... 1905 оны нэгдүгээр сар. Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон. “Нэйшнл Жеографик” (National Geographic) сэтгүүлийн газар. Ээлжит дугаараа хэвлэлд шилжүүлэхээр бэлтгэж суусаар шөнө дөл хүргэсэн 23 настай редактор Гильберт Гросвенор (Gilbert Grosvenor) бүхэл бүтэн 11 хуудасны материал сох дутаж байгааг сая мэдлээ. Тэвдсэндээ ямар ч хамаагүй бичлэг олох санаатай хайсаар нэгэн дугтуй таарч нээхэд дотроос нь Төвдийн нийслэл Лхасын байдлыг харуулсан бөөн гэрэл зураг гараад ирж. Тэндээс хэдэн томыг шилж хоосон хуудсуудаа дүүргэж макетлаад бушуухан хэвлэх үйлдвэрт илгээв.

Анх 1888 онд Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэг үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор эрхлэн гаргаж голдуу гишүүдийнхээ бичсэн газарзүй, танин мэдэхүйн урт өгүүллүүдийг нэвсийтэл нийтэлдэг, зураг чимэглэл гэх юмгүй шинжлэх ухааны маягийн сэтгүүл байжээ. Харин залуухан редактор “залхуурч” баахан зураг оруулсандаа нийгэмлэгийн ерөнхийлөгч, телефон утсыг зохион бүтээгч агуу Александр Беллээс банга хүртэхэд бэлдлээ. Гэтэл санаандгүй бүтсэн энэ дугаар уншигчдад маш таалагдав. Бас Беллд. Уйтгартай, өгүүлэл материал байнга дутдагаас болж дампуурахдаа тулаад байсан сэтгүүлийн хувьд аврал төдийгүй сэтгүүл зүйд бяцхан нээлт болчихжээ. Тэр цагт зурагт гэж байсан биш, зөвхөн сонсож, сайндаа л уншиж байсан үлгэр домгийн мэт тэр газар орныг уншигчдийнхаа нүдний өмнө авчирчээ. Зарим зургийг сэтгүүлийн хоёр нүүрийг дэлгэж цэлийтэл нийтэлсэн нь бараг анхных. Чухам эндээс өнөөдөр бидний мэдэх “Нэйшнл Жеографик”, цаашилбал, орчин үеийн зураг чимэглэлтэй сэтгүүлийн эхлэл тавигдсан гэж үздэг. Дараа жил нь сэтгүүлийг “зургийн ном” болголоо гэж  дургүйцсэн хоёр судлаач Нийгэмлэгийн гишүүнээсээ огцорч байжээ. Элдэв сонин хэвлэлээс хамаг сонирхолтойг нь түүж машиндаад бизнесменүүдэд зарахаас Reader’s Digest эхэлсэн гэх мэт сэтгүүл зүйн түүхэнд тэмдэглэгдсэн олон түүхийн нэг бол энэ.

Харин XIX-XX зууны заагт гадаадынханд хаалттай, нууцлаг хэвээр байсан, “хүний дүрийг жижигхэн хайрцагны нүхээр оруулаад авч явах”-ыг тас хорьж цаазаар авах хүртэл шийтгэдэг байсан Төвд орныг барууныханд нээсэн гэж хожим үнэлэгдсэн тэр зургуудыг авсан хүмүүс нь Хаант Оросын дорно дахины судлаач, гэхдээ монгол цустай буриад Гомбожаб Цыбиков (Цэвэгийн Гомбожав), халимаг Овше (Увш) Норзунов хоёр юм.

Гомбожаб Цыбиков залуудаа Хүрээнд ирж монгол, төвд хэл суралцаад буцсан, хожим 20-иод онд Монголд хэдэн жил зөвлөхөөр ажилласан намтартай. 1899 онд Оросын гадаад хэргийн яамны даалгавраар монголчуудын жинг дагаж Далай ламыг зорьсон мөргөлчний дүрээр Төвдөд нэвтэрч 1902 оныг гартал 888 өдөр амьдрахдаа Лхасын бараг хамгийн анхны гэмээр 200 орчим зургийг нууцаар дарж чаджээ. Нөгөө Норзунов бол Төвдөд гурван удаа очихдоо хоёр удаад нь Монголоор дайрч явсан ба 1901 оны хавар Оросын газарзүйн нийгэмлэгээс өгсөн даалгавар, гэрэл зургийн аппаратыг авч Лхаст сар шахам болохдоо 45 ширхэг зураг авчээ. Сонирхолтой нь, тэр хоёр Лхаст хэдэнтээ тааралдахад Цыбыков Норзуновыг өөртэй яг адилхан францынSelf Workerхэмээх зургийн аппараттайг мэдсэн ч өөрийнхийгөө тас нууж байжээ. Тэд авсан зургууд эхлээд Оросын  болон Европын зарим хэвлэлд гарч дараа нь Оросын газар зүйн нийгэмлэгээс 50 ширхэгээр хайрцаглан цомог болгож Америкийн Үндэсний газар зүйн нийгэмлэгт бэлэглэсэн нь “Нэйшнл Жеографик”сэтгүүлийн ширээн дээр очин Гросвенорын гарт таарсан хэрэг. Сэтгүүлийн 11 хуудсыг эзэлсэн 11 зургийн зургаа нь Норзунов, тав нь Цыбыковынх. Хэдэн сарын дараа буюу 1905 оны зун 13-р Далай лам Нийслэл хүрээнд заларч оросуудтай хэлэлцээр хийж үеэр тэдэнд хэлмэрчилсэн Цыбиков тэр цомгийг Далай ламд өөрийн биеэр бэлэглэсэн нь түүхэнд үлджээ. Жаахан хэтрүүлэхэд, монголчуудын авсан хэдэн зураг “Нэйшнл Жеографик”сэтгүүлийг аварч хөл дээр нь босгосон юм. Харин орчин үеийн зурагт сэтгүүлийн эхлэлийг тавьсан гэвэл дэндүү хэтэрчих биз.

... 1962 оны гуравдугаар сар. Америкчууд хаа байсан монголчуудын шинэ дүр төрхийг олж харлаа. “Нэйшнл Жеографик” сэтгүүлийн ээлжит дугаарын хавтсан дээр эсгий гэрийнхээ үүдэн хавьд явган суугаад хэн нэгний ярианд чих тавьж ширтсэн хэдэн монгол хүний зураг хэвлэгдэж энэ дугаарын гол нийтлэл (cover story) нь 289-өөс 345-р хуудсанд нийт 57 нүүрийг эзэлсэн “Гадаад Монголд хийсэн аялал” аян замын тэмдэглэл байлаа.

Хэн бичив? Барууныхан Монголд  өдрийн од шиг үзэгддэг, АНУ, БНМАУ хоёр дипломат харилцаагүй байсан цаг. Гэтэл юу болоод ч юм 1961 оны дундуур АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Вильям Дуглас (William O.Douglas) монголын виз хүсчээ. Төдөлгүй визийн хариу ирж (хэр удаан хүлээснээ бичээгүй) тэрбээр хувийн журмаар өөрийн эхнэр Мерседес, мөн“Нэйшнл Жеографик” сэтгүүлийн гэрэл зурагчин Дин Конгер нарын хамт гурвуулаа 1961 оны 9-р сарын сүүлчээр Москвад ирж тэндээс монголын виз авч Эрхүүгээр дамжин нисч Улаанбаатарт бууж Монголд хэд хоноод 10-р сарын эхээр бас Москвагаар дамжин буцжээ. Анзаарсан уу? НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 16-р чуулган Нью-Йоркт үргэлжилж Монгол Улсыг элсүүлэх эсэх тодорхойгүй дэнжигнэж, том гүрнүүд, тэдгээрийн дотор АНУ оролцсон том тоглоом явагдаж байсан өдрүүд. Тэгтэл энэ аялал...

Өгүүлэл дотор Монголын хуульчдын холбооноос урьсан тухай дурджээ.  Социалист хуульчдын олон нийтийн байгууллага өөрөө мэдээд америк шүүгчийг урина гэж байх уу? Тэгэхлээр манай Намын төв хороо НҮБ-д санал хураахаас өмнө зүгээр суугаагүй, нэг юм бодсон байж болох... 

Ямар ч байсан Дуглас буцахдаа дахин Москвад үдлэх зуураа “АНУ Гадаад Монголыг яаралтай хүлээн зөвшөөрч НҮБ-д элсэхийг дэмжих ёстой” гэсэн мэдэгдэл хийж америкийн хэвлэл мэдээлэл, гадаад бодлоготнуудыг бяцхан оволзуулаад авсан байна. Маш сонин. Ямар ч байсан хориод хоногийн дараа буюу 10-р сарын 27-нд Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон билээ. Хожим Дуглас шүүгч БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөхийг Засгийн газартаа уриалсан өгүүллийг “Нью-Йорк таймс” сонинд бичиж гэсэн шүү.


 
Аяллаас хойш хэдэн сарын дараа Дугласын бичсэн өгүүлэлтэй “Нэйшнл Жеографик”-ийн дугаар хэвлэгдлээ. Дэндүү сонирхолтой. Тэд монголын нийслэлд ороогүй газар үгүй, Улсын их дэлгүүр, хоршоо, Пионерийн ордон, биеийн тамирын заал, хоёрдугаар эмнэлэг, гурилын комбинат, нэхмэлийн үйлдвэр, Ардын дуу бүжгийн чуулга, Улсын төв музей, И.В.Сталины нэрэмжит улсын номын сан, Гандантэгчинлэн хийдээр зочилж Маркс, Энгельс, Ленин, Сталин, бас Чойбалсангийн хөрөгтэй МУИС-ын дугуй зааланд оюутнуудтай уулзжээ. Хөдөөгүүр явсан тухайд эхлээд Тэрэлжид амарч, дараа нь Өвөрхангай руу мэдээж “орос жип” буюу брезентэн бүхээгтэй хоёр “Газ-69”-ээр хөдөлж Хархорин-Эрдэнэзуу, Хужиртын рашаан, аймгийн төв Арвайхээр хот, Богд сум, Улаанбаатарын ойролцоох адууны ферм, дараа нь Ил-14 онгоцоор Хөвсгөл аймгийг зорин нисч замдаа Булганд түр бууж Цагаан-Үүр суманд АН-2 онгоцоор хүрчээ. Голдуу малчин айлуудаар орж зочлуулжээ. Харин Төв хороо, Засгийн газар, сайд дарга нар, тэдэнтэй уулзсан тухай нэг ч үг дурдаагүй. Үзэл суртал, уриа лоозон, коммунизм энэ тэрээр даапаалсан юм бараг үгүй. Харин Гандангийн тэргүүн хамба Гомбожав тэргүүтэн зоог барих үеэрээ “Монгол улс НҮБ-д элсэхийг Америк яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?”, “Америк Монголыг  хүлээн зөвшөөрч болохгүй гэж үү?”, бас “Хоёр улсын хооронд оюутан, багш солилцож болохгүй юу?” гэх мэт асуултанд булагдсанаа дурджээ. Зочдыг хаа сайгүй найрсгаар угтаж идээ будаагаа бялхуулан зочилсон монголчууд тун сайхан сэтгэгдэл төрүүлснийг Дугласын бичсэн мөрүүдээс харж болно.Өвөрхангай төвд хятад ажилчдын бригадтай тааралдсан ч Монгол улс Хятадаас зайгаа барьж Зөвлөлт Орос руу илт хандаж байгааг анзаарчээ. Нийтлэлийн хамгийн сүүлчийн өгүүлбэр энэ байна: Одоо монголчууд өрнийн соёлоос хол тасарсан, жүд-христийн соёл иргэншлийн нөлөөнөөс дэндүү хол, барууны агуу ном зохиолын талаар ойлголт алга. Хэрвээ тэд Орос, Хятадын завсарт хавчуулагдсан хэвээрээ удваас үзэл суртлын хүүхэлдэй болон хувирах биз. Тэгвэл халуун сэтгэлтэй, эрэлхэг энэ ард түмний хувьд төдийгүй чөлөөт ертөнцийн хувьд эмгэнэлтэй”.

Бичлэгээс гадна зургууд нь гайхалтай. Анх 1959 онд “Нью-Йорк таймс” сонины Пулитцерийн шагналт сэтгүүлч Харрисон Сэлисбери Зөвлөлт Холбоот Улсаар аялах зуураа Монгол руу ороод гарсан тухайгаа бичиж нийтлүүлсэн нь сонины өгүүлэл байсан. Тэгвэл “Нэйшнл Жеографик”-ийн энэхүү аян замын тэмдэглэл маш дэлгэрэнгүй бичлэгээс гадна ихэнх нь Дин Конгерийн 60 ширхэг гэрэл, бас нэг газрын зургаас бүрдэж байна. Бүгдээрээ өнгөт! Хотод ч, хөдөө ч цав цагаан шүдээ яралзуулсан хөрслөг бор монголчууд. Зурган дээрх цулцайсан жаалууд одоо хаа нэгтээ яваа даа. Харин оксфорд аялгатай англиар ярьдаг гэж ноён Дугласаар хэлүүлж явсан орчуулагч залуу бол одоо ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.Очирбал бололтой. Өнөөдөр, яг хагас зууны дараа надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол Зайсангийн амны баруун энгэрээс авсан Улаанбаатарын дэлгэмэл зураг. Дөчин мянгатын орон сууцнууд, Төв шуудан, Залуучуудын ордон (одоо Драмын театр), Улаанбаатар зочид буудал, Энхтайвны гүүр, Төв цэнгэлдэх босчихсон, харин 120 мянгатын эхний хэдэн барилга дуусаагүй, эргэн тойрон хөдөөгөөрөө нийслэл хот. (1913 онд францын зурагчин Тасганы овоон дээрээс авсан Хүрээний зураг энэ хоёр бараг тавь, тавин жилийн зайтай, иймээс ирэх жил ойг нь тэмдэглэсэн ч болохоор). Энд бас монголчууд гэрээ яаж барьдгийг 6 ширхэг зургаар хичээл мэт харуулсан нь барууныханд хачин сонин байсан төдийгүй санаа сэдэл өгч тухайн үедээ american yurt, handicrafted yurt нэрээр авсаархан, угсардаг есөн шидийн гэр, сууцыг зохион бүтээж үйлдвэрлэж худалддаг компаниуд хүртэл байгуулагдаж байжээ.  

Тэртээ 1962 оны “Нэйшнл Жеографик”-ийн Монголын тухай өгүүллийг монголчууд уншаагүй өнгөрсөн, хэрвээ уншсан бол Очирбал нараас хэтрээгүй биз. (Дурсамж яриулахсан).Барууны сэтгүүлүүд социалист лагерьт хатуу хяналттай, лав би оюутан байхдаа Ленинградын номын санд зарим хуудсыг зүсээд авчихсан (ЗХУ-ын тухай “буруу” бичсэн учраас тэр байх) дугаарыг анх харж билээ. Харин миний ярьж өгөөд байгаа энэхүү дугаарыг Сан-Францискод суугаа Ширчингийн Баатар хуучин номын дэлгүүрээс олж авснаа надад дурсгасныг санаж дахин талархлаа илэрхийлье. Би олон хүнд үзүүлж гайхуулсан, одоо бичлээ. 

Ер нь “Нэйшнл Жеографик” сэтгүүл зуу гаруй жилийнхээ түүхэнд Монголын талаар хэдэн удаа бичсэн бол? Миний уншсанаар, 1920-иод оны дундуур Монголд хэдэнтээ ирж 100 шахам сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн араг яс, өндөг зэргийг илрүүлсэн Америкийн судлаач Рой Чапмэн Эндрюс Монголд туулсан адал явдлынхаа талаар National Geographic-ийн 1933 оны зургадугаар сарын дугаарт том өгүүлэл бичсэн, бас 2,36 метр өндөр Гонгорын зургийг 1922 онд Нийслэл Хүрээнд авснаа арай өмнөхөн нийтлүүлж байжээ.

1980-аад оны сүүлчээс Монгол улс нээгдэж хэд хэдэн удаа бичүүллээ. Манай сонинууд “Нэйшнл Жеографик” сэтгүүлээс толилуулж байна гээд аваад байдаг. Тэгтэл 1996 оны 12-р сарын дугаар хавтсан дээрээ эзэн Чингэсийн зурагтай, нэрийг нь Genghis Khan гэж бичсэн, дотроо Майк Эдвардсын бичсэн “Монголчуудын эзэн” (Lord of the Mongols) нэртэй түүхийн өгүүлэл ЖэймсСтэнфилд-ийн авсан Чингэс хааны төрсөн ба байлдан дагуулсан газар оронд авсан гэрэл зураг, бас газрын зургуудыг нийтэлж Монголыг дахин нэг алдаршуулав. Энд орсон дундад зууны Их Монголын байлдан дагуулалтыг дүрсэлсэн газрын зургууд одоо ч энд тэнд ном бүтээл, баримтат кинонд байнга ашиглагддаг. Ямар ч байсан “Нэйшнл Жеографик” хавтсан дээр нь манай Монгол хоёр удаа гарчээ.    


 
... 2012 оны 9-р сар. “Нэйшнл Жеографик”, бас түүнээс салбарлаж гарсан Нэйшнл ЖеографикТрэвелер (National GeographicTraveller),Нэйшнл Жеографик Kидс (National GeographicKids) сэтгүүлүүд Монголд, монгол хэлээр хэвлэгдэн гарах гэж байна. Өнөөдөр дэлхий даяар энэ сэтгүүлийг 33 хэлээр уншиж, монголчууд 34 дахь нь болно. Одоо энэ мөрүүдийг уншигчид лавтайяа Интернэтэдсуугаа. Хэдхэн тасхийлгээд сэтгүүлийн сайт руу нэвтэрч уншихад ямар ч саадгүй. Уншаад зогсохгүй кабельтай айлууд 100 хувь баримтат нэвтрүүлгийн Нэйшнл ЖеографикЧэннал (National Geоgraphic Channel)-ийгөдөр шөнөгүй үздэг. Хуудас ч эргүүлэхгүйгээр нүдээр үзэх сэтгүүл. Байн байн зарлагддаг “Нэйшнл Жеографик”-ийн шилдэг зургуудийг манай сонин сэтгүүл, сайтууд сайхан хуулдаг даа. Одоо монголоороо уншдаг боллоо.

Аливаа сэтгүүлийн нүүр царай бол хавтас. “Нэйшнл Жеографик” эхний 70 гаруй жилийн турш хавтсандаа зураггүй байсан бол 1959 оны 7-р сарын дугаарт Америкийн төрийн далбааг тавьснаас хойш аажмаар өнөөгийн төрхийг олжээ. Афганы дайны үед Пакистан дахь дүрвэгсдийн лагерьт амьдарч байсан цоргисон нүдтэй өнчин охины зураг бүхий 1985 оны 6-р сарын дугаарын хавтас домог болсон. Үүнийг авсан гэрэл зурагчин Стив Мак-Карри олон жилийн дараа дахин Афганистан явж удтал хайсны эцэст хаана амьдарч байгааг олж 2002 оны 4-р сарын дугаартаа гаргасан түүх алдартай.


 
Орчин үед сонинууд нарийсч, сэтгүүлүүд хавтгайрсхийж байхад“Нэйшнл Жеографик”-ийн хэлбэр хэмжээ огт өөрчлөгдөөгүй, гонзгой хэвээрээ. Хавтасны шар хүрээ нь Time сэтгүүлийн улаан хүрээ шиг олонд танигддаг таних тэмдэг. National Geоgraphic Channel-ийн дэлгэцэн дээр ийм шар хүрээ агаарт эргэлддэгийг үзэгчид сайн мэднэ.Нэг сонин зүйл гэвэл АНУ-д тус сэтгүүлийг захиалахад “автоматаар” Үндэсний газар зүйн нийгэмлэгийн гишүүн болдог. Эсвэл эсрэгээр.

Өнөөдөр “Нэйшнл Жеографик” нэрнээсээ хальсан дэлхийн хэмжээний танин мэдэхүйн сэтгүүл болжтэнд Монгол байраа эзэллээ.Тавин жилийн өмнө “энэ улс ер нь яах бол?” хэмээн түгшиж бичсэн америк сэтгүүл.    

-- 00 --