Я.Содбаатар Шадар сайд болсны “нууц”& нисдэг тэрэгний “хөлтэй” бизнес айсуй
-У.Хүрэлсүхийн Засгийн газар “солиорсон ханшаар үнэ хөөрөгддөгийг, Солонгосоос шатахуун тээвэрлэж ирдгийг болиулж чадах уу?-
Юуны өмнө Архангай аймагт болсон аймшигт осолд өртөж түлэгдсэн 11 иргэнийг ГССҮТ-д нисдэг тэргээр авчирсан ОБЕГ-ын хамт олонд талархал илэрхийлж үүргээ сайн биелүүлж буйг онцлон энэхүү нийтлэлд ямар нэг байдлаар буруутгагдсан зүйлгүй гэдгийг илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталсан байдаг. Уг хуулийг баталснаар БНФУ-ын Засгийн газраас Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад 57.9 сая еврогийн зээлээр техникийн тусламж үзүүлэхээр болсон.
Тодруулбал, "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефть хадгалах станц байгуулах юм. Үүнээс гадна обьектын түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгохын сацуу нисдэг тэрэгний нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх юм байна. Дээрх зээлийн хугацаа нь 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байх аж. Энэ талаарх төслийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Улмаар Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулж агаараас эрэн хайх, аврах эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулсан нисдэг тэрэг, тусгай зориулалтын автомашинууд, нефтийн бүтээгдэхүүн хадгалах агуулах болон бусад техник хэрэгсэл авах, нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх зэрэгт зарцуулах төсөв энд багтсан гэж танилцуулагдсан.
Ингээд нисдэг тэрэгний нисгэгч, агаарын хөлгийн инженер, техникийн ажилтан авах сонгон шалгаруулалтыг 2020 оны 6 дугаар сарын 26-наас 2020 оны 7 дугаар сарын 16-ныг хүртэл хэдхэн хоногт зарлажээ. Улсын баяр наадам тааруулсан мэт бас л сонихон. Нэг ёсондоо нисдэг тэрэг оруулж ирээд байгаа компани багтайгаа ороод ирж болохоор нэгэн бизнесийн суурь тавигдах мэт харагдана.
Дашрамд дурьдахад ОБЕГ-ыг нисдэг тэрэгний флоттой болгож, засвар үйлчилгээг хариуцах, багийн бүрэлдэхүүнийг сургах энэ төсөл 2018 оны 5 дугаар сарын 17-нд Шадар сайд Ө.Энхтүвшин, БНФУ-ын Элчин сайд Элизабет Барсак нарын уулзалтын үеэс эхлэн идэвхжиж нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжих төсөл яригдаж эхэлсэн байдаг. Эцсийн байдлаар эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөн 30 жилийн хугацаатай, 0.08 хувийн хүүтэйгээр Францын төрийн сангийн “Натиксис” банкаар дамжуулан 57.9 сая еврогийн зээл авахыг УИХ зөвшөөрсөн.
Үүнийг угтуулан энэ чиглэлийн компаниуд шинээр байгуулагдаж эхэлсний нэг нь саяхан Ч.Хоролсүрэнгийн хоёр нисдэг тэргийг оруулж ирсэн Л.Нямбаяртай холбогддог. Тэд хамтдаа буюу Л.Нямбаяр 2019 оны 12 дугаар сарын 18-нд “Номадик жет” ХХК-ийг Чулуунтогтохын Бямбадоржтой хамтран байгуулсан. “Номадик жет” ХХК нь Л.Нямбаярын одооогоор татан буугдсан Central Mongolian airways-ийн суурин дээр боссон болов уу гэх хардлагыг төрүүлдэг.
Мөн Лхамжавын Нямбаяр, Сүрэнгийн Эрхэмбаяр нар“А-Жет авиэйшн” ХХК, “Жигүүр гранд”-ийн Гүйцэтгэх захирал Баттөрийн охин Б.Хулангийн нэр дээр 2019 оны 7 дугаар сарын 16-нд бүртгэгдсэн “Тэнгэрийн улаач шинэ” ХХК “Зорчигч ачаа тээвэрлэлт, дадлага сургалтын нислэг, эмнэлгийн түргэн тусламжийн нислэг, эрэн хайх авран хамгаалах нислэг, захиалгат, онцгой үүргийн нислэгийн чиглэлээр” үйл ажиллагаа явуулдаг.
Өмнөх нийтлэлдээ би Дамбын Хишигжаргалын “Монголиа Авиашин Фүел” ХХК 2020 оны 2 дугаар сарын 13-нд Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахууны хангалтын албатай нэг тонн тутам нь 2 сая 760 мянган төгрөг байхаар Агаарын хөлгийн шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсаныг дэлгэж байв.
Тэгвэл одоо 2020 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар шатахууны үнийн мэдээг харцгаая.
Сүүлийн багана буюу 2020 оны 6 дугаар сард “МИАТ” ТӨХК Бээжингээс 353 ам.доллараар, Наритагаас 315 ам.доллараар, Инчоноос 314 ам.доллароор, Гуанжоугаас 357 ам.доллараар, харин эх орныхоо Чингис хаан нисэх онгоцны буудлаас НӨАТ-гүй бол 642 ам.доллар, НӨАТ-тай бол 706 ам. доллароор авсан байна. Энд 20, 30 хувийн зөрүү биш 100 хувийн зөрүү гарч ирж байгаа биз? Энэ ямар гээчийн өндөр унацтай бизнес вэ?
Ойрын үед Covid-оос болоод нислэг байхгүй, зөвхөн Улаанбаатар-Ханбумбат /Оюутолгой/ чиглэлд нөгөө өндөр үнэтэй түлшээрээ цэнэглэж нислэг үйлдэж байгаа нь нэг ёсондоо Оюутолгойд хийж буй шахаатай агаар нэг юм. Орон нутгийн нислэгийн түлшний ханш ийм байхад хэн онгоцоор нисэх вэ? Аргаа барсан “МИАТ” компани Улаанбаатарт үнийн санал шинэчлэхгүй байгаа учраас Сөүлд зорчигчдоо буулгачихаад ирэхдээ шатахуун тээвэрлэж ирэхийг нисгэгчдэдээ үүрэгдэхдээ үүрэгдэж, заримдаа аргадаж гэр бүлийн тийзийн хөнгөлөлтөөрурамшуулдаг байх юм. Нэг ёсондоо Улаанбаатар дахь өндөр үнээ зугтаж МИАТ компаниа ашигтай ажиллуулахын тулд бартерийн бодлого хүртэл барьж байна гэх үү дээ.
Өнөөдрийн байдлаар дээр дурдсанаас гадна УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Сод Монгол” компани энэхүү “ниссэн” үнээр нийлүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр хэрэгжиж байна.
МАН мөрийн хөтөлбөртөө “400 сая жуулчин ирдэг” байх тухай тусгасан. Онгоцны шатахууны үнэ, нислэгийн тийзийн үнэ ийм байхад ямар тэнэг нь Монголд айлчлах вэ. Гэтэл “дайны хажуугаар дажин” гэгчээр осол аваараас иргэдээ хамгаалахын тулд ОБЕГ яах аргагүй нисдэг тэргийг ашиглахаас аргагүй болж энэ нь хоёр улсын Засгийн газрын хэмжээнд хэрэгжихээр болжээ. Үүнийг сиймхий болгон ашиглах тэр хүмүүсийн гарт л нисдэг тэрэгний, түүний түлшний, нисгэгчдийн нөөц байна.
Онцгой байдлын газраас зарлаж буй тендрүүдийн захиалагч нь ОБЕГ боловч харьяалагдах байгууллага нь Монгол Улсын Шадар сайд. Өнөөдрийн байдлаар Шадар сайд маань УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар. Түүний тухай нийтлэлч миний бие яагаад МИАТ-ийн хамаарал бүхий компаниудад барилга бариад байдаг юм бэ, яагаад Ч.Хоролсүрэнгийн бизнестэй хамаарал бүхий болж холбогдоод байдаг тухайд тодорхой баримтад тулгуурлан асуудал дэвшүүлэн бичиж байсан. Сонгуулийн өмнө шинээр байгуулагдах Засгийн газарт Зам, тээврийн салбар хариуцах тухай яригдаж байсан тэрбээр эдүгээ Шадар сайдаар ажиллаж, ОБЕГ-ын тендрүүд түүнд харьяалагдсан тул миний хардлага үргэлжилсээр байна.
Тиймээс эрхэм сайдаас хүсэх зүйл маань юуны өмнө ОБЕГ-ын энэ худалдан авалт дээр Сангийн яам мэргэжлийн баг бүрдүүлж АТГ-ын хяналт дор гэрээг хиймээр байна. Ингэхдээ үнийг зайлшгүй, яаралтай өөрчлөх шаардлагатай гэдгийг дахин сануулъя. Энэ нь дотоодын аялал жуулчлалыг нислэгийн тийзийн үнээр чөдөрлөөд байгаа, нислэгийн тийзийн үнэ нь онгоцны шатахуундаа хүлээстэй байгааг тайлж өгөх эхний алхам юм. Цаашилбал Монголын тэнэг ханшаас зугтан тойрох гадны жуулчдыг үнийн өндрөөр үргээхээ болиход дөхөм болох болов уу. Улмаар Улаанбаатарт үнийн саналыг дахиж хийгээд нийлүүлэгчдээ шалгаруулахгүй бол хоёр талдаа зорчигч тээвэрлэх бус нисэгчид нь байгууллагынхаа шахалтаар нэг талдаа шатахуун тээвэрлэж ирдэг шившигтэй явдлыг даруй таслан зогсоох шаардлагатай. Үүний тулд Шадар сайд Я.Содбаатар олон найзтайгаа муудалцаж мэдэх боловч Монгол Улсын нийтлэг эрх ашгийг нэгдүгээрт тавина гэдэгт итгэж байна.