30 жил ээсэн нар үүлний цаагуур гэнэт далд орвол бид цагийн аятайд юу ч амжуулж чадсангүй гээд амаа барина. Нүүрсээ угааж, зэсийн баяжмал, хүдрээ галт тэргээр оцойтол тээсэн бол олон арван тэрбум доллар олж, чинээлэг улс болох байв гэж халаглах хүн бишгүй гарна. Агуу өгөгдлийг минь хэн бусниучихав гээд буруутныг наргүй бүрхэг улсдаа хайна. 17 хувь хүртэл цойлсон өсөлтөөрөө хот аймгаа орон сууцжуулж, утаанаас даяараа салах байв гээд гаслалдана. Тэгж дөнгөсөн бол эзлэгдэнэ үү, уусна уу жийрэг болох учиртай. Юу юу ч үгүй эзлэгдэх, юу юу ч үгүй уусах-эмгэнэл. Багануурын ДЦС-аа царцаалгүй, Эгийн УЦС-д БНХАУ-ын нэг тэрбум долларын нэн хөнгөлттэй урт хугацааны зээлийг орос олигархиудын шахалтад бууж өгч зогсоолгүй, V ба Таван толгойн ДЦС-аа 30 жил гүрийсээр барьчихсан бол үүлэн чөлөөний нар далд орсонд барьц алдаагүй. Гол төслүүдээ хөдөлгөөд, айдгаа авдартаа хийчихсэн цагт нэг улсын хамааралд хэт автахаа хумина. Нар өд мөддөө цухуйхгүй бол харамслаа бичээд ч хэрэггүй, бичүүлэх ч үгүй, нийтийн ёроолдоо ертөнцөөс тасарч “намын магтуу”-гаа дуулна. 

Энүүхэндээ амь хоорондоо сэм шивэгнэхэд үүлэн чөлөөнийх бус үүрдийн нар хэмээн мангарлаж явтал нээрэн нэг мэдэхнээ хуучиндаа орчихвол яах вэ? Эрхбаригчид “Ганц хатуу гарт чанга атгуулсан нийгэм дуулгавартай амар” гэхэд шүдтэй тулмууд “баян хоосны ялгаагүй жаргана” гэж хөөрөх нигуртай. Төгцөг-надад мэдэх юм ганц байдаг. Тэр нь буцах гээд буй хуучин нийгэм. Би сайндаа мэдсэн юм биш-нүдээр үзэж биеэр эдэлсэн амьдрал минь. 1980 оноос хойш төрсөн дээд тал нь дөч шүүрсэн манай гол хүч социализмыг үзээгүй гээд би туулсан амьдралынхаа захаас дурсах гэснээ болив. Уншигчид намайг социализмээ дахиад л муулах нь гэж ад үзнэ. Тэдний зөв. Би улиг болсон. 

“Тоншуул” социализмын гажгийг өнгөрөгч зуунд шүүмжлээд өчүүхэн ч хэлтлээгүй. Нийгмийн өмчийг хувийнхаа өмчөөс илүү хайрлах, хамт олныхоо эрх ашгийг өөрийн эрх ашгийн дээр тавих зэрэг лоозон хэзээ ч бүтэхгүй нь мэдрэгдсэн. Одоо шоронд сууж буй Ерөнхий сайдууд, сайдууд ба бусад элитүүд буцах гээд буй хуучин нийгэмд бол яасан бол гэж төсөөлөхөд айдас төрнөм. Шантарч цөхөрсөн би захиргаадагч нийгэм рүү бүү буц, ардчилал чөлөөт зах зээлийн үнэт зүйлсийг Сингапур өмнөд Солонгос Японы жишгээр “чулуу болго” гэж хойч үедээ захья. Та нар чадна. Бүү шантар. Бусдын чадсанд монгол гавал элбэгдэнэ гэж доргиоё.

Оростой наалдаж тусгаар улс болсон маань их аз. Төлөөсийг нь ч айхтар төлсөн. ХХ зууны эхэнд ёлтойсон гэгээг эх орончид минь ашиглаж дөнгөжээ. Оросын ач тусад зуун жил мөргөлөө. Зөв. Цаашдаа ч мөргө. Гэвч дан мөргөлөөр духаа цоолсон ч хөгждөггүйг бид шарын шашнаас ойлгосон. Юу гэх гээд байна гэвэл Оростоо, бурхандаа мөргөх ялдамд хөдөлмөр-бизнесээр баяжъя гэх гэсэн юм. Нар ивээсэн 30 жилийг харамсалтай нь ашиглаж чадсангүй. Маш их унацтай төслүүдээ яагаад гацаав? Орос магнатуудад долигоноод! Юм нэгээр дуусдаггүй. Зусардаад буй олигархиудыг чинь Оросын ард түмэн дэглэвэл яана. Х.Баттулга, З.Энхболд хоёрын учруулсан хохирол-олон тэрбум долларыг ядаж дотор цамцны нь энгэрт том цифрээр дармалдаасай. Давтахгүйн тулд.

Тува Байгал орчмын сүрлэг нуруудын дундахь ордуудынхаа нүүрс зэсийг гол хэрэглэгч Хятад руу экспортлоход орос магнатууд бэрхшээлтэй тулгарсан. Нүүрс зэсээ баяжуулах үйлдвэр, сарьдгууд бэдэрсэн төмөр зам тавьж дуусталаа оросууд манай нүүрс зэсийн экспортыг хязгаарлахаар төмөр замыг маань гацаасан билээ. Дүнхүү монголчуудыг залилахад танк их буу онигоо хангалттай нь нотлогдсон. Цаг хожих геополитик үргэлжилж, тээвэрлэх баяжуулах төслөө оросууд дөхүүлжээ. Монгол Оросынхоос гадна Австрал Индонезийн нүүрсийг залгидаг аварга хөрш бэлэн атал манай нүүрсний экспортыг гацаасан нь-братство гэх орос нялуурал хуурамч болох нь илэрлээ. Яс цусан ах дүү биш харь орост гомдох илүү зан. Унан байж морио, ханилан байж нөхрөө тань гэх ардын минь сургаалыг ямар ч найрамдал-дружба орлохгүйг мэдээд ав.

Монголд төмөр замын шаардлага чангарахад нүүрс хэрэглэгч Хятад руу бус хэвтээ тэнхлэгийн 415 км өргөн төмөр зам ухнатуулав. Монголчууд “Бид бие дааж төмөр зам тавив” гэж онгироод, орос баячуулд дутуугаа гүйцээх хугацаа нэмж олгосноо ухаарсангүй. Гашуун сухайтаар гармагц валютад хувирдаг нүүрсээ Зүүнбаянд галт тэргээр зөөж овоолох-Баттулгын хүн амаа хайрладаг мөс. Орос бүтээн байгуулалтаа дуусгаж, нүүрс зэсийн экспортоор хожиж эхэлсний дараа бид Хятад руу тавих төмөр замаа нэгэн цагт ашиглалтад оруултал, нүүрсний хэрэглээг хумих үетэй таарвал ядуу Монгол өм цөм хохирч, цаг хугацаа асар их хөрөнгө болохыг ойлгоод дампуурна. Тооцоотой братство шүү.

Тайваний хятадууд Монголыг алдсан нутгаа гэдэг. Манж-Чин улсын үзэлтэй хятадууд эх газарт нь байдаг л биз. Тэглээ ч БНХАУ манай тусгаар тогтнолыг ЗХУ-аас хэдэн сарын өмнө зөвшөөрсөн. Одоо үүнд хууль зүйн ямар ч маргаан үүсэх үндэсгүйг БНХАУ, Монгол болон олон улс хүлээсэн дипломат үүрэгтэй. Энэ бол үүлэн чөлөөний нар гээд буйд голлох олон улсын хууль эрх зүйн чухал баримт.

1990 онд Монгол чөлөөт зах зээлд орж, бие даасан ардчилсан улс болсон. Оросыг 70 жил дагасан БНМАУ өрөнд баригдаж хоцрогдсоныг үсрэнгүй хөгжиж эхэлсэн Хятад өөд нь огцом татаж, Монголын ард түмэнд Орос хэн бэ, Хятад хэн бэ гэдгээ үзүүлэх далд сонирхол байсныг би үгүйсгэхгүй. Энэ амбицыг дөвийлгөж айлгаснаар ядуу бидний бизнес л маш их хохирлоо. Аварга гүрний дотуур тамирт бид нөлөөлөх гэж сэвэлгүй, өөд татъя гэх сонирхлыг нь ашиглаж яагаад болохгүй гэж. Энэ олзыг бид мулгуудаа Оросын хатгаасаар түлхсэн. Нэг улсын хэт нөлөө-тэнцвэрт 34 хувь энэ тэр гэх онолоор манай намууд цэцэрхээд эдийн засгаа “алсан”. Хямд түүхий нүүрсээ 20-30 мянган машинаар асар их гарлагатай тээж, олон мянган жолооч кабиндаа сараар амьдарч, хэд нь ч осолдсон юм бэ. Тэд ажлын аймшигт нөхцөлд олон жил зовлоо. Тийм тамтай ажлын байр уг нь хүний эрхийн ноцтой зөрчил. 

Кремлийн аварга улаан нударга дор сөхөрч байсантайгаа жишихэд хөгжих жим бидэнд уг нь нээгдсэн билээ. Энэ ховор өгөгдлийг монгол хүн бүр үүлэн чөлөөний нар гээд хөгжлөө яаравчлан гялалзуулах байжээ. Хэрэг хартай нь дээр-юу ч тохиолдоо билээ гэж яарсангүй. АНУ, Орос, Хятадын дэргэд бид Тува Якут анзааны цөөхөн ядуу улс. Өчүүхэн маниус улстөржилгүй эдийн засгаа бөөцийлсөн бол хожих байж-үүлэн чөлөөний наранд. Тэгсэнгүй. Тэнэгийн ухаан үдээс хойш. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр дахин заларвал гацаасан мега төслүүдээ (орос олигархиудад салаавч нууцаар үзүүлээд) хөдөлгөж дөнгөх үү? Орос хавх ч хатуу даа. Нөгөө З.Энхболд нь зөвлөнө гээд духаараа хараад сахьчихвал мань хойшоо л харж үхэхээс. Лам олдохгүй бол буцахдаа залъя гэгчээр ул суурьгүй ч гэлээ У.Хүрэлсүх голд орох уу. Юутай ч ХҮН-аас дэвшигчийг харъя. Гэхдээ адилхан монгол хүүхдүүд юм чинь Ерөнхийлөгч хэн болох нь гол бус хэдэн төслөө л хөдөлгөөсэй гэсэн нэг буурайн 3 саяынхаа төлөөх залбирал шүү гэдгээ хэлье.

2021-02-22