Хөгжлийн банкны зээлдэгчид ба Хотын дарга асны хэрэг
Төсвийн мөнгөөр сан байгуулаад түүнийгээ өөрсдөө ээлжилж тоноод, татвар төлөгчдийн нуруун дээр ачааг нь буулгаад явах нь зөв үү? Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар шиг хийгээгүй хэргийн ял үүрээд, шоронгийн тав болоод суух нь дээр үү? Хуулийн байгууллага, шүүхийн систем маань яг ямар схемээр ажиллаад байна аа...?!
Одоогоос хоёр сарын өмнө “Ард түмний штаб” гэх ТББ-ын тэргүүн Б.Жагар гэдэг хүн Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрчийн нэрийг зарлаж, хэрхэн, ямар шалгуураар, хэдэн төгрөгийн зээл авсныг нь зарлахыг Засгийн газраас шаардаж байв. Тэр үед Б.Ундармаа, С.Бямбацогт, Б.Элдэв-Очир, Ц.Гарамжав, Ё.Отгонбаяр, Су.Батболд, Сү.Батболд, Б.Элдэв-Очир, Ц.Анандбазар, Б.Дэлгэрсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин гэх мэт МАН-ын голдуу 17-18 хүний нэрийг зарласан. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мөн “Хөгжлийн банкнаас зээл авсан компани, аж ахуйн нэгжүүд, банкны удирдлагад нөлөө үзүүлсэн” 22 улстөрчийг зарласны дотор УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Ц.Гарамжав, Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар, Барилга хот байгуулалтын дэд сайд Лхамсүрэн, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр,Сангийн дэд сайд асан С.Пүрэв, УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очир, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын нэр багтжээ. Нийт 22 зээлдэгчийн дөрвөөс бусад нь (Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Хурц, Н.Батбаяр) МАН-ынх.
Эдэн дотор өмнө ЖДҮХС-гаас зээл аваад төлөөгүй явж байсан нөхөд ч бий. ЖДҮХС-гийн зээлийн тухайд зөвхөн УИХ дотроос тоолоход 76 гишүүний 44 нь зээл авсан байдаг. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ЖДҮХС-гийн санхүүжилтын тухай ярьж байх үед нь тухайн үеийн Сангийн сайдын хэлсэн үг Байнгын хорооны проктокол дотор бичигдэж үлдсэн байдаг. “Гишүүдийн нэртэй 75 тэрбум төгрөгөө энэ удаад больё оо. Төсөв хүнд байна аа” гэж. Гэсэн тэр нь УИХ-аар батлагдаад УИХ-ын 44 гишүүн тус бүр нэг тэрбумын зээл авсан. Тэднээс гурав, дөрөвхөн нь шүүхээр орж, үлдсэн 40 гишүүн ямар ч ял шийтгэлгүй өнгөрсөн байдаг.
Тэгээд нөгөө “хандыг авна” гэдэг нь болсон юм байлгүй ЖДҮХС-гаас авсан зээлээ хэдэн арав, хорь нугалаад Хөгжлийн банкнаас авсан. Одоо зарим нь бүр тэрийгээ ид хав болгоод “Ховдын хөгжлийг тэтгэсэн хамгийн сайн төсөл” энэ тэр гээд сурталчлаад явж байх жишээтэй. Зарим нэг нь 17 тэрбумын зээлээ гурав хоногийн дотор эргүүлж төлөөд, магтуулж сайшаалгаад явж байх ч шиг.
Харин хуулийн байгууллага болохоор тэднийг “зээлээ зориулалт бусаар зарцуулсан уу, мөнгө угаасан уу?” гэдэгт л анхаарал хандуулж байна. Анхнаасаа зээл авсан үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл шүү гэдгийг хэн ч ярихгүй байна. 2012 онд УИХ-аар баталсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай” хуулийн 20-р зүйлд “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт” хэсэг гэж бий. Тэнд “Нийтийн албан тушаалтан (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, УЕП, УДШ-ийн шүүгч, ерөнхий шүүгчээс эхлээд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгч хүртэл), түүний хамаарал бүхий этгээд (аав, ээж, ах, дүү, эхнэр, нөхөр, хүүхэд) төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гээд заачихсан. Хууль зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг нь ч гэсэн биччихсэн байгаа.
Энэ утгаараа С.Бямбацогт “мөнгө угаасан” гэмт хэрэгтэн болдоггүй юм гэхэд хууль бусаар зээл авсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой үйлдэл. УИХ-ын гишүүн хувийн компанидаа Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь өөрөө хуулиар хориглосон үйл ажиллагаа.
Гишүүн асан А.Сүхбат бас “Би УИХ-ын гишүүн боллоо гээд миний дүү ажил хийж, амьдралаа залгуулж болохгүй юу?” хэмээн сэтгүүлч рүү агсарч байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. ЖДҮХС, Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрчид, УИХ-ын гишүүдийн аман дотор ч гэсэн яг ийм асуулт явж байж магадгүй. Тэгвэл хариулт нь “Болно оо. Тэгэхдээ зөвхөн нээлттэй тендер буюу сонгон шалгаруулалтаар төрөөс болон төсвийн байгууллагаас ажил, үйлчилгээ авч, ашиг орлого олж болно". Харин зээл болон санхүүжилт хэрэгтэй бол бусдын адил арилжааны банкуудад хандаад бизнесийн зээл авах ёстой гэсэн үг. Ийм энгийн зүйл.
Гэтэл тэгсэн ч гэсэн эрүүгийн гэмт хэрэгтэн болсон тохиолдол бас байна аа. Тодруулбал, өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хэлэлцэж буй Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын хэрэг.
Э.Бат-Үүл 2012-2016 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж, олон мянган айлыг нүхэн жорлон, зөөврийн уснаас салгасан байдаг юм. Энэ ажилд Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай бас ханцуй шамлан оржээ. Ингэхдээ хуулийн дагуу нээлттэй тендерт оролцон шалгарч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 810 айлын орон сууцны төслийг эхлүүлсэн байдаг юм. Үүний тулд тус хорооны 200 гаруй айлын 190-тэй нь нэг бүрчлэн гэрээ байгуулж, барилга ашиглалтанд орох хүртэлх хугацаанд орон сууцны түрээсийн төлбөр төлөх гэрээ байгуулан газрыг нь чөлөөлүүлсэн.
Товчхондоо төсөл хэрэгжүүлэх компанийг хорооны иргэд өөрсдөө сонгон шалгаруулж, нийслэл тэдний өмнөөс төслийн гүйцэтгэлийг хүлээж авахаар “Грандлайн”-тэй гэрээ байгуулсан байдаг юм.
Атал өнөөдөр аав, хүү хоёр хоёулаа “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг олох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” (ЭХ-ийн 21.22), “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн ЗДТГ-т хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн” (2002 оны ЭХ-ийн 263.2) гэдэг яг адилхан зүйл ангиар ял сонсчихоод сууж байгаа. Анхан шатны шүүх Б.Чулуудайд оногдуулсан ялаа “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хүчингүй болгосон боловч Э.Бат-Үүлд нээлттэй хорих ангид дөрвөн жил хорих, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оногдуулсан.
Зүй нь бол, ядаж нэг гэмт хэрэгт хамтран оролцсон, яг ижил зүйл ангиар ял сонссон хоёр хүний хөөн хэлэлцэх хугацаач гэсэн нэг өдөр эхэлж, нэг өдөр дуусдаг биз дээ. Гэтэл шүүх яагаад ийм ялгаатай байдал үүсгэснийг таахад бэрх.
Өөр нэг гайхалтай зүйл нь хэргийг анх шүүхэд шилжүүлэхдээ прокурор “Грандлайн”-тай гэрээ байгуулсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Гантулга нарыг “Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын гэмт хэрэг үйлдэхэд хатгагч, хамжигчаар оролцсон” хэмээн яллах дүгнэлт үйлдэж, ял төлөвлөсөн үзсэн байдаг юм. Харин анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлттэй танилцаад “Л.Нарантуяа, Ш.Гантулга нар нь Нийслэлийн Засаг даргад шууд харьяалагдах албан тушаалтан мөн боловч “Грандлайн”-тай гэрээ байгуулсан үйлдэл нь Э.Бат-үүл, Б.Чулуудай нартай хамтарсан, хууль бусаар гэрээ байгуулсан гэх үйл, баримт тогтоогдохгүй байна” гэж үзээд Ш.Гантулга, Л.Нарантуяа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Гэтэл нөгөө талд шүүх Э.Бат-Үүлийг “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон “Грандлайн” компанийн хооронд байгуулсан гэрээнд хөндлөнгөөс нөлөөлж, гүйцэтгэгчээр бүлэглэж оролцсон” хэмээн буруутгасан байдаг. Ингээд Э.Бат-Үүл, Б.Чулуудай хоёр өөрсдөө хамтран гэмт хэрэг үйлдсэн, хамжигчаар оролцсон, сүүлдээ гэмт хэргийн гүйцэтгэгчээр бүлэглэж оролцсон болоод, шүүхээс ял авсан байдаг юм.
Ийм л нэг хоёр үзүүртэй зүү шиг барих барьцгүй шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргачихаад байгаа. Тэгэхээр болсон явдал буюу "үйл, баримтаас" үзвэлл манай дарга нар төсвийн мөнгөөр сан байгуулаад түүнийгээ өөрсдөө ээлжилж тоноод, татвар төлөгчдийн нуруун дээр ачааг нь буулгаад явах нь зөв гэсэн үг үү? Эсвэл Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар шиг хийгээгүй хэргийн ял үүрээд, шоронгийн тав болоод суух ёстой юу? Ингэхэд хуулийн байгууллага, шүүхийн систем маань яг ямар стандарт тогтоогоод байна аа...?!
Үргэлжлэл бий...
зочин
Оноч
Зочин
Зочин
Иргэн
оноч
Зочин
Зочин