Устай холбоотой стратегийн бодлогоор хөршүүддээ найр тавьсан бол УЦС ярих боломжгүй шүү, “Мега төсөлчид” өө!
Хийх ёстойгоо ч хийж, хүртэх ёстойгоо ч хүртье. Энэ бол өгөгдөл.
Өнгөрсөн хугацаанд “Эрчим хүч сэхээнээс сэргэлт рүү”, “Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргэлээ” гэхчлэн романтик “гарчиг” их уншлаа. Уг нь үнэн бөгөөд зөв. Гэхдээ учир их байна, ярилцъя хэдүүлээ.
“Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм болно” гэж В.И.Ленин хэлснээс хойш төдөлгүй Орос орныг цахилгаанжуулах төлөвлөгөө хэрэгжиж, улмаар Монголд Ильичийн илч гэрлийн төлөвлөгөө асаж өөхөн дэнгээсээ салсан түүхээр уянгалдаг. Энэ уянгат түүх одоогийн бидний сайн мэдэх дандаа л шинэчилье, засварлая гэж байдаг нийслэл дэх болон Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануурын дулааны цахилгаан станцуудаар өрнөж эхэлснээ гарын арван хуруу ихдэм болж ирээд “өсөлт нь зогсчихсон. Тэр ч байтугай “клиник үхэлд” ойртлоо.
Тэгвэл “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дээр цахилгаанжуулалтыг нэмбэл” юу болох вэ? Тэр тусмаа усан цахилгаан станцууд, бүр атомын цахилгаан станцыг нэмбэл юу болох вэ? Арай мөрөөдөлтэйгээ хамт тэсэрчихгүй биз? Улсаа бодвол ч энэ нь инээдэм ханиадам огт биш л дээ.
Наад 14 мега төслийн чинь эрчим хүчний реформ дотор хоёр усан цахилгаан станцын асуудал байгаа биз? УЦС бол уул уурхай биш. Экологийн төсөл. Байгалийн төсөл. Нөгөөтэйгүүр “Манай улс 1кВт цахилгаанаа ОХУ-аас 285 төгрөгрөөр авдаг мөртлөө УЦС-аасаа 37 төгрөгрөөр авна гээд байхаар энэ салбарыг гадны хөрөнгө оруулагчид яаж сонирхох, яах гэж дэмжих юм бэ? Энэ бол УЦС-ын төслүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэгжүүлэх боломж олгохгүй байх гаднын сонирхлыг дотоодод гүйцэлдүүлээд байгаа хэрэг биш гэж үү гэдгийг төрийн хар хайрцагны бодлого талаасаа хамгаалж шалгаж хянаж явах ёстой” гэдгийг салбарын мэргэжилтнүүд сануулсаар байна.
Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээхгүйгээр хот байгуулах, эдийн засгийг тэлэх боломжгүй. Иймд эрчим хүчний салбарыг либеральчилж эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн том зорилго хамтарсан Засгийн газар байгуулах гол үндэслэл, шалтгаан буюу шалтгуудын нэг болж 14 мега төслийн тэргүүн эгнээнд багтаад байна.
Хэн ч байсан Монгол Улсад сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлж эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх дараах мега төслүүдийг хэрэгжүүлэхийг үл эсэргүүцнэ.
Албан ёсны мэдээллүүдээс харахад Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хороотой болсон юм байна. Дэд хорооны дарга нь Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд болж Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч Засгийн газрын гишүүддээ танилцуулаад байгаа аж. Мөн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр тус салбарт үйлчилж хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажил ид өрнөж байгаа юм байна.
Харин чухам ямар төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэхээр тэрхүү “аварга” төсөлд тусгагдаад буйг танилцуулъя.
Монгол-Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц
Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 2500 тонн ураныг олборлож экспортолно. Төсөл хэрэгжих хугацаанд улс, орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлөх тооцоотой. Үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болно. Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний худалдан авалт хийж бизнесийн боломж нэмэгдэнэ.
Ийм заалт төсөлд бичигджээ. Бодит байдал дээр “атомын цахилгаан станц” гэдэг ойлголт байхгүй шүү гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ҮАБЗ-д ажиллаж байсныхаа хувьд чуулганы нэгдсэн хуралдаан дээр залруулан хэлээд авна билээ.
Дэлхийн улс орнууд, Засгийн газрууд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүч ашиглаж ураны эрэлт нэмэгдсэнээр ураны үнэ өсч эхэлсэн. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг 2040 он гэхэд дэлийд жил бүр 100 мянган метр уран хэрэгтэй гэсэн тооцоо гаргаад байгаа юм.
Манай улсын хувьд өнгөрсөн оны сүүлчээр энэ талаар “гэрэл ассан” гэж хэлж болно. Ерөнхий сайдын 2023 оны 91 дүгээр захирамжаар анхны Ажлын хэсэг 2023 оны тавдугаар сард байгуулагдсан. Одоогийн байдлаар Ажлын хэсэг дахин өөрчлөгдсөн бөгөөд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж, УУХҮ-ийн сайд Ц.Туваан дэд ахлагчаар ажиллаж энэ оны аравдугаар сард багтаан Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна гэж амлачихсан. Ганцхан сарын дотор гайхамшигтай гэрээ байгуулчихвал мэдээж сайн л байна. Гэтэл итгэх эш нотолгоо тун чамлалттай байх юм. Олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 2023 оны 11 дүгээр сарын 21-23-нд сонгон шалгаруулсан White&Case. CRA / River Associatcs/ компани нь хэвээрээ байх уу? Хоёр талын тохироогүй чухал асуудлууд энэ богино хугацаанд ойлголцож гэрээ байгуулж амжих уу гэхчлэн эргэлзэх зүйл цөөнгүй.
Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц
Эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой, шуурхай ажиллагааг хангаж, системийн эх үүсвэрийн зохистой харилцааг бүрдүүлнэ. ОХУ-д жил бүр төлдөг 25 сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэнэ. Түүхий нүүрсний хэрэглээг жил бүр 438.7 мянган тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 709 мянган тонноор бууруулна. Ингэж заасан уг төсөл нь хэрхэн хэрэгжих бол? Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ ОХУ-тай яаж хэлэлцээ хийж зөвшөөрүүлэх юм бэ гэж асуугаад буй УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр буруу юм асуусан гэж үү гэдгийг бодолцох л хэрэгтэй. Яагаад гэвэл манай улс хамгийн сүүлийн байдлаар дагаж мөрдөж буй хэлэлцээрүүддээ “Устай холбоотой асуудлаа хоёр хөршөөсөө асууж байя” гэснээс ялгаагүй үг, өгүүлбэрүүдийг баталчихсан байдаг. Үүнээсээ болоод ЭГУЦС, Орхоны УЦС, одоо мега төсөлдөө тусгачихаад байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл дээр ОХУ-ын эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн билээ. Гэвч төслөө ажил хэрэг болгоё гэвэл ямар нэг аргаар “тулах”, даван туулах л хэрэгтэй. Хийх ёстойгоо ч хийж, хүртэх ёстойгоо ч хүртэж таарах нь. Энэ бол өгөгдөл.
Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц
Жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэнэ. 52000 ахуйн хэрэглэгчийг хангах эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болж, баруун аймгуудын 4430 аж ахуйн нэгж, 5400 орон сууц, 36000 гаруй гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана. ОХУ, БНХАУ-аас жил бүр импортоор авч байгаа 17.5 тэрбум төгрөг хэмнэнэ.
Тавантолгойн 450 МВт-ын Дулааны цахилгаан станц
Жилд 3150 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюутолгойн өсөн нэмэгдэх 2,242.5 сая кВт.ц хэрэглээ болон Тавантолгой орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүсийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Оюутолгой ХХК-ийн БНХАУ-аас импортолж байгаа 110-120 сая ам.долларын валютын урсгалыг зогсооно. Барилга угсралтын явцад давхардсан тоогоор 2000, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно.
Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр
Монгол Улс нь судалгаагаар 2600 гВт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон бөгөөд шинээр эх үүсвэрүүдийг бий болгох замаар өсөн нэмэгдэж буй дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх, бусад улс руу экспортлох боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхайн бус экспорттыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэхээс гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн хийн арилжаанд оролцож нэмэлт орлого олох боломж нээгдэнэ.