Төсөв дээр “хагарвал” Засаг дээр “хагарна”
-Чуулган дээр үзэгддэггүй Х.Баттулга төсвөөс хүссэнээ авч чадахгүй бол багаа аваад Засагаас гарахад бэлэн-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Урьдчилсан байдлаар шөнө дөл хүртэл хуралдах нь гэсэн таамаглалтайгаар хэлэлцэж эхэлсэн боловч хэлэлцсэн асуудлуудтай холбоотой ширүүхэн маргаан дэгдэж эхэлсэн тул УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар завсарлага авахаар санал гаргахад хүрсэн. Түүний завсарлага авахдаа хэлсэн, “дотроо байр сууриа нэгтгэх” шалтгаан нь тус намын дотоод зөрчлийн илэрхийлэл төдийгүй, хамтарсан Засгийн газар байгуулсан ч, эс байгуулсан ч эрх баригч намынхан дотооддоо зөрчилтэй байгаа нь төсвөөс харагдаж байна гэсэн хардалт, таамаглалыг дагуулж байв. Учир нь МАН-ынхан энэ оны төсвийн тодотголыг, ирэх оны төсвийг батлахад дэмжлэг авах зорилгоор хамтарсан Засгийн газрыг байгуулсан нь, “улс орны эрх ашигт нөлөөлөх томоохон төслүүдийг хөдөлгөх” гэсэн “халхавчтайгаар” АН, ХҮН-уудыг урьж мөн л “стандарт бус” Засгийн газар байгуулахад хүргэсэн нь үгүйсгэх аргагүй факт мөн.
Хуралдаанаар олон нийтийн анхаарал татсан гол сэдэв нь хэлэлцэж буй дээрх хуулиудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан нарын гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах, УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 болон 6.1.3-т заасан тусгай шаардлагыг өөрчлөхгүй хэвээр нь үлдээх нь зүйтэй гэсэн зарчмын саналуудыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тэрбээр төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн алдагдлын хязгаарыг үл тоомсорлох болсон олон жилийн алдаа дутагдлыг шүүмжилсэн юм.
Бас нэгэн ноцтой асуудал гэвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, Даваагийн Цогтбаатар нарын гишүүдийн гаргасан Тендрийн тухай хуулийн өөрчлөлтийг буцаах санал Төсвийн байнгын хороон дээр дэмжигдээгүй. Тэд сүүлийн хэд хоногийн турш дагаж мөрдөхөө больсон Концессийн тухай хууль дээр үндэслэсэн Тендрийн тухай хууль байж болохгүй гэдгийг л анхааруулж хэлээд байгаа билээ. Тэдний хэлээд байгаа алдаа дутагдлыг илчилж нотолсон төдийгүй түүнээс ч ноцтой зөрчлүүдийг агуулсан УИХ-ын Тамгын газрын хууль зүйн дүгнэлтэд сонгогчид, иргэд олон нийтийн анхаарлыг зайлшгүй хандуулах ёстой. Учир нь ийм ноцтой алдаануудтай төсвийн төсөл орж ирчихээд байгаа юм шүү! Харамсалтай нь Төсвийн байнгын хороо дээрх нэр бүхий гишүүдийн саналыг дэмжээгүй, унагасан. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулъя.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, Даваагийн Цогтбаатар нарын гишүүдийн гаргасан Тендрийн тухай хуулийн өөрчлөлтийг буцаах саналтай холбоотой, Хууль зүйн дүгнэлтэд дурдсан хэсэг гэвэл “Төсөлд Засгийн газраас хөгжлийн бодлого, шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар нэр хүнд бүхий тусгай мэдлэг, ур чадвартай зөвлөх хүн, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол” тендер сонгон шалгаруулалт хамаарахгүй байхаар тусгасан нь хэт өргөн хүрээг хамарч, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан асуудлыг боловсруулах, хэрэгжүүлэхэд “нэр хүнд бүхий тусгай мэдлэг, ур чадвартай зөвлөх хүн, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай” гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлахгүй байхаар хуулийн төслийн заалтыг томьёолсон байна. Иймд үүнийг зөвхөн зөвлөх үйлчилгээгээр хязгаарлах эсэх асуудлыг оновчтой болгох шаардлагатай гэсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас л “нэр хүнд бүхий тусгай мэдлэг, ур чадвартай зөвлөх хүн, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай” гэсэн шийдвэрлэсэн бол тендрийн сонгон шалгаруулалт хамаагүй байж болох уу?
Дахиад ноцтой асуудал! Одоо хэрэгжиж байгаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөөс эхлэн хүчингүй болсон Концессийн тухай хуулийн дагуу Төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй концессийн гэрээ, дагалдах гэрээг байгуулахаар тусгасан байгаа юм. Нэр дурдсан гишүүдийн эсэргүүцээд дийлээгүй энэ заалт л гэхэд УИХ-ын Тамгын газраас гаргаж Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн Хууль тогтоомжийн тухай 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг зохицуулах хэлбэр”, 27.1.5-д “өмнөх хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн зарим хэсэг хүчин төгөлдөр үйлчлэх тодорхой нөхцөл, тохиолдол” зэрэг асуудлыг хуулийг дагаж мөрдөх журмаар зохицуулахаар заасантай нийцээгүй байна” дүгнэлттэй нэг тохирч байна. Тодруулбал, УИХ-ын Тамгын газраас гаргасан Хууль зүйн дүгнэлтээр батлагдаж байна. Гэсэн ч УИХ-ын Төсвийн байнгын хороо дэмжээгүй. Тэгэхээр ямар эрх зүйн баримтыг Төсвийн байнгын хороо эш үндэслэл гэж үзэж хүлээн авч шийдвэрээ гаргах вэ? Аль эсвэл хаанахын ч, ямар ч дүгнэлтгүйгээр буюу зөвхөн кнопоор асуудал бүрийг шийдээд явах уу? Хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг асуудал үүсэж байгаа юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасантай нийцсэн, хоёрдмол утгагүй, хуулиар зохицуулах ёстой асуудлаа бүрэн хуульчилсан байтал яг үүнд оруулах өөрчлөлт дотор буюу Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдөө “Энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө Төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй Концессийн тухай хуулийн дагуу Концессийн гэрээ, дагалдах гэрээг байгуулж болно” гэсэн зохицуулалтыг нэмэлтээр оруулахаар заачихсан байгаа юм! Энэ нь “хуулийн хулгай” биш үү? УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн дүгнэлтэд үүнийг “Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар тус хуулиар журамласан хэм хэмжээг зөрчжээ гэж үзсэн. Мөн “Эдийн засгийн хувьд үр ашиггүй байдалд хүргэнэ” гэсэн үндэслэлээр “нэгэнт эрх зүйн чадамжгүй болсон хуулийн бичвэрийг” хууль болгон баталж хүчингүй болсон Концессийн тухай хууль дахин үйлчлэхээр заасан нь Хууль тогтоомжийн тухай хуульд нийцэхгүй” гэж дүгнэжээ.
Санаачлаад, шургуулаад, хулгайлаад байгаа заалт чинь “Хууль тогтоомжийн тухай хуульд нийцэхгүй байна” гэсэн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газраас хүргүүлээд байхад Байнгын хорооны санал хураалтаар дэмжихгүй “унагаачихаад” тэр чигээр нь УИХ руу “аваад явчихдаг”, шөнөжин хэлэлцэж батална гээд улайраад сууж байдаг УИХ хэзээ хууль мөрдөж эхлэх вэ? Хууль тогтоомжийн тухай хуулиа тоодоггүй “Хууль тогтоогчид”-той хэзээ, ямар хариуцлага тооцох вэ?
УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлага өнөөдөр дуусах бөгөөд УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулахаар хугацааг сунгажээ. Энэ хугацаанд одоо хэлэлцэж буй төслүүдээс гадна нэмж “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон.
Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн хуулийн төслийг кнопны олонхиор шийдвэрлээд яваад байвал хуулийн гажуудал болно. Нөгөөтэйгүүр УИХ-ын Тамгын газар болон холбогдох төсөвт хангалттай хөрөнгө баталж тусгасан байтал өнөөдрийг хүртэл санал хураалтын төхөөрөмж гацсан, нэмэлтээр протоколд тэмдэглүүлье гэх зэрэг будилаанаа эцэслэж яаралтай шинэчилж, үйл ажиллагаагаа жигдрүүлэх шаардлагатай байгааг дашрамд дурдъя.