Миний мэдэх сансар огторгуй
Өнөөдрийн байдлаар манай (өөр хаанахын байхав) дэлхийгээс 614 хүн сансарт нисчээ. Үүнээс 364 нь Америк, 135 нь Оросын, 20 нь Хятадын, үлдсэн 95 нь бусад улс орны иргэд гэсэн статистик байна. Манайх ямар ч байсан Ж.Гүррагчаатай. Сансрын баатар маань дараачийн хүнийг нисгэх цаг болсон талаар дуугарч байгаа. Заавал Орос гэхгүй, Америк, Хятадынхаар нисэхийг үгүйсгэх аргагүй болж байх шиг. Хажуугаар нь жендерийнхэн эмэгтэй хүнийг сонговол зохистойг анхааруулсан.
2024.04.12.
Би хааяа нэг хөдөө явахад цэлмэг шөнө таарвал түг түмэн од түгсэн тэнгэр өөд харж зогсохдоо сүрддэг. Яагаад ч юм Д.Нацагдоржийн хөмөрсөн тогоо санаанд орж тэртээ дороос өнгийж зогсдог минь үнэн. Тайвшраад зүг чигийг заагч Алтан гадасыг хайна, түүнийг тойрон даялах Долоон бурханыг шанага харагдахаар нь төдөлгүй олж чадна. Даанч миний одон орны мэдлэг ингэснийгээд шавхагдах тул одод харвахыг анаж харуулдсаар үдэж өгдөг. Бас оддын дундуур зугуухан урагшлах гэрэл бол од биш хиймэл дагуул гэж ойлгодог ... Хэдэн жилийн өмнө Дундговийн малчин эр надад тэнгэрийн хаяанаасдээхнүүр хэдэн одыг заагаад нэрлэж өгсөн ч би түүний харааны хурцыг биширсээр ганцыг ч тогтоож чадаагүй. Айраг байна, уугаарай хэмээсэн “Заллага” дууны “Манараад байна өнжөөрэй, Маралын гялаанаар мордоорой” гэсэн тэр одыг үдшийн од болов уу гэж таадаг. Тасрахаасаа өмнө (“манараад байна”), өдөржин хамт айрагдсан нөхрийг хөөж туухгүйгээр, эртхэн харихыг тэнгэрийн одоор сануулсан хэрэг. Зохиолч, найрагч И.Цэрэнжамцын энэ мөрүүдийг хөдөө төрж өссөн хүмүүс илүү сайн тайлж хэлэх биз.
Би од мэдэхгүй, гэхдээ од, сар, дөл багийн “баатарчууд” (ганц тоон дээр юу гэж хэлдэг “баатар” гэдэг байсан уу?) байхдаа сансрын нисэгч болбол гоё гэж боддог байлаа. Ганц би ч биш. Яагаад гэвэл 1960-1970-аад онд би, бид байтугай дэлхий ертөнц тэр чигээрээ сансраар амьсгалж байсан билээ.
Энэ бүхэн надаас өмнө эхэлжээ. 1957 оны 10-р сарын 4-нд Зөвлөлт Холбоот Улсын хөөргөсөн “Спутник-1” бол дэлхийн татах хүчийг давж агаар мандлын цаана буюу сансарт гарч чадсан, хүний гараар бүтсэн анхны биет, хиймэл дагуул байсан. Ингээд 1961 оны 4-р сарын 12-ны өглөө ЗХУ-ын иргэн Юрий Алексеевич Гагарин “Восток” хөлгөөр хүн төрөлхтөнөөс хамгийн анх сансарт гарч дэлхийг 106 минутад нэг бүтэн тойрсны дараа эсэн мэнд газардаж түүхийн хамгийн аугаа хуудсуудын нэгийг бүтээжээ.
Хаа сайгүй огторгуй (сансар гэхээс илүү ингэж нэрлэдэг байсан санагдана), од гариг ярьдаг байлаа. “Зөвлөлт Холбоот Улс” сэтгүүлийн том хуудсууд дээр гоё зургууд гардагсан. Миний бага ангийн унших бичигт ЗХУ-ын огторгуйн нисэгчдийг “Юрий Гагарин, Герман Титов, Андриан Николаев, Павел Попович, Валерий Быковский, Валентина Терешкова, бас огторгуйн шинэ баатар Владимир Комаров...” гэж ниссэн дарааллаар нь жагсаасан байсныг одоо ч мартаагүй. Харин миний сургуульд ордог жил тэр Комаровын хөлөг сансраас буцах үеэр шүхэр задраагүйн осолдож нас барсан гэдгийг би хэрхэн мэдэх билээ.
Зурагтаар С.Ишбалжир багш зөгнөлт зохиол ярьдагсан. Тэр нь голдуу пуужин, од гариг, алсын ирээдүй. Харь гаригийн хүний тухай мөн ч ном их уншсан даа. Хаанахын ч юм эрдэмтэд нарны аймгаар тэнэж явдаг ердөө ганц км-ын хөндлөн огтлолтой Икар нэртэй сүүлт од 1968 оны зун дэлхийтэй мөргөлдөхийг өдөр судартай нь тооцоолж, үүнээс болж манай гариг устгаж мэдэхийг зарлаж, тэр нь манайд хил хязгааргүй нэвтэрснээр хот хөдөөд дэлхий сүйрэхээс өмнө амжуулсан сайн, муу, тэнэг хэрэг явдлууд одоо ч ам дамжин яригддаг. Ганц бие хятад өвгөн энэ дуулианаас үхтлээ айж “Цагдаа яам мэдсэн үү?” гэж асуугаад мэдсэнийг нь мэдээд сая нэг тайвширсан гэдэг. Аз болж тэр сүүлт од 6-р сарын 14-нд дэлхийгээс 6,2 сая км-ын зайтай шудраад цааш оджээ. Хэрвээ нар хүртэл 150 сая км, Ангараг гариг дэлхийд 55 сая км ойртдог гэвэл Икар тоглоом биш байжээ. Ерээд онд сэтгүүлч Ш.Гүрбазар “Икар” нэртэй кино хийх гээд бүтэлгүйтэж өр зээлэнд орж шоронд суух шахсан бол саяхан хошин шогийнхон “Дурсамж 1968” инээдмийн кино хийснийг үзсэн. 2015 онд Икар дахин айлчилж 8 сая км ойртоход бид мэдээ ч үгүй. Дараагийн удаа 2090 онд арай ойр, 6,5 сая км дөхөж ирэхийг эрдэмтэд тооцоолж гаргасан нь миний үеийнхэнд түй ч хамаагүй. Тэр жил сансрын анхны нисэгч Юрий Гагарин агаарт, гэхдээ дэлхий дээр осолдож нас барсан нь харамсалтай.
Гэнэт 1969 онд америкчууд Саран дээр буусан (төсөөл дөө!) байлаа. Үүнийг би хэзээ ухаж мэдсэн, зурагтаар гарсан эсэхийг би яаж санахав, тэгээд ч манайх тэр жил зурагтгүй байсан. Хүн төрөлтөнөөс түрүүлж саран дээр анх буусан тэр хүнийг Армстронг гэдэг, хөлгийн нэрийг Аполлон (Apollo) гэдэг, тэд дараачийн гуравхан жилийн дотор нийтдээ зургаан буугаад эсэн мэнд буцаж ирсэн, нэг удаа осолдох шахсан зэргийг хожим мэдэж авсан. Яваандаа энэ талаар бичсэн тааралдвал уншдаг, хайчилж хадгалдаг болж билээ. Тэр өгүүлэл, тов тод зураг, бичлэгүүд (хажуунаас нь авсан юм чинь) ямар ч адал явдалт зохиол, киноноос илүү санагддагсан. Дэлхийгээс хөөрөөд “Аполлон” хөлгийн саран дээр буух хэсгийг их биеэс салгаж эргүүлж залгаад цааш ниссэн гэж буруу зөв ч юм уу ойлгоод, тэд анхнаасаа зөв зохион бүтээж угсраагүйг хачирхаж дотроо шүүмжилж бодсон удаатай.
Манай зөвлөлтийнхөн (бид тэгэж ярьдаг байв) Саран дээр очиж чадаагүй ч тун удалгүй “Лунаход” гэж өөрөө явагч тэргэн аппаратыг хоёр удаа илгээж тэр нь өнөөдөр сарны гадаргаар төдөн метр явж төчнөөн зураг авч хэмжилт хийлээ гэсэн мэдээ өдөр бүр сонинд гардаг байлаа. Хожим Улаанбаатарт Үзэсгэлэн чимэглэлд нээгдсэн зөвлөлтийн шинжлэх ухааны үзэсгэлэн дээр түүний загварыг авчирч танилцуулахад жинхэнэ нь биш гэдгийг ойлгохтойгоо, дунд ангид орсон байлаа. .
Социалист, капиталист хоёр их гүрэн сансарт зогсоо зайгүй өрсөлдсөөр байв. 1965 онд Алексей Леонов анх удаа задгай сансарт гарч, америкчууд саран дээр олон удаа бууж, хоёр улсын хэд хэдэн сансрын нисэгчид амь үрэгдэж, аль аль нь сансарт байнгын станц байгуулж, 1975 онд Зөвлөлтийн “Союз”, Америкийн “Аполлон” хоёр дэлхийн тойрог замд залгагдаж найрамдсан. 1978 онд социалист орнуудаас анх Чехословакийн иргэн “Союз” хөлгөөр сансарт нисэхэд оюутан байсан бид Монголоос хэзээ бол хэмээн таахыг оролдож, ядахдаа Ази тивээс анхдагч болж магадгүй гэж боддогсон. Тэгээгүй, вьетнамын иргэн Фам Туан гэж цэргийн нисэгч урдуур орсон юм. Гэнэт 1981 оны 3-р сарын 22-нд манай Жүгдэрдэмидийн Гүррагчаа Владимир Жанибековтай хамт нисч оюутны байрны өрөөнийхөө хоёр оросоор улс орноо төлөөлөн баяр хүргүүлж явлаа. Харин Монголд тэгэж том баярлаж тэмдэглэснийг сүүлд мэдсэн. Дараа сард нь америкчууд олон дахин ашиглах “Шаттл” хөлөг хөөргөснийг хэрэндээ сайн судалсан. 1986 онд “Челленжер” нэртэй “Шаттл” газраас тасарсны дараахан сүйрч долоон нисэгч үрэгдэхийг дэлхий даяар харсан. Шалтгааныг, хөөргөхийн урьд шөнө их хүйтэн байж шатахууны савны хана цантсан ... гэх мэтээр нарийвчлан тогтоосныг уншсанаа санадаг. Хоёр жилийн дараа ЗХУ бас өөрийн “Шаттл” буюу “Буран”-ыг нисэгчгүйгээр хөөргөөд буулгасан. Бүр хожим америкийн бас нэг “Шаттл” дэлхий рүү буцах замдаа дэлбэрч экипаж нь үрэгдсэн.
Түүнээс хойш сансар онц сэдэв биш болов. Дээшээ гал улалзуулан нисэх нь адал явдал, тэр тусмаа гавъяа биш, ердийн ажил. Хаанахын хэн ямар хөлгөөр нисч дэлхийг хэд тойрсныг тоолох байтугай тоохоо ч больсон. Дэлхийн тойрог замд олон улсын сансрын станц баригдаж Орос, Америк болон бусад орны иргэд ирж очсоор байгааг хааяа нэг сонсох төдий. “Яг одоо сансарт хүн байгаа юу” гэсэн асуултанд их дээд сургуулийн бүхэл бүтэн анги багштайгаа нийлээд шууд хариулж чадаагүй санаж байна. Зөвхөн осол тохиолдвол сая нэг чих тавих байсан. Энэ хооронд Хятад улс зугуухан урагшилсаар нэг мэдэхэд сансрын гуравдагч гүрэн болсон юм. Тэдний сансарт анхны хүнээ хөөргөсөн тухай мэдээ түүнийг Өвөр Монголын нутагт газардсан гэдгээр нэг удаа чих дэлссэн. 2003 онд юм байна. Түүнээс хойш хятадууд задгай сансарт гарч, эмэгтэй хүн нисгэж, бүр сансрын станц байгуулж амжсаныг бид анзаараагүй. Бүр Ангараг дээр станц буулгаж чаджээ. Энэ бүгдийг Интернэтээс харж нөхөн мэдэж авлаа.
Өнөөдрийн байдлаар манай (өөр хаанахын байхав) дэлхийгээс 614 хүн сансарт нисчээ. Үүнээс 364 нь Америк, 135 нь Оросын, 20 нь Хятадын, үлдсэн 95 нь бусад улс орны иргэд гэсэн статистик байна. Манайх ямар ч байсан Ж.Гүррагчаатай. Сансрын баатар маань дараачийн хүнийг нисгэх цаг болсон талаар дуугарч байгаа. Заавал Орос гэхгүй, Америк, Хятадынхаар нисэхийг үгүйсгэх аргагүй болж байх шиг. Хажуугаар нь жендерийнхэн эмэгтэй хүнийг сонговол зохистойг анхааруулсан.
2024.04.13.
Сансарын өрсөлдөөн нэг хэсэг намжмал байснаа сүүлийн жилүүдэд хөдөлгөөн орж улс орнууд тус тусын дараачийн өндөрлөг өөд мацаж эхэллээ. Хориод жилийн турш сайндаа л олон улсын сансрын станцад хүрч дэлхийг тойрон эргэлдсээр залхсан биз. Одоо тэдний зорилго нь Сар. Тэр зүгт элдэв судалгааны шинжилгээний аппарат хөөргөсөн улсын тоо арвыг давжээ. Нэлээд нь зөөлөн бууж чадалгүй мөргөж сүйрдэг ч оролдлогууд тасрахаа больжээ.
Ирэх хоёр жилд гайхалтай үйл явдал болно. 2025 онд АНУ нисэгчтэй хөлгөөр сарыг тойроод 2026 оны есдүгээр сард сарны гадаргуу дээр дөрвөн хүнтэй багийг буулгахаар бэлтгэж байгаа. 1969 оны анхны буултаас хойш 57 жилийн дараа юм. 2028 онд дахиад дөрвөн хүнтэй баг очно. ОХУ-ын тухайд 2030 он хүртэл хэд хэдэн удаа автомат станц илгээхээс биш хүн буулгах төлөвлөгөө алга. Хятадуудад ч мөн адил байхгүй, гэхдээ дараалал дайрч мэдэх улс. Харин АНУ, ОХУ, БНХАУ гурвуулаа саран дээр байнгын станц байгуулахаа зарласан нь бүгд 2030 оноос хойш бололтой. Ангараг гариг дээр хүн буулгах тухай NASA, бас Илон Маск-ийн зүгээс их ярьдаг болсон.
Хүн төрөлхтөн ойрын ирээдүйд амьсгаа даран ажиглах энэ мэт сонин үйл явдлууд сансарт болох нь. Бас ...
Яг өнөөдөр, 2024 оны 4-р сарын 14-нд дэлхийн тойрог зам дахь Олон улсын станцад Space-X болон “Союз” хөлгөөр очсон америкийн дөрөв, оросын нэг сансрын нисэгчээс бүрдсэн ээлж ажиллаж байна. Гэхдээ ОХУ төдөлгүй энэ төслөөс гарч тусдаа өөрийн станцыг байгуулахаа зарлажээ. Америк ч бас тэгнэ. Ерөнхийдөө тэд салцгааж эхэллээ. Одоо 1960,70-аад оны лекц ярианы оршил шиг ”Олон улсын байдал хурцадмал байна”. Сансрыг улс гүрнүүдийн зөрчил тэмцэлд улам ихээр ашигладаг боллоо. Украинд Орос ба АНУ тэргүүтэй барууны голдуу 50 орон шууд бусаар, заримдаа бараг шуудаар дайтаж , хоёр талын хиймэл дагуулууд дайны талбар, фронтын шугам, ар талыг нэвт шувт дурандаж, дайсныхаа байрлал, хөдөлгөөнийг тагнан тогтоож, нисэх онгоцыг чиглүүлж пуужингийн тусгалыг залж байгаа. Сансарт яваа бие биенийхээ хиймэл дагуулыг дэлхийгээс пуужин харваж устгах, бүр сансарт цөмийн зэвсэг сансарт байршуулахыг тойрсон хардлага Орос, Америкийн хооронд ноднин дэгдээд үргэлжилсээр. Хэзээ нэгэн цагт хиймэл дагуул хиймэл дагуултайгаа байлддаг цаг ирэх нь.
P.S. Сансар огторгуйн сэдэвтэй дэлхийн хамгийн сайн кино бол одоогоор 2011 онд бүтээсэн “Татах хүч” (Gravity) билээ. Агуулга нь, дэлхийн тойрог замд оросууд ямар нэгэн хиймэл дагуулыг устгана. Хэмхэрсэн бутарсан эд анги, хэсгүүд нь тэнд нисч явсан америкийн “Шаттл” хөлгийг очиж мөргөн сүйрүүлдэг. Багийн гишүүд бүгд амь үрэгдэж хамгийн сүүлд ганцаараа амьд үлдсэн судлаач эмэгтэй Райан Стоун эхлээд оросын, дараа нь хятадын тойрог замын орхигдсон станц, хөлгөөр дамжин дэлхийдээ буцаж ирдэг. Уран сайхны кино, гэхдээ л ...