Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Өдөр унасан махыг авдаггүй...
УИХ өөрөө ийм хоёр үзүүртэй зүү шиг хууль баталсан байна. Одоо ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдорж, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан гээд МАН-ын толгой хуульчид бүгд л Цэцэд тал засах гээд нүдээ ухаж өгөхөөс буцдаггүй байсан үе. МАН-аас бусад нь томилж болдог гэж бодоо ч үгүй байсан байх.
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? гэдэг байх аа. УИХ-ын, тодруулбал манай хууль тогтоогчдын босгосон овоон дээр нэг шаазгай ирж сууснаас болж улсаараа баларч байна гэнэ ээ. Ашиг тус нь, манай Үндсэн хуулийн Цэцийн дарга нь Н.Чинбат гэж өвгөн байсныг сүүлийн хоёр өдөр нийтээрээ мэдэж авцгаав даа.
Болсон явдал гэвэл Цэцийн дарга Н.Чинбатыг Төрийн албаны хуулийн дагуу тэтгэвэртээ гарах нас болсон тул Дээд шүүх дээр түүний орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлажээ. Тэгсэн чинь нөгөөх нь зөрүүлээд Дээд шүүхийнхээ Ерөнхий шүүгчид маргаан үүсгэсэн юм байна. Нөгөө "та намайг хөөгөөд, би таныг хөөгөөд" гэдэг шиг...
Цэцийн дарга Н.Чинбатад тусалж, Цэцэд гаргасан иргэн “Т”-гийн гомдлын агуулга нь “Дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны тогтоолд Ерөнхий шүүгчид гомдол гаргасан чинь ажлын албаараа дамжуулан хариу өгсөн нь Үндсэн хууль зөрчсөн” гэжээ.
Ер нь бол сүүлийн 16 жилийн турш Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрт нь хаягласан гомдлын хариуг ажлын албаараа дамжуулан өгч ирсэн. Энэ асуудлаар нь хуульч, өмгөөлөгч нар Цэцэд гомдол ч гаргаж байсан. Харин Цэц тухай бүрт нь маргаан үүсгэхээс татгалзсан хариу өгч байсан юм байна.
Сонирхууштай нэг зүйл бол иргэн “Т”-гийн сүүлийн гомдол (өмнө нь 2019 онд нэг удаа гомдож байсан) 2020 оны гуравдугаар сард буюу өмнөх Ерөнхий шүүгчийн үед өгсөн гомдол юм байна. (Одоогийн Ерөнхий шүүгч нь 2020 оны зургадугаар сард томилогдсон) Гомдол гаргаснаас яг сайхан хоёр жилийн дараа гомдлыг "нэхэн хэлэлцэхээр" болж, ирэх даваа гаригт (2022.03.28) Цэцийн хуралдаан зарласан байна. Нэг ёсондоо Цэцийн дарга Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид “Чиний дээр би шүү” гэдгээ харуулж байгаа юм.
Ингээд өмнө ажиллаж байсан Ерөнхий шүүгчийн өмнөөс одоо ажиллаж байгаа Ерөнхий шүүгчид “ялын тогтоол” уншихаар болсон бололтой. Шүүхийн практикт /Цэц бол манай Үндсэн хуулийн шүүх/ тийм зүйл байсангүй. Даваа гаригт гарах Цэцийн шийдвэрийг харж л байя.
Хамгийн гол зүйл. Овоог хэн босгосон бэ?
Н.Чинбат гэдэг хүн хөгширсөн байж болно (өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүрсэн), шуналтай сувдаг хүн ч байж магадгүй. Тэглээ гээд хууль энэ хүний шунал хүслийг хязгаарлаж байх ёстой л доо. Гэтэл Цэцийн тухай хуульд ““Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” (хуулийн 4-ийн 4) гээд заачихсан. “Чөлөөлөгдөж болно” гэдэг хоёрхон үгнээс болоод Н.Чинбатыг Цэцийн гишүүнээс чөлөөлж болохоо байчихжээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн өөрөө өөрийгөө чөлөөлөхөөс нааш өөр хэн нэгэн түүнийг чөлөөлөх боломжгүй хуулийг манай УИХ баталчихсан юм байна.
Уг нь 2016 онд Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахад хууль санаачлагч нь (Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин байсан байх) төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүрмэгц шууд чөлөөлөхөөр төсөл өргөн барьж байсан. УИХ дээр орж ирээд “чөлөөлөгдөж болно” болоод өөрчлөгдөөд явчихсан.
Ингэхдээ тухайн үеийн УИХ “Үндсэн хуулийн 65.4-д Цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болон анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэсэн байна. Энэ жишгийг барина” гээд төслийн заалтыг “чөлөөлөгдөж болно” гэж засаад явсан байдаг юм. Нэг ёсондоо “Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн Цэцийн гишүүнийг Цэцийн шийдвэр, эсвэл анх илгээсэн байгууллагын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлж болох” тухай хууль баталжээ. Гэхдээ тэр нь хуулиндаа яг тэр үг үсгээрээ буусангүй ээ. (Мөр хооронд унших ч гэдэг. Дээд шүүх ч гэсэн ингэж ойлгоод дараачийн хүнийг сонгон шалгаруулах асуудлыг эхлүүлсэн юм шиг байна)
Нэгдүгээрт УИХ өөрөө ийм хоёр үзүүртэй зүү шиг хууль баталсан байна. Хоёрдугаарт, цаанаас нь Цэцээс өгсөн захиалга ч байсан байх. Одоо ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдорж, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан гээд МАН-ын толгой хуульчид бүгд л Цэцэд тал засах гэхдээ нүдээ ухаж өгөхөөс буцдаггүй байсан үе. МАН-аас бусад нь томилж болдог гэж бодоо ч үгүй байсан байх.
Бүр тодорхой хэлбэл, 2016 онд Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа ганц энэ заалтыг ч биш, Цэцийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх, төвийг сахих гэх мэтчилэн маш олон зарчмыг шинээр суулгаж өгсөн. Гэтэл Цэц тэр хуулийн өөрчлөлтийг бүгдийг нь “Үндсэн хууль зөрчсөн” гэж хүчингүй болгосон мөртлөө ганц Цэцийн гишүүн тэтгэвэрт гарахтай холбоотой энэ заалтыг л хэвээр үлдээсэн байдаг юм. Өөрт ашигтай гэж үзсэн учраас тэр байх л даа.
Тэгэхээр одоо УИХ-ын гишүүд “Н.Чинбатыг чөлөөлөх ёстой” гэж мянга хашгираад нэмэргүй болж байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, өдөр унасан махыг авдаггүй... гэдэг байх аа.
партизан
Хуяг