“Эх орон минь Та юу болчихов доо?” гэх цөхрөлийн асуултаа “Бид ингэхэд хэн юм бэ? (2)” номдоо давхар гарчиглаад уншигчиддаа хүргэсэн. Одоо III дэвтэр нь хэвлэгдэхэд дөхөж байна. Дан цөхрөл харууслаар л дүүрэх байх. 

Үнэхээр юу болж байна, юу болчихоод байна гэдэгт ухаалаг гэгээлэг бүх монголчууд сэтгэл зүрхээ эзэмдүүлээсэй хэмээн бодох шаналах үе ч бишгүй дээ нэг тохиох юм.

Буруу ишлэсэн сүх гэж нэг хэлц үг, ёж үг байдаг даа. Эх орон минь түүн лүгээ адил л буруу замаар будаа тээгээд байх шиг санагддаг. 

Эерэг зөв үзүүлэлт гэхээсээ даян дэлхийд юу гэж үзэгддэг тооцогддогийг мэдэх үү Та гэж байгаад хэд хэдэн салбарыг нэрлэе. Улс төрчид ба олон түмэнд санаа сэдэл өгөх гэж байгаа хэрэг шүү дээ. Хэвлэлээр шуугиасай!

Сүүлийн хоёр жил корона дэлхийг ноёлсон, манайд ч ялгаагүй, эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилтан, эм, эмийн сан, эмийн санч Монголын нийгмийн хөдөлгөгч хүч болон алдаж байна. Эмнэлгийн барилгууд ч сүндэрлэж байна. Ашиглалтад өгч байна, бүр дуулиантай. Төрд үүрлэсэн хулгайч олигархиудын мөнгийг хурааж эмнэлэг бариулах санал санаачилга, дэврүүн үзэл нийгэмдээ хэтэрсэн. Эмч нар ч моодонд орж, түрүүчээсээ авилгажин, аавын хаалга татаж эхэлсэн. Эмч, бага эмч, сувилагч, асрагч, эмнэлэг, эмийн сан, эмийн санчийг нь монголын 3.5 сая иргэндээ хуваарилаад үзтэл ахдахаар тоо гараад иржээ. Хот хөдөөд тараан байршуулах зохион байгуулалт нь тусдаа асуудал.

Одоо миний хэлэх гэсэн тэрслүү үгс! Эмч нарт буруу байхгүй. Тэгэхдээ...

Даян дэлхийд үнэлэгдэх нь: Монгол бол тэр чигтээ эмнэлэгжсэн орон. “Эмнэлэгжсэн” гэх шинэ нэр томъёо. Зарим үзүүлэлтээр их гүрнүүд рүү арай ч дөхөөгүй, европын дундаж орнуудаас давж гарна. Скандинавын нийгмийн баримжаат социалист орнууд ч манайхаас хоцорсон.

Даян дэлхийн дүгнэлт нь: Монголын ард түмэн эрүүл саруул бус, өвчинд нэрвэгдсэн, өвчинд өртөмхий. Хүний аюулгүй байдал доогуур. Эрүүл мэндийн боловсрол нойл. Баахан өвчтөн бий болгочихоод араас нь төр-засаг нь нэхэж ажиллаж байгаа дүр зураг. “Эмнэлэгжилт” нь хэтрэхээрээ ийм л үнэлгээ авдаг юм байна. 

Өөр нэг салбар. Цагдаа, хууль хүчний байгууллагын барилга байшин хэтрээд эмнэлгийнх нь багадлаа гэх хэрүүл гонгиноон бид бишгүйдээ сонсдог. Үнэхээр ч нийслэлийн яг төвд цагдаа, тусгай албаны ба До яамны сүрлэг, чамин барилгууд сүндэрлэн ярайж байна. Эх орны барилгын салбарын бүтээн байгуулалтын охь нь. Барилгачдыг нь уухайлая. 

Даян дэлхийд үнэлэгдэх нь: Мэдээж цагдаа буруугүй ч Монгол бол тэр чигтээ цагдаажсан орон. “Цагдаажсан” гэх шинэ нэр томъёо. Хөгжингүй гэх барууны орнуудын нийслэлд цагдаа сэргийлэхийн барилга байшин, төв байр гэж тийм нүднээ тусахаар сүрлэг юм харагддаг бил үү? Цагдаа, хүчний байгууллагын дарга нар Элчин сайдаар явдаг моод ид дэлгэрч байна. Цагдаагийн дарга нараа Элчин сайд болгодог Ардчилсан Монгол даян дэлхийн чихийг сортолзуулах цаг айсуй. Цагдаа, хүчний байгууллагын тоог багасгаж байж Европын Холбоонд элсэнэ гэх шалгуур чинь нэг юм хэлээд байгаа хэрэг шүү дээ.

Даян дэлхийн дүгнэлт нь: Монголд цагдаа, хүчний алба үнэхээр нийгмийнх нь цөм сүрэг болж байгаа юм байна. Цагдаа үнэд орсон бол энэ улс хэрэг дээрээ эрүүжсэн, ард түмнийх аюулгүй байдал, нийгмийнх нь тогтвортой байдал эргэлзээтэй, энэ улс цаагуураа шоронжиж байгаа юм байна. Баахан хулгайч луйварчин бий болгочихоод араас нь төр-засаг нь нэхэж ажиллаж байгаа дүр зураг. “Цагдаажилт” нь хэтрэхээрээ ийм л үнэлгээ авдаг юм байна.

“Эмнэлэгжсэн”, “Цагдаажсан” хоёр салбар бол XXI зууны даяаршлын эриний эдийн засаг-хөгжлийн өрсөлдөөнд Монголын нийгмийг манлайлан явахгүй нь мэдээж боловч нийгмийн цөм сүрэг болжээ. Энэ улсад мөнгөн орлого оруулдаггүй, улсын валютын сан хөмрөгийг зузаалдаггүй, хэрэг дээрээ Монголын эдийн засагт бодит орлогын нэмэргүй хоёр салбар цэцэглэж байна. Энэ хоёр цөм сүргийн хэрэглээ, шагнал, өртөг төлөөс гэж Төрийн төсвийг, боловсон хүчний бодлогыг хуу сорно. Улс төрийн авилга нь байнга дагалдана. 

Хоёр цэгэн цохилтыг нийгэм маань ийнхүү амсав аа. «Цэгэн цохилт»–шинэ нэр томъёо. Нийгмийн хийгч, бүтээгч, сэтгэгч, бизнесч, банк-санхүүч хэсэг рүү далдуур аажмаар довтлогч, нэгэн үгэндээ эдийн засагч биш салбарын цэцэглэл мандлыг би нэрлэж буй ухаантай юм. Энэ улсад гарлага зарлага болох салбар цэцэглэнэ гэдэг нь энэ улсыг цаагуураа далдуур сулруулж хорлож байгаа учраас маш том цэгэн цохилт өгч буй хэмээн “Эмнэлэгжилт”, “Цагдаажилт”-ыг би хэлээд байгаа юм.


Цэгэн цохилт цаашаа явж өгнө. Мөн л 3.5 сая иргэндээ хуваарилаад үзвэл гэжбайгаад л нэрлэе. Шашин, мухар сүсэг шинжлэх ухаантайгаа яг зэрэгцэж очсон уу, давж гарсан уу? Мухар сүсэг (элдэв зан үйл хэтэрсэн) хэтрээд 31 дэх жилдээ явж байна. XXI зуун, даяаршил, мэдээллийн эрин, интеграц ёстой пад байхгүйгээр хөгжиж байна. Гар утас барьцгаасныг нь эс тооцвол шүү дээ. Нийгэмд орлого, мөнгөний зузаатгал хийдэг, капиталын хуримтлал үүсгэдэг, дагалдаад ард түмний аж амьдрал, стандарт дээшилдэгийн эсрэг явж байгаа учраасшашин, мухар сүсэг яалт ч үгүй манай нийгэм рүү хийж хүчтэй цэгэн цохилт гарцаагүй мөн.

Мөн л 3.5 сая иргэндээ хуваарилаад үзвэл гэж байгаад ярья. Урлаг, уран сайхан, спортын зарим салбар нэвт хөгжиж байна. Монгол Улсын хөгжлийг урагш чирдэггүй, ард түмний тал нь ядуу ба ядуурахад ямагт бэлхэнээрээ үлддэг тул нийгэм рүү чиглэсэн зориудын цэгэн цохилт хэмээн би бас нэрлэнэ. Энэ их урлаг уран сайхан хөгжөөд улс эх орон хөгжихгүй байна.

Мөн л 3.5 сая иргэндээ хуваарилаад үзвэл, хааяа хааяа Төрийн ордны гадна, Сүхбаатарын талбайд амьд цэцгийн баглаа дарж, үндэсний дээлээр гоёсон хөгшин залуу хүмүүс пиг дүүрдэг ёслол байна. Шагналын хур буулгах ёслол ритуал. Сайхан хэрэг. Шагнуулж байгаа нь нүдээ олдог байх. Харин ийм ёслолыг олонтаа давтах нь нөгөө тийшээ хэлбийлгээд даян дэлхий юу гэж үздэг, дүгнэдэг гэхлээр Монгол бол одон медаль, шагналаараа Хойд Солонгосын араас нэхэж яваа ядуу буурай орон юм байна. Ядуу буурай орны нэг зовлон нь одон медаль, шагналаар ард түмнээ ховсддог, хахуульддаг, тэгж байж л нийгмийнхээ тогтвортой байдлыг хангадаг. Товчоор хэлбэл Монгол бол авилгажсан орон. Хавтгайрсан одон медаль, шагнал бол хавтгайрсан нийгмийн халамжийн адил авилгын нэгэн хэлбэр нь. Нэгэн төрлийн нийгэм рүүгээ хийж буй эрх баригчдын цэгэн цохилт.

Цэгэн цохилт Монголын нийгмийн үлэмж хэсгийг хамарч буй дүр зураг дээр харагдлаа. Системгүй төлөвлөгөөгүй асар ихээр конвейроор гаргаж буй дээд мэргэжилтэн бол томхон цэгэн цохилт гарцаагүй мөн. Тоо нь ихсэх тусам өртөг ихсэнэ, хэрэглээ ихсэнэ, авилга ихсэнэ, нийгэм суларна. Ажил хийдэг, бүтээдэг, босгодог нь багасна.

Нийслэлийн замын түгжрэлийг нөхцөлдүүлэгч автомашины энэ их импорт, зах хязгааргүй олгодог машины номер, жолооны үнэмлэх бол Монголын тээврийн салбарт хийгдэж буй хамгийн хортой цэгэн цохилт гарцаагүй мөн. Нийтээрээ хувийн машинтай болчихлоор нийтийн тээврийн хөгжил паг суучихна. Хөгжүүлэх гээд ч нэмэргүй. Нуль алдагдал. Монголд зам–тээврийн ноцтой хямрал нүүрлэлээ. Гамшиг боллоо. Нийгэм рүү маш том атакаар цохилт хийлээ. Миний хийж буй дүгнэлт. Тээврийн салбараа өөрсдөө сүйрүүлээд авлаа!

Цэгэн цохилтын сонгодог бай нь одоо уул уурхай болчихсон, олон талын довтолгоон дунд байна. Энэ янзаараа олон талаас нь цэгэн цохилт хийсээр байх ахул олон цохилтууд нэг дор бөөгнөрөөд уул уурхай паг зогсоно. Гуравдагч хөршүүдийн хөрөнгө оруулалт руу л галлаад гранат шидээд байх бололтой. Цаадуул нь цөхрөлийнхөө сүүлчийн шатан дээр байна. Цэгэн цохилтоор банк санхүүг зогсоох үйл явц үргэлжилнэ. Мөд зогсоно. Дагалдаад даатгал зогсоно. Нөгөө зах зээлийн эдийн засгийг сонгодог утгаар нь Монголд байгуулах гээд 30 жил тэмцээд одоо тэмцлээсээ ухарч байх шиг. Цэгэн цохилтуудыг тэвчсэнгүй.

Компанийн ашиг, хуримтлал гэдгийг хэтэрхий “зүүн”-жүүлээд нийгмийн халамжтай хутгаад хаячихсан. Капиталын бяцхан хуримтлал руу цэгэн цохилт их хийснээс болж зах зээлийн амин чухал элемент болох өрсөлдөх чадвар нурлаа. Өрсөлдөх чадваргүй баахан компанийн хөрөнгийг хураагаад монгол иргэн болгондоо арав арван доллар түгээх (нөгөөх нь идэж уугаад жорлон руу урсана) их аянд нийгэм явж байх шиг байна. Улс төр нь популизмдээд тийм сэтгэхүйг ард иргэддээ суулгачихсан. Хийж бүтээхгүй, хуримтлал үүсгэхгүй, нэг үгээр “харгис капитализм”-ын эсрэг их тэмцсээр нэг мэдэхнээ цэгэн цохилтоор зах зээлийн эдийн засгаа алаад хаяв аа!

Цэгэн цохилт гэдгээ цэргийн шинжлэх ухааны үүднээс болхидуу тайлбарлая. Орчин үеийн уламжлалт дайн Монголыг тойрно, заавал дайн хийх шаардлага байхгүй. Танк хуягт, их буу, пуужин, нисэх онгоц, явган цэргийн дайралтаар Монголыг онилж гаднаас цохилт өгөх магадлал байхгүй. 

Дотоодын цэгэн цохилтуудаар л монголчууд өөрсдийгөө сулруулна, бүр сөнөөж дөнгөнө. Одоо илт харагдаж байна. 

Орчин үед Сталинград, Курскийнх шиг томхон фронтоор дайтдаг үе өнгөрсөн. Сонгодог дайн моодноос гарсан. Орчин үеийн бүх дайн гибрид (Hybrid warfare- эрлийз дайн гэх нь хаашаа юм?) хэлбэрт шилжсэн.Орчин үеийн гибрид дайны цэгэн цохилтуудыг Монгол хэдийнээ амсаж туулж байна. Энэ их ядуурал чинь Монголын нийгмийг сулруурах нэг ёсны гибрид дайн, түүний цэгэн цохилт нь юм шүү дээ. Байгалийн ба экологийн хямрал (агаар, ус, хөрсний бохирдол), нийслэлийн замын их түгжрэл, архидалт, буруу хооллолт, өвчлөл, золбирол, гэмт хэрэг бүгдээрээ Монголд тулгарсан гибрид дайны цохилтын хэлбэрүүд. Ядуу золбин хүн их болох тусам Монголд учрах гибрид дайны цохилт улам төгөдөржинө. Монгол Улс гибрид дайнд хэдийнээ нэрвэгдсэн. Тэр нь нэг төрлийн гибрид иргэний дайн! 

Нийгэм–улс төр дээр цэгэн цохилтыг гаргуун хийж буй сонгодог жишээ. ТББ-ууд, орон нутгийн иргэний (эх оронч шошготой) хөдөлгөөнүүдийг ажих аваас гибрид дайны фронтын дайчид (өөрсдөө үүнийгээ даан ч мэдэхгүй!) гарцаагүй мөн. Уламжлалт сонгодог дайны хэлбэрт оруулаад төсөөлөөд үз дээ. Ердөө л дайсны ар талд хаясан хорлон сүйтгэгчид, партизанууд. Мэдээллийн дайны хэлбэрээр ажиллаж байна. Сөрөг мэдээллээр хооллогчид. Түүнийгээ гэнэн томоогүй (юунд ч өртөж мэдэх, бас ядуу!) ард түмэнд ухуулан тархи угааж байгаа цэгэн цохилтын байлдагчид. Тархи угаалт бол цэгэн цохилтын сонгодог түгээмэл хэлбэр нь, лав Монголд.

ТББ-ууд, орон нутгийн иргэний (“эх оронч”) хөдөлгөөнүүд, тэднийг дэмжигч хэвлэл мэдээллийн сэтгүүлчдээр маш олон цэгэн цохилтыг ялангуяа гуравдагч хөрш рүү угсруулан хийж, Монгол орныг яаж ийгээд зах зээлийн чөлөөт харилцаа руу оруулахгүй уяж торгоож дөнгөөд байна. 

Коммунизмаас капитализм руу үтэр түргэн шилжиж, өнөөгийн Өмнөд Солонгос, Япон, Өрнөд Европ гэдэггүй юм аа гэхэд ядаж хуучин экс-соц Дорнод Европын (уг нь соёлын код нь адил байсан юмсан!) жишгээр хөгжих ёстой атал цэгэн цохилтуудын дүнд манай улсын хөгжлийг хорь, гучин жилээр хойш шидчихсэн, жишвээс Орос ч биш, Хятад ч биш, Казахстан ч биш, Прибалти ч биш, явж явж “авилгажсан ардчилал” буюу нэг ёсны феодалист-хагас ардчилсан Монгол болж хувирлаа. Шагналын их хур буулгаж, түүндээ хөгшин залуугүй хөөрч дэвэрч байгаагаар бол социалист Монгол ч юм шиг. Нийгмийн энэ их халамж тараалт чинь бас социалист Монголын хийж гүйцээгээгүйг гүйцээх гэсэн пролетарийн авилгажсан ажил үйлс шүү дээ.

Монголд “зүүн” үзэл хэтэрхий их газар авч, түүнийгээ “ардчилал”, “тэгш эрх”, “жендер”-тэй холбочихсон, ажил хийдэг нь цөөн, ажил хийлгэх гэсэн нь хүний адаг, хүний эрх ярьсан баахан арчаагүй хүмүүсийг тэжээсэн, цэгэн цохилтын гол үр дүн нь энэ л дээ. 

Энэ бүхэн чинь Монголын нийгмийг шувтан сулруулна, сөнөөж ч мэднэ...


– Үргэлжлэл бий