2024.03.18.

1960 оноос хойш Монгол Улсын төрийн наадам болж ирсэн Төв цэнгэлдэх хүрээлэн өнөөдөр бүслэгдээд байна. Чингэсийн өргөн чөлөөнөөс харагдахгүй хэдийнэ далд орж, Төрийн есөн хөлт цагаан тугийг залж оруулах цорын ганц замыг таллан барилга барьж эхэлжээ. Индэрт нь Жамсрангийн Самбуу, Юмжаагийн Цэдэнбал нар заларч,  ногоон зүлгийг Дарийн Дамдин, Жигжидийн Мөнхбат, Хорлоогийн Баянмөнх, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ тэргүүтэй их аваргууд эзэгнэж, тэднийг ширтэх ард олон өнгө алаглаж, наадмын хоёр өдөр чухам эндээс мэдээ хүлээж монгол хүн бүрийн дурсамж сэтгэлд шингэсэн дугуй хүрэн стадионоос гадна ойр орчмын газар, сур харвааны талбай, үйлчилгээний том олон жижиг барилга байгууламжийг  багтаасан 40 шахам га талбайтай байсан бол өнөөдөр 12,7 га үлджээ. Хэрвээ дахиад хэдэн жил үргэлжилбэл тал талаас нь өнгийсөн барилгуудын дундах сайндаа л спортын талбай болж, магадгүй буулгаад дараачийн барилгуудаар дүүргэх зүгт явж байна.  
Өнөөдөр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийг Төмөрбаатар овогтой Нямдаваа, үлдсэн 49 хувийг нийслэл Улаанбаатар хотын эзэмшдэг атал 2007 онд тэр Т.Нямдаваа өөрийгөө цорын ганц хувьцаа эзэмшигч гэсэн гэрчилгээг Улсын бүртгэлээс аваад (түүнээс ч өмнө) энэ газрын эзэн шиг дураараа дургижээ. Ингэхдээ нийслэлийн үе үеийн Засаг дарга, албан тушаалтнуудтай хавсран орчны газрыг тастан хувааж (өөрийгөө орхиогүй нь мэдээж), цаадуул нь газрын зөвшөөрлийг гаргаж барилгын зургийг батлах ажлыг хариуцсаар сүүлдээ “шунал ихдэж шулам болсон” байна.      

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлалын түүхийг цаг хугацаагаар нь хөөж товчоор жагсаавал,

1990.06.07.  
Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 116 тоот тогтоолоор Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгов.

1991.12.25. 
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 364 тоот тогтоолоор (дарга Л.Энэбишийн гарын үсэгтэй) Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах асуудлыг 1992 оны 1-р улиралд багтаан шийдвэрлэхийг Хотын өмч хувьчлалын комисс (н.Ганхуяг)-т даалгасан байна.

1992.07.30.
Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 07-р сарын 30-ны 185 тоот тогтоолоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлалд хамаатай хэд хэдэн шийдвэр гаргажээ. Харин тодорхой мэдээлэл олдсонгүй.

1993.05.24.
Улаанбаатар хотын Өмч хувьчлалын комисс Төв цэнгэлдэх хүрээлэнг 26972,2 мянган төгрөгийн дүрмийн сантай, төрийн өмч давамгайлсан бүрэн бус хариуцлагатай компани болгон зохион байгуулах, дүрмийн сангийн 30 хувьтай тэнцэх 8082,2 мянган төгрөгийн хөрөнгийг ажилчдад нь 8079 ширхэг ягаан тасалбараар худалдаж, 30 хувийг ягаан тасалбарын захаас авахаар, үлдэх 18892.0 мянган төгрөгийн хөрөнгийг төрийн мэдэлд үлдээхээр шийдвэрлэсэн байна. Дээрх 30 хувийг тус цэнгэлдэх хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан Т.Нямдаваа өөрийн ах дүү нарын дөрвөн хүний хамт ягаан тасалбараар авчээ. Тэрбээр бас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамт олны нэрээр менежментийн хувьчлалаар авч ажиллаж байсан тухай мэдээлэл байдаг.

1993.09.25.
Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 99 дүгээр тогтоолоор дүрмийн санд өөрчлөлт оруулан 26539,9 мянган төгрөгөөр баталж, 432,2 мянган төгрөгийн үнэ бүхий павильоны үнийг төрийн өмчид ногдох 70 хувиас хасаж тооцохоор тогтоосон ба энэ нь дүрмийн сангийн 1,6 хувь буюу 2 ширхэг хувьцаа юм.

2000.08.10.
Төрийн өмчийн хорооны 31 дүгээр тогтоолоор “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн төрийн мэдлийн 19 хувийн үнийг 29.307.800 төгрөгөөр тогтоож худалдахаар шийдвэрлэж, компанийн 30 хувийг эзэмшигчдэд худалдах санал тавьсны дагуу Т.Нямдаваа нар худалдан авчээ. Үүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хууль бус үйлдэл гэсэн шүүмжлэл тухайн үед гарч байлаа.

2003-2004.
Яг хугацаа нь тодорхойгүй боловч барагцаалбал энэ үед нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид үл ойлгогдох шалтгаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хоёр хувийг төлөөлөгч Жасрайн Жанцанд худалдсан тогтоол гаргав. Үүнийг буруу гэж Өмчийн харилцааны газар үзсэн ч тэр хоёр хувь яваандаа Т.Нямдаваад очсон бололтой. Үүний дараа “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Дэлгэрнаран (тухайн үед нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, одоо Сонгуулийн ерөнхий хорооны дарга) нийслэлийн ИТХ-аас зөвшөөрөл авахгүйгээр дүрмийн санг өөрчлөн 432.2 мянган төгрөгийн үнэтэй нэгэн павильоныг төрийн өмчийн 51 хувиас дахин хасуулах замаар төрийн өмчийг 49 болгон бууруулах шийдвэр гарган гарын үсгээ зурсан байна. Энэ шийдвэрийг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Т.Нямдаваа, гишүүнээр Л.Чинбат, төрийн өмчийг хэрэгжүүлж буй гишүүнээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Д.Дэлгэрмөрөн, Б.Бүрэнцэцэг нарыг сонгож, дүрмийг шинээр баталсан байна. Хожим нийслэлийн удирдлага энэ асуудлаар шүүхэд хандав.

2006.06.20.  
Энэ хүртэл болсон зарим үйл явдал тодорхойгүй, Гэхдээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХК-ийн нэхэмжлэлийн дагуу нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 65 дугаар шийдвэр гарсны дагуу нийслэлийн ИТХ-ын 2006 оны 6-р сарын 20-ны өдрийн 151-р тогтоолоор “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХК-ийн төрийн мэдлийн 51 хувийг баталгаажуулахыг Засаг дарга Д.Батбаярт үүрэг болгожээ.

2007.01.17.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн төрийн төлөөлөл болох нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Ц.Болд, Б.Норжинлхам, Ж.Ганболд нар дангаараа ТУЗ-ийн хурал хийж, даргаар Ц.Болд, нарийн бичгийн даргаар Б.Норжинлхам нарыг томилж, ТУЗ-ийн 2004 оны 2, 2005 оны 2-р тогтоолуудыг хүчингүй болгосон тогтоол гаргасан байна.

2007.05.07.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51% хувийг эзэмшдэг Т.Нямдаваа 100% эзэмшдэг гэсэн худлаа бичгийг Улсын бүртгэлийн газарт нэг хүний эзэмшдэг компани болгон бүртгүүлжээ.

2007-2008.
Т.Нямдаваа захиргааны хэргийн шүүхэд хандаж ТУЗ-ийн дээрх хурлын шийдвэрийг хүчингүй болгож, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн дүрмийн санд эзэлдэг хувийн өмчийн 51 хувийг баталгаажуулахаар шүүхэд хандсан байна.

2007.07.17.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 183-р шийдвэрээр Т.Нямдаваагийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.

2007.10.16.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 200 дугаартай магадлалаар Т.Нямдаваагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

2008.01.10.
Энэ өдөр Т.Нямдаваагийн нэхэмжлэлийн дагуу Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаан болов.
Хариуцагч Нийслэлийн ИТХ-ын дарга Н.Болормаа, М.Ганбаатар нар тайлбар хийхдээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн дүрмийн санд төрийн өмчийн эзлэх хувийг 49, хувийн өмчийн эзлэх хувийг 51 болгон өөрчилсөн талаар тус компанийн эрх барих дээд байгууллага болох хувь нийлүүлэгчдийн хурал Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан ёсны ямар нэгэн шийдвэр гараагүй, нэхэмжлэлийн шаардлагадаа үндэслэл болгож байгаа Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1993 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дүгээр тогтоол нь хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд тухайн үедээ хэрэгжээгүй тогтоол бөгөөд нийслэлийн өмч  хувьчлалын комисс зохих байгууллагад мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон зэрэг тайлбар хийжээ.
Харин нэхэмжлэгч, Т.Нямдаваа өөрийн тайлбарыг хийхдээ Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны 2007.10.16-ны шүүх хуралд намайг хүсэлтээ гаргасаар байхад оролцуулаагүй, өмгөөлөгчөөр хангаагүй, бас миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямбаатарыг уг хэрэгтэй танилцах боломж олгоогүй явдал нь хуулийг илтэд зөрчиж, хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэсэн байна.
Ингээд уг шүүх хуралдааны 10-р тогтоолоор “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Нямдаваагийн хяналтын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

2012.
Нийслэлийн шинэ удирдлага төрийн баяр наадам болдог Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг нийслэлийн өмчид авах шаардлагатай тухай байр сууриа илэрхийлж, үүнийг маргаантай “хоёр хувь”-ийн хууль бус шийдвэрийг залруулах замаар шийдэхээр мэдэгдсэн боловч хэрэгжүүлж чадаагүй.

2019.12.02.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2020 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн эзэмшлийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргаж 22 тэрбум 560 сая төгрөгөөр худалдаалахаар зарласан байна. Ингэхдээ эзэмшилд байгаа газрыг нь 12.7 га газар гэж тогтоожээ.

Харин дараа нь цар тахал эхэлж, нийслэлийн удирдлага хоёронтоо солигдож асуудал мартагдсан мэт байснаа өнгөрсөн Баасан гаригт нийслэлийн шинэ Засаг дарга Х.Нямбаатар хотоо эргэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн дээр очиж гүйцэтгэх захирал бөгөөд 51 хувийн эзэн Т.Нямдаваатай сэтгүүлчдийн өмнө ширүүхэн ярилцлаа. Даанч манай монголчууд, дарга цэрэг ялгаагүй эмх цэгцгүй ярьдгаас болж цаасан дээр (буюу дэлгэцэн дээр ) буулгахад хачин сонин юм уншигддаг тул зөвхөн ганц нэгхэн хэсгийг сонирхуулсугай.

-Төв цэнгэлдэх рүү Төрийн есөн хөлт цагаан тугийг залж оруулах ганц замыг таллаад барилга барьж эхэлсэн “Мөнхсан” нэртэй компанийг Т.Нямдаваа өөрийн хамаарал бүхий гэдгийг хүлээн зөвшөөрөхдөө “... манай тэр нөгөө талийгаач байна ш дээ... ахын ... тэдний компани байсан компани ... бурхан болоод ...” гэж Засаг даргын мэддэг хүнийг хэлэх шиг болов. Үнэхээр хэдэн мөчийн дараа Х.Нямбаатар “Бие биенийгээ хэдүүлээ аль эртнээс мэднэ” дуугарсныг бодоход хоёр Ням танилууд бололтой. Яг үнэндээ “Мөнхсан” бол Т.Нямдаваагийн хүүгийн компани бөгөөд тэнд ганц биш, 24 давхар орон сууц, 10 давхар оффис, гурван давхар үйлчилгээний төв бүхий гурван блок баригдах гаж байгааг Х.Нямбаатар мэдээгүй байжээ.  

-Сэтгүүлчдийн өмнө илчлэгдэж эхлэнгүүтээ Т.Нямдаваа хуруугаараа зааж байгаад бусдыг матаж гарлаа. “... Тэр ... “Оюунтүлхүүр” сан, Сүхбат аварга, Жэй Кэй Си гээд...тэгээд энэ өндөр шаргал байна ш дээ, энэ болохоор зэрэг Авлигатай тэмцэх газрын орон сууц байгаа, тэрний цаад талд МАК байгаа, энэний цаадтай талд Булгамаа гээд, одоо нөгөө хуучин Энхтүвшин сайдын гэр бүлийн хүн дээр гарцан байх жишээтэй ...Тэгээд энэ “Мөнхсан”, энэ нь болохоор ”Биг кастл” гэж компанийн нэр дээр ... тэр нь “Жигүүр гранд”, тэгээд ингээд тойроод ... “.

Баахан нэр дурдагдаад эхлэхэд Засаг дарга, хэдүүлээ нэгдэх өдөр сайн ярья гэж хэлээд зогсоогоод, өнгөрсөн хугацаанд зарсан газрын төлбөрийг нэхэмжилнэ, үүнээс өмнө хоёр талаас уулзаж хэн хэн гэж дарга хэдэн онд стадионы мэдлээс шилжүүлж өгсөн бүх баримтыг авч үзнэ гэв. Дараачийн ноцтой мэдэгдэл бол Төв цэнгэлдэхийн хувьчлалыг асуудлаар тусдаа хуулийн баг гаргаж, “49 хувь байж байгаад яаж хоёр хувийг авсан гэдэг асуудлыг Авлигатай тэмцэх асуудлаар шалгуулья гэдэг бодолтой байгаа, хэрвээ ойлголцолд хүрэхгүй бол хууль хяналтын байгууллагад хандах” тухай байв.  

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг цахим хуудсандаа “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” ХХК-ны гүйцэтгэх захирал Т.Нямдаваа болон бусад холбогдох хүмүүстэй уулзалт хийж, хууль дүрмийн хэрэгжилт, газрын шилжүүлэг, санхүүгийн тайлан тооцооны асуудлаас үүдсэн нийслэлд учирсан хохирлын нөхөн төлбөрийн зарим хэсэгт Төв Цэнгэлдэх Хүрээлэн ХХК-ны 51% хувьцааг тооцон бодож, Нийслэлд шилжүүлэн авах саналыг тавьлаа” гэсэн байна. Зөвхөн сэжигтэй 2 хувийг буцааж нийслэлийн хувийг зүгээр нэг 51 болгох бус, харин бүгдийг авч 100 хувь нийслэлийн өмч болгох тухай ажээ.

Гайхалтай явдал болжээ. Монгол Улсад төрийн байгууллага, албан тушаалтнууд олон нийтийн өмч хөрөнгө, хууль ёсны төлөө ингэж хатуу байр суурь илэрхийлээд зогсохгүй ямар нэгэн алхам хийхийг (одоохондоо амаар ч гэсэн) анх удаа сонссон минь энэ.

Одоо олны хэлдгээр "анхааралтай ажиглаж хүлээх" л үлдлээ.