Ардчилсан сонгууль
“Уудам Азийн цээжинд ардчиллын од болж гялалзсан ...”. Тэртээ 1949 онд буюу яг 75 жилийн өмнө яруу найрагч Цэгмидийн Гайтав ингэж шүлэглэжээ. Тухайн цаг үеийг тэгэж дүгнэж болох эсэхийг хэлэхгүй, харин энэ тодорхойлолт өнөөдрийн Монголыг яг зөгнөсөн мэт таарч байна.
2024.02.28.
Монгол Улс цорын ганц зөв зам руу орсон гэж ойлгогддог өнгөрсөн гучин хэдэн жилийн хугацаанд бид есөн удаа Их Хурлын, найман удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулжээ. Бас нижгээд тооны орон нутгийн сонгууль хийсэн. 1990 оноос өмнө “Намын гишүүд болон нам бусчуудын эвслээс нэр дэвшсэн” гэх ганц нэр бичсэн жагсаалтаас тэр ганцыг сонгодог байсны дэргэд олон нам, бөөн өрсөлдөгчтэй, сурталчилгаа буцалсан гээд гарцаагүй чөлөөт, ардчилсан сонгуулиуд болж өнгөрсөн байна. Дэлхийн зарим улс оронд улс төрийн сонгууль алаан болж, дандаа “7-р сарын 1”-нээр төгсөж харагддаг бол 2008 оны тэр өдөр бид хатуухан вакциндуулж авснаас хойш “сонгууль шударга биш боллоо” гэж дүвчигнэдэг нөхдүүд эрс цөөрч санал хураалтын маргааш жагсаж цуглахаа больжээ.
Монголчууд ардчилсан байтугай коммунист сонгуулиудыг түвэггүй давж гарсан ард түмэн учраас хэрсүүжсэн, сонгууль гэж юу болох, улс төрчдийн санаа зорилго, үг яриаг дор нь таньдаг болсон.
“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”
Монгол Улсын Үндсэн хуулинд ийм гоё өгүүлбэр бий. Араас нь “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож” гэж амлангуутаа “сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж биднийгээ байранд нь тавьдаг билээ.
Худлаа яриад яахав, Засгийн эрхийг ялсан улс төрийн нам, дийлсэн улс төрчид барьдаг, харин бид тэднийг дээш нь гаргаж өгдөг сонгогчид. Энэ утгаараа сонгууль бол Засгийн эрхийг ард түмнээс авах арга юм. Би хэнд саналаа өгөхөө өөрөө шийддэг маань үнэн, тэглээ гээд төр барьж, ядахдаа барилцаж байгаа сэтгэгдэл надад огт төрдөггүй. Тэр шөнөөс эхлээд сонгогдсон эрхмүүд баяртай ч байхгүйгээр сураг алдардаг.
Миний дугуйлсан нэр дэвшигч гараагүй атал “та нар яах гэж сонгосон юм, хохь чинь” гэж бусдын өмнөөс элдвээр хэлүүлээд улалзаж явах энүүхэнд. Бас миний дэмжсэн нэр дэвшигч “миний эсрэг” явсан байвал яахав? Лав манай тойргоос УИХ-д суугаа Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг гурав бидэнд шууд хамаатай, бидний амьдрах нөхцлийг сүйдэлж байгаа нийслэлийн төв, Их, Бага тойруу дахь зэрлэг барилгажилт, газрын наймааны эсрэг ганц үг ч ган хийхгүйгээр бүхэл бүтэн дөрвөн жил гүрийж чадсан бөх зүрхнүүд шүү. Хэрвээ тэд Улаанбаатар хотын түүхэн төв, , түүх, соёлын дурсгалт барилгуудыг хамгаалах хуулийн төсөл санаачилсан бол би ирэх 6 сард дахин саналаа өгөх байлаа. Одоо бол үгүй.
Магадгүй тэд тэнгэрийн амьтад, зиндаа нь энэ мэт асуудалд ахадсан байж болох. Тэгвэл нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бидний сонгосон нөхдүүд, хэрвээ тэд бас пээдийсэн бол ядахдаа дүүргийн ИТХ-д бидний саналаар очсон төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд хаагуур ямар юмаа хийгээд явсныг мэдэж чадалгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусч байна. Тэд сонгогчдын биш, өөрсдийн томилсон Засаг дарга нарыг буруу зөв үүрэг даалгаврыг үг дуугүй баталж өгдөг нэр усгүй нөхдийн цуглуулга байсныг харж суусан азгүй сонгогч бол би.
“Сонгуулиар улс орны хувь заяа, хөгжлийн ирээдүй шийдэгдэнэ”
Арай л сүртэй юу? Нэгэнт монголын төр хэвээрээ, аль нэг нам, хүмүүс сонгогдсон бол зүгээр. Гагцхүү улс төрчдийн өөрсдийн хувь заяа шийдэгдэх учраас ингэж сүржигнэдэг. Сонгуулиар хамгийн ухаантай нь биш, чадсан нь гарч ирдэг. Их Хурлын гишүүн бол дундаж хүний хийчих ажил. “Цол дагаж бяр нэмнэ” гэж бий. Сонгогдсоныг анх дуулаад нээрээ юу, арай ч дээ, “памперс"-тай гэх мэтээр адлуулж суусан гишүүд төдөлгүй бусдаас дуталгүй үзэж тардаг, байнгын хорооны дарга, сайдын суудалд оччихсон, авлига хулгайг дутуугүй хийгээд орон шоронд орчихсон явж байхыг зөндөө харлаа.
Бид энэ удаад УИХ-ын сонгуулиар зөвхөн 126 хүнийг сонгохгүй, тэдний араас сонгуульд нь зүтгэгсэд, зөвлөх, туслах, цүнх баригч, хандивлагч, намын томилгооныхон, найз нөхөд, нутаг усныхан гээд мянга, түмэн хүний их нүүдэл төрийг зүглэнэ, тэднийг давхар сонгож байгаа хэрэг. Сонгуульд ялагдсан ч нам нь олонхи болсон нэр дэвшигчид гомдлыг тайлж элдэв албан тушаалд тавина, тэд бас араасаа дагуулна. Тийм хүмүүс хуучин ажилдаа ороод, эсвэл өөр ажил олж хийгээд амьдарч болдоггүй юм байхдаа гэж би үе үе боддог боллоо.
Эрх баригч намын угшилтай нэгэн эрхэм хэдэн жилийн турш чимээгүй явснаа тун саяхан “Ийм эгзэгтэй цаг үед хар амиа хоохойлж бие амар, сэтгэл хол сууж болмооргүй байна. Улс төрд хатаагдаж, ирлэгдэж, нүд сэтгэлийнх нь хор гарсан улстөрчид төрдөө, залуучууддаа түшиг тулгуур болж ажиллах цаг үе иржээ” хэмээн гарч ирлээ. Улс төр хэмээх эрх мэдлийн найрын ширээнд сууж амтыг нь авсан хүмүүс салж өгдөггүйн нэг жишээ. Хэрвээ сонгогдож чадахгүй байсан ч дээр хэлсэнчлэн ямар нэгэн сайд, даргын суудлыг эзлэх ашигтай бизнес.
“Улс төр, сонгуульд мөнгөний нөлөөг багасгана”
Бүрэн арилгана гээгүй зөвхөн багасгана гэж амалдаг нь яамай даа. Улс төрийн нам, нэр дэвшигчид “хэн нэгнээс” их мөнгө авч нөлөөнд орохоос сэргийлнэ гэж хэлээд улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлэх зүгт явж байгаа. Үнэн хэрэгтээ тэр мөнгөнөөс салгах биш, харин тэр “хэн нэгний” мөнгөн дээр нэмээд татвар төлөгчдийн мөнгийг өгөх болж байгаа юм..
Ардчилсан сонгууль гэдэг бол тэртээ тэргүй мөнгөний сонгууль. Хэнд санал өгөхийг тушааж болдоггүй нийгэмд мянга, түм, бум, сая сонгогчийг өөртөө татаж, саналын хуудас дээрх олон нэрнээс онцгойроход мөнгө, тэгэхдээ их мөнгө хэрэгтэй. Саналыг худалдаж авдаг. Эрх баригчид үүнийгээ нууж бултах шаардлагагүй, “Эрдэнэс таван толгойн” 1072 хувьцааны ногдол ашиг, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд шинээр хувьцаа, тэтгэврийн нэмэгдэл 100 мянгыг сонгуулийн өмнө олгох ба дөнгөж сая Ерөнхий сайд цалин, тэтгэврийг дахиад нэмэхээр амалсан нь бас 4-р сарын 1-нээс! Эрх бариагүй ч мөнгөтэй бол заавал арга олно. Мартсанаас, тэр Н.Номтойбаяр юу хийгээд явна вэ?
“Сонгуулийн сурталчилгааны хугацаа 2024 оны 6-р сарын 10-наас 26-ныг дуустал явуулна”
Сурталчилгааны хугацааг нь хасч танасаар байгаад энэ удаад ердөө 17-хон өдөр болгожээ. Тэр хүртэл бүгд зүгээр хүлээгээд суух уу? Мэдээж үгүй. Улс төрчдийн амьдрал тэр чигээрээ, нэр дэвшигчдийн үйл хөдлөл болгон цаг хугацаанаас үл хамаарч сонгуулийн сурталчилгаа байдаг. Лав бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүд ажлаа хийх, тайлагнах, зуданд явах нэрээр аль эрт гараанаас гарсан бөгөөд 6-р сарын 10 гэхэд барианы туузыг имрээд зогсож байх биз. Тэгсэн ч хоцорчихдог гишүүд цөөн биш харагддаг. .
Бусад нам, нэр дэвшигчдийн хувьд найдвар тасраагүй. Яагаад гэвэл цахим ертөнц бүгдэд боломж олгодог. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээн дэх үг, дүрс, бичлэг бүхэн бүгдэд хүрдэг, түүнийг хэдийчинээ арга ухаан, технологиор хийвэл төдийчинээ сайн сурталчилгаа болно. Ийм учраас тэр хэдхэн хоногт 15 минутын нэвтрүүлэг, хоёр хэвлэлийн хуудас илүүгүй сонин сэтгүүл, зөвшөөрөлгүй хүн сурталчилгаа хийж болохгүй, зөвшөөрснөөс өөр арга хэлбэрээр болохгүй энэ тэр бол арга ядсан бөгөөд үл бүтэх арга.
“Уудам Азийн цээжинд ардчиллын од болж гялалзсан ...”
Тэртээ 1949 онд буюу яг 75 жилийн өмнө яруу найрагч Цэгмидийн Гайтав ингэж шүлэглэжээ. Тухайн цаг үеийг тэгэж дүгнэж болох эсэхийг хэлэхгүй, харин энэ тодорхойлолт өнөөдрийн Монголыг яг зөгнөсөн мэт таарч байна. Одоо бид дэлхий дахинд, юуны өмнө барууны ертөнцөд коммунист Хятад, Путины Орос хоёрын дундах цорын ганц ардчилал хэмээн үнэлүүлж, чухам ардчилал Монгол Улсын брэнд болж, чухам ардчилсан учраас тэд бидэнд тусалж дэмждэг гэж итгэдэг болжээ.
Монголын ардчилал үнэхээр тийм онцгой бөгөөд гайхалтай юу? Үгүй. Энэ гаригийн таван тивд манайхаас дутахгүй ардчилсан (бас газар нутаг, баялагтай) улс хаа сайгүй бий. Гэхдээ шуудхан хэлэхэд барууны улс орнуудтай өрсөлдөгч, арсалдагч, бүр дайсан гэж тооцогддог Хятад, Оросын тэг дунд зориудаар байршуулсан мэт бүхэл бүтэн, тусгаар улс өөр хаана ч байхгүй. Тэгэхээр бидний ардчиллаас илүү Монгол Улсын газар зүйн байрлалыг үнэлж байгаа хэрэг юм.
Харин ардчилал бол бидний дотоод асуудал. Ардчилал эцсийн зорилго биш бөгөөд улс орноо авч явах арга хэрэгсэл, зарчим, зохион байгуулалт төдий. Өнгөрсөн гучин жилийг эргээд харахад эрх мэдэлд хүрч идэж уугаад сураг алдарснаас эхлээд яг одоо төрд язагнаж байгаа арын хаалгачид, өмч хувьчлалын дээрэмчид, төсвийн тонуулчид, авлигачид, газрын хулгайчид, ЖДҮ-чид, нүүрсчид бүгд ардчилсан сонгуулиар дээшээ гарсан улс төрийн хүчин, улс төрчид, эсвэл тэдний татаж гаргасан хүмүүс билээ. Эсвэл манай ардчилсан төр шударга, сайн ямар ч хүмүүн очоод бохирддог тийм газар болчихсон уу?
Дан ганц ардчилсан сонгуулиар цэнгэлийн манлайд хүрдэггүй юм байна.