Лалар толь
Сүүлийн үед “лалар”, “интерлалар”, “монлалар” гэхчлэнгийн хэллэг моодонд орсон билээ.
-лаларист фельетон-
Сүүлийн үед “лалар”, “интерлалар”, “монлалар” гэхчлэнгийн хэллэг моодонд орсон билээ. Цаг үеэ соргог мэдэрсэн Шинжлэх ухаантнууд( судлаач гэдэг үг лалартаад шинжлэх ухааны нэршилд тохирохоо байсан, хүмүүс ад үзсэн нэгнээ “Чи муу судлаач” гэхлэн хочлох болсон учраас дээрхи хэллэгийг түр хэрэглэж байгаа) “Лалар тайлбар толь”, “Лалар-монгол толь” зэргийг зохион гүйлгээнд оруулжээ. Уг толийн зарим үгсийг дор ишлэн авлаа.
Лалар (лат:lalarum, грэг:Лальфа, араб:Аль лалар, хят: Ла Лоа, орос: ла ля ) нууцаар матагч, нэргүй мэдээлэгч, нэрээ нуух юм уу хүний нэр барьж муу юм бичих, хов хутгах ёсон. Лалраар ажилладаг хүн. Латин хэлний la, la, rum буюу лаа, лаа, ром(ром дарс) гэсэн гурван үгнээс гаралтай гэж лаларзүйчид лалартдаг. Эртний грэгт лалрууд харанхуйд лалартаж лалартчихаад хүнд баригдахаараа хэд хэдэн лаа асаан гэрэлд нь ром дарс ууж байгаа дүр үзүүлдэг байснаас энэ нэршил үүссэн гэх.
Лаларизм. Лалартахуйн ухаан
Лаларзүй. Лалартахуйг судлах ухаан
Лаларист. Тууштай лаларч
Лаларчин. Лалраар ажиллаж буй эрэгтэй.
Лалармаа. Лалраар ажиллаж буй эмэгтэй. Заримдаа лаларчны гэргийг нэрлэх ёсон буй.
Лалархан. Залуухан, ялдам лалармаа
Лаларжин. Улс төрийн хов хутгуулахаар хааны ордонд шургалуулсан хүн.
Лаларжендерист: Лалруудын хүйсийн тэгш байдлын төлөөх үзэл. Эмэгтэй лалрыг төрийн хэрэгт оролцуулахыг дэмжигч. Монголын лаларжендеризмыг үндэслэгч нь Турхан хатан гэж үздэг.
Лаларжуулагч: Лалар юм найруулагч
Лалагнуулах: Хэн нэгнийг лаларталтад татан оруулах
Лаланин. ( бүт.нэр: Лаларимир Лаларыч Лаланин) Лалакс, Лалекс нарын хамтаар Лаларизмыг үндэслэгчдийн нэг бөгөөд “Орон бүхний лалрууд, Лалартагтун” хэмээх уриаг зохиосон гэж үздэг.
ЛАСЕМ. Ази европийн лалруудын байгууллага
ЛалариСТА. тэргүүний лаларт олгох цол.
Лалартах уу, эс лалартах уу: (анг. Lalar be or not lalar) гүн ухааны лалар асуулт.
Лаларлаг лаларчууд: Шинэ лалруудыг эрэн сурвалжилж тодруулах үйлийн нэр. Хуучин “Сайн дурын лалруудын улсын үзлэг”нэртэй байсан.
Лаларзиндаа: Лаларистуудын нийгэмд эзлэх зэрэг дэв. Жишээ нь,
Жөтөөч: Бэлтгэл шатны лалар
Ховч: анхан шатны лалар
Матаач: ажил хэрэгч лалар
Төрийн хутгуур: Эрхэм дээд зиндааны лалар.
Лалрын гурван үнэн: Лаларизмын тулгын чулуу болсон гурван зарчмын (Лалар иймэж: Нүүрээ нуу. Лалар мессэж: Би тэгээгүй. Лалар зарчим: Араас нь хутгал) нэр.
Лаларжмэнт: Лалар аргаар таашаал авах ёсон. Жишээ нь, хамгийн сайн андаа нууц нэрээр гутааж гутаачихаад юу ч болоогүй юм шиг очиж сэтгэлийн дэм өгөн нүүр тал олох.
Лаларшуулах хэллэг: Лаларлаг ярианд сургах дадлагын хэллэг: “Лалрын лалрыг л лалрын лалар гэхгүй юм бол ямар лалрын лалрыг лалрын лалар гэх юм бэ” гм гм.
Лаларшил: Дэлхийн даяараа лаларшиж байгаа ноцтой үзэгдэл
Хавтгай лалар. Лаларшил-ийг үзмү.
Лаларбижан. Лаларуудын дуртай хоолны нэр.
Аманлалар. Матаач-ийг үзмү.
Интерлалар. Интернэт орчинд нэрээ нуух юмуу, хүний нэрээр комент бичих
Антилалар программ: Лаларуудаас хамгаалах антивирус программ.
Нэргүй мэдээлэгч. Хууч. ХХ зууны лалар. Интернэт орчин үүсэхээс өмнө Ардын хянан шалгах хороо, намын хянан шалгах хороо, Дотоод яам зэрэг газарт нууц нэрээр коммент бичиж, найз нөхөд болон дургүй нэгнээ хэрэгт оруулж, шоронд хийлгэдэг байсан лаларчны нэр.
Матаач: Аман лалрын хуучин нэр. Коммент бичихийн оронд нууц цагдаагийн газар зэрэгт биеэр очиж ховлоод, “намайг хэлсэн гэж битгий хэлээрэй” гэж гуйдаг этгээд. Сүүлийн үед лаларжилтийн дэвийг илэрхийлэх хэллэг болсон…гм гм.