШУТИС байна, 66 хувтай. Бусад нь 50-иас доош байна. Тийм учраас ажлын байрны шалгуурыг тухайн жилийн эдийн засаг дахь ажлын байрны эрэлттэйгээ уялдуулж тогтоож байх юм.
-Тогтоосон шалгуур даваагүй сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгөхгүй нь, тийм үү
-Ирэх жилээс тэгнэ. 2013 оны зургадугаар сард төгссөн оюутан нь 2014 оны зургадугаар сард ажилтай болоогүй бол сургуультай нь ярина. Ингэхээр хүссэн хүсээгүй сургуулиудын удирдлагын толгой ажиллаж эхэлнэ, сурлагын чанарт ахиц гарна. Би ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга байсан. Анх очоод “танай төгсөгч нараа ажилд оруулдаг, зуучилдаг бүтэц, байгууллага чинь хаана байна вэ” гэхэд байгаагүй. Манайд ерөөсөө байдаггүй юм байна л даа. Америкт бол бүх сургууль ийм бүтэцтэй. Тэнд, Америкт сургуулиудыг үнэлдэг үнэлгээ нь манайхаас өөр. Тухайн сургуулийн төгсөгч ямар хугацаанд , хэдий хэмжээний цалинтай ажилд оров, мэргэжлээрээ юү, үгүй юү гэдгээр тухайн сургуулийн чансааг тодорхойлдог. Тэрнээс манайхан шиг сургууль дээр нь очоод “танай оюутнууд онц сурдаг уу” гэж асуудаггүй байхгүй юу.
-Төгсөгчдийнх нь төдөн хувьд ажилд оржээ гэдгийг яаж тогтоож хянах вэ. Нэмэлт зардал, орон тоо хэрэгтэй болох уу
-Ямарч илүү зардал, нэмэлт орон тоо гарахгүй. Засгийн газар эхлээд төгсөгчдийн овог нэр, регистрийн дугаарыг авчихна. Жилийн дараа нөгөө жагсаалтаа Нийгмийн даатгалын газарт өгнө. Тэндээс төгссөн оюутнуудын хэд нь хэзээнээс, хэдэн сарын турш нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь гараад ирнэ. Мэдээж, огт төлөөгүй нь ажилгүй явнаа л гэсэн үг.
-Бэлэн мөнгө, тэтгэлэг тойрсон иймэрхүү халамжаас гадна улс орны хэмжээний томоохон ямар бүтээн байгуулалтад хөрөнгө төсөвлөсөн бэ. Жишээ нь, ноднин Засгийн газар зургаан аймгийг автозамаар холбоно гэсэн. Ирэх жил хэдэн аймгийг нийслэлтэй автозамаар холбох вэ
-2016 он гэхэд бүх аймгийг нийслэлтэй автозамаар холбох төлөвлөгөөтэй. Энэ жил зургааг холбохоор төлөвлөсөн. Гурвыг нь холбож дуусч байгаа. Гурав нь тодорхой шалтгаануудаас буюу ажил гүйцэтгэж байгаа компаниудынхаа урагшгүйгээс болж хугацаандаа амжсангүй. Ирэх хавар эрт дуусгана. Энэ гурваас гадна ирэх жил Хөвсгөл, Дорнод, Өмнөговь гэсэн гурван аймгийг холбоно. Гэхдээ төсвөөс санхүүжүүлэхгүй. Бондын мөнгөнөөс санхүүжүүлэхээр Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Ер нь ирэх жилийн тухайд төсвөөс том хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалтууд хийх боломжгүй. Хамгийн том, хамгийн чухлаар нь гэвэл миний бодлоор 16 аймгийн 16 сумын төвийг орчин үеийн болгож тохижуулна. Тэнд айлуудыг нь дулаанд холбоно, халуун хүйтэн устай болгоно, сургууль цэцэрлэгүүдийг хотынхтой ижил стандарт, адил орчинтой болгоно.
-Яагаад 16 аймаг гэж
-21 аймгаас тавыг хассан. Дорноговь, Баянхонгор шинэ сумын төслөө авчихсан. 100 сумын төвийг шинэчлэхэд Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийг анхнаасаа огт тооцоогүй. Яагаад гэвэл сүүлд байгуулагдсан, тус бүр гурван сумтай. Нэлээд орчин үеийн, дэд бүтэцтэй ойр, бусад аймгууд шиг алслагдсан сумд энэ гурван аймагт байхгүй. Ингээд үлдсэн 16 аймгаас тус бүр нэг сумыг сонгож нийт 16 сумын төвийн шинэчлэлд тус бүр таван тэрбум төгрөг төсөвлөсөн
-Түрүүн ярьсан, машин, тавилга компьютер авахаас хэмнэсэн 106 тэрбумаа юунд зарцуулах вэ.
-Шинээр сургууль цэцэрлэг барина.
-Өрийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүн \ДНБ\-ий 40 хувиас хэтрэхгүй байх хуультай. Сая Засгийн газраас энэ хэмжээг 60 хүргэх тухай хуулийн төсөл оруулж ирсэн ч дэмжлэг авсангүй. Ингэснээр Засгийн газар дахиад бонд босгох эрхгүй болж байна гэж ойлгож болох уу. 5 тэрбумын бондынхоо үлдэгдэл 3.5-ыг босгох эрхгүй болсон уу
-Эрхгүй болсон. Нэмж бонд гаргах боломжгүй.
-Одоо авах Самуурай бондыг оруулаад уу.
-Самуурай нь ороогүй. Одоо байгаа өрийн хэмжээ 40 рүүгээ нэлээд ойртсон. Засгийн газарт ирэх жил 2.5 их наяд төгрөгийн Засгийн газрын баталгаа гаргах эрх өгсөн. Тэр нь бараг бүтэн орж чадахгүй байх. 2014 онд бонд гаргах эрхээ хязгаарлуулсан учраас одоо Засгийн газрын хувьд өрийн хэмжээг ДНБ-ий 40 биш, 60 хувьтай тэнцэж болох хуулийн төслөө дахиж өргөн барих, эсвэл хөрөнгө оруулалтын өөр эх үүсвэр олох, концессийн гэрээгээр ажил гүйцэтгүүлэх зэрэг сонголтууд үлдсэн. Гэхдээ Самуурай бондыг хэдээр авах, тэр хэмжээгээр авлаа гэхэд өрийн хязгаартаа хүрэх нь үү, үгүй юү гэдгийг бодож үзэх боломж бас бий байх.
-Бондыг төсвийн хажууд зэрэгцүүлж төсөвлөөд, Эдийн засгийн хөгжлийн сайд зарцуулж яваад байгаа. Энэ нь Монгол Улс хоёр төсөвтэй, хэд хэдэн Сангийн сайдтай юмшиг харагдаад байна гэдэг үнэний ортой шүү
-Бондын мөнгөөр юу хийхээс хамаарч тэгж харагдаад байгаа юм. Энэ жил гэхэд аймгуудын замыг бондын мөнгөөр барьчихлаа. Дахиж ингэж явна гэвэл тэр санхүүжилтээ төсөвтөө суулгахаас өөр аргагүй. Бондын мөнгөөр цементийн үйлдвэрт зээл өгч байна. Түүнийг төсөвт суулгах шаардлагагүй. Яагаад гэвэл цементийн үйлдвэрт өгсөн мөнгө бүрэн алга болчихгүй, буцааж тэндээсээ төлөгдөнө. Харин замын мөнгө адилхан алга болчихоогүй боловч улсын төсвөөс буцааж төлнө. Өөрөөр хэлбэл, зарлага нь улсын төсөв дээр бичигдэж байгаа л бол улсын төсөв дотроо бичигдэж явах нь зөв. Энэ зохицуулалтыг энэ жилээс хийнэ. 1.5 тэрбумын бондыг анх авч байх үед бололцоо байгаагүй.
-Бондын хуваарилалт зарцуулалт дагасан энэ буруу бүтэц нь өөрөө бонд авах нь зөв, буруу байсан маргаанд хүртэл цэг хатгуулахгүй байна. Одоо бол бандан тас биз дээ.
-Өнгөрсөн тав дахь өдөр Ерөнхий сайд замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийсэн. Бондыг эсэргүүцэж байсан Ардын намын гишүүд “бонд авч зам барих нь зөв юм байна, бид өмнө нь буруу ойлгож байж” гэж хэлж байна лээ. Гишүүдийн санаа бодол яагаад ингэж өөрчлөгдөв гэхээр социализмын үед 70 жилийн турш барьсан байрны тоо 100-хан мянга байдаг юм. Нийт хүн амын дөрөвний гурав нь орон сууцгүй, түүнд орох огт бололцоогүй явсан. Одоо жилд 20 мянган байр ашиглалтад орж байна. Орон сууцны нийлүүлэлт жилээс жилд нэмэгдэж байна. Тэрийгээ дагаад байртай болох бололцоо нэмэгдсээр, нээгдсээр одоо моргейжийн зээл рүү орлоо. Чи бид хоёр 100 саяын үнэтэй байрыг бэлэн мөнгөөр худалдаж авч чадахгүй. Бас барьцаалах хөрөнгө чи бид хоёрт байхгүй. Харин чи бид хоёрт байгаа баталгаатай ганц юм гэвэл эрхэлж байгаа ажил маань байна. Цалингаасаа сар бүр төлнө гээд байрандаа орж, төлж явсаар өөрийн гэсэн өмчөө болгож авна. Энэ нь нэг ёсондоо танай гэр бүл байртай болох гэж бонд гаргасантай яг адилхан. Ялгаа нь Монгол Улс бонд гаргахдаа барьцаа төлөхгүй, харин бондоо буцааж төлөх баталгааг баялгаараа нотолж байгаа юм. Өмнө нь жар хүртлээ ажиллаж байртай болоод 70-тайдаа нас бардаг байсан бол одоо ажилтай л бол байрандаа ороод 20 жилийн дараа өөрийн өмч болгодог боллоо. Төлбөрөө баруун зүүнээрээ бэлэн төлөөд байрандаа ордог тогтолцоо сар бүр баг багаар төлж явдаг зарчимд шилжлээ. Үүнийг буцаагаад, больё мөнгөө бэлнээр нь бүрэн төлж байж байрандаа ор гэж болохгүй биз дээ. Бонд авч болохгүй гэдэг нь яг үүнтэй л ижил юм. Монгол Улсыг бэлэн мөнгөтэй болж байж хөгжлийн асуудлуудаа шийдээ гэж байгаатай адилхан. Бид зээлгүйгээр явж үзсэн ш дээ. Олон хүн л зовсон. Эргээд төлж чаднаа гэдгийг нь олон улсын зах зээл үнэлээд мөнгөө өгч байхад аваад хөгжлийн асуудлуудаа шийдээд явахад буруу юм ерөөсөө байхгүй. Энэ жил гэхэд бид нийт дүнгээрээ өнгөрсөн 70 жилд барьсан замынхаа 60 хувьтай тэнцэх замыг барилаа. Энэ бол бондын өгөөж. Мэдээж, өмнөх Засгийн газруудын эхлүүлсэн замын үргэлжлэл бий. Шинээр эхлүүлсэн нь ч бий.
-Бонд бол буцааж төлөх өр учраас түүнийг бизнесийн төсөлд оруулах учиртай. Гэтэл зам хэрэгтэй ч, зардлаа буцааж төлөх нь битгий хэл, хүүгийн төлбөр ч олохгүй нийгмийн төсөл. Энэ буруу зарцуулалт нь л эрсдэлд оруулах, мөнгө өгсөн цаад талынхаа итгэлийг алдах, бондын хүү өсөх зэрэгт сөргөөр нөлөөлөхгүй юү
-Цаад тал замд оруулж болохгүй гээгүй. Ямар нэгэн шалгуур тавиагүй нь бидэнд олдсон бас нэгэн давуу тал. Тэд биднийг бондоо яаж зарцуулахыг сонирхоогүй, харин төлнө гэдэг итгэл тэдэнд байгаа. Зам мөнгө олохгүй нь үнэн ч, шууд бусаар ДНБ-ийг өсгөж байгаа. Замгүй байхад явдаг бизнес, замтай газрын бизнес харилцан адилгүй. Бид илүү амттайг нь мэдсээр байж Ховдын тарвасыг яагаад идэхгүй, урдаас оруулж ирснийг нь худалдаж аваад байгаа юм. Замгүй учраас Ховдоос ирэхгүй байна, ирсэн нь донсолгоонд гэмтчихдэг. Урдаас бол галт тэргээр бүтэн аваад ирж байна. Одоо Ховдыг автозамаар холбохоор бид Ховдын тарвасаа иднэ, хараарай. Энэ утгаараа зам бол шууд бусаар импортыг ч орлох өгөөжтэй.
-Гэхдээ өр тавьж бонд авах, эсвэл хөрөнгө оруулалтыг татах хоёрын аль нь илүү чухал вэ, таныхаар.
-Бонд авахаас өөр аргагүй байдал бидэнд бас байнаа. Манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгд ордог. Хамгийн сийрэг гэсэн үг. Тэглээ гээд газар нутгаа хаяад бүгд Улаанбаатартаа төвлөрч болохгүй. Бүх газар нутгаа эзэнтэй байлгахын тулд орчин нөхцөлийг нь адилхан болгох ёстой. Тог, ус хэрэгтэй. Энийг шийдэхийн тулд ирээдүйгээсээ зээл аваад хөгжлийг түргэсгэх учиртай. Бондын зээл айгаад байх зүйл бишээ. Харин авсан зээлээ үр дүнтэй, ирээдүйгээ эрсдэлд оруулахгүйгээр ашиглахад л ур ухаанаа уралдуулах ёстой. Зээл авахгүйгээр хөгжиж бас болно. Гэхдээ удаан л явна. Нөгөө, баруун зүүнээрээ бэлэн төлж байраа авдаг, 70 гаруй жилд ердөө л 100-хан мянган байр барьдагтай адилхан.
-Батлаад удаагүй учраас хоёулаа төсөв тойрч нэлээд ярилаа. Одоо сэдвээ жаахан өөрчилье. Энэ өдрүүдийн халуун сэдэв бол Р.Амаржаргал гишүүний өргөдөл байна. УИХ-ын гишүүнийхээ энэ үйлдлийг УИХ-ын дарга нь юу гэж үзэж байгаа вэ
-Нэгдүгээрт энэ суудал Амаржаргал гишүүний хувийн өмч биш. Энэ бол АН-ын нэрээр Амаржаргал очиж авсан суудал.
-Амаржаргал гишүүн намын листээр бус, тойргоос өөрөө сонгогдож авсан суудал шүү дээ
-Тийм л дээ. Гэхдээ тэнд Амаржаргал гэдэг хувь хүн очих, АН-ын томилгоогоор Ерөнхий сайд хийж байсан хүн АН-ын нэрээр очиход сонгогдох магадлал нь хамаагүй нэмэгдэж байгаа юм. Ялгаа нь энэ. Хэрвээ энэ суудал Амаржаргалын хувийн өмч биш нь үнэн юм бол түүнийг өргөдлийнх нь дагуу чөлөөлөх үү, үгүй юү гэдгээ АН шийднэ. Түүнийг сонгогдоход нөлөөлснийхөө хувьд шийдвэрийг АН гаргана. Өнөөдрийн \даваа гаригийн\ бүлгийн хурлаар Амаржаргалыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхгүй гэж шийдсэн, нэгдүгээрт. Хоёрдугаарт Амаржаргал сонгогчдын өмнө хариуцлага хүлээсэн. Тэр хүн мундагтаа биш, түүнийг УИХ-д суулгах сонгогчдын хүсэл зориг байгаа учраас Амаржаргал гишүүнээрээ үлдэх ёстой. Дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг суудал биш учраас АН-ынхан “үгүй” гэж байгаа.
-Авч үлдэнэ гэдэг нь түүний өргөдлийг Их хурлаар хэлэлцэхгүй гэсэн үг биш биз дээ.
-Биш биш, хэлэлцэнэ. Кноп дарахдаа эсрэг дарна.
-Үр дүн нь та нарын санасны эсрэг гарвал яах уу
-Биднийхээр гарна. Яагаад гэвэл бид олонхи. Санал хураалт илээр явна. Нууц санал хураалтыг Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлтөөр хүчингүй болгочихсон. Хамгийн сүүлд Хүрэлсүхийг чөлөөлөхөд санал хураалт илээр явсан.
-Гэхдээ дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэдэг дээ. Тэрэн шиг нэгэнт өөрөө энд байхгүй гээд, эртнээс бүлгийнхээ хуралд ч суухгүй байгаа хүний хувийн эрх, эрх чөлөөг ингэж улстөрийн шийдвэрээр дарж авах нь ардчилал мөн үү.
-Тэр хүн юу гэж бодож байгаа, юу хийснээ энэ хэдэн хоногт эргэцүүлж байгаа байлгүй. Манай гишүүд бас уулзаж ярилцаж байгаа.
-Ер нь бол та нар тэр хүний толгой, туршлагыг ашиглахаас илүү кноп нь хэрэгтэй гэж үзэж байх шиг байна, тийм үү
-Толгойг нь ашиглана. Кноп нь ч хэрэгтэй. Ялангуяа төсөв мөнгөн дээр тэр хүний мэдлэг туршлага хэрэгтэй. Тэгэхдээ хэлсэн бүхэн нь ажил болох албагүй. Улстөр бол олонхиороо шийддэг л газар. Зарим өдөр дэмжигдэнэ, зарим өдөр цөөнх болж ганцаардана. Энэ бол Амаржаргал гэж хүний өөрийнх нь сонгосон улстөрчийн амьдралын хувь заяа. Хэлсэн болгон нь ажил болсонгүй гээд, эсвэл би цөөнх боллоо гэж замын дундаас эргэж буцдаг улстөрийн тоглолт ялангуяа УИХ-ын төвшинд байж таарахгүй.
-Амаржаргал гишүүн мэдэгдсэн л дээ. 2013 оны төсвийг УИХ хөөсрүүлсэн. Цөөнхийн бүлэггүйгээр баталсны хариуцлагыг УИХ-ын дарга, УИХ хүлээх үү. Засгийн газар муу ажиллаж байна, хариуцлагаа хүлээх үү. Буруу тооцоолол оруулж ирснийхээ төлөө огцрох сайд байна уу. Байхгүй бол та нарын өмнөөс би хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдье гэж. Түүний энэ байр суурь шударга бөгөөд улстөрд зөв шинэ жишиг эхлүүлэх гэсэн хувь улстөрчийн тэмцэл гэж харагдаж байгаа. Яагаад заавал “багийн тоглолт”, “намын эрх ашиг” нэрийн дор зарим хүн шиг шударга бустай эвлэрч, зүгээр л кнопчин юмуу танхимын шоучин явах ёстой гэж.
-2013 оны төсвийг сайн нягтлалгүй, хуучин схемээр нь баталсанд бид буруутай. Энэ алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Зөвшөөрч байгаа учраас төсөв оруулж ирдэг, оруулж ирснээр нь баталдаг олон жилийн буруу жишгийг 2014 оны төсөв дээр халснаа сая чамд ярилаа. Харин Амаржаргал гишүүний мэдэгдлийн тухайд тэр хүний өөрийнх нь л байр суурь. АН-ын бүлгийн бусад 33 гишүүн тэгж бодохгүй байгаа. Би Амаржаргал гишүүний үйлдлийг зөв жишиг гэхээсээ сонгогчдодоо амласнаа хийж чадахгүй хариуцлагаас бултаж байгаа хэлбэр л гэж харж байгаа.
-Нэг талаас сонгуулийн дараахь томилгооноос үүдэлтэй гомдол нь явсаар явсаар өнөөдөр өргөдөл өгөх хэмжээнд хүргэчихэж байгаа юм биш үү.
-Энэ бол хэвлэлийнхэн та нарын л хардлага.
-Сэтгүүлчид хардах эрхтэй. Гэхдээ оргүй ч бас хардахгүй л дээ. Тухайлбал, таны өнөөдрийн хашиж байгаа энэ албан тушаалд анх Амаржаргал гишүүний нэр яригдсан юм биш үү.
-Сэтгүүлчдийн хардах эрхийг үгүйсгээгүй шүү дээ. Харин УИХ-ын даргын томилгоо дагасан хардлага чинь бодитой эсэх тухайд Амаржаргалын нэр албан ёсоор яригдсаныг би мэдэхгүй. Магадгүй шийдвэр гаргах төвшний гадуур яригдсан байж магадгүй. Албан ёсоор асуудал хэлэлцэх үед бол яригдаагүй. Харин тэр хүнд Ерөнхий сайд болох мөрөөдөл байсан байж магадгүй. Сайд бол гэж санал тавьсан, зөвшөөрөөгүй гэсэн. Ерөнхий сайд байсан учраас УИХ-ын дарга, Ерөнхий сайдын аль нэг, цаашлаад Ерөнхийлөгч болно л гэж тэр хүн бодсон байж магадгүй. Гэтэл тэр бүгд нь эзэнтэй учраас боломж олдоогүй байх.
-Зарим ажиглагчийн таамаг түүний нүүдлийг дараагийн засагт Ерөнхий сайд юмуу, эсвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нам доторхи өрсөлдөөнийг харсан улстөр гэж тайлж байна. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д “цуваа зургаа” гэж байсан шиг 2017 оны цувааг тэргүүлэх алсын улстөр гэж байна гэх. Тийм байж болох уу
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насанд хүрэх хүн олон байгаа учраас уу. Магадгүй, би үгүйсгэхгүй, гэхдээ бас батлахгүй. Яагаад гэвэл өргөдлөө өгч байгаа учир шалтгааных нь талаар би Амаржаргал гишүүнтэй уулзаж ярилцаж амжаагүй явна.
-Одоо удахгүй хэлэлцэх юм чинь энэ сэдвийг ингээд орхиё. Та Оюутолгойгоор нэлээд дуугардаг, тухайн үеийн УИХ дотроо эсрэгдүү гишүүдийн нэг байсан. Одоо чимээгүй болжээ. Энэ нь албан тушаалын хүлээс үү, эсвэл АН ялаад өөр нөхцөл байдал үүсчихэв үү. Эвгүй сонсогдож магадгүй, улстөрийн карьерийн зорилгодоо хүрсэн учраас Оюутолгой сонин биш болсон юмуу гэсэн асуулт ч байж болох юм
-Оюутолгойн гэрээг одооных шиг болгоход зүтгэж ажилласан гишүүдийн нэг нь би мөн л дөө. Анхны гэрээ учир дутагдалтай, ер нь л авах юмгүй байсан. Ганц жишээ хэлэхэд Оюутолгойд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг бүх компанийг татвараас чөлөөлөх заалт орж ирж байлаа. Үүнийг болиулсан. Би өөрийнхөө хийсэн сайжруулалтаас хэлж байна. Монголд зэсийн үйлдвэр байгуулсан тохиолдолд гаргасан бүтээгдэхүүнээ заавал Монголд нийлүүлнэ гэдэг заалтыг оруулсан. Миний хийж чадаагүй зүйл гэвэл гурав ба зургаан хувийг хүчингүй болгуулж чадаагүй. Энэ Монголд маш их хохиролтой заалт.
-Хөрөнгө оруулагчид менежмент хийснийхээ төлөө зардлаас авдаг төлбөрийг хэлж байна уу
-Тийм, энийг тэглэх ёстой байсан юм, чадаагүй. УИХ-аар батлагдаагүй гэрээнд байсан л даа. Засгийн газрын баталсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд энэ заалт байгаа. УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтын гэрээнд ийм заалт орж ирээгүй. Бас Монголын талын хувийг нэмэгдүүлэх санал маань дэмжигдээгүй. Өсөн нэмэгдэх роялтийг нэмүүлэх гээд бүтээгүй. Тэгэхээр сая Амаржаргал гишүүн дээр ярьдаг шиг бүх юм миний хүссэнээр явах албагүй шүү дээ. Тэр зарчмаар л явж байна. Ингээд таг зогсчихож байгаа юм биш, яриа хэлэлцээ цаашаа явдгаараа явна. Оюутолгойгоор хоосон улстөр хийгээд явж болно л доо. Тэгснээс Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцож явах нь хамаагүй дээр бөгөөд чухал. Яагаад гэвэл Оюутолгой өнөөдөр далд уурхайн үйл ажиллагаагаа нэг өдөр зогсооход л Монголын валютын ханш савлах хэмжээний нөлөөтэй аж ахуйн нэгж болсон. Тийм учраас яриа хэлэлцээний замаар ажил амьдрал урагшаа явдгаараа явах л ёстой.
-Таныг УИХ-ын дарга болсноос хойш гэрээнд байснаас ч сонин нөхцөлүүд Хөрөнгө оруулагчдын зүгээс гарч ирсэн. Жишээ нь далд уурхайдаа зориулж хоёр дахь ээлжийн санхүүжилтээ авах гэж байгаа. Энийг авахын тулд магадгүй ордын лиценз барьцаалах, авлаа гэхэд хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтад гаргасан зардлаа энэ зээлээсээ шууд авна гэх зэрэг
-Асуудлууд бол байгаа. УИХ, Засгийн газрын төвшинд биш, компанийхаа дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөл дээрээ ярьж яваа. Хэдий хэмжээнд өндөр төвшинд бид авч хэлэлцэнэ, төдий хэмжээгээр нөгөө талдаа ашиглагдаад байна. Нөгөө талд маань тус тусын ашиг сонирхолтой хэд хэдэн хөрөнгө оруулагчид байгаа шүү дээ. Рио бол Оюутолгойн лиценз эзэмшигч биш. Хуучин “Айвенхоу майнз”-ын хувьцаа эзэмшигч. Оюутолгойн баялаг нь манайх ч, бид компанийн 34 хувийн л эзэмшигч. Рио хуучин Айванхоу-гийн хувьцааг авч аажмаар нэмсээр нэмсээр охин компаниа болгож өөрөө лиценз эзэмшигч болох сонирхолтой. Манайх УИХ-ын тогтоолын дагуу 34 хувиа нэмэх сонирхолтой. Гэх мэтээр энэ олон сонирхол дунд янз бүрийн байр суурь гарч ирнэ. Тэр бүгдийг шүүрч аваад өндөр авахуулах тусам бидэнд ашиггүй, нөгөө талдаа ашиглагдахаар нөхцөл байдал үүсээд байна. Тийм учраас асуудлыг ТУЗ дээрээ ярьж байгаа. Бид анхны, ер нь хөрөнгө оруулалтад гаргасан ба одоо гаргах зардлыг шударгаар, бодитоор тооцохыг л хүснэ. Одоо бол нэг төгрөг оруулснаа хоёр гэж тооцуулах гээд байна. Үүнийг бид зөвшөөрөхгүй. Эд нар дараагийн санхүүжилтээс өмнө гаргасан зардлаа аваад бултах гэж байна. Энийг бид бас зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй учраас тэд далд уурхайгаа зогсоох маягаар эргүүлээд бидэнд шахалт үзүүлж байна. Цаад талын энэ мэт шаардлага үнэхээр шударга бус учраас бид валютынхаа ханшийг савлуулан савлуулан хохирол амсаад яриа хэлэлцээ хийгээд явж байна. Энэ гацааг арилгаж, ажил урагшлуулах үүргийг Засгийн газарт өгчихсөн байгаа. Оруулсан хөрөнгийг бодитоор нь бич, менежментийн төлбөрт өгдөг гурав ба зургаан хувийг тэг болго, өсөн нэмэгдэх роялтигаа хэмжээнд нь ав гэсэн үүрэг өгөөд хэлэлцээр үргэлжилж байна.
-Жишээ нь, Оюутолгойд хоёр дахь шатны санхүүжилт авлаа гэхэд зээлтэй компанид ноогдол ашиг хуваахгүй гэдэг. Тэгэхээр бидний 34 хувьдаа ногдох ашиг хүртэх хугацаа маань хойшлох гээд байгаа юм биш үү.
-Тэгнэ, хойшилно
-Хэлэлцээрээр 30 асуудлаас 15-ыг шийдлээ гэх мөртлөө Засгийн газар ганц “Энтри гоулд”-ын асуудлыг яриад байгаа. Энэ компанийн эзэмшлээс манайх 34 хувь эзэмших боллоо гэж. Гэтэл угаасаа “Энтри гоулд”-ын эзэмшлийн талбай Оюутолгойн бүлэг ордын л нэг юм биш үү. Өөрөөр хэлбэл, анхнаасаа бидэнд байсан юмыг буцааж өгсөн мэтээр зөвшилцөх нь манайд хохиролтой биш үү
-“Энтри гоулд”-ын хувьд бүлэг ордод багтаагүй, нөөцийг нь өөр компани илрүүлсэн. Дараа нь Оюутолгойнхон худалдаж авах замаар томруулсан юм билээ. Тийм учраас Хөрөнгө оруулалтын гэрээнд ороогүй. Хуучин “Айвенхоу майнз”, “Энтри гоулд” хоёрын харилцаагаар зохицуулагдаж яваа. Хэрвээ одоо “Энтри гоулд”-ын талбайг Хөрөнгө оруулалтын гэрээнд оруулна гэвэл цаад талынхаа гуйлтаар оруулах ёстой. Түүнээс биш, манайх санаачилга гаргаж гуйх нь буруу. Энэ хэсгийг Монгол Улс хөрөнгө оруулалтынхаа орчин хуулиар хамгаалах ёстой гэвэл тэдэнтэй дахиад яриа хэлэлцээрт орох ёстой. Миний сонссоноор энэ асуудлыг эцэслэн шийдэж гарын үсэг зураагүй байгаа гэсэн.
-“Энтри гоулд”-ын талбай бол Оюутолгойн ордын хамгийн их алттай хэсэг нь юм биш үү
-Алт, зэсийнхээ нөөцөөр яаж ялгарч байгааг сайн мэдэхгүй. Ямарч л гэсэн Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хэсгийн лицензийг хамруулаагүй юм.
-Та улстөрд олон жил явсан хүн. Туршлагаас харахад улстөрийг багаар хийх, фракцуудад хувааж ханлиг улсууд шиг авч явах нь хоёрын аль нь зөв бэ
-Улстөр мэдээж багийн тоглолт. Ажлаа хэрхэн зохион байгуулах нь тухайн намын дотоод асуудал. Тэглээ гээд ханлигууд шиг явдаг юм байхгүй. Тэр бол сэтгүүлчийн уран сайхны хэтрүүлэг байна. Ардын намынхан ярьдаг л даа. АН-ынхан фракцуудад хуваагдаад дотроо учраа олоод яваад байна, бид тэгж явъя гэхээр, зарим нь “манайд тийм фракц байхгүй” гээд маргалдаад байдаг. Яг үнэндээ бол фракц гэж юм энэ хоёр намын аль алинд бий. АН-ынх арай өөр. Манай нам таван намын нэгдэл. Анх нам байгуулсан тэр хүрээлэлд нь найз нөхдийн холбоо хүссэн хүсээгүй бий. Тэр холбоо л явж байгаа. Үүнийг фракц гэнэ үү, юу гэнэ, хэвлэлийнхэн та нарын л хэрэг. Бидэнд бол хүн ёсны найз нөхдийн хүрээлэл, харилцаа л байгаа.
-АН-ынхан таван намын нэгдэл гэдэг утгаараа нам дотроо фракцалж болдог юм байж….
-Ер нь бол аажмаар арилж байгаа
-Харин Монгол бол нэгдмэл улс. Гэтэл Засгийн газар нь холбооны улсууд шиг яамдаа фракцуудад хуваарилж өгөөд тус тусдаа бие дааж явж болох уу. Жишээ нь, Алтангадас нь Ерөнхий сайдаа, МоАХ нь ҮХХАҮЯ болон Зам тээврийн яамаа, таны тэргүүлдэг фракц гэхэд Эрдэс баялаг, Нийгмийн хамгааллаа гэх мэтээр яамдаа квотлон хувааж хуваарилж болох уу
-Үгүй, тэгээд өөр яах юм. Хэн нэгэн сайд болно. Тэр нь ардаа ямар нэгэн хаягтай л байгаа. Түүгээр нь цоллож, тэгж харж болохгүй биз дээ.
-Хүндээ бас биш юмаа. Эхлээд яамдаа фракцуудад квот болгон хуваарилж, фракцууд нь хүнээ томилуулах нь хууль, зарчим талаасаа буруу жишиг.
-Тийм юм байхгүй ээ. Хэрвээ тэгдэг бол Эрдэнээг Уул уурхайн яам, Ганхуягийг Нийгмийн хамгааллын яаманд тавьж болно ш дээ. Тэгээгүй, туршлагыг нь харсан. Эрдэнээ энэ салбарт өмнө нь сайд байсан, Улаан олон жил Сангийн сайд явсан гээд туршлагыг нь харсан. Тэмүүжин гэхэд түрүүчийн Их хуралд сүүдрийн Хуульзүйн сайд шиг л ажилласан. Энэ мэтээр ажил хийж чадах чадварт нь тааруулж томилгоо хийсэн. Жишээ нь, Тэмүүжинг Соёл, спортын сайдаар томилоогүй л байгаа биз дээ.
-Улстөрийг багаар хийхгүй, фракцуудад хуваарилсан учраас тэнд Ерөнхий сайд лидер болж амжихгүй, харагдахгүй, харин ч фракцуудын тэнцвэрийг хангах кординаторын ажилдаа илүү цаг заваа зарцуулаад байгаа юм биш үү
-Амьдрал өөрөө илүү комплексны болж байна л даа. Хуучин шигээ 300-хан тэрбумын төсөвтэй, жилдээ 100 км зам барьдаг, 10-хан яамтай явдаг цаг үе ард үлдэж. Хүн ам өсч, төсөв тэлж, бид улам бүр л урагшаа явж байна. Ингэж томрохын хэрээр Ерөнхий сайд гэдэг ганц хүн бүх асуудлыг шийдээд явах боломжгүй боллоо. Ерөнхий сайд хүссэн хүсээгүй сайд нартаа эрхийг нь өгөөд салбарыг нь хариуцуулаад явахаас өөр аргагүй болж байна. Тэгэхээр нэг лидертэй Засгийн газрын кабинет гэхээсээ энэ улсын хувь заяаг дөрвөн жил үүрч явах үүрэг хүлээсэн АН болон “Шударга ёс” эвслийн бүлэг дээр бүх шийдвэр гарч байгаа. Нэг лидерийн үгийг дагаж явдаг арван жилийн өмнөх хуучин систем маань ажиллахгүй боллоо л гэсэн үг. Чи зөвхөн барилгын салбар дээр л бод л доо. Монгол Улс 1921 оноос хойш 1996 он хүртэл 100 мянган л тохьтой орон сууц барьсан байдаг юм. Гэтэл ганц энэ жил л гэхэд 20 мянгыг барилаа. Амьдрал ингэж л үйл явдлаар, агуулгаараа маш хурдтай эргэж байна. Бүх юм, одоо Чингис хаан шиг хүн гарч ирээд ч нэг лидерээс хамаардаг үе өнгөрсөн.
-Тэгвэл Засгийн газар танхимын зарчмаар ажиллана гэдэг заалтаа хуулиас авмаар юм биш үү
-Үгүй, Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж байгаа. Сайд нар хариуцсан салбараа удирдаад бүгдийг нэгтгэж дүгнээд УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг хүн нь Ерөнхий сайд хэвээрээ явна.
-Миний асуултын санаа бол Ерөнхий сайдын саналаар бус, фракцуудын квотоор орж ирсэн сайд нар нь Засгийн газрын тэргүүндээ тэр бүр захирагдахгүй, тус тусын тоглолт хийгээд яваад байгаа юм биш үү л гээд байгаа юм.
-Чи Засгийн газрын хуралдаанаас сурвалжлага хийгэд л үз л дээ. Тэгээд хар, танхимын зарчим байна уу гэдгийг.
-Харин энэ чиглэлд амьдрал нэг их баяжаагүй юмшиг байна лээ. Засгийн газрын хуралдааныг сурвалжлах хүсэлтээ тавьж үзсэн. Тийм жишиг байдаггүй юм байна, боломжгүй гэсэн хариу өгсөн.
-Хэвлэлийн албаны дарга Мөнхтөрд нь ханд. Адилхан сэтгүүлч хүн та нарт худлаа хэлэхгүй байлгүй.
-Тэгвэл УИХ-ын тухайд яръя. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн бараг дөрөвний нэг нь давхар дээлтэй сайд яваа. Тийм учраас Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарсан, парламент нь Засгийн газрын хуулийн хэлтэс шиг болсон гэж шүүмжилдэг.
-УИХ-ын дарга бол Ерөнхий сайд биш. Би 76 гишүүнийг хуралдуулж шийдвэр гаргахад чиглүүлэх үүрэгтэй хүн. Алтанхуяг гэдэг хүнээс сайд нарынх нь хувь заяа хамаарч байгаа бол Энхболд гэдэг хүнээс энэ 75 гишүүн огт хамааралгүй. Өөр өөрсдөө сонгогдож гарч ирсэн, юу дуртайгаа ярих эрхтэй, танхимд ярьсан зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. УИХ-аас томилогддог Засгийн газарт хяналт тавьж ажиллуулах үүрэг бол байгаа. Тэр нь 39 кнопоо дарснаар хэрэгжих боломжтой. Тэгэхээр надаас гадна 38 хүн хэрэгтэй. Харин Ерөнхий сайд бол өөр. Хэрвээ сайд нь үгэнд орохгүй, өөрийн дураар тоглоод байвал хэзээ ч хамаагүй УИХ-д оруулж ирээд огцруулж болно. Үүгээрээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр ялгаатай. Тэгэхээр давхар дээлийн зовлон надад бол ирц бүрдүүлэх, хариуцлага тооцох талдаа байгаа ч кабинет талдаа илүү байна гэсэн үг. Энийг өөрчлөх талаар Ерөнхийлөгчөөс хуулийн төсөл өргөн барьсан. Ирэх долоо хоногоос батална.
-Давхар дээлийг дан болгох уу.
-УИХ-ын гишүүн нь сайдын албыг давхар хашиж болохгүйг хуульчилна. Мөрдөх хугацааг нь 2016 оны сонгуулийн дараагаас үйлчилж эхлэхээр батална.
-Ийм хуулийн төслийг ялангуяа сонгууль бүрийн өмнө шоу болгож олон ч удаа өргөн барьсан даа.
-Ялгаа нь энэ удаа УИХ батална. Үндсэн хуулиар нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн зохицуулалт учраас одоо бол яах ч арга байхгүй. УИХ-ын гишүүн хүн сайд байж болохгүй гэж ярих ч боломжгүй.
-Заавал Үндсэн хууль гэхгүйгээр Засгийн газрын тухай хуулиар зохицуулж болдоггүй юм уу. Засгийн газрын гишүүдийн гуравны нэг ч, юм уу дөрөвний нэг нь УИХ-ын гишүүд байж болно гэх мэтээр босго тогтоож болмоор санагддаг
-Яг одоогийн ярих гэж байгаа зохицуулалт наадахь чинь л дээ.
-УИХ хяналт тавихаас гадна Засгийн газрыг шахаж ажиллуулах үүрэгтэй. Энэ үүргээ хэр биелүүлж байна вэ
-Хувь гишүүн ч, юмуу Их хурлын дарга гэдгээрээ Энхболд шахахаар Засгийн газар сайн ажиллахгүй. Нэг жишээ хэлье. Миний гаргасан санал дэмжигдээд УИХ-ын тогтоол болсон. Одоо нэгдүгээр сарын 1-нээс бүх яаманд байгаа Барилга захиалагчийн товчоог татан буулгаж төвлөрсөн болгоод, тэр нь бариулах бүх барилгынхаа менежментийг хийдэг болж байгаа. Сайд нар энэнд дургүй байгаа. Өөрийнх нь эрх мэдлээс гараад явчихаж байна ш дээ. Барилгын салбар бол үнэхээр замбараагүй, зовлон болчихсон асуудал учраас надад 38 байтугай гишүүн олдсон. Гишүүд нам харгалзахгүйгээр дэмжиж УИХ-аар тогтоол гаргуулсан. Энэ бол УИХ хяналтаа тавьж байгаа л нэг хэлбэр. Түүнээс бус, зарим хэвлэлийнхний хүсээд байгаа шиг тэр бүтэлгүй сайдыг ингээд зайлуулчихъя гэхээр нөгөө 38 гишүүн чинь олдохгүй шүү дээ.
-Ер нь бол та өнөөдөр УИХ, Засгийн газар хоёр байх ёстой байр байрандаа байгаа гэж хэлж чадах уу.
-Би тэгж хэлж чадахгүй. Яагаад гэвэл ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарыг өөрчлөх сонирхол УИХ-ын нэлээд олон гишүүнд байгаа нь өөрөө УИХ Засгийн газрынхаа халаасанд орсон гэдэгтэй утга таарч байна гэсэн үг. Гэхдээ бүх тохиолдол тийм биш. Жишээ нь, бидний эцэслэн баталсан 2014 оны төсөвт сайд нар бол дургүй байгаа. Тэдний хүсэл Засгийн газраас оруулж ирсэн анхны төсөл байсан. Гэтэл УИХ шүүж үзээд сайд тус бүрийн багцаас хамгийн багадаа 10 тэрбумыг хасчихлаа шүү дээ. Огцруулдаггүй юмаа гэхэд УИХ төсвийн зарлагын реформоороо дамжуулаад сайд нарыг хянаж чадаж байна. Энэ бол хуульд байгаа парламентын хяналтын хамгийн том эрх мэдэл.
-Ерөнхий сайдыг бас хэтэрхий жижиг асуудлаар хөөцөлдөж байна гэж шүүмжилдэг
-Улсын Ерөнхий сайд нар гэхээр Цэдэнбал, Батмөнх гээд наашаа явна. Тэд нараас хэн нь ч одоогийн Ерөнхий сайд шиг гэр хорооллын нүүрсний үнэд анхаараагүй л байхгүй юу. Үүгээрээ өнөөдрийн Ерөнхий сайд өөр харагдаж байгаа нь үнэн. Бид цаг үеийн бүх Ерөнхий сайдаа ийм байна гэж нэг хэвэнд оруулж болохгүй. Нүүрс гэр хорооллынхонд асуудал мөн үү. Мөн учраас тэдэнтэйгээ адилхан санаа зовоод анхаарч байна. Өмнө нь хамгийн том, хамгийн их гэр хороололтой дүүргээс сонгогдсоныхоо хувьд нүүрсэн дээр зөвхөн тойрогтоо хийдэг байсан менежментээ одоо Ерөнхий сайд болсон учраас хотын хэмжээнд хийж байна. Энийг би буруу гэж үздэггүй. Яагаад гэвэл өнөөдрийн Ерөнхий сайд илүү амьдрал мэдэж байна. Зарим хүн улсын Ерөнхий сайд байж хэтэрхий жижиг юмаар оролдлоо, нүүрс ярилаа, уулзварын нээлтэд оролцлоо гэдэг л дээ. Хийж байгаа ажлаа тайлбарлахад юу нь буруу гэж. Энийг манай Засгийн газар хийсэн юм шүү гэж тайлбарлаж явахгүй бол ард түмэн ойлгохгүй, хоёр жилийн дараа сонгуулийн дүн тавих үед Алтанхуягийн засгийн хийсэн ажил юмуу, Батболдынх нь юм уу гэдгийг сонгогчид санахгүй шүү дээ. Энэт утгаараа PR хийж байгаа нь ч буруу биш.
-Бас давхар улстөрийн зорилготой байх нь
-Мэдээж, намын дарга хүн дараагийн сонгуулиа давхар бодож явах ёстой. Бүх Ерөнхий сайд зарим хүний дүгнэж байгаа шиг макро төвшний мундаг хүн байх албагүй. Ажлаа яаж хийх эрх чөлөө нь Ерөнхий сайдад өөрт нь байгаа.
-Уулзварын нээлт гэснээс бондоор сайхан бүтээн байгуулалтууд хийж байнаа. Харин чанар, зарцуулсан мөнгөн дүндээ дүйж байгаа эсэхэд УИХ хяналт тавихгүй юу
-Тавина, бараг энэ баасан гаригт хэлэлцэх байхаа.
-Зарим нь чанарын хувьд ч, хэрэгцээ талаасаа ч зарцуулсан мөнгөн дүндээ үнэхээр хүрэхгүй байна. Хотод цэцэг хэрэгтэй. Гэхдээ зарцуулсан мөнгө дүн нь арай л их санагдсан. Хогны уут бол бүр дэндүү. Их тэнгэрт, танайд хогны уут өгөхгүй л байх л даа. Та харсан бол арай дэндүү, зүгээр хальс. Тэгээд мөнгөн дүн нь гурван тэрбум гэсэн байхаа. Ард түмэн хогны уут өгөөрэй гэж АН-д саналаа өгөөгүй шүү дээ.
-Би хогны уутны эсрэг байгаа. Аудит явуулж шалгуулж байгаа. Яах гэж ийм юм хийснийг мэдэхгүй, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, АН-ын зорилт мөн байсан эсэх, уут тарааснаар хотын хогны асуудал шийдэгдэх эсэхэд эргэлзэж байгаа. Тэгээд дээр нь тендергүй явсан байгаа юм. Сая Ерөнхийлөгчийн санаачилгаар хийсэн “Том төрөөс Ухаалаг төр рүү” гэдэг хурлаас иймэрхүү хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан уу, хэрэгтэй байлаа гэхэд ийм мөнгөн дүнгээр хийх байсан уу, яах гэж хийснийг асуу гэдгийг УИХ, Засгийн газарт зөвлөмж болгосон. Тэр дагуу асуудал яригдана. Харин цэцгийг би дэмжиж байгаа. 340 сая төгрөг зарцуулаад хотыг жилийн хагаст цэцэгтэй, өнгө үзэмжтэй байлгана гэдэг сайхан хэрэг. Та нар цэцгийг нь хараад байна. Би бол цэцгэн дээр ажилласан 300 гаруй хүний давхар харж байгаа. Тэдгээр хүмүүс цэцэг тарьж арчилсныхаа төлөө сар бүр цалин авч байна, найман хувийн зээлээр байртай болох бололцоо нээгдэж байна. Магадгүй 300 саяас илүү мөнгө салхинд хийсч байдаг шүү дээ. Тэрнээс л дээр.
-Улстөр хаврын хаварт л бужигнадаг. Бужигнах бүрт л АН-ын дараагийн дарга нь Энхболд, эсвэл Баттулга гэдэг. Одоо магадгүй дараагийн Ерөнхий сайд нь гээд албан тушаал чинь нэмэгдээд ороод ирэх байх. Үүнд та ямар хариулт өгөх вэ
-Энэ дөрвөн жилдээ Засгийн газарт болоод АН дотор тийм юм болохгүй. Энэ байгаа чигээрээ явахаас өөр аргагүй. Дөрвөн жил богино хугацаа, их юм бүтээж хийх л ёстой. Хаширсан гэж хаширсан хүмүсийг л хэлдэг. Олон Засгийн газар огцруулсны сайн үр дүн гэж байдаггүйг бид мэднэ. Энэ бол бидний өмнө нь явж үзсэн зам. Заавал тэр алдаагаа давтаж, өмнө нь “яваад үзсэн зам” руугаа хальтирч орох шаардлагагүй. Шат шатандаа ажил урагшилж хүн бүр л завгүй ажиллах ёстой. Хэвлэлээр гадагшаа мэдээлэхгүй л болохоос манай намын бүлэг дээр долоо хоног бүр ажлын хариуцлага үр дүнгийн тухай байнга ярьж байгаа. Энэ нь УИХ-ын хяналтын л бас нэг хэлбэр. Ер нь УИХ-ын дотоод хяналт бол сайжирсан шүү. Хүн амьтан зоддог улсаасаа ч салж байгаа.
-Харин ч тийм гишүүнийнхээ асуудлыг хэлэлцэхгүй байгаа юм биш үү
-Хүрэлсүх гэж гишүүн байсан гараад явсан, өөр ямар гишүүн байна вэ.
-Хэвлэлээр Номтойбаяр гишүүний тухай гараад л байгаа шүү дээ
-Номтойбаярын надад өгсөн тайлбараар бол хэвлэлээр гараад байгаагаас эсрэг юм билээ. Надаас мөнгө шантаажилсан, би өөрийнхөө хүсэлтээр цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэж хэлсэн. Үүнийг нь хуулийн байгууллага тогтоохоос биш, УИХ тогтоохгүй.
-Хүрэлсүх гишүүний хувьд зодооноор биш, хувийн шалтгаанаар өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн биз дээ.
-Мэдээж тэгсэн, тэрнийх нь дагуу чөлөөлсөн. Гэхдээ Баярсайхан гишүүнийг цохиж унагаахыг бүгдээрээ харсан шүү дээ. Бас Ардын намынхан ч шахсан байлгүй. Чи одоо зодоон нүдээн хийгээд, боль л гээ биз. Тэгээд ч санал өгөхөд МАН-ынхан нь дэмжсэн санал өгч байна лээ.
-Тэр ч арай өөр байх аа. Хүн ёсны, ар гэрийн гачигдалтайг нь ойлгож өгсөн санал байлгүй
-Бас тэгсэн л байх.
-Ер нь та хуучин коммунист гэдэг шиг нэг тал руугаа заримдаа хэтэрхий ханараад байх шиг харагддаг.
-Хуучин комунист гэдэг шиг хуучин ардчилагч байна уу
-Мэдэхгүй, таны тухай шазруун, зэвүүн ардчилагч гэж ярьж бичиж байсныг та өөрөө харсан л байх. Та бол УИХ-ын дарга. Түүнээс бус, тэнд АН-ын байр суурийг хамгаалдаг дарга биш. Гэтэл тийм шинж заримдаа харагддаг.
-Жишээ нь
-Алх цохиод л сөрөг хүчин МАН-ыг бүлэггүй үлдээх, 2013 оны төсвийг цөөнхгүйгээр баталж байх жишээтэй.
-Цөөнхийг бүлэгтэй болгох алхыг ч би цохьсон. 2013 оны төсвийн тухайд Амаржаргал гишүүний л бодол. Ер нь ямар ч нөхцөлд хууль журам, зарчмаараа л явна. Түүнээс нь хазайж явж болохгүй, зөрчих эрх надад байхгүй. Хэдийгээр цөөнх алдаа гаргасан ч түүнийг нь уучлаад бид бүлгийг нь байгуулж өгөөд тэр алхыг бас би цохиж л байсан.
-Энд хуулиас илүү хүн ёсны харилцаа, улстөрийн соёл, зөвшилцөл байх ёстой байсан болов уу. Олон жил нэг танхимд суусан, тэгээд адилхан улстөрийн хүчин тэнд намын их хурлаа хийж байхад ганц өдөр хүлээгээд цаашаа явж болох байсан шүү дээ. МАН-ыг бүлэг байгуулах эрхгүй үлдээсэн чуулганы тухайд шүү дээ.
-Тэр надаас хамаараагүй юмаа. Бүлгийн шийдвэр гарсан. Намайг УИХ-ын дарга болохоос өмнөх шийдвэр. Тэр үед АН-ын бүлгээр юу ярьсан гэхээр Засгийн газрыг хамтарч байгуулахаар тохирсон намууд Үндсэн хуулийн дагуу, УИХ-ын Дэгээр цаашаа явах боломжтой. Заавал бүх намтай зөвшилцөх, ирэх хариуг нь хүлээх албагүй. Хуулийн боломжтой, хориглосон зүйл байхгүй байхад цаашаа явъя, өдөр алдахгүй гэж шийдвэр гарсан. Тэр дагуу л явсан. МАН-ынхан тэр үед “бид эднийг олонхи байхдаа засагтаа авсан, одоо биднийг авч л таараа” гэж бодсон юм билээ. Тэгээд хамгийн эхний албан тушаал, хэлэцэх асуудал бол УИХ өөрийгөө зохион байгуулах шүү дээ. Бидэнд 44 кноп байна, Үндсэн хуулиар олгосон эрх мэдэл, хуулийн шаардлага нь нээлттэй байна, түүгээр нь цаашаа явъя л гэсэн.
-Де-факто гэж нэг ойлголт байдаг даа. Та де-факто УИХ-ын дарга мөн үү. Цөөнхийн оролцоогүйгээр сонгогдсон шүү дээ
-Би энэ ажлыг өнөөдөр хуулийн хүрээнд хийгээд явж байна. Шаардлагаа тавиад хаана хаанаа хүлээн зөвшөөрөөд ажил урагшаа явж байгаа. Энхболдыг Их хурлын дарга биш гэж үздэг бүлэг нэг хэсэг байсан. Бүр Цэцэд хүртэл өгч үзсэн. Сүүлдээ хүлээн зөвшөөрсөн. Их хурлын даргын хувьд би бүгдэд тэгш хандах үүрэгтэй. Тэр зарчмаараа л яваа. АН-ын гишүүдэд илүү минут олгоод, Ардын намын гишүүний микрофоныг хааж байгаа юм надад байхгүй. Тэгэх боломж ч байхгүй. Харин ч сүүлийн үед Ардын намын гишүүдтэй санал нийлэх юмнууд олон болж байгаа шүү. Жишээ нь төсвийн үеэр л гэхэд төгсөгчдийн 50 хувь гэдэг дээр Ё.Отгонбаяр, бас валютын ханш дээр Ж.Энхбаяр гишүүнтэй санал нэгдсэн. Гишүүдийн ярьж байгаа саналуудаас зөвийг нь авч дэмжих эрх мэдэл надад байгаа юм. Алхаа цохихын өмнө саналаа хэлж тэрийг нь аваарай гэж болдог. Тэр нь өөрөө Байнгын хороон дээр асуудал хэлэлцэхэд чиглэл болдог.
-Ярилцсанд баярлалаа.
TGT
n
çî÷èí
çî÷èí
çî÷èí
амцг
Зочин
uulzaagyi hiisen yatiltslaga shig
Болдбаатар
Зочин
Зочин
bagi
yuyo
зочин
Зочин
ОТ судлаач
Зочин
irgen
Зочин
Зочин
bold
Сосо
Irgen
Зочин
Зочин
ард
Пуужээ
Монгол улсыг бүүр өрөнд унагахаар нь ойлгоорой
Сайхан ярилцлага
бодол
batjin
зочин
zochin
bi
Зочин
ODOO
Зочин
Kkkk
Kkkk
33
зочин
unasan huniig l unasan hun gene.kkkkk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
амраа
амраа
Зочин
Зочин
London
London
Зочин
Зочин
OBS
OBS
Зочин
Таныг дэмжиж байна
Зочин
Зочин
777777777777777
zochin
монгол
хөөтэйтогоод хариулах нь
enkhbold
зочин
Зочин
Зочин
bi
Зочин
Зочин
Зочин
Зочин
hahaha
Болд
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
хөөтэйтогоо
хөөтэйтогоо