Сэтгэл санааг шаналган зовоох эрүү шүүлт ингэж явагддаг!
Шүүх нь улс төрийн хэрэгтнүүдийг хорихын тулд өмгөөлөгчийн шүүхэд итгэх итгэлийг худалдаж, хууран мэхэлсэн. Улайран ялласан шүүгч маань өөрөө авлигын хэрэгт шалгагдан түүгээр барьцаалагдсан болох нь хожим илэрхий болж байна. Би үхэхээр чи үх.
***
Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг 1937 оны 7 дугаар сарын 10-ны өдөр буюу Ардын хувьсгалын ойн баярын урд өдөр баривчилж, мөн оны 11 дүгээр сарын 26-нд буюу Улсын бага хурлын даргаар сонгогдсон ойн өдөр нь буудан хороосон. Түүнийг цаазалсан өдөр нь Монголчуудын хувьд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт ойн өдөр юм. П.Гэндэн нь лам нарыг хүйс тэмтрэх тухай Сталины даалгавраас татгалзсан гэх ялтай.
***
Ерөнхий сайд Ананд (Агданбуу)-ын Амарыг 1941 оны 7 дугаар сарын 11-ний өдөр буюу Ардын хувьсгалын 20 жилийн ойн өдрөөр Зөвлөлтийн тройкагаар оруулан Москвад цаазын ял өгсөн. А.Амарын “Монголын төр үнэнчээр зүтгэсэн хүндээ халтай” гэх үг түүхэнд үлдсэн. Монгол Улсын 11, 12 дахь Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар нарын удирдагчдыг улсын баяр наадам, улс тунхагласны ойн өдрүүдийг тохиолдуулан зориуд баривчилж, цаазалж байсан нь Монгол үндэстний сэтгэл зүйг нухчин дарах, мохоох гэсэн коммунист Зөвлөлтийн дээрэнгүй үзлийн илрэл байсан, үүнийгээ ч тэд нуудаггүй.
***
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Монгол Улсыг хорлон сүйтгэх террорист гэмт хэрэг үйлдсэн гэж олон нийтэд ойлгуулан сүр дуулиантай эрүүгийн хэрэг үүсгэсний эцэст автомашин албандаа худалдан авсан гэх даржин хэргээр ял өгсөн. М.Энхсайханыг ялласан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн дагуу 15 хоногт багтаан танилцуулах байсан ч хугацаа хэтрүүлэн 1 сарын дараа 65 насных нь төрсөн өдрөөр хорих ангид нь биечлэн гардуулсан. “Төрсөн өдрийн бэлэг” байгаа онож тэр оройдоо М.Энхсайханы даралт ихсэн бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн.
***
Шадар сайд асан Да.Ганболдыг ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож байсан өдөр нь дуудаж яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан. Хууль хүчний байгууллага 2 жил гаруй хугацаанд түүнийг нууцаар мөрдөн шалгасан боловч хулгай хийж, хувьдаа хөрөнгө завшаагүй тул буруутгах нотлох баримт олдоогүй. Да.Ганболд нь ардчиллын анхны алтан хараацайнуудыг хилсээр яллаж байгааг зүгээр харж сууж чадахгүй эсэргүүцэн олон нийтэд үгээ хэлж эхэлмэгц гэрчээс шууд яллагдагч болгон хэргийг шүүхэд шилжүүлсэн.
***
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох эрүүгийн хэргийн хавтаст хэргийн тоо 461.
Монгол Улсын 27, 30 дахь Ерөнхий сайдуудын 6 жилийн зайтай үйл явдлуудыг хүчээр нэг хэрэгт нэгтгэн, хэрэгт ач холбогдолгүй элдэв баримт нэмж оруулах, давхардуулах байдлаар хавтасны тоог 461 болгон шүүхэд шилжүүлсэн. Энэ бол иргэдийн хэлж заншсанаар хуучны Ганц худаг буюу одоогийн цагдан хорих 461 дүгээр ангийн дугаар. Хэрэгт холбогдсон бүх Ерөнхий сайдууд болон ажлаа хийж явсан жирийн албан хаагчид шүүхийн өмнөх шатанд 461 дүгээр хорих ангид 2 сарын хугацаанд хоригдсон байсан нь шархан дээр давс үрэх мэт сэтгэл зүйн дарамт үүсгэсэн. Хожим шүүхээр яллуулсан бүхэн 461 дүгээр хорих ангид хоригдсон төдийгүй зарим нь өнөөдөр ч жил гаруй хугацаанд энэ хорих ангид ял эдэлж сууна.
***
Гэм буруугүй бол гэмт хэрэг болохгүй. Дубайн төлөвлөгөөг баталсан хэрэгт буруутгагдсан иргэдийн гэм буруугийн санаа, сэдэл, зорилгыг нотолж чадахгүй болмогц прокуророос урьд эрхэлж байсан ажлаар нь гүтгэж эхэлсэн. Тухайлбал, нэг нь албан бичиг өгөхийн тулд Тагнуулын дарга байснаа татварын дарга болсон, бусад нь урьд өмнө олон улсын байгууллагад зөвлөхөөр ажиллаж байсан гэх мэт хүн үнэмшимгүй төсөөллөөр буруутгав. Прокурорынхоор бол Монголын төрд олон улсын хэмжээний туршлагатай, сайн мэргэжилтнүүд зүтгэж болохгүй юм байх. Хувийн ямар ч ашиг сонирхлоо гүйцэлдүүлээгүй атлаа улсаа хорлох гэсэн “ухаан муутай супер лиг” гэж байх уу. Ийм уран сэтгэмжтэй улсын яллагч хүн уран зохиол бичвэл илүү амжилтанд хүрэх биз. Нотлох баримтаар хүнийг яллах байтал уран зөгнөл, таамаглал, хардалтаар хэнийг ч яллаж болохгүй. Тэгээд ч Да.Ганболдыг буруутгахад прокурорын уран сэтгэмж нь сох дутсан.
***
Иргэн Б.Бямбасайханыг шоронд хоригдож байх хугацаанд эхнэрт нь Монголын төр алдарт эхийн одон гардуулсан. Эр нөхрийг нь хилс хэрэгт ял шийтгэчихээд эзгүйд нь эхнэрт нь шагнал өгч тавлаж байгааг харахаар зохиолч С.Пүрэвийн 1937 оны их хэлмэгдүүлэлтийн тухай өгүүлэх Усны гудамж романы Өлзиймаа гэх зовлонт эмэгтэйн дүр өөрийн эрхгүй бодогдож, өр эмтэрнэ.
***
Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдийн хөрөнгө, орлогын мэдээлэл нь хавтаст хэрэгт бэлээхэн байдаг. Шүүх нь шүүгдэгч нарын санхүүгийн байдлыг мэдсээр байж 3 хоногийн дотор 10 тэрбум төгрөг авчирж шүүхийн дансанд тушаахгүй бол цагдан хорино гэж байгаа нь 72 цагийн хугацаанд сэтгэл зүйн гүн дарамтанд оруулсан бусармаг үйлдэл болсон. Шүүхээс биелэгдэшгүй даалгавар өгч шүүгдэгчийн сэтгэл зүйг шаналган тохуурхаж байгааг эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзнэ.
***
Шүүхээс шүүгдэгчийг цагдан хорих шалтаг, мөн бах таваа хангах хэрэгсэл болгосон 3 хоногт 10 тэрбум төгрөг тушаах даалгаврыг зөрчсөн иргэдээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нь сорчлон ялгаж цагдан хорьсон. Иргэд сонгогчид, нам эвслийн итгэлийг өвөрлөн сонгуульд өрсөлдсөн эдгээр нэр дэвшигчид нь мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулах нь бүү хэл хамаг муугаараа хараалгаж, шоронгийн торны цаана сэтгэл зүйн дарамтанд шаналж суух давхар ялтай үлдсэн. Монголын шүүх нэр дэвшигчийн хуулиар олгосон баталгаа руу нулимсан.
***
Шүүх нь улс төрийн хэрэгтнүүдийг хорихын тулд өмгөөлөгчийн шүүхэд итгэх итгэлийг худалдаж, хууран мэхэлсэн. Улайран ялласан шүүгч маань өөрөө авлигын хэрэгт шалгагдан түүгээр барьцаалагдсан болох нь хожим илэрхий болж байна. Би үхэхээр чи үх.
***
Шүүх хурал эхлэхтэй зэрэгцэн зөвхөн тухайн улс төрийн хэрэгт шүүгдэгч нарыг зөөх зорилготой хуягласан машиныг хурлын танхимын цонхон доор сойхоо хэзээ ч мартахгүй. Энэ бол хорих ял авах нь урьдаас тодорхой төдийгүй дээд газраас ял захиалга ирсэн хэрэгт шүүгдэж байгаа гэдгийг ил тодоор илэрхийлэн тохуурхаж байгаа үйлдэл. Шүүгдэгч нарын сэтгэл зүйг дарамтанд оруулахын тулд хуягласан машин нь шүүх хуралд уяатай мэт сахиж өнжинө. Тухайн өдрөө шүүх хурал дуусахгүй бол хуягт машин шүүхийн байрыг орхин явж, маргааш хурал эхэлмэгц ирж хүлээлгийн горимд отно. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэх зарчим цаасан дээр л үлдчихээ юу?
***
Хилсээр ял шийтгэж хэлмэгдүүлэх мөртөө сэтгэл ханахгүй, нэмээд буруутгагдсан иргэдийнхээ сэтгэл санааг нь шаналган эрүүдэн шүүж, янаглан хорлох ажиллагааг ямагт сүүдэр мэт дагуулж явдаг нь коммунизмын харгис технологи балраагүйн шинж.
***
Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдэд нийтлэг шинж бий. Монгол Улсад ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхдагчид болон эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлсэн, гацаанаас гаргасан, гуравдагч этгээдийн буюу гадаадын хөрөнгө оруулалтыг татсан гэх мэт. Эдгээр эх орончдыг ял шийтгэн бусдад нь сургамж болгох нь хэнд ашигтайг хэлүүлэх юун.
***
Гэмгүйг мэдсээр байж гүтгэж харлуулдаг гэрч, шинжээчээс эхлээд мундаг хэрэг илрүүлсэн мэт өөрийгөө хуурах мөрдөгч, прокурор, шүүгч нар нь хуулиасаа улайм цайм нүүр буруулсан. Гэмгүй иргэдийг гэр бүлийнх нь хамт нус нулимстай нь хольж, шар махтай нь сар жилээр хатаачихаад хоолойгоор нь яаж хоол давдгийг чөтгөр бүү мэд! Хэрэг хийгээгүйгээ мэддэг хэлмэгдсэн хүний харуусал, шаналал хэзээ ч сэтгэлийн гүнээс нь арилдаггүй. Төлөөсгүй зүйл гэж үгүй. Хилсээр бусдыг хэлмэгдүүлчихээд өөрөө үйлийн үрээсээ мултарсан түүх Монголд бүү хэл дэлхийд байхгүй. Эхнээсээ юу болж байгааг харж байгаа байх.
***
Хилсээр ял шийтгэхийн тулд сэтгэл санааг шаналган зовоох санаатай эрүү шүүлтийн үйлдлийг шүүхэд хууль бусаар нөлөөлөхийн нэгэн адил гэмт хэрэг гэж үздэг. Энэ бүхэн “санамсаргүй тохиолдол” гэж итгэхийг туйлаас хүсэвч арай л олон давтагдахын зэрэгцээ бас өөрийн гэсэн зүй тогтолтой байгаа нь нэвт үнэртээд байна.
***
Зочин
cvv
Zochin
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Zochin
Иргэн
Onom
Иргэн
Зочин
Оном
Оюун
Зочин
Оном
Зочин
Оном
Оном
Оном
Х
Иргэн
Зочин
Иргэн
Иргэн
Хэлмэгдлээ зогсоо
Иргэн
Зочин
ONOM
ЦОЛМОН
Иргэн
Зочин
Зочин
Өвгөн зохиолч
Зочин
Амар
зочин
Иргэн
Зочин
зочин
Batbold
Зочин
бид
Зочин
Иргэн
Зочин
Иргэн
m
Зочин
шоог
МАНЫГ ТАРААЖ БАЙЖ МОНГОЛ УЛС ГОЛЬДОРТОО ОРНО
Зочин
Tugs
Зочин
Зочин
З
Onom
Зочин