“МОНГОЛЫН ҮНЭН”: Залгамж чанараа хадгалсан энх тайванч гадаад бодлого дээрээ тууштай зогсож байна
Хоёр хөрш гүрэнтэй улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл-хүмүүнлэг гээд бүх салбарт хамтын ажиллагаа хөгжиж ирсэн. Манай зүгээс хэргээр саатуулсан, бусниасан, зогсоосон гэх ямар ч дутагдал байхгүй. Хоёр хөрштэй харилцаа хөгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах гэдэг чинь биднээс өөрсдөөс маань, бидний хүчин чармайлтаас их шалтгаална. Бэлэнчлэх сэтгэлээр хандаж болохгүй. Монгол-Зөвлөлтийн найрамдал эргэж сэргэхгүй. Тэр цаг үе эргэж ирэхгүй. Иймд өнөөгийн ОХУ-ыг СССР гэж харж горьдох, долгинож байгаад бэлгийн хороолол бариулах, оросуудаар ажил хийлгэх сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Хоёулантай ижил тэнцүү Иж бүрэн стратегийн түншлэлтэй байна. Энэ бол харилцааны оргил нь.
Олон улсын харилцааны нэн тулгамдсан асуудлаар Элчин сайд асан, судлаач-профессор Дашдоржийн Баярхүүгээс хариулт авлаа. Ахмад дипломатч Д.Баярхүү нь Дипломат албанд олон жил ажилласан, түүний дотор эх орноо төлөөлөн АБНЕУ-д Элчин сайд, Кувейт, Саудын Араб, Иранд хавсран суугаа Элчин сайд, Арабын зарим улсад хавсран хариуцах Элчин сайдаар ажиллаж байжээ.
- ОХУ-ын Ерөнхийлөгч Путин улиран сонгогдсоныхоо дараа гадаад айлчлалаа БНХАУ-аас эхлүүллээ. Хоёр улсын баримталж буй гадаад бодлого ямар түвшинд байна вэ?
ОХУ, БНХАУ-ын гадаад бодлогыг тодруулж асууж байгаа бол нэг ярилцлага байтугай ярьж барахгүй том сэдэв. Хоёр улс хамтын ажиллагааныхаа ямар түвшинд хүрчихээд байгааг тодруулсан бол товчлоод хариулж болох сэдэв. Энэ он бол БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн жил, бас Хятадтай дипломат харилцаа тогтоосны 75 жил гээд В.Путин, Си Жиньпин нар уулзах бодит шалтгаан байсан, тэгээд ч төлөвлөгдсөн, өмнө нь зарлагдсан төрийн айлчлал. Оросын ба гадаадын зарим хэвлэлд төрийн айлчлал атлаа ёслолын талаасаа ердийн ажлын айлчлал шиг болж өнгөрлөө, Оросын төрийн тэргүүн ба төлөөлөгчдөд үзүүлсэн хүндэтгэл нь доогуур харагдлаа гэхчлэн бичсэн байна лээ. Гэхдээ хоёр өдрийн айлчлалын цаад агуулга бол тэгж хэлэгдэхээргүй байсан гэж би үзэж байна. Хоёр улс стратегийн түншлэлээ цааш нь хөгжүүлэх итгэл найдвар аль аль талдаа төрүүлсэн айлчлал боллоо гэж ойлгож байна. Хамтын ажиллагааны цар хүрээ, худалдааны хэмжээ, хамтарсан үзэсгэлэн, дэлхийн дахины асуудал, Өрнөдийн хоригийн эсрэг хамтран тэмцэх, Украин дахь мөргөлдөөнийг шийдвэрлэх гэхчлэн олон чухал асуудал хэлэлцэж байр сууриа илэрхийллээ. Хамтарсан мэдэгдэл гэж лут баримт бичигт гарын үсэг зурлаа.
- В.Путин, Си Жиньпин нар нөхөрсөг харилцаагаа цаашид ч хадгална гэж дэлхий дахинд зарлаад байна. Энэ харилцаа хэр удаан үргэлжлэх бол?
Орост Хятад, Хятадад Орос нэн хэрэгтэй байгаа цаг үе гэх үү дээ. Иймд стратегийн түншлэлийн харилцаа нь мэдээж бат тогтвортой үргэлжлэх болов уу. Нөхөрсөг харилцаагаа ч хоёр удирдагчийн өнгөн дээр цаашид хадгалах болов уу гэж би бодож байна.
- Тэдний нэгдмэл байдал бидэнд ашигтай юу?
Эхлээд нэг чухал эшлэл авъя. Ерөнхий сайдын ийм нэг онч үгс байна. “Монгол Улс далайд гарцгүй, засаглалын ялгаа бүхий хоёр хөрштэй боловч ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон бөгөөд манай гадаад бодлогын цөм бол даян дэлхийн энх тайван юм. Монгол Улсад хийж буй Таны төрийн айлчлал даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоох нийтлэг зорилтыг биелүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ноднин Ромын Папад хэлж байсан даа. Энд би засаглалын ялгаа бүхий хоёр хөрштэй гэдгийг онцолмоор байна. Ийм ялгаатай, гэхдээ дэлхийн бодлого тодорхойлдог, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын 5 гишүүний хоёр нь, цөмийн зэвсэгтэй хоёр том гүрэн шүү дээ. Харин тэр хоёрын харилцаанаас ашиг хүртэх тухай гэнэн төсөөллөө бид л цэгцлэх цаг болсон баймаар. Тэр хоёр улс өвөр хоорондоо хэрхэн харилцах, харилцаагаа хэрхэн хөгжүүлэх нь биднээс нэг их шалтгаалахгүй, гэхдээ бат тогтвортой, найрсаг харилцаатай байх нь Монгол гэлтгүй, нийт бүс нутагт, цаашлаад дэлхий дахинд тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. Муудалцаасай, хоорондоо зөрчилдөөсэй, “Хүйтэн дайн”-ы үеийн Зөвлөлт, Хятад шиг олон жил дайсагналцаасай гэсэн явцуу үзэл бодол байж болохгүй. Зөвлөлт, Хятадын тийм зөрчил дээрээс социалист Монгол ашиг хонжоо олж, хөгжиж дэвжиж байсан маань түүх болоод өнгөрсөн, тийм цаг үе эргэж ирэхгүй. Орос-Хятадын зөрчил дээр тоглолт хийнэ, Путинээр бамбай хийн Монголд Хятадын нөлөөллийг хумина, Монгол-Хятадын харилцааг сааруулна гэсэн гэнэн төсөөлөл явуургүй. Путинээр далимдуулж Монгол дахь гуравдагч хөршийн сонирхлыг хөөж гаргана, Америкийг хазаарлана гэх нь ч хий хоосон горьдлогоос цаашгүй.
- Олон туйлт шинэ дэлхий гэсэн үзэл санааг олон түвшинд ярих боллоо. Энэ үзэл санаа зорилго, ач холбогдлыг энгийнээр тайлбарлана уу?
Олон туйлт дэлхийн тухай “Хүйтэн дайн” дууссаны дараахнаас л тасралтгүй ярьсан даа. Ялангуяа манай умард хөрш шувтан энэ үзэл санааг сурталдаж ирсэн. Өмнөд хөрш ч түүнийг нь дэмжсэн. ШХАБ бол тийм үзэл санааны бодит хүсэл биелэл нь болоод хорин хэдэн жилийг туулж байна. Бяцхан түүх сөхье. 1997 оноос яригдах түүх. Тэр оны хавар БНХАУ-ын Дарга Зян Зэмин ОХУ-д айлчилж, айлчлалын үеэр “Олон туйлт дэлхий, олон улсын шинэ дэг журам төлөвшүүлэх тухай Орос-Хятадын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Тэр тунхаглалдаа хоёр улс өнөөдрийг хүртэл үнэнч байна. 1997 онд Хятадын даргын айлчлалыг залгуулаад Москвад «Шанхайн тав»-ын удирдагчид анх удаа цугларсан. 2001 онд Шанхай хотноо зургаан улсын Төрийн тэргүүн цугларч хамтарсан тунхаглалд гарын үсэг зурснаар тэрхэн үедээ «Шанхайн зургаа» хэмээн нэрлэгдээд, 2002 онд Санкт-Петербургт ШХАБ-ын Хартид (Дүрэм) гарын үсэг зурснаар уг баримт бичиг жилийн дараа буюу 2003 оноос хүчин төгөлдөр болж ШХАБ төлөвшиж эхэлсэн. 2005 оны Астанагийн саммитаас “Төв Ази дахь хуучин Зөвлөлт Холбоот Улсын БНУ-уудаас Америкийн цэргийн баазыг гаргах хугацааг товлохыг АНУ-д уриалсан тунхаглал” гаргаснаар ШХАБ нь АНУ ба Өрнөдийн эсрэг ажиллаж мэдэх цэрэг-улс төрийн эвсэл болох магадлалтай гэх хардлагыг дэлхий дахинд төрүүлсэн. Тэгэхлээр олон туйлт дэлхийг буй болгохоор 30 орчим жил ажиллажээ гэсэн үг. Зорилго нь дэлхий дахинд, дэлхийн геополитик, дэлхийн эдийн засаг-санхүүд Өрнөд эвсэл, тэр дундаа Өрнөд эвслийн толгойлогч гэж Москвад үздэг АНУ-ын давамгайллыг сөрөх, Өрнөд эвслийг саармагжуулах, Өрнөдийн эсрэг Евразид огт өөр хүчний төв байна, байх ч болно гэдгийг нотлох зорилготой гэх үү дээ. Ийнхүү сөрж байгаагийн ач холбогдол гэдгийг одоогоор хэлж мэдэхгүй. “Хүйтэн дайн”-д Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист хамтын нөхөрлөл ялагдсан нь үнэн юм, хэн ч ямар ч үнээр торгоон тогтоож чадаагүй учраас дэлхийн коммунист блок задран унаад, Европын социалист орнууд нь Өрнөдийг баримжаалаад тодорхой үр дүнд хүрчихсэн байгааг үгүйсгэх аргагүй юм. “Хүйтэн дайн”-д ялагдсаныхаа төлөөсийг хүчээр эргүүлэн олж авах гэж өнөөдөр Орос хэрхэн бартаатай, зөрчилтэй, эрсдэлтэй зам туулж байгааг бид харж байна. Бодит дүр зураг ийм л байна.
- ОХУ-Украины дайн, Газын мөргөлдөөн гээд халуун цэгийн хямрал энэ онд ч үргэлжилж байна. Хүчний тэнцвэрийг сорьсон бүс нутгийн мөргөлдөөн дэлхий нийтийг дахин тогтворгүй байдалд хөтөлж магадгүй гэсэн болгоомжлол байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
Мэдээж дэлхий дахины тогтвортой байдал, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэдэгтэй маргах зүйл байхгүй. СССР-ийг залгамжлагч Орос нь “Хүйтэн дайн”-д ялагдсаныхаа төлөөсөнд тийм тийм эрх дарх эдлэх ёстой, хууль ёсоороо хуучин Зөвлөлтийн хуучин орон зайд, тэр ч бүү хэл Дорнод Европт, Балканы хойгт, Хар тэнгист тийм тийм ашиг сонирхолтой байх ёстой гэдгийг нь дэлхийн дахин хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад л Орос-Украины дайны утга учир оршиж байгаа шүү дээ. Украин нь тэр чигтээ нацистчиглагдаад, Европын Холбоо, НАТО араас нь нацизмын замаар замнаж байна гэх үлгэрт хэн ч итгэхгүй болсон цаг үед Орос өөрөө геополитикийн ганцаардлын зам туулж байна, үнэнээ хэлэхэд. Орос нь Украин руу цэргийн тусгай ажиллага хийснээрээ НАТО, Өрнөд, Европын Холбоог урьд хожид байгаагүйгээр эв нэгдэлтэй болгож, бүр бэхжүүлж, Өрнөдөөс олон жил тулгаж шаардсаныхаа хариуг авах нь бүү хэл НАТО-г Төвийг сахисан хоёр улсаар тэлүүлээд, Балтийн тэнгис нь НАТО-гийн дотоодын нуур шиг болчихсон, геополитикийн ямархуу ацан шалаанд өөрийгөө аваачиж хийчихээд байгаа нь нууц биш шүү дээ. Орос-Украины дайны дэргэд Газын зурвасын мөргөлдөөн бол харьцуулаад байхаар глобал мөргөлдөөн биш л дээ. Жүүдийн төрт-улс оршин тогтноод 76 жилийг туулж байна. Шувтан устгана, сөнөөнө, ална хядна гэсэн заналхийллийн дор 75 жилийг туулж байна. Тийм нэг ээлжит цуст заналхийлэл, террорыг эсэргүүцээд одоо байлдаж байна. Лалын бүх ертөнцийг Израилийн эсрэг босгоод байлдуулна гэсэн нь ч явсангүй. ХАМАС мухардсан. Гэвч терроризмоосоо татгалзахгүй. Израиль нь барьцааны иргэдээ суллуулах, ХАМАС-ийг цаашид террорист хүчнээр нь байлгахгүйн төлөө байлдаж байна.
- Энэ жил дөрвөн тэрбум хүн сонгуульд саналаа өгнө. Том эдийн засагтай, тэргүүлэх улсын санал асуулт дэлхийн хэтийн төлөв, геополитикт хэрхэн нөлөөлөх бол?
Дөрвөн тэрбум. Энэ бол Өрнөдийн ардчилсан улс орнуудын хөхиүлэн дэмжиж, бас өөрсдөө бахархаж огшиж байгаа механик тоо шүү дээ. Дөрвөн тэрбум хүн ард ардчиллаар замнах гэж байна гэсэн үг биш. Тэгж ойлгох нь гэнэн төсөөлөл болно. Тэрбум 400 саяас давсан Энэтхэг яг одоо парламентын сонгуулиа явуулж байна. Энэтхэгийн нийт хүн амын тоо жин дараад тэгж өндөрт үнэлэгдсэн болов уу. Өрнөдийн уламжлалт ардчилсан орнуудад сонгууль бол байдаг л, болдог л үзэгдэл. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт ганц нэг нь онцгой өвөрмөцөд тооцогдож магад. Тиймээс би энэ олон сонгуулиуд дэлхийн хэтийн төлөв, геополитикт сүрхий нөлөөлнө, хөтөч болно гэж хувьдаа үзэхгүй байна.
- Эдгээр сонгуулийн Монгол Улсад үзүүлэх эерэг, сөрөг үр дагавар юу байх вэ?
Монголд төдийлөн ач холбогдолтой биш болов уу. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, цаашдын хэтийн төлөв бидэнд тодорхой. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ болгоод давхар баталгаажуулчихсан улс шүү дээ бид. Бид тэр найрсаг харилцааныхаа зарчмыг бариад, Орос-Украины дайнд төвийг сахиад, гуравдагч хөршийн бодлогоо эрхэмлээд явж байхад алзахгүй болов уу.
- Ер нь геополитикийн өөрчлөлт Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаанд ямар сорилт учруулж байна вэ?
Мэдээж том сорилт болно. ОХУ хүнд байдалд байна. Монгол-Оросын худалдаанд мэдээж таатай байх боломжгүй. ОХУ-аас эрчим хүч, нефть шатахууны хувьд хамааралтай Монголын хувьд Орост учирсан зовлон Монгол шууд тусах нь мэдээж. ОХУ-ын Ерөнхийлөгч ба өнөөгийн эрх баригчид нь Украиныг буулгаж авахаас нааш, өөрийнхөө нөхцлөөр энх тайван тогтоохоос нааш дайнаасаа ухрахгүй гэж байгаа тохиолдолд манай улс эдийн засгаа үтэр түргэн өөд татаж, бензин шатахуухаа өөрсдөө үйлдвэрлэдэг, эрчим хүчээ өөрсдөө 100 хувь хангадаг болохын төлөө л чадах чинээгээрээ зүтгэх учиртай гэж би үздэг. Гэхдээ сорилт эрсдэл гэдгийг би дандаа гадаадаас учрах мэт төсөөлдөгийн эсрэгээр байдаг хүн. Монгол Улсын аюулгүй байдлын хамгийн том сорилт нь дотооддоо байна гэж би үздэг. Тэр нь юув гэхлээр хэзээ ч тохиож мэдэх эдийн засгийн уналт доройтол, дэд бүтцийн хөгжилгүй байдал, гадаад өр, төлбөр, санхүүгийн доройтол, үндэсний эв нэгдэлгүй байдал, улс төрийн дотоод тэмцэл, гадаад түншдээ олзлогддог монголчуудын сул тал, оюуны дархлаа алга болох, оюуны хомсдол, оюуны сулрал, залхуурах, бэлэнчлэх, ядуурах, амиа аргацаах, цаг нөгцөөсөн жижиг сажиг үйл, бүтээдэггүй их хэрэглээ, хийсэн нь нэмүү өртөггүй, хийсэн нь мөнгө болдоггүй, мөнгө босгодоггүй, эрүүл мэндийн доройтол, байгаль орчны бохирдол гээд жагсаавал зөндөө нөхцөл шалтгаан дотооддоо байна.
- Дэлхийн чухал үйл явдлууд манай улсыг тойрч буюу хоёр хөршийг төвлөрөн өрнөдөг. Хоёр их гүрэнтэй уул, усаар хиллэсэн хөрш байх гадаад бодлогод яаж тусгалаа олж байна вэ?
Хоёр хөрш гүрэнтэй улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл-хүмүүнлэг гээд бүх салбарт хамтын ажиллагаа хөгжиж ирсэн. Манай зүгээс хэргээр саатуулсан, бусниасан, зогсоосон гэх ямар ч дутагдал байхгүй. Хоёр хөрштэй харилцаа хөгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах гэдэг чинь биднээс өөрсдөөс маань, бидний хүчин чармайлтаас их шалтгаална. Бэлэнчлэх сэтгэлээр хандаж болохгүй. Монгол-Зөвлөлтийн найрамдал эргэж сэргэхгүй. Тэр цаг үе эргэж ирэхгүй. Иймд өнөөгийн ОХУ-ыг СССР гэж харж горьдох, долгинож байгаад бэлгийн хороолол бариулах, оросуудаар ажил хийлгэх сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Хоёулантай ижил тэнцүү Иж бүрэн стратегийн түншлэлтэй байна. Энэ бол харилцааны оргил нь. Түүнийг Төр-засаг гадаад бодлогоороо баталгаажуулаад өгчихлөө. Тэр өндөр түвшний харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр талын хамтын ажиллагааг Монголын ард түмэнд ашигтайгаар хөгжүүлэх нь монголчууд бидний чармайлтаас ихээхэн шалтгаалж байгаа шүү гэдгийг зориуд тэмдэглэмээр санагддаг.
- Монгол Улсын Засгийн газар гадаад бодлогоо идэвхжүүлсэн. НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоолоо. Гадаад бодлогын бүх чиглэлд тэнцвэрээ хадгалж чадаж байна уу?
Манай үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ууд, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулсаар ирсэн гавьяатай хэмээн би бичдэг ухуулдаг нэгэн. Бид хоёр хөрштэйгөө харилцааныхаа үндсийг зөв тодорхойлсон, Монголын ард түмний сонгосон хөгжлийн зам, нийгмийн тогтолцоог хоёр хөршөөрөө бүрэн хүлээн зөвшөөрүүлсэн, улмаар гуравдагч хөрш болох Өрнөдийн өндөр хөгжилтэй орнууд болон бусад улс, олон улсын байгууллагуудтай нээлттэй бөгөөд өргөн харилцаатай байх бодлогоо тасралтгүй баримтлан хэрэгжүүлж ирсэн. Хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хоорондын тэнцвэр хангаж, хоёр хөршийн хооронд ч тэнцвэрийг чадмаг барьж байна. Аль ч утгаар аваад үзсэн ардчилал шинэчлэлийн 34 жилд шувтан прогрессороор дэвшиж дэгжиж ирсэн салбар бол гадаад харилцааны салбар. Энэ цаг үед бүгдтэй нь нэгэн зэрэг сайн харилцаатай байж чаддаг тэр онцлогоо дэлхий дахинд нотлон харуулж чадаж байна.
Төгсгөлд нь тэмдэглэн хэлэхэд, дайн, геополитикийн хурц зөрчил тэмцэлтэй, эсрэгцсэн, хуваагдсан энэ ертөнцөд энх амгалан хэрэгтэй, түүний төлөө тэмцэх хэрэгтэй, дэлхийн бүх улстай найрсаг харилцаатай байх хэрэгтэй гэдэг дээр манай гадаад бодлого чиглэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн Монголд айлчлахдаа бидэнд оноосон “Энх тайвны бэлгэ тэмдэг Монгол Улс” гэдэг бол зүгээр нэг нэрлэсэн биш, цаанаа гүн утга агуулгатай, тэр хэрээрээ үнэ цэнэтэй, онцлогтой үнэлэлт дүгнэлт мөн.
- Ярилцлага өгсөн Танд баярлалаа. Таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.