“Цагаан сонгууль” хэмээх төөрөгдөл буюу хуулиас хулгайлагдсан эрх
Цагаан хуудсаар санал өгөхийг улаан цайм хориглоогүй боловч үр дүнг нь хулгайлсан байна. Сонгуульд ялагдсан /олонхийн санал авч чадаагүй/ нэр дэвшигч дахин нэр дэвших эрхийг нээлттэй үлдээсэн учраас У.Хүрэлсүх хэдэн ч удаа нэр дэвших боломжтой. Сонгохгүй байсан ч дахиад дэвшинэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа хоёр дахь долоо хоногтоо ороод байна. Санал хураалт болоход зургаахан хоног үлдлээ. Гурван нэр дэвшигчийн талаас хийж бий өөрсдийгөө дэмжүүлэх, өрсөлдөгчөө унагах зорилготой хар, цагаан пиар сурталчилгааны хажуугаар “хэнийг ч дэмжихгүй байх” буюу “цагаан сонголтыг” ятгасан пиар сурталчилгаа ч гэсэн идэвхитэй явж байна. Ялангуяа нам бус сонгогчид, залуучуудын зүгээс улс төрийн гурван намаас нэр дэвшигчийн алийг нь ч дэмжихгүй буюу цагаан хуудсаар санал өгөх нь дахин сонгууль явуулах замаар өөрсдийн хүсч буй шинэ нэр дэвшигчийг гаргаж ирэх боломж юм гэсэн байр сууриа олон нийтийн сүлжээгээр идэвхитэй илэрхийлж байгаа.
Харамсалтай нь хуулийн энэ боломжийг эрх баригч нам өнгөрөгч 2019 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа үгүй хийснийг хэн ч ярихгүй байна. 2017 онд явуулсан Ерөнхийлөгчийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр өөр хуулийн орчинд болж байгааг анзаарахгүй нь олонхи байна гэсэн үг.
Сануулахад, өмнөх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн л Х.Баттулга, С.Ганбаатар, М.Энхболд нарын хэнийг нь ч сонгохгүй гэсэн “Цагаан сонголт” хөдөлгөөн нийгмийн сүлжээнд хүчээ авч, цагаан хуудсаар санал өгөхийг уриалж байв. Учир нь хоёр дахь шатны санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь ч 50+1 хувийн санал авч чадахгүй бол сонгуулийг дахин явуулж, намууд нэр дэвшигчээ солих хуультай байлаа. Нэр дэвшигч нь санал авч чадаагүйн хариуцлагыг намууд өөрсдөө үүрнэ гэсэн үг.
Тухайн үед 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эхний шатны санал хураалтад 1,357,888 сонгогч санал өгсний 18 мянга буюу нийт сонгогчийн 1,3 хувь нь цагаан хуудсаар санал өгчээ. Эхний шатны санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч олонхийн /50+1 хувь/ санал авч чадаагүй учир хоёр дахь шатны санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон сонгогчийн тоо сая 200 мянга болж буурсан ч цагаан сонгогчийн тоо 99,5 мянга буюу нийт сонгогчийн 8,2 хувь болж өссөн байдаг. Зөвхөн Х.Баттулгын авсан саналаас 7333 санал цагаан сонголт рүү шилжихэд л сонгуулийг дахин явуулах, намууд нэр дэвшигчээ солих бүрэн боломжтой байв. Учир нь тухайн үед мөрдөж байсан Сонгуулийн тухай хуулийн 13-р зүйл “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх” хэсэгт “Нэг хүний нэрийг нэг л удаа дэвшүүлнэ, дахин дэвшүүлэхгүй” гэсэн заалт үйлчилж байв. Энэ нь сонгогчдыг “Цагаан сонголт”-од уриалах цорын ганц шалтгаан байсан юм.
13.1.Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй.
13.2.Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй.
Харин 2016 онд МАН парламентын олонхи болсныхоо дараа Сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн. 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ заалт байхгүй. Хуулийн 77-р зүйлд
Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулна /77.1/
Сонгуулийн ерөнхий хороо хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд дахин сонгууль явуулна /77.3/...
гэсэн боловч, дахин сонгууль явуулахад намууд нэр дэвшигчээ солих хуулийн заалтыг хассан байна. Эрх баригч нам хуулийн энэ өөрчлөлтийг санамсаргүй нэг хийгээгүй нь тодорхой. Өмнөх сонгуулиар нийт сонгогчийн 8,2 хувийг дагуулсан "цагаан сонголт" энэ удаагийн сонгуулиар 10, 20 хувьд хүрч болзошгүй гэдгээс айсан, зугтсандаа энэ өөрчлөлтийг хийсэн хэрэг. Улаан цайм цагаан хуудсаар санал өгөхийг хориглоогүй боловч өгсөн үр дүнг нь хулгайлсан байна. Сонгуульд ялагдсан /олонхийн санал авч чадаагүй/ нэр дэвшигч дахин нэр дэвшихийг хуулиар нээлттэй үлдээсэн У.Хүрэлсүх хэдэн ч удаа нэр дэвших боломжтой. Сонгохгүй байсан ч дахиад дэвшинэ.
Тэгэхээр цагаан сонгуулийг сурталчилж байгаа хүмүүсийн хувьд нэгдүгээрт хуулиа мэдэхгүйн улмаас олон нийтэд буруу ойлголт төрүүлж, сонгогчийг сайн дураараа өөрийнхөө хүсэл зоригийн эсрэг зогсоход түлхэж буй хэрэг юм. Хэрэв та нэр дэвшигчдээс хэнийг ч сонгохгүй бол бусад нь таны өмнөөс сонголтыг чинь хийгээд өгнө л гэсэн үг.
ESUIGEN
Зочин
Иргэн
Зочин
Onoch
Зочин
Оноч
Зочин