ЦАСТАЙ ТУЛААН

Өвлийн эхэн сарын шувтаргаар мандах нартай өрсөж говь нутгийн хүрэн сэрвээт өвгөн хайрхны шилд бэдрэх ахуйд хурмаст хөмсөг зангидаж, үүлс хуралдуулах нь нэг л тавгүй. Илч муутай нимгэн шар нар үүлсийн завсарт гялтайна. Газарт жихүүвтэр салхи хуйсагнагнаж дуран чичрүүлэх нь түвэгтэй. Бээлийтэй гар ч жиндэх шинжтэй. Тугалын бэлчээрээс арай алс энгэрт гурав дөрвөн угалзтай сүрэг аргаль зугуухан идээшилж харагдах. 

Хоёр угалз нь ганц нэг сөргөлдөж, толгой угалз нь хэдэн аргалиа гилсээр хяр давж одов.

Салхи сөрж, сууж босч явсаар мөнөөх хярын баруунш орших бачуувтар салааны эхэн дэх хэсэг үхэр хад руу дөхөхүйд бүргэр тэнгэрийн ааш нь бүр ч муудлаа. Нөгөө сүргийн араас л мацаж яваа хэрэг шүү дээ. 

Хэдхэн хором амсхийгээд өндийтөл "түс түс" хийх битүү чимээ чих дэлсэв. Ойлгомжтой. Мөргөлдөөний анир. Би ч юлган ухасхийж мацсаар босоо ханан хадны бөгс ороож зургийн зэмсгээ түлхэсхийн өнгийж шагайв. Нэг аргалийн толгой, бас нэгнийх нь зоо цухуйж харагдах. Хөнгөн бор манан сэмрэн бууж, цас намуухан бударч эхлэв. Түрүүчийнхээс хавгүй задгай түсхийх чимээ цуурайтлаа. Нөгөөх хоёр аргаль ч давхийж зүүнш эргэх мөчид хоёр угалз мөргөлдсөөр дуранд орж ирэх нь тэр. Орооны явдалд халуурч “нударга” зөрүүлж эхэлжээ.

“Нударганы амт”

Молхи тал зурагчинд үүнээс илүү аз, олз гэж байх уу. Тэрхэн зуур манан улам өтгөрч, цас лавшрав, яалтай ч билээ. 

Эрх мэдлийн төлөө үзэлцэж буй хоёрын нанчилдаан ширүүсч миний хорхойг улам дэврүүлэв.

Агшин бүр надад алтны үнэтэй. Цасан ширхэг бужигнаад нөгөө хоёрыг улам бүр бүдгэрүүлэх нь хяслантай. Хурмаст салхиа хав дарж цас, мананд ая тал засаад ч байх шиг.

“Эрчлэх агшин”

Ан мана үзэлцэж буй хоёр түс түс хийх нь ганц хоёр агшины хэрэг. Тэд тус тусдаа гучаад алхамын дайтай ухармагцаа буцаж хар эрчээрээ дайрч халз тулна. Эрч хүч, дуу чимээнд нь миний тархи толгой ч доргих шиг болов. Харин тэр хоёр гуйвж дайвах ч үгүй, дахиад л цэгцтэй агаад цэмцгэр ухрах.

 “Халз тулах эрч”

Ийм мөргөлдөөний эрч нь 30-32 км/цагийн хурдтай дүйцдэг гэж угалз судлаач, канад эрдэмтэн Валериус Гэйст нотолсон байна. Гэтэл манайд хоёр мотоциклчин 30 км/цагийн хурдтай халз мөргөлдвөл юу болохыг төсөөлөхөд бэрх. Тэд унаанаасаа шидэгдэж газардахдаа толгой нь доргиж, тархи хөдлөх нь энүүхэнд хэрэг байх. Харин халз тулсан хоёр угалзын тархи хэрхэдэг бол? Энэ тухайд “…угалз бол тулааны үед цусаа тархи руугаа шахаж удаашруулж барьдаг увьдастай амьтан. Энэ нь цусны судасны тэлэлтээр тархиа хамгаалах арга. Өөрөөр хэлбэл, гангар шаазанг бөмбөглөгтэй хөөсөнцөр эдээр ороож жийрэглэн хайрцагт хийж тээдэгтэй төстэй.Үүнээс гадна эвэр нь кератин буюу эвэрлэг бодисоос үүсдэг уян хатан эдээс ургадаг. Угалзын эвэр маш зузаан бөгөөд нэн хатуу учраас аливаа цохилтын хүчийг сааруулдаг чанартай…” гэж дээрх эрдэмтэн бичжээ. Байгаль эхийн бүтээл, зохирлын гайхамшгийг биширч эс барна. 

Төдөлгүй нэг зантгар угалз ирж нийллээ. Цаана нь манан дотор хошгоод аргаль бүдэг бадаг харагдах, том сүргийн зах нь.Тэдний хувьд энэ өрсөлдөгч хоёрын нанчилдаанд хэн хожих нь чухал. Хөөрхөн залуу аргаль тэр “аварга”-ыг нь сонгож наалдана. Мөн дийлсэн нэг нь ороо хөөцөө өндөрлөх хүртэл энэ сүргийн эзний эрх эдэлнэ. 

“Өдөх араншин”

Мань хоёрын хүзүүндээ цагаан зурвас үстэй хүрэн нь хэлээ бултайлгаж, баруун урд хөлөө өргөж нөгөөдхийгөө өдөв.Тэгтэл цаадах нь ухасхийж шууд халз гөвөх нь тэр. 

Урд хөлөөрөө шулуун чичлэх нь угалзын хэлэнд “намалдгийг чинь зад нээнэ шүү” гэсэн үг, занал аж. Эгдүүцэлдээ шатаж, хор шар нь гозойсон архаг гулзын жинтэй гөвөлтийн дуу чимээ хавь ойрыг цочроов. Тэр хоёрын эврээс бараг оч үсэрсэн биз. Эвэр нь эмтэрч, бас хамар, духных нь арьс шалбарсан ч байж мэдэх. Ширүүн тулаанд эврээс үүдсэн шархны сорви насан туршид нь үлддэг. 

Эвэр бол угалзад заяасан гайхамшигт эрхтэн бөгөөд чухал “зэвсэг” нь юм. Түүнийг сүргийн доторх дэг журам сахиулах, ах захын зиндаа мөрдүүлэх хэрэгт, мөн орооны ахуйд “Эзний титэм”-ийн төлөөх тулаанд ашигладаг. Угалзын эврийн тухай энэ ялдамд зэрвэс сонирхуулъя. 

Манай орны баруун Алтайн нурууны хөгшин угалзын эврийн урт нь нэг бүтэн алд, түүний угийн тойрог нь хоёр төө элбэг давна. Амьдын жин нь тарга тэвээрэгтэй монгол гунжин үхэртэй дүйцнэ. Ер нь угалзын эвэрт ургаж тогтсон цагираг үеэр нь түүний насыг тодорхойлдог эртний монгол уламжлал бий. Нэг нас ахихад нэжгээд цагираг нэмэгдэнэ гэсэн үг. 

Алтайн нурууны ардууд бээр зэрлэг эм хонийг аргаль, эрийг нь гулз, нялх төлийг нь хурга гэдэг. Тэгээд төлөг, хөх гулз(хоёр, гурван настай), шар гулз(дөрөв, таван настай), атгар хар гулз(зургаагаас есөн настай), шаазгай алаг гулз(арваас дээш настай) гэлцдэг. Шаазгай алаг нь гол төлөв 12-13 насандаа мөнх бусыг үздэг. Угалзын насыг чингэж зүс төрхөөр нь таньж мэддэг буурал дээдсийн минь мэргэн эрдэм нэн гайхалтай.

“Эцсийн цохилт”

Нөгөө ирж нийлсэн зантгар нь цээжин биеэ эгцлэн чангалж, хойд хоёр хөлийнхөө туурайг газарт шааж нам зогсож харагдана. Тэрбээр сүрдэх, холдох хоёрын завсарт хавчуулагдан гайхширчээ. Цаад хоёроосоо ганц нэг насаар бага хийгээд бие хаа, эвэр туурайны хувьд ч зиндаа дутуу учраас эмээж буй нь тодорхой.  Ойворгон зангаар заналхийлсэн гулз хором төдийд хүртсэн “шагнал”-даа тэнцвэр алдаж түлхэгдэн газрын уруу эргэмэгц нөгөөдөх нь лавшруулж түрэх зуураа толгойгоо огцом татаад өрсөлдөгчийнхөө зүүн хавирга талд гарчихлаа. Чингэж давуу байршилд хүрмэгцээ цаадхынхаа шилэн хүзүү рүү лунжгар хос эврээрээ нудран давшлаа. 

“Өвдөг шороодсон нь”

Угсраа нудралтанд өртсөн мөнөөх хөөргөн амьтан бээр хөл алдаж “өвдөг шороодов”. Тэгээд өөрийн эрхгүй холдож одлоо. Энэ нь бууж өгсний дохио. Нанчилдаан ингэж өндөрллөө. Өдөж сөдсөн нь тийнхүү хөөгдөж, өглөөжингөө бараадаж бэдэрсэн аргалийн сүрэгтээ ойртох эрхгүй болов. 

Аргаль угалзын ертөнц дэхь шударга өрсөлдөөний хууль ийм ажгуу.

Энэ хооронд манан ч сийрсэнгүй, цас ч татарсангүй, нарны бараа ч харагдсангүй. 

Гэвч тэнгэрт ихэд талархаж залбирлаа. Учир нь цастай, будантай уул хаданд өрнөсөн амьд тулааныг зургийн хальсанд буулгасан минь ховрын ховор олз болсонд оршино. 


2023.12.25