Д.Баярхүү: “Ам нээвэл” ярилцлагаас
Монгол Улс дэлхийн бараг бүх улс оронтой дипломат харилцаа тогтоож, олон улс оронд ЭСЯ, ДТГ-аа ажиллуулж улсын төсөвт хүнд ачаа болж, санхүүгийн гарлагатай байна гэдэгтэй Элчин сайд байсан хүний хувьд би л лав санал нийлэхгүй.
25 дугаар суваг телевиз /2021-11-23/
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны ойн өдрөөр хэргээр оруулж байгаа юм биш шүү. Уншигчид зөв ойлгоно уу. ТВ-25 сувгаар нэвтэрсэн ярилцлагаас зарим онцлох хэсгийг хөтлөгч маань буулгаж facebook-д тавьсныг бага зэрэг редакторлож, хасагдсан зарим ярианаасаа нэмж оруулан бэсрэг нийтлэл болгон уншигчиддаа хүргэж байна. Энд бичигдээгүй олон асуудал, өгүүлбэр цаана нь үлдлээ.
Хариултаас:
Оросын хувьд Монголыг буфeр буюу жийрэг улс гэж үздэг ойлголт, нэр томъёо нь 114 жилийн өмнөөс яригдана. Тухайлбал 1907 оны Хаант Орос, Японы хооронд Санкт- Пeтeрбургт байгуулсан “Улс төрийн ерөнхий асуудлаархи хэлэлцээр”-ийн “Секретная часть” гэдэг хэсэгт Япон нь Хаант Оросын Гадаад Монгол болон Умард Манжуур дахь тусгай ашиг сонирхлыг хүндэтгэнэ. Харин Хаант Орос нь Японы Өвөр Монгол болон Өмнөд Манжуур дахь тусгай ашиг сонирхлыг хүндэтгэнэ гэж заасан байдаг. Хаант Орос, Япон хоёр нөлөөний хүрээгээ ийнхүү хуваарилахад Монгол нь Оросын нөлөөний хүрээний бүс нутагт хамаарагдсан. Тэр үеэс л буфeр буюу жийрэг улсын түүх эхэлдэг.
Улмаар 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдахад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан нь Хаант Оросын дээрх ашиг сонирхолтой холбоотой. Орос-Японы 1912 оны нууц конвенцод ч бас тийм заалт бий. Хаант Оросоос Хятадын Дундад Иргэн Улсыг (ДИУ) хүлээн зөвшөөрч, 1913 оны 10 дугаар сард “Гадаад Монголын автономыг хүлээн зөвшөөрөх тухай Орос, Хятадын Тунхаглал” гэх баримт бичиг Бээжинд байгуулж, мөн өдрөө Оросын Засгийн газраас ноот илгээж Гадаад Монгол нь Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн гэдгийг Орос хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгджээ. Хоёр хөрш гүрэн нь энэ тохиролцоогоо Хиагтын гурван улсын хэлэлцээгээр монголчуудад тулгаж 1915 оны 5 дугаар сард гурван улсын гэрээ байгуулахад Монголыг Хятадын сюзерен дорхи өөртөө засах улс гэж албажуулсан.
Харин большевик улаан Орос нь ДИУ-тай харилцаагаа сайжруулах тухай ил далд хэлэлцээ 1920 оноос явуулсаар 1924 оны 5 дугаар сарын 31-нд “ЗСБНХУ ба Дундад Иргэн Улсын хоорондын асуудлыг зохицуулах үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр”байгуулахдаа Хавсралтын 5-р зүйлд Гадаад Монгол нь ДИУ-ын нэг хэсэг мөн бөгөөд тэндэх Хятадын бүрэн эрхийг хүндэтгэж байна хэмээн зааж өгчээ.1934 онд байгуулсан аман хэлэлцээрийг баталгаажуулан 1936 онд Улаанбаатарт Харилцан туслах тухай Монгол-Зөвлөлтийн протокол байгуулсан. Гэтэл ДИУ-ын Гадаад хэргийн сайдаас СССР-ийн Элчин сайдад ноот гардуулж эсэргүүцэхдээ 1924 оны “ЗСБНХУ ба Дундад Иргэн Улсын хоорондын асуудлыг зохицуулах үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр”-ийн Хавсралт 5-р зүйлд Гадаад Монгол нь ДИУ-ын нэг хэсэг мөн бөгөөд тэндэх Хятадын бүрэн эрхийг Зөвлөлт улс хүндэтгэнэ хэмээснээ зөрчлөө гэжээ. Хариу болгож яг маргааш нь СССР-ийн Гадаад хэргийн ардын комиссар М.М.Литвинов Хятадын Түр хамаарагчид ноoт гардуулж Хятадын талын эсэргүүцлийг эерүүлж 1924 оны хэлэлцээрийг зөрчөөгүй хэмээн хоёр нүүрлэсэн хариу өгч байв. Тэр байр сууриа Москвагаас баримтлан зүтгэсээр, Хятадад Японы халдлага дэгдсэн гарцаагүй байдлыг үндэслэн СССР-ДИУ-ын Үл довтлох тухай гэрээ 1937 онд байгуулжээ. Халхын голын дайны тухайд ч ялгаагүй, БНМАУ-ыг оролцуулалгүй Москвад “Халхын голын районд байлдааны ажиллагаа зогсоох тухай Зөвлөлт-Японы хэлэлцээр” байгуулсан, дараа нь Монголын дорнод талд улсын хил гэж монголчуудад падгүй явсаар 1940 оны6 дугаар сард БНМАУ-ын дорнод хилийг зөвлөлтийнхөн японтой хамтраад тогтоосон. 1941 оны Зөвлөлт-Японы Төвийг сахих тухай гэрээгээр энэ хоёр улс мөн л нөлөөний хүрээгээ хувааж, ашиг сонирхлуудаа харилцан хүндэтгэхээр болсон гэх мэт түүх бол Монголыг ХХ зууны эхний хагаст Орос-Японы, дараа нь Зөвлөлт-Японы, мөн Орос-Хятадын, Зөвлөлт-Хятадын хооронд орших буфер бүс, жийргэвч үздэг байсны түүхэн баримт юм.
1945 оны Ялтын хэлэлцээрээр Гадаад Монголын статус-кво буюу тэр үеийн БНМАУ-ын хил дотор тусгаар оршихыг нь зөвшөөрүүлсэн. 1945 оны зун Москвад явагдсан Зөвлөлт-Хятадын хэлэлцээний үeэр хятадын талаас тавьж байсан асуулт. “СССР ийм хүчирхэг байж яагаад сая хүрэхгүй хүнтэй, ашиггүй зэлүүд нутагтай энэ улсыг тусгаар тогтнуулах гээд байгаа юм бэ?” гэхэд Сталин “Сибирийн аюулгүй байдлын үүднээс Зөвлөлтийн онцгой ашиг сонирхол Монголд бий” хэмээн тайлбарлаж, хэрэг дээрээ Монгол бол бамбай буфер бүс гэж үздэгээ нуугаагүй. Харин БНМАУ-ын удирдагчид, тухайлбал маршал Чойбалсан Өвөр Монголоо чөлөөлж буцааж авна гэсэн ойлголттой, Сталинтай уулзаж ирчихээд “Удахгүй бид чинь арван хэдэн саяулаа болно. Би олон сая монголчуудын удирдагч болох юм байна. Шампаньск задал” хэмээн Элчин сайд Ж.Самбууд халамцуу хэлж байсан тухай ахмад дипломатч Б.Жаргалсайхан дурсамж номдоо бичсэн байдаг.
Монголын газар зүйн байршлын энэхүү онцлог ХХ зууны хоёр дахь хагаст ч Зөвлөлт-Хятадын харилцааны тоглолтын талбар мэт байсан. Монголын социалист бүтээн байгуулалт, Зөвлөлт-Хятадын 30 жилийн зөрчил, дагалдаад Монгол-Хятадын 20 гаруй жилийн зөрчил, “Хүйтэн дайн”-д Монгол нь СССР тэргүүтэй коммунист эвслийн дорнод жигүүр болж явсан, зөвлөлтийн цэрэг Монголд байрласан гэхчлэн их түүх тэр дагуу л өрнөсөн...
Хариултаас:
Монгол Улс дэлхийн бараг бүх улс оронтой дипломат харилцаа тогтоож, олон улс оронд ЭСЯ, ДТГ-аа ажиллуулж улсын төсөвт хүнд ачаа болж, санхүүгийн гарлагатай байна гэдэгтэй Элчин сайд байсан хүний хувьд би л лав санал нийлэхгүй. Харин ч аль болох олон улс орноор хүлээн зөвшөөрүүлж дипломат харилцаа тогтоох ёстой. 1911 онд үндэсний тусгаар тогтнолоо тунхаглаад л тэр үеийн ихэс дээдсийн хүссэн хөөцөлдсөн нь Монгол Улсаа даян дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан. Тэр тэмцэл тасралтгүй өрнөсөн.
1946 он гэхэд СССР, ДИУ гэдэг хоёрхон улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж дипломат харилцаа тогтоосон, 10 гаруй жил тэр тэмцлээ үргэлжлүүлсээр 1961 онд НҮБ-д элсэхийн өмнөхөн 4 тивийн 21 улстай дипломат харилцаатай боллоо хэмээн намын их хурал дээрээ ёс төртэй зарлаж байсан улс шүү дээ. Тэр 21-ийн тоонд ямар их ач холбогдол өгч байсан хэрэг вэ? НҮБ-д элссэний дараахнаас тэр тоо прогрессоор өссөн. Тэр үеийн капиталист ертөнцийн орнууд БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх давалгааныг 1960-аад онд эхлүүлээд 1987 онд дуусгасан байдаг юм. Тухайлбал 1963 онд өрнөдийн гүрнүүдээс анхлан Их Британи,Австри, Финланд, мөн Египет, 1964 онд Швейцарь, Швед, 1965 онд Франц нь манай улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоож, тэр давалгаа 20 гаруй жил үргэлжлээд 1987 онд АНУ дипломат харилцаа манай улстай тогтоосноор тэр давалгаа дууссан гэж үзэж болно.
Таван жилд нэг удаа хуралддаг МАХН-ын ээлжит их хурлуудын тайлан илтгэлд дипломат харилцаатай гадаад улсын тоо төд боллоо хэмээн ёс төртэй зарлаж, түүнийгээ улс орны хөгжил дэвшлийн нэг чухал үзүүлэлт хэмээн дүгнэж байсныг үзэхүл дипломат харилцаа тогтоохын ач холбогдол аяндаа ойлгогдоно. Үүний чинь төлөө л 1911 оны үндэсний тусгаар тогтнолын хувьсгалын удирдагчид тэмцэж явсан, амиа өргөсөн, 1921 оны Ардын хувьсгалын нэг гол зорилт ч энэ байсан, социалист хөгжил дэвшлийн чинь чухал хүчин зүйл нь гадаад улс орнуудаар туурга тусгаар БНУ-аа хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан, энэ үйлс одоо төгсгөл үедээ орж байна. 1971 онд 53, 1976 онд 79, 1981 онд 91, 1986 онд 99 гээд энэ тоо тогтмол өссөн, шинэ зуун солигдох үед энэ тоо 144-т хүрсэн бол 20 жил өнгөрөхөд 193болоод байна. Тэгэхлээр улсын сан хөмрөг, санхүү–төсөвтэй холбогдолгүй аугаа их ажил үйлсийг би яриад байгаа хэрэг шүү дээ. Харин ЭСЯ, ДТГ хилийн чанадад ажиллаж байгааг би харин ч олшруулах хэрэгтэй, олшруулаад эх орныхоо хөгжил дэвшилд нэмэр болохуйц ажил өрнүүлэх хэрэгтэй л гэж хэлэх байна...
АМ НЭЭВЭЛ...