Шинэ 30 жилийн гараан дээр эрчим хүчний үнийг чөлөөлж хуучин 30 жилийн дарамтаасаа салцгаая
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эрчим хүчний үнийг нэмснээр “дүүжлүүлж” мэдэх боловч улс орны хэмжээнд хожно-
МАН-ын Засгийн газрын “дангаараа” шийдэж чадахгүй том асуудлуудын нэг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудал байлаа. Хэрэв эрчим хүчний үнийг шат дараалалтай нэмж чадахгүй бол дөрвөн жилийн дараа яг ингээд л халаглаад сууж байх нь тодорхой. Тиймээс УИХ-ын 80 хувь нь шинэчлэгдчихээд байгаа, энэ нөхцөлд “гэрээгээр гэрлэсэн” нөхцөл байдлаа ашиглаад “Хамтын ажиллагааны зарчим”-даа тулгуурлаад зориглоод хийх нь зүйтэй болов уу.
“Хамтын ажиллагааны зарчим” гэдэгт юу гэж заасан бэ гэхээр “Юуны өмнө улсын эрх ашгийг эн тэргүүнд тавих, намуудын мөрийн хөтөлбөрийн уялдааг хангаж ажиллах, талуудын оролцоо тэнцвэртэй байх, харилцан ойлголцолд тулгуурлан асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэх, талуудын оролцоо тэнцвэртэй байх, гэнэтийн шийдвэр гаргахгүй байх, тэргүүлэх чиглэлд нийцээгүй, үр ашиггүй зардал гаргахгүй байх, мэдээлэл солилцоо шуурхай байх, ил тод байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчил гаргах байх, хамгийн гол нь хамтын хариуцлага хүлээх гэсэн есхөн зарчим батлаад нэгдсэн.
Тэгэхээр дээрх зарчмын дагуу эрчим хүчнийхээ бэрхшээлийг даван туулах нь зөв. Ийм том шийдлийг улс төрийн эр зориг гаргаад хийж чадвал Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хэдэн хүн ард иргэдийн дургүйг хүргэж, “бүсээ чангалах” нөхцөлд хүргэснийхээ төлөө “дүүжлүүлж” мэдэх боловч улс орны хэмжээнд хожно.
Юуны өмнө Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсан, өнөөдөр шаардлагатай заалтуудыг оруулахгүй бол болохгүй болж ирлээ.
Бодит байдал дээр, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2023-2024 оны өвлийн эрчим хүчний системийн оргил ачаалал өмнөх оныхоос 11.3 хувиар нэмэгдэж 1636 МВт-д хүрсэн. Нийт хэрэглээний 22.3 хувийг импортоор худалдан авч хангаж байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2023 оны тайлангаар 8.5 тэрбум кВт.ц-ын гүйцэтгэлтэй гарчээ. Товчхондоо, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон. Өчигдөр, уржигдар ийм байдалд ороогүй, 30 жил үргэлжилсэн, ярьсан “зовлон”.
Эх үүсвэр, хүчин чадлаа нэмээгүй байхад хэрэглээ өсөөд байхаар нэгэнт эрчим хүч хэрэглэдэггүй салбар байхгүй учраас хөгжлийн тухай яриа болгон мөрөөдөл болж байна.
Эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар хангалттай анхаарч ажиллаж эхэлсэн, үр дүн гарсан. Одоо хэрэгжүүлэх “Мега төсөл”-дөө ч тусгасан.
Харин эрчим хүчний салбарын алдагдлыг яах вэ? Эрчим хүчний үнэд нүүрсний уурхайн, тээврийн, үйлдвэрлэлийн, дамжуулах, түгээх зардал гээд бүгд багтдаг. Салбар нь алдагдалтай ажиллаж байгаа учраас тоног төхөөрөмж, шугам сүлжээний шинэчлэлийг хангалттай хийж чаддаггүй. Энэ бүхэн хэчнээн аюултай болохыг “тог тасрахаас” нааш анзаардаггүй, дэндүү цалгар байдлаа одоо зориглож засцгаая. Наанадаж эрчим хүчний хэмнэлтэд анхаарцгаая. Эрчим хүч бол “нөөцөлж” болдоггүй онцлогтой бүтээгдэхүүн. Тиймээс хэрэглэгчид хэмнэлтэд суралцах ёстой.
“Цахилгааны нэгжийн бодит өртөг 2022 онд 224 төгрөг байсан бол 2023 оны тооцоогоор 243 төгрөг болоод нэмэгдчихсэн. Ялангуяа ахуйн хэрэглэгчдэд борлуулж буй үнэ бодит өртгөөсөө 74 хувиар доогуур байгаа юм. Үнэ тарифыг тогтоохын тулд эрчим хүчний бодит өртөг зардлыг тооцохын зэрэгцээ Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа бусад бараа бүтээгдэхүүний үнэ, айл өрхийн орлого, нэг өрхийн орлогод эрчим хүчний үнийн эзлэх хувь хэмжээг тооцдог аж. Одоо дахин эцсийн байдлаар ЭХЗХ-ноос хувьд үнэ тарифыг тогтоох, хэрэв нэмэхэд хүрвэл инфляцын түвшин, эдийн засагт ямар сөрөг үр дагавар гарах талаарх тооцооллыг танилцуулах хүлээлттэй байна. Гол нь хэрэглэгчдэд учрах төлбөрийн дарамт, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэрийг хангах бодлого чухал. Үүнд айл өрхийн цахилгааны хэрэглээнээс хамаарсан шатлан нэмэгдэх тарифын шатлалыг нэвтрүүлэх, өндөр хэрэглээний тарифыг бодит өртөгтэй уялдуулах зэрэг манай улстай ижил төстэй орнуудын жишгийг дагах нь зөв болов уу. Ийнхүү тарифыг индексжүүлэх зарчимд шилжсэнээр эрчим хүчний салбар эдийн засгийн бие даасан тогтолцоонд шилжиж ажиллах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин