Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны зургадугаар сарын 7-нд Хөвсгөл аймагт сонгогчидтой хийсэн уулзалтынхаа үеэр улс төрийн болон хуулийн ноцтой алдаа гаргалаа. Тэрбээр “Баахан хүмүүс бие даан нэр дэвшиж байгаа. Ямар ч хэрэгцээгүй хүмүүс гэдгийг би энд зориуд хэлэхийг хүсч байна” гэв. Энэ юу гэсэн үг вэ? Эрх баригч намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалаас Үндсэн хуулийн дагуу эрхээ эдэлж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшиж өрсөлдөж буй бие даагчдыг бөөнд нь “Ямар ч хэрэгцээгүй хүмүүс” гэж тодорхойлж сонгуульд өрсөлдөж болдог юм уу, Тэр ч байтугай тэднийг “Улсаар тоглодогоо болих хэрэгтэй” гээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нарыг нэрлэлээ. Бүр “Хаана явна вэ? Бие даасан уу? Намд элссэн үү?” гэхчлэн тохуурхаж байна. УИХ-ын гишүүд дараагийн сонгуульд өрсөлдөхдөө бие дааж нэр дэвших үү, өөр намд элсэх үү гэдгээ МАН-ын даргад мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой юу?

https://twitter.com/i/status/1270236272066310151

У.Хүрэлсүх “Өнгөрсөн дөрвөн жилд юу хийж бүтээсэн бэ?” гэж хашгирахдаа тэр хоёр гишүүнээс биш 65 суудал аваад эрх барьсан намынхнаасаа, хүчингийн гэмт хэрэг үйлдээд чуулганы танхимаас шорон руу, гишүүний суудлаас ялтны суудал руу шилжсэн нутгийн дүү Д.Гантулгаасаа асуух ёстой. Тэгээд ч УИХ-ын гишүүн биш У.Хүрэлсүх өөрийг нь тагнаж чагнасан гэх худал цуу тарааж хууль, хүчний байгууллагуудаар тоглож эцэст нь гэр бүлийнхнээ оролцуулсан жүжиг болох нь тогтоогдож УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хаалттай хэлэлцэж нууцалсан. Улмаар ЖДҮХС-ийн зээлээр “хахуульдаж”, УИХ-ын кнопыг худалдаж авсных нь дүнд “ЖДҮЧИД” гэдэг нэр томъёог бий болгож намынхаа нэр хүндийг унагаж улсад хохирол учруулсан. Үүнийхээ үр дүнд Ерөнхий сайд, МАН-ын дарга болсон.Одоо намынхаа “ЖДҮЧИД”-тэй хариуцлага тооцож нэр дэвшүүлэхгүй гэснээ зөрчиж АТГ, Прокурорын байгууллагаас ам цагаан цаасаар тодорхойлолт бичүүлэн хаацайлж дахин нэр дэвших боломж олгочихоод байгааг бүгд харж байна. Тэдний дунд дээрх хоёр гишүүн байхгүй шүү. 

Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн биш У.Хүрэлсүх Улсын Их Хурлын Гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж буй нэр бүхий гишүүдийг сонгуулийн үеэр гутаан доромжилж сонгогдох эрхэд халдаж байна. Түүний энэ доромжлолд 121 бие даагч, нийт дөрвөн эвслээс нэр дэвшсэн 485 нэр дэвшигч өртөж “Ямар ч хэрэгцээгүй хүмүүс” гэгдэж “Улсаар тоглох гэж байгаа” гэж У.Хүрэлсүхээр тодорхойлуулж УИХ-ын сонгуульд өрсөлдөх ёстой юу? Энд үгэн дээр тоглосон явдал байхгүй. Маш тодорхой хуулийн заалтыг хоёрдмол утгагүй үг хэлээрээ өөрөө ярьж хэлсэн учраас хариуцлага нэхэх шаардлагатай. Энэ бол улс төрийн сонгуулийн үеэр, улс төрийн хамгийн том гэгддэг эрх баригч намаас бие дааж нэр дэвшигчдэд үзүүлж буй шахалт, дарамт, доромжлол, цаашилбал дарангуйлал мөн! 

Сонгуулийн ерөнхий хороо энэ хүнд ямар арга хэмжээ авахыг, хэрхэн хариуцлага тооцохыг Монголын ард түмэн, нийт сонгогчид харж байна. 

У.Хүрэлсүх 2018 оны арванхоёрдугаар сарын 18-нд МАН-ын Бага хурлын үеэр “М.Энхболдыг УИХ-ын даргын ажлаа өгчих, би ч өгье” гэж шоудсан. М.Энхболд өөрийг нь ямар хууулиар огцруулахыг бараг зааж өгөөд хуулийн дагуу зөв болгоод огцорсон. У.Хүрэлсүх огцроогүй. Тэр өдөр “ЖДҮХС-гаас зээл авсан бол хуулийн байгууллагад шалгуулаарай гэж дүүдээ хэлсэн” гэсэн, чуулганы индрээс ч бас хэлсэн. У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар ч, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөх өдөр Эрдэнэт үйлдвэрт 712 сая ам.долларын шахааны гэрээ хийсэндээ ч хариуцлага хүлээгээгүй. 

Тэр ийм л хүн. Түүний Засгийн газрын үед Төрийн яаман дотор сайд нь архидалт зохион байгуулснаас төрийн албан хаагч амь насаа алдсан. Аймгийн Засаг даргын өрөөнд төрийн албан тушаалын төлөө хүний сайхан охиныг үхэлд хүргэсэн хэрэг нэг бус гарлаа. Ерөнхий сайд болоод хамгийн түрүүнд барьж авч хийхээр амласан Төв цэвэрлэх байгууламжид ажлаа хийж байсан дөрвөн хүн осолдлоо, Дарханы зам барих ажлыг зам хуулах ажил болгосноос ослоор амиа алдагсад 400 хол давжээ. Ерөнхий сайд хариуцлага хүлээсэнгүй. Коронавирусын үеэр авах арга хэмжээ нэрийн дор нэр бүхий арилжааны банкуудыг сэм дэмжсэн, хил хаах хориг нь олон монгол хүнд хүрч болшгүй хол байгаагаас болж хүний нутагт монгол хүн амиа алдаж байна.Энд хариуцлага хүлээх ёстой бүх алдааг тоочиж барсангүй.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Та сонгогчдыг хүндэтгэ. Таны сэтгэлийн хөөрлөөр хариуцлагагүй, бүдүүлэг доромжлолд чинь өртсөн 121 бие даагч, нийт дөрвөн эвслээс нэр дэвшсэн 485 нэр дэвшигч, тэдний дэмжигчи, нийт сонгогчдоос уучлал хүсэхийг шаардаж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхий сайд, МАН-ын даргын гаргасан хуулийн болон улс төрийн, ёс зүйн ноцтой алдаанд ямар хариуцлага тооцож сонгогчдод мэдээлэх үүрэгтэй гэдгийг энд хатуу сануулъя!