Хөгшрөх тусам цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх аж. Ленин багшийнхаа онолоор тэртээ дээгүүр социалист лагерийг толгойлж, капиталист баян лагерийг булшлах гэж улстөржсөн ЗХУ бутрахыг үзэв. Сүүлийн 20-30 жилд юу юу болов оо? Ажилсаг хятадуудад арилжаа наймаа ясных аж. Соёлын хувьсгалаар хоосорсон тэд зах зээлд шилжсэнээр шоргоолж шиг дор дороо сэм шургуутсаар мөнгөжлөө. ЗХУ унасан эдийн засгаа сэргээх гарц хайж, аюулт зэвсгээрээ айлгасан ихэмсэг бардам омгоо зөөлрүүлж, хөгжлийн хурдаар гайхагдсан БНХАУ-тай эвлэрч, асар том цэргийн баазаа манайхаас татаж, 70 жилийн хөөрүү боол-Монгол картын бараанд орсноор орос мэргэжилтэн цөм буцав. Тэд монголчуудаас болж явж буй мэт үг хаяж, Орос цэргийн баазыг бид хөөж гаргасан аятай мэдээлэл цацсан.

Үнэн байдал нүдний өмнө ил хөвөрч байсан ч монголчууд оросуудыг өмөөрч “Ах нарыг минь ардчиллын бацаанууд гомдоов” гэж сурсан зангаараа долигоносон нь оросуудад биеэ цэвэрлэж, бурууг маанаг бидэнд тохоход сайхан далим болж билээ. ЗХУ задарч Орос юун Монголыг бодох манатай. Өөрсдөө хэцүүдэж барууны хөгжил өөд тэмүүлсэн. Мань гомдоогүй. Хэнд ч ирдэг бэрхшээл гээд. 

Дэмжиж тусалдаг сэсээртээ хаягдаж бойтоглосон Монгол сох мартагдав. Газрын гүнд орших ашигт малтмал гэгч чулуу шороогоо олборлох, тээвэрлэх, борлуулах хүч хөрөнгө байсангүй. Ганц горьдлого гадны хөрөнгө оруулалт дуудах. Дэлхийн хөлдүү дээврээс өлссөн боохой аятай баахан улив. Тэгтэл үсрэнгүй хөгжиж эхэлсэн хил залгаа БНХАУ болон гуравдагч хөршүүдээс хөрөнгө ороод ирлээ. Эрдэс баялаг үнэ хүрсэн мөчлөг азаар таарч эдийн засгийн өсөлт арав хол өнгөлзөв. Монгол сэргэлээ. Оюу толгой Таван толгойн ордууд дуулиан дэгдээв. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг. Цааш зүтгэлээ.

Чингэтэл ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар орхисон Монголоо шил даран эргэв. 20 жил нүүр буруулсан ахыгаа гэнэт зочлоход зэлүүд талын цайлган дүү нь баярласан гэж хачин. Аугаа ачтан ах гуай нь яаж ганзага хоосон морилохов, уртаашаа хоёр гоё бэлэгтэй иржээ. Нэг нь Москвад буудуулсан манай 149 эх орончоос 19-ийнх нь баримт, зарим гэрэл зураг, нөгөө нь Их өр гэгчийг эцэслэн шийдэхэд сэм халаасалж хоцорсон 188 сая ам. долларын үлдэгдэл. Бэлгээ гардуулахад ахмадууд 20 жил тасарсан найрамдал-дружбагаа уухайлан баяслаа. Жигтэй их хөөрсөн хөөрхийлөлтэй ахмад дайчдын аргисан хоолой тасалдахад уламжиллаа хүндэтгээд залуусаар сэлбүүлэв. Залуус ахмадууд шиг гүрээнийхээ судсыг гүрийлгэн уухайлахдаа ичиж харагдсан. Ардчилалд 20 жил хордсоных биз.

Өндөр дээд айлчлалын өгөөж ч дороо гарлаа даа. Монголд хөрөнгөтнүүдийг колончлогчид гэж үзэн яддаг коммунист онол асав. Унтраагүй байж. Газар шорооныхоо төлөө амиа золих эх орончид Төрийн ордон өөдөө нум сумаар харваж, бүр давраад гранат хурц буугаар зэвсэглээд бүсэллээ. Уранд хордсон малын төл гээд улаан цурвууд телевизээр харуулах шоу дэлгэрэв. Зөвхөн гурав дахь хөршөө хөөгөөд зогссонгүй. Оросод хаягдаад лангуу хоосорсон үед голд орсон урд хөршөө “биднийг залгих нь” гээд янз бүрээр доромжилж хажиглав.

Хуучин руугаа хургагчдыг дөрөөлөн Ю.Цэдэнбалын хойт дүрийг тодруулах орос сунтаг шүүлт идэвхжив. 76 гишүүнтэй манай парламент орос сунтаг шүүлтэд автсангүй. 76 гишүүнийг 76 утсан хүүхэлдэй болгож, гарыг ярсхийтэл өргүүлэх ярвигтай. Ганц Ерөнхийлөгч бол амар. Манайх шиг байршил бүхий жижиг буурай орон Ерөнхийлөгчийн засаглалтай болбол түвэггүй атгуулна. Ерөнхийлөгч нь хэмжээгүй эрхтэй байх тусмаа гадны саварт хялбар базуулдгийг бид 70 гаруй жил туулсан. Парламентын 76 гишүүн бус буурай орны ганц Ерөнхийлөгчийн сүнсийг зайлтал нууцаар буланд шахах-том гүрэнд тоглоом. Муу нэрт 76-гийнхаа ачаар Оросод Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал шиг базуулсангүй. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглалаас бяцхан Монгол улс хол байх өлзийтэй. Парламентат тогтолцоондоо мөргөж, муу нэрт 76-н тэнэгээ тусгаар тогтнолын минь дархлаа хэмээн өглөө бүр дээжээ өргөцгөө. Олны ухаантай зөвлөгөө 76-г дасгалжуулж бяр суулгана. Хүч тэнцвэргүй гадны шахалтад 76-уулаа бол ганц дарангуйлагчаас хүчтэй. 

ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн тэргүүн В.Якунин манай сэтгүүлчийн “АНУ-ын Мянганы сорилын корпорациас төмөр замын салбарт 188 сая доллар олгохоорболсон. Гэтэл үүнийг буцаах болоод байгаа. Үүн дээр Оросын тал ямар байр суурьтай байна вэ?” гэсэн асуултад хариулахдаа “Үнэгүй баяслаг зөвхөн хавханд байдаг гэх зүйр үг Оросод байдаг. Та бүхэнд үнэгүй бэлэг авахгүй байхыг зөвлөе” гэж зааварлав. Зааврын дагуу манай 76 үл үзэгдэгч хавх тойрч гишгээд, үнэгүй бэлгээс татгалзаад Төрөө түшлээ. Гэтэл базаахгүй явдал нэг гарав. Баялаг ордод хорхойсогч маань шиншилж яваад шуналт хоншоор нь баяслаг олж үмхээд нөхдөө шоронд хатаах хавханд хавчуулж золигтов. Хөөрхийг хавхнаас нь 76-уулаа хамтын хүчээр салгаж аваач. Барьцаанаасаа салж амраг.

В.Якунин өвөл хөлддөг боомт хүртэлх 5000 км тойруу тээврээ 1000 гаруй км Тяньжингийн үнээр хямдруулж тооцно гэж ханхалзлаа. Тэгж тээвэрлэвэл Оросын төмөр зам алдагдалд унах тул Якунин үгнээсээ буцаж, Монгол Хятадад уусна гэж айлгав. “Түүний энэ номнолын салхиар Монголд хэт үндсэрхэг бүлэглэлүүд үүсэж, тэдний идэвхтэнүүд хас тэмдэг зүүж, хятад иргэдийг зодох, дээрэмдэх, хятад эрчүүдтэй холбогдсон гэх монгол бүсгүйчүүдийн үсийг хуссанаа гайхуулан ярив” гэж “Власти” сонин онцолж байв.

Эгийн УЦС, V-ДЦС, нүүрс зөөх уурхайн 267 км төмөр зам ашиглалтад орсон бол бид чинээлэг болсон. Үүнд харамсах ёстой юу? Бичих ёстой юу? 1921 оноос хойшхи эмгэнэлээ мартаад хамтаръя гэхээр “Баялагаар арвин Монголдгаднаас мөнгө цутгавал дорхноо өндийнө” гэх анаатай бодлогод чадуулаад байдаг. Гэхдээ ганц Балыг бодвол 76 маань бие биедээ түшиг болоод дээрджээ. Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хөөх тулгалтад орсон ч ганцаараа бус 76-уулаа гэдгээ мэдэрч омогшоод гэрээгээ сайжруулна гэж бултав. Энэ бол ганц бус 76 гавлын ач. В.Путиныг тойрон хүрээлэгч орос олигариудын өөдөөс сөрсөн хамтын эр зориг. Бусдыг буруутгахаа больё. Харин бидэнд өөрсдийгөө хорлодог өөдгүй зан их бий. 

Бөмбөрцгийн хамгийн бөглүү мухар-Монголд дөнгөж сүүмийсэн ганц хоёр бизнесээ унтраах тэмцэл бидний дунд дээр доргүй хуйларч буйг яалтай. Хайх ашиглах лицензээ хуулийн дагуу авч хөрөнгө хүчээ шавхаж Оджаргал Нянтайшир Сү.Батболд нарын босгохчоо аядсаныг-тэдний өмч биш газрын баялаг тул булааж авахад хуульгүй гэнэ. Ард түмний өмч-газрын баялгийг дээрэмдсэн “30 гэр бүл”-ийнхний толгойг тасалж овоолоод тойрч бүжиглэе. Энэ үгийг тоймч Гантулга ил гаргаж зэмлүүлсэн ч томчуудын дотор өмхийрч яваа нь үе үе ханхалдаг. “30 гэр бүл”-гээд буй бизнес эрхлэгчид татварт хэдийг төлдөг бол? Шилэн данснаас үзээч. Төсөв бүрдүүлдэг том компаниуд улсаа хөгжүүлдгийг Солонгос Японоос хар.

Жич: Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолдоо эрх баригчид ихээр зовж, уйлан хайлаад эхэлбэл төсвөөс хусах гэж буй нь тэр шүү. Эх оронч үг нь нялуурах тусам хулгай нь томордог. Ажилсаг сортоотой хэсэг баяжив. Компани групптэй боссууд дунд хулгайч цөөнгүй. Гэхдээ бүгд хулгайч биш. Монголчууд дундаас өөдтэй яваа үр хүүхэд минь тэд. Тэднийг зүхэгчид тэдний татвараас хүртдэг. Татвар төлдөг компани олшроосой гэж дэмжмээр. Монголчууд өгсөн зээлийг үрж өрөнд уначихаад зээлдүүлэгчээ шулагч гэж зүхдэг. “Чингисийн удам өөрөө хөгж” гээд бүгд буруу харчихвал хэнийг зүхэх вэ? Лусаас хичнээн хишиг хайрлаад, донор орнууд хичнээн тусламж өгөөд, хүмүүс нь нилдээ журамгүй бол өөдөлдөггүй аж. Хүн ам нь өөдгүй бол хөрөнгө оруулагчид зай барьдаг нь илэрлээ. Цахилгаангүй, төмөр замгүй, босоо Гамбаа, Даваасүрэн, Болорчулуун гээд эрсдэл өндөр. Өгсөн зээлийг нь үржүүлээд, хугацаанд нь хүүтэй нь “баярлалаа” гээд тушаавал урам орсон донорууд цааш дуртайяа хөрөнгө оруулж, хамтдаа хождог жишээ тогтжээ. Энэ жишгийг Монголоос бусад орнууд дагаад бэлжив. Төрсөн ах дүү хоёр эцэг эхдээ бие биеэ муулах мэт хоёр гол нам ард түмэндээ бие биеэ хичнээн муулаад баялаг арвижиж өр дундрахгүй. Хөгшид бидний бойжуулан үлдээж буй залгамж үе дэлхийн өрсөлдөөнд сүүлдэж явна. Үүний гол буруутан-үр хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй-бид гэж өөртөө гутраад нүд анья даа. Хойч үе минь өнгөрсөн нийгмийн маниус шиг хоцрогдсон амьтад бүү яв. Даргын зам хөөснөөс бизнес хөөсөн нь таатай агаад ашиг нь эрс илүү тийм орчин Монголд бүрдээсэй. Дарга нарын арми баялаг бүтээгч-баячуудын армид хувирахыг үзэх юмсан. 

Хэр хэмжээгээ ойлгуулж, байр сууринаасаа яав ч хазайхгүйгээ гурван саяул тууштай баримталбал ямар ч догшин хөрш зөөлрөх нигуртай. Унхиагүй дүнхүү лоймлууд дээрэлхүүлдэг бөгөөд “хохь нь” гэхэд бурхан ч өмөөрөмгүй. Гэвч асар их хохиролд унагах орос ахынхаа тулгалтыг “үгүй” гэж түс тас зөрж зүрхэлдэггүй 76-гийн хулчгар зан буруутай мэт харагдавч, түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал цаашаа А.Амар, П.Гэндэн гээд Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань хувь тавилан бичээстэй байгаа. “Үгүй бол үгүй”, “За бол за” гэдгээ шууд мэдэгдвэл аюул онилох эрсдэл хэвээр тул буурай орны удирдагчид муу хэлүүлээд дуугай хохирч явна. Энхсайхан Ганболд Баяр Баярцогт Бямбасайхан Эрдэнэбат.Ж Эрдэнэбат.Д нар шоронд. Э.Бат-Үүл Ц.Элбэгдорж Сү.Батболд гээд ээлжээ хүлээгчид ард нь. Хэлмэгдэл- хөндүүр сэдэв. “Улаан орхимжны давлагаа” роман, “Тэнгэр дуугарахын өмнө” туужийнхаа араас бас нэг навтраг эрээчиж үлдээх хүсэл зовооном. Тэнхээ даанч барагджээ. Тонилох надад уг нь хэрэггүй л дээ. Хойчоо л бодсон юм. Ядуу хүн харамсалтай. Мэхлэгдсэн ядуу ард түмэн бүр ч гунигтай.

Ная гарсан намайг мөнгөөр бичлээ гэх чинь дүүрч. Харин амьсгал хураах агшиндаа захиас хэлэх гэж ангалзах аав ээжээ мөнгөөр ярих гэлээ гэж гомдоов доо троллуудаа. Настны гэрээслэл мөнгө бус хорвоолог чанар шүү. Хөх толбот босоо монгол гэх мэт эх орончдод нулимуулж, Төр засгийн муйхар дарамт хавчлагад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ч шантралгүй гүрийж яваа бизнесмен залуусаа хараад дотор цэлмэдэг. Чөмөгтэй хэдэн компанитай болчихвол хөгжил цэцэглэнэ гэж ёргидог дэврүү хөгшдийн нэг нь би. Том компаниудын олз омог надад хүртээлгүй нь хамаагүй л дээ. Хойч үе чинээлэг амьдарвал үхэж буй хөгшдөд тэр чинь жаргал. Амьсгал хураахдаа хойч үеэ сайхан амьдраасай гэж залбирдаг ёс зүй хуурамч хорвоог сүлдэг. 

(2021-02-01)