ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН БҮТЭЭСЭН ОРЧИН ЦАГИЙН ДЭЛХИЙ


МАНВИР СИНГХ

(Калифорнийн их сургуулийн антропологийн тэнхимийн профессор)

2023.12.25


Пап Францис өнгөрсөн есдүгээр сард Монголд айлчлав. Тэрбээр тус улсад айлчилсан Католик шашинтны анхны тэргүүн юм. Түүний айлчлал нь даруухан болж өнгөрчээ. Монголд ердөө мянга таван зуу орчим католик шашинтан байдаг аж. 

Улаанбаатарын төв талбайд Папыг угтан авах ёслолд хэдхэн зуун хүн цугларсан нь дээрхээс нэг сарын өмнө Лиссабон хотод түүнийг бүчсэн шүтэгчдийн мянганы нэгд ч хүрсэнгүй. Харин өглөөний дасгалаа хийхээр гарсан нэгэн бээр уг ёслолд санамсаргүй орж таарчээ.

Гэтэл ихэнх хүмүүс нь Папын айлчлалд гайхаж байсан санж. Ватиканы зочдод барьсан хүндэтгэлийн зоогийн үеэр нэг үйлчлэгч “Times” сонины сурвалжлагчаас бүр “Католик гэдэг чинь юу билээ?” гэж асуужээ. 

Харин Пап бээр дипломатууд, урлаг, соёлын дээдэс болоод Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж хэлсэн үгэндээ XIII-XIV зууны Монголын эзэнт гүрэнд шашин шүтлэг эрх чөлөөтэй байсныг онцолж “Асар уудам нутаг дэвсгэрт оршиж асан хүн ардын гайхамшигт чадавхыг үнэлж, тэднийг нийтийн хөгжил дэвшилд ашиглаж чадсан нь танай өвөг дээдсийн гайхалтай чадвар юм”. Мөн Евразид тогтоосон "Монголын их амар амгалан”(Pax Mongolica)-н үед “амар жимэр" агаад "олон улсын хууль эрх” дээдлэгдэж байсан гэж айлджээ. 

Францис абугайн дээрх үгс нь Христийн хуучин цагийн шүтэгчдийг алмайруулах байсан биз. Баруун Европт монголчуудын тухай анх 1240 онд нэгэн санваартан бичиж үлдээсэн юм санж. Түүнд монголчууд бээр “…шулмасын жигшүүрт угсааны нүсэр их хүн сүрэг, тэд нохой болоод хүний махыг тасдаж залгидаг, бас цусанд улайрч уудаг…” гэжээ. 

Дээрхээс таван жилийн дараа Ромын хамба лам IV Иннокентийгээс Монголын эзэнт гүрний гурав дах, хаан Гүюгт илгээсэн захидалдаа монголчууд "Христийн шашинтай болон бусад улс орныг түрэмгийлэн эзэлж, тэдгээрийг аймшигтайгаар сүйрүүлж буйд гайхширч байна” гэж бичсэн байна.

Лалын шашинтнууд ч монголчуудыг цуст зэрлэгүүд гэдэг байв. Хүлэгү хаан 1258 онд Багдад руу довтлоход гудамж талбай нь цогцсоор дүүрч, Лалын ертөнцийн соёл иргэншлийн нийслэл дэхь усны сувагаар улаан булингар урсаж, "Мэргэдийн өргөө" хэмээн алдаршсан номын сан шатсан гэлцдэг. Нилээд түүхчдийн хувьд уг довтолгоонд таван зууны турш цэцэглэн хөгжсөн соёл, шинжлэх ухаан нэрвэгдэж, улмаар “Исламын Алтан эрин” төгссөн гэдэг. 

Жорж Бушийн засаг захиргаа болбоос "Монголын Хүлэгү"-ээс илүү хор хөнөөлтэй байсан гэх үг Осама бин Ладены амнаас 2002 оны арваннэгдүгээр сард унасан гэлцдэг. 

Хэдэн сарын дараа Иракийн дайны өмнөхөн Саддам Хуссейн өөрөө АНУ, түүний холбоотнуудыг “энэ зууны монголчууд” хэмээжээ.

Монголчуудын харгис хэрцгий гэгдэх дүр төрх нь тэдний байлдан дагуулалтаас ч илүү урт насалсан юм. Вольтерийн нэгэн жүжигт тэд "энэ эзэнт гүрнийг1 нүүдэлчдийн нутаг лугаа хов хоосон цөл болгох"-ыг зорьсон "луйварчдын зэрлэг хөвүүд”-ийн дүрээр гардаг. 

Өнөөдөр эзэнт гүрэн(Монголын, орч)-ийг үүсгэн байгуулагчийн нэр бээр дарангуйлал, фанатизмтай холбогдсон хэвээр байгаа учраас зарим улс төрчийг "Чингис хааны баруун суганы үс" гэх нь холгүй нэгэн хэллэг болж хувирчээ. 

Орос, Зүүн Европт бол “Монгол-Татарын ноёрхол” гэдэг нь зөвхөн монголчуудын ноёрхлын үеийг илэрхийлэхээс гадна дарангуйллын бусад хэлбэрийг ч хэлдэг. Францис абугайн хэлсэн дээрх үгээс хэд хоногийн дараа Украины улс төрч Александр Харебин ч Путины Оросыг ийм хэллэгээр дайрсан байна.

Гэхдээ Пап Францисийн хувьд хуучны иймэрхүү ужгирсан ойлголтыг ганцаараа сорьж буй хэрэг биш л дээ. Мари Фавэру бээр "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" бүтээлдээ “Евразийн дийлэнхийг гайхалтай хялбархан байлдан дагуулсан аймшигтай харгис монголчууд гэх хэвшмэл ойлголтыг бид дэндүү амархан хүлээн зөвшөөрсөн” гэжээ. 

Дээрх ном нь Кеннет В. Харлын “Талын эзэнт гүрнүүд: Соёл иргэншлийг бүтээсэн нүүдэлчдийн овгийн түүх”, Энтони Саттины “Нүүдэлчид: Манай дэлхийг бүтээгчид” болон Николас Мортоны “Монголын шуурга: Дундад зууны Ойрхи Дорнодод эзэнт гүрнүүдийг мандуулсан хийгээд буулгасан нь” зэрэг сүүлийн үеийн олон бүтээлийг араасаа дагуулсан юм.Эдгээр нь нүүдэлчдийн, ялангуяа монголчуудын харгис хэрцгий гэх байдлын тухайд тогтсон ужиг ойлголт, төсөөллийг өөрчлөхөд чиглэсэн олон арван жилийн хүчин чармайлт бөлгөө. Эдгээр бүтээл нь тал нутгийн түүхийн нэгэн төрлийн сэргэлтийг урагшлуулж буй юм. 

Цусанд согтсон хүн-араатны тухай биш, харин мэтгэлцээн, худалдаа наймаа, шашны эрх чөлөөг дэмждэг засаг захиргааны чадварлаг удирдагчдын тухай бид эдүгээ уншдаг болсон. Тэд(монголчууд, орчуулагч) цөөнгүй хот сүйтгэсэн нь үнэн, гэхдээ төр улс байгуулж цэгцлэх нь чингэхийгшаарддаг. Мөн тэд боолчилж явсан ч үнэн, гэхдээ бусад эзэнт гүрнүүд ч тэгж байсан, эдгээрийн дийлэнх нь хавьгүй илүү харгис байсан шүү дээ.

Тал нутгийн(нүүдэлчдийн, орчуулагч) түүхийг сэргээх нь түүхийг үндэстэн улсууд ба колоничлолын үеийн гүтгэлгээс холдуулж, эдүгээ цагийн бидний үеийг бүтээсэн хүн ард болоод үйл явц руу шилжүүлэх томоохон төсөл юм. Үүнийг түүхчид дэлхийг хамарсан эргэлт гэж нэрлэсэн. Энэ болбоос сүүдэрлэгдсэн түүхийг судлах, мөн түүний сөрөг орон зайг мөшгөн тодруулах ажил. Саттин бичсэнчлэн энэ нь үндсэндээ “урт удаан хугацаандхошин шог яриа, манай зохиолчдын хуучимсаг бодрол, түүхэнд халхлагдаж ирсэн" ард түмнийг онилно. 

Эдгээр нь түүхэн цаг тооны бичгүүдэд бүдүүлэг амьтад, урилгагүй зэрлэгүүд, харсан бүхнээ бүрэлгэж харанхуй хязгаар руугаа шингэдэг чөтгөрийн орноос угшилтай овог аймаг хэмээн хамгийн их доромжлогдсон бүлэг хүн ард юм. Тал нутгийн(түүхийн, орчуулагч) сэргэлт нь эдгээр бүлгийн байдлыг өөрчлөхөд чиглэнэ. Чингэхдээ тэдний өөрсдийнх нь хууль ёсны байр суурийг хүндэтгэж харьцана. Тэд бээр өөрсдийн үүх түүхтэй, дайтаж асан суурин соёлтой улс орнууд дахь нийгмээс нь ч эс дутах нийгэм байгуулж явсан бөгөөд гол нь өдгөө бидний амьдарч буй нийгмийг хамжиж цогцлоосон хүмүүс.

Евразийн тал нутаг нь Унгараас Манжуур хүртэл сунаж тогтсон өргөн уудам нутаг дэвсгэр юм. Түүний хэмжээ дамжаа нь ухаанд бараг эс багтах. Хүрэн ногоон тал хээрийн зах хөвөө нь хязгааргүй их алс руу бараа тасрана. Ер нь Анкориж(Аляска, орчуулагч) хотоос Майами(Флорида, орчуулагч) хот хүртэл, эсвэл Кайраас(Египет, орчуулагч) Йоханнесбург(ӨАБНУ, орчуулагч) хүртэл гэж төсөөлж болно. 

Эл нутгийн түүхэн ач холбогдол нь бараг зуун мянган жилийн турш тэнд амьдарч ирсэн дөрвөн хөлт, ажнай шандаст туурайтантай холбоотой юм. Тэр нь адуу. Урт хөлтэй, хүчирхэг уушигтай, уян хатан шөрмөстэй, хатуу хүчир өвс, ургамлыг шингээх ходоод гэдэстэй энэ адгуус цэлгэр уудам хээр талыг эзэгнэн оршиж ирсэн байна. Их мөстлөгийн үеийг давж үлдсэн энэ төрлийн адууны бие цогцос нь өвөрмөц. Цас, мөсийг туурайгаараа онх чавчиж өвс ногоо олж иддэг онцлогтой. 

"Адуу бол хүн төрөлхтний хувьд хамгийн үр ашигтай агаад тэсвэр тэвчээртэй тээврийн цорын ганц хэрэгсэл болж ирснээс гадна морь унах чадвар нь дэлхий дээрх амьдралын хэв маягийг өвч өөрчилсөн, ялангуяа тал нутагт бүр ч түлхүү их өөрчилсөн" гэж Их Британийн сэтгүүлч Саттин "Нүүдэлчид" сэтгүүлд бичжээ. 

Адууг бараг таван мянган жилийн өмнө Баруун тал нутагт(Евроазийн тал нутгийн баруун хэсэгт, орч) гаршуулсан аж. Харин дугуй мөн энэ цаг үе хавьд зохион бүтээгдсэн бөгөөд энэ хоёр шинэ ололт хосолсоны ачаар нүүдлийн мал аж ахуй эрчтэй хөгжих замд оржээ.

“Ямная соёл иргэншил”2-ийн үеийн хүмүүс бээр шинэ технологийн үр шимийг түрүүлж ашиглаж эхэлсний ачаар тал нутгийн ихэнх хэсэгт ноёрхол тогтоосон байв. Тэд МЭӨ 3000 оны үед Хар тэнгисийн хойд хэсгээс морь, дугуйт тэрэг ашиглан асар хол орон зайг туулдаг байж. Тэр нутгийн уугуул хоёр хаяал бие биенээсээ бараг 14500 км-ын алсад оршуулагдсан баримтыг генетикийн эрдэмтэд олж илрүүлсэн байна.

Тэд болон тэдний үр удам Европ, Энэтхэг, Ойрхи Дорнод, баруун Хятад руу цуварсан тухай түүхийн ухааны хүндэт профессор Харл(Тулэйн их сургууль) “Талын эзэнт гүрнүүд” номынхоо эхэнд дурдсан байдаг. 

“Ямная хэл” нь эртний Индо-европ хэлний бүлэгт багтдаг. Уг бүлэгт Грек, Герман, Англи, Испани, хуучин Кельт, Орос, Перс, Хинди, Бенгал зэрэг олон өвөг хэл ордог(Эдүгээ гурван тэрбум гаруй хүн энэ бүлгийн хэлээр ярьдаг).

Өдгөө дэлхийн хүн амын бараг далан хувийнх нь эд эсэнд “ямная хүн”-ий ул мөр өвлөгдсөн байх ажгуу. Бидний хэл яриа, бие цогцост грекчүүд, ромчууд, хятадуудаас илүү ямная нүүдэлчдийн эд эсийн тасархай удамшиж ирсэн бөлгөө.

Ямная нүүдэлчид тэлж өргөжснөөс хойш мянган жилийн дараа Евразийн тал нутгийн дүр төрх төрөл арилжсан аж. Нүүдэлчин Скифчүүд МЭӨ VII зуун гэхэд Баруун тал нутгийн хязгаарыг эзэлжээ. Скифчүүд бээр мориндоо ширэн дөрөөтэй эмээл тохож, нуруундаа элэгт нум агсаж дайтдаг байж. Тэд бээр Хар далай, Каспийн тэнгисийн хоорондох тал нутгийн дийлэнхийг захирч байв. 

Ассирийн эзэнт гүрнийг3 нураахад тэд хамжилцсанаас гадна Персийн хааныг хоёр удаа ялсан гэж Херодот дурджээ. 

Зүүн тал нутаг4 руу очиж, хоёр зууны өмнөх үе, өөрөөр хэлбэл МЭӨ 200 оныг сөхөж үзэхүл Хүннү нартай тааралдана. Хятадын Хан үндэстэн амар жимир суухын төлөө тэдэнд алба гувчуур төлж байв. 

Тал нутгийн нүүдэлчид, ялангуяа Скиф, Хүннү нарын тухай бидний мэдлэгийн ихэнх нь тэдний талаар суурин хүмүүсийн үлдээсэн бичиг сурвалжаас л үүсэлтэй. (Хүннү гэдэг нэр нь "боолчуудын дагавар удмынхан" гэсэн утгатай хятад үгнээс гаралтай гэж Саттин дурджээ.) 

Харл, Саттин хоёр бээр эдгээр баримтыг генетик болон археологийн шинэ нотлогоотой хамтатган үзэж илүү сонирхууштай түүх бүтээсэн судлаачид. 

Скифчүүд ч, Хүннү нар ч аль аль нь олон үндэстний холбоо байсан аж. Хүннү нар бээр АНУ-ын хуурай газрын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц өргөн тал нутгийн олон овог аймгийг захирч явжээ. Модун Шаньюй хэмээх гарамгай эзэнтний удирдлага дор тэд бээр засаг захиргааны нарийн бүтэцтэй, хятад бичээчидтэй, Харлын дурдсанчлан өөрийнхөө бичиг үсгийн системтэй байж. Модун Шаньюй бээр тал нутагт анхны эзэнт гүрний дэг журмыг тогтоохдоо Хүннү улсын Аттила хаанаас Чингис хаан хүртэлх тал нутгийн үе үеийн байлдан дагуулагчдын замналыг бүтээсэн" гэж Харл бичсэн байна.

"Тал нутгийн эзэнт гүрнүүд" номд бичигдсэн нүүдэлчдийн дотроос Чингис хаан болон түүний монголчууд Харлын хувьд хамгийн онцгой сэтгэгдэл төрүүлсөн аж. 

Баруун Ромын эзэнт гүрнийг мөхөөхөд Хүннүгийн хаан Аттила мордож орсон бол хожмын байлдан дагуулагч Доголон Төмөр нь Моголын Энэтхэг, Москвагийн Орос, Шиитийн Сафавид Иран5 хүчирхэгжихэд нөлөөлсөн ажгуу. 

Харин Чингис хааны байгуулсан тал нутгийн их гүрэн бол өргөн уудам орон зайд хосгүй урт хугацаанд оршин тогтносон. Монголын эзэнт гүрний үед цаасны үйлдвэрлэл, блок хэвлэл, сумны дарь зэрэг нь Зүүнээс Баруун тийш дэлгэрч, мэдлэгийн тархалт хурдсаж, Европоос далай тэнгисийг эзэрхийлэх явц эрчимжсэн гэж Харл бичжээ. Тэрбээр “Орчин цагийн дэлхийн эдийн засаг бол монголчуудын үлдээсэн өвийн ачаар төрсөн юм” гэжээ.

Монголчууд бээр орчин цагийн дэлхийг бүтээсэн архитекторч байсан гэдэг санаа нь шинэ судалгааны үндэс юм. Харл бол Баруун тийш тархсан шинэ багаж хэрэгслийн тоонд луужинг оруулснаараа Саттинтай төстэй зүйл өгүүлж байна. Чингэхдээ мисир зэрэг нүүдэлчид ч тэдгээр хэрэгслийг европчуудад хүргэхэд нөлөөлсөн гэдгийг тэр хүлээн зөвшөөрчээ.

Энэ хоёр зохиолч нь антропологич Жак Уэтерфордын "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан"(2004) зэрэг хэдэн жилийн өмнөх бүтээлүүдийг иш үндэс болгодог. Уг ном нь монголчуудын тухай сэтгэл татсан, яруу сайхан бөгөөд торгон онгодоор бялхаж бүтээгдсэн судар. Тэгээд ч тал нутгийн түүхийн сэргэлтийг урагшлуулах явцад бусад аль ч ном зохиолоос хавьгүй их тус дэм үзүүлсэн учиртай.

Эдгээр түүхчид нь монголчуудын өөдөлж дэгжсэн тухайд ижил төстэй түүх өгүүлдэг. 

Даруу, авхаалжтай, заримдаа хэрцгий ангууч-нүүдэлчин Тэмүжин есөн настайдаа овгийнхондоо орхигдсон боловч улирч одсон дөрвөн зууны дараа анх удаа Зүүн тал нутгийн овог аймгуудыг нэгтгэж чаджээ. Тал нутгийн ноёдын 1206 оны чуулган дээр түүнд Чингис хаан цол хүртээсэн байна. Энэ нь “догшин” буюу “далай их” захирагч гэсэн утгатай аж(Англи хэл дээрх "Genghis" гэдэг нь Перс сурвалжийн орчуулгаас гаралтай). Дараагийн хорин жилд мань хаан, түүнийг дагалдагчид нь Каспийн тэнгис, Номхон далайн хоорондох өргөн газар нутаг, бараг тал нутгийнх нь энтэй дүйцэхүйц нутаг дэвсгэрийг нэг захиргаанд анх оруулсан түүхтэй. 

Чингис хаан 1227 онд нас барсны дараа, түүний эзэмшил газар нутаг нь Сирийн эргээс Солонгос хүртэлх дэлхийн хуурай газрын хорь орчим хувийг эзлэх хүртлээ өргөжин тэлсээр байв. 

Зүүн зүгт түүний хүү Өгэдэй хойд Хятадыг эрхшээв. Чингисийн ач хүү Хубилай хаан Өмнөд Хятадыг сөхрүүлж, улмаар нийт Нанхиадыг нэгтгэн Их Юань улсыг байгуулав. Энэ хооронд Баруун зүгт өрнөсөн үйл явдлын тухай Мортоны “Монголын шуурга”, Фавэругийн "Алтан Орд” номд тус тус өгүүлдэг.

Эдгээр хоёр бүтээл нь эрдэм шинжилгээний гайхамшигт амжилт. Зохиогчдын зүгээсашигласан эх сурвалжийн цар хүрээ нь монголчуудын космополитизмын гэрч юм. 

Ноттинхэм Трентийн их сургуулийн түүхч Мортон бээр Нил мөрний бэлчир ба Анатолийн хооронд оршиж асан газар нутгийг анхаарч судалсан байна. Тэнд халифууд, загалмайтнууд болон түрэг жанжидтай монголчууд нэг бол хуйвалдан эвсэж, үгүй бол тэдэнтэй тулж явсан түүхтэй. 

Парисын Нантерре их сургуулийн түүхч Фавэру болбоос Монголын эзэнт гүрний баруун хойд нутагт Алтан Ордны улс үүсч, харин их гүрэн задарсны дараа Зүүн Европ, Төв Азийн ихэнх нутаг дэвсгэрийг хамарч бие даасан улс болж хувирсан тухай өгүүлдэг.

Мортоны хувьд монголчуудын довтолгоо нь тухайн газар оронд авралгүй их галав буулгажээ. Тэнгэрээс асар том солир унаж далавчгүй үлэг гүрвэлүүдийг устгаснаар хөхтөн амьтдын эринийг эхлүүлсэн лугаа Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт монголчуудын юүлүүлсэн галав нь Загалмайтны улсууд, Аббасидын Халифатын улс, Айюубидын эзэнт гүрэн зэрэг өрсөлдөгчдийг бүрмөсөн арчив. Тэрхүү галав нь Египетийн мамлюкууд ба Бага Азийн Османчууд зэрэг багачууд тодрох үүд нээсэн ажгуу. Эдгээр нь тал нутгаас гарал үүсэлтэй билээ.

Харин Фавэру бол арай өргөн хүрээнд авч үзсэн байна. Тэрбээр номоо "Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ" гэж эхэлсэн нь үүнийг харуулна. Гэхдээ дэлхийн өөрчлөлтийн жишээнд нэрлэсэн газар нутаг, ард түмний нэрсийг нь авч үзэхүл “Үндэстнүүдийн Лиг” гэхээсээ илүү “Варшавын гэрээ” гэлтэй санагдана. 

Фавэру бээр орчин үеийн орос, украин, белорусчуудын соёлын өвөг болох Оросыг ихээхэн нухсан байна. Орос руу хийсэн Монголчуудын давшилт 1237-1241 оны хооронд дөрвөн өвөл үргэлжилжээ. Олон сая хүн амыг байлдан дагуулахын тулд тавхан аравт цэрэг илгээсэн санж. Чингэхдээ эсрэг талынхаа сул талыг монголчууд ашиглажээ. Орос улс нь хан хөвүүдийнхээ хоорондын хэрүүлд идэгдэж хуваагдсан байв. Монгол цэрэг гэнэт өвлийн хахир хүйтэнд довтолж оросуудыг сандаргасан аж. Цаадуул нь өвлийн улиралд дайтна гэж зүүдлээгүй ч хэрэг. 

Хятадын бүслэлтийн технологи эзэмшсэн монгол цэргүүдийн хувьд шавар ба модон хэрмүүдийг газартай тэгшлэхэд хэцүү биш байж. Эцэст нь Оросын хорь гаруй хот нь монголчуудын захиргаанд оржээ. Хуучин нийслэл Киев зэрэг олон хот сөхөрч, ихэнх ньхэдхэн өдрийн дотор бууж өгсөн байна.

Оросын үндсэрхэг түүх судлалд Монголчуудын ноёрхолтой холбогдох нийтлэг түүхийг Оросын хөгжил дэвшлийг боомилсон харь үндэстний дарангуйлал гэж үздэг.

Гэтэл Фавэру өөр өнцөгөөс өгүүлж байна. Мань зохиолч бээр "Оросын ванлигууд нь Алтан Ордын эрхшээлд оршиж асан үедээ эдийн засгийн гайхалтай дэвшилд хүрсэн” гээд XIV зуунд Зүүн хойд Оросын нутагт дөч гаруй хот, магадгүй үүнээс ч олон хот үүсэж хөгжсөнийг тэмдэглэсэн байна. 

Тэрбээр монголчуудын хувьд Оросыг алба гувчуурын эх үүсвэр гэж үздэг байсныг хүлээн зөвшөөрч буй боловч тэдний стратеги нь дарангуйлж эрхшээхээсээ илүү эдийн засагт нь түлхүү сүжирсэн шинжтэй байсан гэж өгүүлжээ. 

Монголчууд бээр Оросыг шууд болон шууд бус замаар Ижил мөрний бүс нутгууд, Каспийн тэнгис, Хар тэнгис, Балтийн тэнгисийн зах зээлээс гадна Хятад, Ойрхи Дорнод, Газар дундын тэнгистэй холбосон аж. 

“Худалдаачид ба барааны аюулгүй байдал, чөлөөт урсгал, дээдсийн анги, санваартан, худалдаачид болоод гар урчуудын ангид олгосон давуу эрх, нарийн төлөвлөсөн татварын болоод газрын дэг журам, гол нь хөндлөнгийн засаглалын бүтэц нь орос иргэд, мөн монголчуудын хувьд ч адилхан хөгжиж дэвжихийн үндэс болсон юм" гэж тэр бичжээ. 

Монголын бодлого нь Оросын өсөлт хөгжилтийг туших биш, харин эрчимжүүлэх явцыг санхүүжүүлсэн байж мэднэ.

Тал нутгийн түүхийн сэргэлт нь "дэлхийн дахины түүх”-ийн судалгааны гайхамшигтай шинэ чиглэлийн давуу ба хязгаарлагдмал талыг харуулж байна. Гэхдээ ХХI зууны эхэн хавьд үүссэн гэлцдэг эл сэргэлт нь нээлттэй дэлхий болоод худалдааны сүлжээний идэвхжилийн хүрээнд төрсөн аж. 

Томас Фридман 2005 онд "Дэлхий бөөрөнхий биш" хэмээх даяаршлын тухай бүтээлээ туурвисан. Дараа жил нь гурван эрдэмтэн “The Journal of Global History”(Дэлхий дахины түүхийн журнал”) сэтгүүл гаргав. Түүний анхны дугаарт Их Британийн түүхч Патрик О’Брайен бээр дэлхий дахины түүх болбоос "Ромын дээрэнгүй араншин", мөн "барууны шинжлэх ухаан, технологийн хэт давамгайлал"-ыг таягдаж хаяхыг зорьж байна гэж мэдэгдэв.

Тэрбээр Европ(эсвэл Халифат, үгүй бол Күнз)-ын аугаа байдлыг тойрсон түүх бүтээхийн оронд "хүмүүн төрөлхтний урт хугацааны түүхийн хүрээнд янз бүрийн газар орон, үндэстэн хийгээд соёлын олон талт амжилтыг “холбосон” бөгөөд “харьцуулсан” судалгаа хийхийг уриалсан байна .

Шинээр үүссэн судалгаа нь олон зуун жилийн түүх судлалд тогтсон дээрэнгүй байдлыг давж гарах хүндрэлтэй учирсан юм. Бусад ард түмний тухай бичих замаар өөрсдийгөө алдаршуулах явдал нь өнө эртнээс үүсэлтэй. 

Херодот МЭӨ 430 оны хавьд бичсэн "Түүх" гэдэг бүтээлдээ гурван тивд болсон үйл явдлыг хамруулсан боловч Грекийн эрх чөлөөт хот-улсууд нь дарангуйлагч, харгис Персүүдийг дарсан ялалтыг онцлон дөвийлгөснөөр эцэст нь Грекийн онцгой давуу байдлыг дэлгэн үзүүлжээ. 

"Хан улсын түүх" (МЭ 111), "Шинэ Тан улсын түүх" (МЭ 1060) зэрэг Хятадын хаант улсуудын түүх нь Хятад төвт үзэл сурталд л үндэслэгдсэн байдаг. Харь хүн амын соёл иргэншилийг хятад хэвшилд ууссан байдалтай нь холбож үздэг байв. 

IX зууны мисир эрдэмтэн Якуби дэлхийн түүхийг туурвихдаа Иракаас эхлүүлсэн байдаг. “Учир нь Ирак бол дэлхийн төв, газрын хүйс" гэж тэрбээр үзжээ. Мань эрдэмтний мутраас Перс, Визант зэрэг Исламын өмнөх агуу гүрнүүдийн тухай бүтээлүүд төрсөн боловч энэ нь Багдад зүрхтэй Аббасидын Халифатын улс хэмээх их гүрний сүүдэрт тэд хэрхэн амь зууж байсныг харуулах зорилго агуулжээ.

Европын империализм дэлхийг донсолгов. Барууны гүрнүүд хүмүүний улс төр, сэтгэл зүйн ертөнц рүү давшлан нэвтэрч байх ахуйд үндэстэн төвт үзэл(этноцентризм)-ийн үндсэн цогцос нь евроцентризм рүү шилжчихэв. Япон, Хятад, Энэтхэг, Африк, Ойрхи Дорнодын түүхүүд Барууны ололт амжилттай харгалдахад хүрлээ. 

Европчуудын зохиол бүтээлүүд ихээхэн учир явдалтай байсан нь мэдээж хэрэг. 

"Түүхийн философийн лекцүүд"(1837)-дээ "Дэлхийн түүх Зүүнээс Баруун руу шилжиж байна. Учир нь Европ бол түүхийн гарцаагүй төгсгөл, харин Ази бол эхлэл нь" гэж Гегель тунхагласан байна. 1893-1901 онд Францын түүхч Эрнест Лависсе, Альфред Рамбу нар "Ерөнхий түүх" хэмээх арван хоёр боть цувралыг хянан тохиолдуулжээ. Гэтэл тэдгээрийн нийт хуудасны зөвхөн аравхан хувь нь Барууны бус ертөнцөд зориулагдсан байв.

Нэгэн зууны дараа дэлхийн түүхийн газарзүйн цар хүрээ өргөжив. ГэхдээБарууны байр суурь давамгайлсан хэвээр байна. Жаред Даймондын "Зэр зэвсэг, нян, ган" (1997), Ниалла Фергюсоны "Соёл иргэншил: Баруун ба бусад" (2011), Дарон Асемоглу, Жеймс А.Робинсон нарын "Үндэстнүүд яагаад бүтэлгүйтдэг бэ" (2012) зэрэг сүржин бүтээл нь Барууны бус нийгэм рүү нухацтай хандсан нь үнэн боловч дийлдсэн. Энд тайлбарын оронд Иан Моррисын "Яагаад Барууныхан засагласаар байна?" гэдэг алдарт номын нэрийг л дурдахад хангалттай.

Дэлхий дахины түүх өөрөө хязгаардмал байдлын бүх хэлбэрийг даван туулах ёстой гэж ойлгогдож байв. Энэ зорилго нь эхлээд тал нутгийн түүхийн сэргэлтээр хэрэгжсэн юм шиг санагдах. Нүүдэлчид бол хот байгуулж, энх тайван тогтоож байсны зэрэгцээ шашин шүтлэгийн эрх чөлөөг хангаж байсан гэж бидэнд сургадаг. Тэд бээр үндэстэн, бүтээлч санаа, технологийн солилцоог дахин нэгтгэх замаар худалдаа, соёлын солилцоог хөхиүлэн дэмжиж байсан учраас дэлхий дахиныг донсолгожээ.

Гэвч дээрх бүтээлүүд бүхэлдээ явдалтай. Эдгээр нь тал нутгийнхан баян чинээлэг бөгөөд суурин нийгэм мэт харагдаж байхдаа хамгийн гайхалтай гэж бидэнд ойлгуулдаг. Тэд бол суурин, гол төлөв европын улс үндэстний өсөлт, уналтад нөлөөлдөг учраас "дэлхийн түүх”-нд гүйцэтгэх үүрэгтэй. Тал нутгийн түүхийн сэргэлт нь эцсийн дүндээ өнгөрсөн үед сорьж асан хэвшмэл байдлаасаа салж чадахгүй байна. 

Түүхэн ач холбогдлыг хэрхэн авч үздэгийг сөхье. Гегель айлдсан “Түүх бол Баруунд төгссөн” гэх үгийг эрдэмтэд үргэлж шоглодог боловч тал нутгийн түүхийн сэргэлт нь уг ойлголт хэр зэрэг амь бөхтэй оршсоор буйг харуулж байна. 

Фавэру, Харл хоёр тал нутгийн нүүдэлчдийн түүхийн судалгаанд олон арван жил зарцуулсан юм. Гэхдээ Фавэру өөрийнхөө дүн шинжилгээг зөвхөн Европт л төвлөрүүлжээ. 

Харл ч энэ тивд л анхаарчээ. Тэгээд ч Европын сэргэн мандалтад хувь нэмрээ оруулсан “агуу их гүрнүүд”-ийг байгуулсан нүүдэлчдийн олон төрлийн арга замыг бүтээлийнхээ оршилд дэлгэрэнгүй тусгасан байна. 

Эл зохиолч бүтээлийнхээ эцсийн дүгнэлтэд Сэргэн мандалтын үе ба Барууны ертөнцийн ноёрхол, мөн олон улсын худалдаа өргөжсөн тухай дурджээ. 

Дэлхий дахины түүх ч Европт төгсгөлөө олдог юм шиг санагдах.

Ер нь байдал ийм ажгуу. Скифчүүд болон Хүннү нар "бүдүүлэг бөгөөд зэрлэг байсан" гэх өгүүлэмжээс эс шалтгаалан тэдний удирдагчид нь үчимбэрийн арьсаар эмжсэн хятад торгон дээл өмсөж, перс хивсэн дээр тухалж, ромын шилэн зүйлс эдлэхийн сацуу Грекийн алт, мөнгөн эдлэлд умбаж явсныг эртний булшны олдвор нотолдог" гэж Саттин тэмдэглэжээ.

Эллиний хотуудыг6 эзэлсэн нүүдэлчид Грекийн өндөр соёлтой нүүр тулмагцаа түүнийг "шууд шүтэж" эхэлсэн гэж Харл нотолж байна. Энэ бүхэн сайн санааны үүднээс дурдагдаж буй боловч эртний түүх бичлэгийн уламжлал дахь соёл иргэншлийн зиндааны шатлалыг л бэхжүүлж буй хэрэг. Тэгээд л уг шатлалын оройд грек, ром, перс, хятадууд заларсаар л байх аж. 

Зэрлэг биш болох гэвэл төрөлх уламжлалаа үтэр орхиод эдгээр үндэстэнтэй худалдаа хийх, эсвэл тэдний соёлд уусахаас өөр зам үгүй.

Тал нутгийн нүүдэлчид нь сонгодог соёл иргэншил, либерал ардчиллын үндсэн үзүүлэлтүүд, түүний дотор бичиг үсэг, хотжилт, дэвшилтэт үнэт зүйлсийг илт агуулж ирсэн гэдгийг дэлхийн шинэ түүх нотлохыг эрмэлзэж ирсэн. Гэхдээ эдгээр ололт амжилтыг өндөр хөгжлийн шинж тэмдэг гэж үзэж байгаа ахуйд нүүдэлчдэд аз дутна. 

Хүннү нар шинэ бичиг зохиосон боловч нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц нотолгоо эс үлджээ. Үүгээрээ хөрш зэргэлдээ Хан үндэстний бичгийн өвөөс ялгаатай. 

Монголчууд бээр олон хот барьж байгуулсан боловч тэдгээр нь суурин амьдралын хэв маягт олигтой нийцдэггүй байв.

Эзэнт гүрний нийслэл Каракорум нь "Гэгээн Денис тосгоны дайд хүрэхгүй бөгөөд Гэгээн Денисийн хийд нь хааны ордноос арав дахин үнэ цэнтэй" гэж Франц санваартан Уильям Рубрук тэмдэглэсэн байдаг. 

Шашин шүтэх эрх чөлөөг Чингис хаан тодорхой хэмжээнд зөвшөөрсөн боловч бөөгийн шүтлэгээ хадгалсаар ирсэн нь монголчуудын хувьд бусад шашин төдийлөн сонин биш байв.

Дэлхийн түүхийн төвлөрлийг бууруулахтай холбогдсон хүмүүн төрлөхтний түүхийн өмнө тавигдаж буй зорилго нь эдгээр төвөгтэй байдлыг сайтар ойлгохыг шаардаж байгаа болно. 

Нүүдэлчин нийгмийн хувьд бид чиг баримжаагаа зогсонги байдлаас уян хатан хандлага руу, орд харш хийгээд хүнд сурталд хашигдсан нийгмийн ээдрээтэй байдлаас нээлттэй орчин руу, өөрөөр хэлбэл өргөн цар хүрээтэй хамтын үйл ажиллагаанд үргэлж мэдрэмжтэй хандах чадавх руу шилжүүлэх шаардлагатай байна. 

Эцсийн эцэст, нүүдэлчдийн гайхамшиг нь тэдний амьдралын хэв маягаас угшилтай.Тэд бол асар томнүүдлийн нийгэмд амьдардаг байв. Тэд янз бүрийн угсаатны бүлгийг нэгтгэж, дайн тулаанд маш шуурхай дайчилж чаддаг байлаа.Тэгээд эзэнт гүрнүүдийг нутагт нь эзлэн ноёлж, заримдаа үе дамжуулан захирч байв. 

Зуун мянга хүртэлх цэрэгтэй нүүдлийн анги, нэгж, тэдгээрийн бие даасан хангамжхийгээд гэр орон, хөшөө дурсгал, үйлдвэр, засварын газар, орд харшаас гадна ар талын хангамжийн сүлжээг хүртэл тээж байсан нь Монгол гүрнийг амжилтын оргилд хүргэсэн. Үүний үндэс суурь нь тэдний ордуудын засаглал болой. 

Суурин амьдралтай хүмүүний нүдэнд бол дээрх нь бүгдээрээ "нүүдлийн хот" гэх боломжтой. Гэвч чингэж хэлэх нь тэдний аливаад дасан зохицох чадвар, амаржих хийгээд мөнх бусыг үзүүлэх, мөн улс төрийн нанчилдааны эргэн тойронд учир начраа зүдгүүргүй олдог чадавхыг орхигдуулна гэсэн үг. 

Саттин бичсэнчлэн түүхчид үндсэндээ "нүүдэлчдийн түүх бол манийхаас эс дутах гайхамшигтай, мөн эс дутах ач холбогдолтой" гэдгийг харуулахын төлөө зүтгэцгээсэн. Гэхдээ бид өөрсдийгөө дөвийлгөсөн мэдрэмжийг эс өөрчилбөл хамаг юмны хэмжүүр гэх үзэлтэйгээ зууралдсаар л байх болно. 

Дээрх шинэ тодорхойлолт бол илүү их даяаршсан түүхийн зүгээс бидэнд барьж буй хамгийн гайхалтай бэлэг болж мэднэ.


Орчуулсан Г. Батсүх

2023.12.28



Орчуулагчийн тайлбар:

1. Франц(Вольтэр Франсуа-Мари Аруэ Дэ, 1694–1778, францын гүн ухаантан, түүхч, жүжгийн зохиолч)

2.Ямная соёлын хүмүүс нь гол төлөв нүүдэлчид бөгөөд мал аж ахуй эрхэлж, дугуйтай тэрэг унадаг байжээ.

3. Ассири нь орчин цагийн Иракийн дийлэнх хэсэг, мөн Иран, Кувейт, Сири, Туркийн зарим хэсэгтэй хиллэдэг Месопотамийн хойд нутагт оршиж байв.

4. Евразийн Зүүн тал нутгийн гуравны нэг нь Монгол, Хятадын хойд тал нутаг.

5. Сафавид(1501-1736) нь Иранд хаанчилж асан том династуудын нэг.

6. Эллиний хотууд- МЭӨ 323-331