Монгол залуу
Тэр бол Очирбатын Дашбалбараас хойш “эх орон” гэдэг үгийг өвөр зуурын жижиг ашиг сонирхлынхоо төлөө хий хоосон хашгичаагүй цөөн улстөрчийн нэг.
-С.ЖАВХЛАН 2020 ОНД 40 НАС ХҮРНЭ...-
Тэртээ 2010 онд Монголын нэрт яруу найрагч Загдын Түмэнжаргалаас ирсэн нэгэн зурвас УИХ-ын гишүүн Самандын Жавхлангийн талаар хаа нэгтээ зурагтын мэдээгээр ч юм уу үзэх үед сэтгэлд харвадаг юм. Тэр зурвас нь, “Ахад нь ямартай ч энэ Жавхлан гэдэг залуугийн яриад, зориод байгаа юм нь их зөв юм шиг санагддаг юм. Одоохондоо шоглож, дооглож байв ч алсын зорьж буй зүйл нь их зөв, том юм шүү...” гэсэн утгатай байсан санагдана. Залуу гавьяат С.Жавхлан тэр үед Хамаг Монгол төслийн удиртгалаа хийгээд, хамаг бүхнээ Монголоор тайлбарлах гээд жинхэнэ бужигнуулж явсан цаг.
ХӨДӨЛМӨРЧ ХҮҮ
Улаангомын хоёрдугаар 10 жилийн урлагийн үзлэгт эвлэгхэн дуулчихдаг хүүг хожим Монголын хөгжмийн урлагийн цагийг эзэлсэн од, монгол туургатны алдарт дуучин, төрийн түшээ болно гэж тэрхэн үедээ хэн санах. Увс аймгийн томоохон сэхээтнүүдийн нэг яруу найрагч, инженер Д.Самандын хүү тэрээр дуурийн домог Гонгорын Хайдавын нэрэмжит уралдаанаас СУИС-ийн урилгыг өвөртөлсөн. Хоёр зууны заагт нийслэлд хөл тавьсан хязгаар нутгийн хүүд Монголын хөгжмийн урлагт гялалзсан амжилт үзүүлж, нийтийн дууны од болоход тав хүрэхгүй жил л хангалттай байсан. Ганц сайхан дуу хийлгээд хаа сайгүй явуулж олны танил болдог орчин үеийн оддоос С.Жавхлан хөдөлмөрч чанараараа ялгардаг байв. “Харин ...” (2004), “Хүүгийн бодол” (2005) хэмээх жил дараалсан цомгийнхоо дараа 2006 онд нэг жилд “Исгэрээ”, “Самандын Жавхлан”, “Би монгол хүн” хэмээх гурван цомгоо гаргах үедээ тэрээр нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн томоохон уран бүтээлч болоод байлaа. Чухам энэ “Би монгол хүн” цомгийн концефци нь түүний хожмын карьер, амьдралын замналыг зураад өгчихжээ.
МОНГОЛ ТУУРГАТНЫ ОД
Дуучин С.Жавхлангийн дараагийн таван цомог мэдээж хэрэг амжилттай байсан. Гэхдээ дуучин нь өөрөө уран бүтээлээсээ том, нөлөө бүхий дүр төрх болчихоод байлаа. Үүнд нь мэдээж хэрэг монгол дээлнээс салахаа байсан түүний хэв маяг, монгол зан заншил, үндэсний үзлийн талаар илэрхийлэх болсон байр сууриуд нөлөөлсөн. Монголдоо нэгэнт танигдсан залуу одыг энэ алхам нь асар хурдан Монгол туургатны дуучин болгож чадсан. Болох ёстой юм болдгоороо болж байгаа ч юм шиг, эсвэл маркетингийн нарийн мэдрэмжтэй төлөвлөгөө ч юм шиг. Нэр алдар өөр дээр нь бороо шиг асгарч байсан 2009 онд тэрээр Чингэлтэй дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшин улс төрд идэвхтэй оролцох болов. Ард түмэн түүний энэ алхамд төдийлөн нааштай хандсангүй. Тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригттой өрсөлдсөн дуучин С.Жавхлан 3.8 хувийн санал авав. Харин үүний дараа төрсөн нутаг Увс аймагтаа томсгосон тойрогт өрсөлдөж, 11.36 хувь буюу 4251 хүний санал авсан нь томоохон амжилт байлаа. Хэрэв түүний энэ хувь АН-аас нэр дэвшигч Д.Нямхүүгийн санал дээр нэмэгдсэн бол ялалт байгуулж ч мэдэх байсан.
“НАРМАЙ МОНГОЛ”-ЫН ШИНЭ СИМВОЛ
Тэрээр яруу найрагч Ш.Гүрбазарын “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт нэгэнтээ оролцохдоо, “Монголжингоогоо дуулаад Монгол туургатнаараа явахад насаар хонох айлтай...” хэмээн аархаж байв. Энэ дэмий ч нэг аархал биш байсныг өнөөдрийг хүртэлх С.Жавхлангийн ажил үйлс нотолно. 2012 оны хоёрдугаар сарын 5-нд тэрээр ОХУын Халимаг, Тува, Буриад, БНХАУын Өвөрмонголоос дөрвөн дуучныг нэгтгэн “Хамаг Монгол” медиа төслийг эхлүүлэв. “Нармай Монгол” үзэл санаа ханхалсан энэ төслийн үр дүнд С.Жавхлангийн уламжлалт имиж ихэд үнэмшилтэй, хүчтэй болж чадсан. Улс орныг хамарсан медиа төслийн ачаар улстөрчийн карьераа асар хурдацтай ахиулсан хамгийн амжилттай жишээнд С.Жавхлан гишүүний энэ төсөл мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын “Монгол тулгатны 100 эрхэм” орно. Тэдний замаар одоо Зам, тээврийн сайд асан М.Зоригт явж буй. Эдгээр төслийн зорилго, үр дүн монголчуудын оюун санаанд эерэгээр нөлөөлж, үндэсний ухамсарыг нь сэрээж, үгүй ядахнаа таашаал өгч буйтай маргах хүн үгүй биз.
МЭДРЭМЖТЭЙ КАМПАНИТ АЖИЛ
2016 оны сонгуулийн жинхэнэ сенсаци С.Жавхлан байлаа. Хотын хөдөө болсон Баянзүрх дүүргийн гэр хороололд нэр дэвшсэн тэрээр 11029 хүний саналыг авч итгэлтэй ялалт байгуулав. Дөрвөн жилийн өмнө нутагтаа авсан саналаас нь бараг гурав дахин илүү хүн түүнийг дэмжжээ. Үхэр тэрэгтэй айлаас айл хооронд явж сурталчилгаа хийснээс эхлээд олон нийтийн доог тохуу, гайхашралыг төрүүлсэн түүний сонгуулийн кампани үнэндээ бол газар дээрээ буусан ажил байсныг үр дүн гэрчилнэ.
ОРДОНД СУУГАА ИРГЭН
Тангараг өргөх ёслолдоо 99 морьтон дагуулсан ирсэн өдрөөс хойш л С.Жавхлан Төрийн ордонд тохирохгүй гэдэг нь мэдэгдэж байв. Хэт гэнэн, арга ядсан аятай түүний үйлдлүүд олон нийтийн гайхшийг одоо ч барсаар л байгаа. Чуулганд тасалсан байдлаараа дархлагдсан тэрбумтан Б.Наранхүүтэй жишигдэх болов. Харин жирийн ард түмэн, ялангуяа хөдөөгийн ард түмэнд гишүүний энэ байдал арай өөр өнцгөөр харагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Яахав дээ, хоосон дүрэмдсэн, хийх ажилгүй дарга нар дунд жирийн ардын төлөөлөл орж ирээд үгээ хэлж байна шүү дээ. Товчхондоо Монгол төрийн бодлого, түшээд жирийн иргэдээсээ тасарсан зайгаар С.Жавхлан ороод ирсэн хэрэг. Тэр магадгүй ордон дотор өвөрмөц, “таг солгой” харагдаж байж болох. Гэхдээ алдаа, оноотой түүний дуу хоолой ард иргэдийн дунд “зөв, шударга” сонсогдсон хэвээр.
ОРДНООС ГАДУУР ИРЭЭДҮЙ
Тэр бол Очирбатын Дашбалбараас хойш “эх орон” гэдэг үгийг өвөр зуурын жижиг ашиг сонирхлынхоо төлөө хий хоосон хашгичаагүй цөөн улстөрчийн нэг. Түүний улс төрийн дүрэм өөр, зорьж яваа зорилго, төлөөлж буй үзэл санаа нь ч өөр. “Монгол хүн” хэмээх энэ үг өөрийн үнэ цэнэтэй, “Монгол байх” хэмээх нь бидэнд чухал байх цагт С.Жавхлангийн дуу хоолойг хүмүүс сонссоор л байх нь үнэн. Хийрхэл, хий нь цагийн уртад гээгдэж, Монгол туургатан, монгол соёлын их зүтгэлтэн болох ирээдүй түүнд буй. Энэ бол яль шальгүйхэн улс төрөөс илүү алс хэтийн, мөнхийн үйл хэрэг билээ. Тэр бол хэт ядуудаа мөнгө, хөрөнгө оруулалтаас хэт хараат болж, оюуны хоосролд нэрвэгдээд буй манай нийгмийн эерэг, сөрөг талыг аль алийг нь биедээ цогцлоосон этгээд. Үеийн нөхөд нь сонгуулийн халтуурт гуйж байхад, ахиад нэг Адраа, Цэрэнчимэд, Завханы Батсүх болохоос татгалзаж, хавьгүй адармаатай, далайцтай замыг олж хараад, түүндээ үнэнч зүтгэж буй залуу хүн.
Нийтлэлч Я.БАЯРАА
Үндэстний ТОЙМ №367
Зочин
зочин
Зочин
Шүтэн бишрэгч нь
Зочин