Ардчилсан намын дотор „Ардчилсан хүчний холбоо” гэх нэгэн фракц байгуулагдаж, түүнийгээ ил тод зарласан явдал улс төр орчмоор зарим хэсэгт нь хардлага сэрдлэг, заримд нь айдас хүйдэс, сэтгэлийн түгшүүрийг авчирч байна. Бүгд л энэ тухай шивэр авир хэлэлцэж эхэлжээ.  

Юутай ч нэрнээсээ ч, бүтцээсээ ч, амьтдыг айлгасан амаргүй айлын ажиг чих дэлсэж буй бололтой.  

Энэ тухайд намуудын дарга нар дотроос Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг урьтаж байр сууриа илэрхийллээ. Ийнхүү яаран дуугарсан нь улс төрийнхөнд нэгийг хэлж, нөгөөг бодогдуулж байгаа нь нууц биш. Түүний яриаг нэг хэсэг нь „Нэгэнт нам дотор нь ийм хэмжээний фракц хана дугуйлж байхад яаж хараагүй царайлах билээ. Тэгээд л арга буюу дуугарч байгаа биз” хэмээн хүлээж авч байгаа бол нөгөө хэсэг нь „Алтанхуягийн нүдэнд аргал хөдлөөд хэцүү байнаа” гэж мушийцгааж байна.   

Мань хүний ярьснаар бол намынхан нь утасдаад амраахаа больсон гэнээ. „Та одоо намын дарга байж ийм юмнууд толгойгоо өндийлгөөд байхад юу хийгээд байгаан” гэж анхааруулах, алалцуулах хоёрын алин болох нь мэдэгдэхгүй үг шиддэг. Бас зарим нь „Намыг хагалах, намын дотор намын бүтэц маягийн юм байгуулаад эхэлж байна ш дээ” гэж  бухимдан дарга руугаа утас цохиод унтуулахаа больсон юм байх аа. Тэр тоолон өмнөөс нь „Энэ чинь зүгээр л нэг ТББ шүү дуу” гэж тайлбарласаар өөрөө ч залхсан юм байх. Тэгсэн хэрнээ завжиндаа зажилсан үнэртэй үгсийг хэсэг бусгаар нь чулууджээ. Өөрөө нэгэнт энгийн нэг төрийн бус байгууллага (ТББ) гэж хүлээж авч байгаа юм бол ингэх хэрэг юу байв аа.

Манай ардчиллынхан энэ 20 жилд хангалттай хагарч, хэмхэрч ханалаа. Одоо бол хаваажид. Цөөхөн хүнд л намыг эвдрэлцүүлэх сонирхол байна. Ихэнхид бол ийм хүсэл огт байхгүй. АН-ыг 20 насан дээр нь хагалж хэмхэлж огт болохгүй. Энэ орон гэрээ нураана гэвэл би л лав тэвчихгүй шүү...гэж намын дарга хэлжээ. Юун ч айхтар үг юм. Иймэрхүү дөвчин мэдэгдэл араасаа хэгжүүрхлээс өөр юу ч дагуулахгүй. Тэвчихгүй гээд яах юм бол. Хамтарсан засгийн ханыг эвхчихвэл тэр тэгээд амиа хорлох юм уу гэсэн аатай хариултыг захын залуу шиднэ биз дээ.

Мань хүний ам халсан өөр нэг гажиг жишээ амьтдыг инээлгэж байна. Хамтарсан засгийн газарт ажиллах түүний хувьд маш хэцүү байдаг гэнээ. Энэ тухайгаа тэрбээр „Эндээс Ц.Нямдорж нэг юм хэлээд л, тэндээс М.Энхболд хараад л” хэцүү ш дээ гэсэн гэнэн цайлган цээжний үгсийг унагажээ.

Ц.Нямдоржийн үг бэрх нь үнэн. М.Энхболдын харц ч айхтар нь үнэн. Баараггүй, цаанаасаа тулхтай үзэгддэг энэ эрхэм тулгаж хараад тулаад нэг суучихвал мянган шалчига үгнээс илүү арагш нь суулгаж мэднэ. тэргүүн шадар маань тэр тухайд хуудуу хэлсэнгүй ээ. Энэ хоёр хүнээс л жаахан жийрхээд байгаа болохоос манай нөхдүүд хамтарсан засгийн хашаан дотроо аятай тавтай л аж төрцгөөж байгаа юм байна.

Н.Алтанхуяг сайд маань ярианыхаа төгсгөлд хөгшин хүн шиг үхэхээрээ, хүүхэд шиг уйлахаараа айлгасан нь энэхүү тааруухан ярилцлагын төгсгөлийг хошин шигтгээ болон чимж өгчээ.

Манай тэргүүн шадар „Алтанхуяг гэдэг хүнийг юу ч гэж гутаан доромжилсон болно. Надад  энэ бүхэн  өчүүхэн ч сонин биш. Манай нутагт нэг мундаг үг бий. Үнээнийхээ сүүтэйг үхсэн хойно нь мэддэг юм аа гэж”...гээд санаа алджээ.

Улс төр хүнийг үнэхээр янз янзын байдалд хийдэг гэж үнэн юм даа. Улс төр л ингэтэл барьц алдуулна уу гэхээс халимаг нь хав хар, хүүхэд нь улаан цурав, амьдрал нь ид нялхарч яваа түүн шиг эрийг өөр юу хэмлэх юм. Тэр дундаа баруун монголоос гаралтай, ястай хаттай гэгддэг эр биз дээ.

Ингэхэд энэ засгийн газрын эрээн гэрийг эвхэнэ эвхэхгүйдээ хүргэсэн яриа хөөрөөний иш үндэс болоод буй „Барууны хүчны холбоо” гэж яг юу юм бэ. Байж байгаа хүмүүсийг нь үзэхүйд барын зулзаганы хэмжээнд аваачин балбаж байгаад будаа болгочихно гэхэд санаанд багтамгүй. З.Энхболд, Р.Амаржаргал нарыг жишээ нь барын зулзага гэж хэн хэлэх юм. С.Эрдэнэ, Д.Одхүү нарыг яаж басах юм. Тэдэнд гомдогсод гэх жижүүрийн гоочлол зохино гэж үү. Н.Алтанхуяг даргын ярилцлагатай сонины талаар улс төрийн хорчингууд ид ярьж байна. Тэр муу ярилцлага яах вэ. Арын хуудсанд нь тавьсан „Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын хооронд яс хаях хэнд ашигтай вэ” гэсэн жижиг хорыг харав уу гэсэн яриа чих халуу шаттал түгэж байна.  

Би хувьдаа Н.Алтанхуяг арай ярилцлага өгсөн сониндоо төлбөртэй материал хавсаргаж баригдах тэнэг биш байлгүй дээ. Цэвэр тохиолдол байж болно. Эсвэл цаад сонин нь ингэж тоглож болно шүү дээ гэж бодож байна. Гэхдээ манай улстөрчид элэг авмаар авмаар юм их хийдэг л дээ. Хэнд ч хэрэггүй навсгар сонин худалдаж авч шатна. Тэрийгээ нэг их юманд бодож өстнөө авлах оролдлого маягийн юм оромдоно. Ийм тэнэг юмаар нэр нөлөөгөө өсгөнө гэж харна. Тэгээд тэрэндээ бүр итгэчихнэ. Эрээ цээрээ алдаад зэрэгцэж сууж байгаад л нөгөөхөөрөө хусчихна.( Эргэж яаж ч нүүрийг нь хардаг юм бүү мэд) Цаадах нь бас нэг улс төр гадарладаг шуу юм болохоор хүн амьтнаас дуулчихаад очиж уулзана.  „Чиний сонин намайг хусаад байна. Ямар учиртай юм” гэх маягаар шөргөөнө. Цаадах нь бүр айх ичихгүй туунаа. „Хөгшинд чинь тэр сонин, энэ зурагт ямар ч падлий байхгүй. Гэхдээ яахав ярьж өгч болох юм” гэж улайтал авдаг гэж байгаа. Иймэрхүү инээдмийн хошин үзэгдлүүд энэ ертөнцөөр сүүлийн үед бүр их явдаг болоод байгаа. Гэхдээ барууны хүчний холбооныхныг гомдогсод, албан тушаалгүй үлдэгсэд гэж улайн цайм зүхсэн тэр  мангар юмыг Н.Алтанхуяг хийгээгүй байх. Үйлийн үрээр хийсэн гэж сэжиглэгдэж л байгаа байх. Гэвч энэ өөрийнх нь тавилан биз ээ. Ингүүлэх л гэж улс төрд амьдардаг, ингүүлэх л гэж ухаанаа тавьдаг алтангадасаа чирж явдаг нь ойлгомжтой.

Барууны хүчний холбоог санаачлагчдыг бол басч болохгүй. Нэр хүнд, орон зай, хурааж хуримтлуулсан улс төрийн капитал гэж ойлголт бий. Тэр мэтийн үнэ цэнтэй зүйлсээр нь авч үзвэл З.Энхболд шиг улстөрчийг, Р.Амаржаргал шиг лидерийг элдэв шошго зүүж, харааж харлуулж дөнгөхгүй. Дээр нь Э.Бат-Үүл бахираад ороод ирнэ. Ц.Элбэгдорж элбэж дэмнэнэ. Женко бахим гараа нэг зангидвал дуусгаж бас чадна. Зүүн хойд азийнхан ч хавсарч болно. С.Эрдэнэ исгэрээд л партизануудыг жагсаана. Энэ дайран дээр жинхэнэ гомдогсод нэмэгдвэл дуусаа.  Жинхэнэ гомдогсод гэж мэдээж байгаа шүү дээ. Мань Л.Гүндалай, Б.Мөнхтуяа, Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй нөхдүүд ёстой малгайгаа шүүрч авч өмсөөд л ордны гадаа гарна биз дээ. Энэ бол эдний дотоодод асч мэдэх том түймрийг өрдөх бодит хүчин зүйлсүүд юм. Гадна бас хэцүү. МАХН дотор булган дээлээ гал авалцтал дотроосоо шатаж яваа бүлэглэл бий. Экс ерөнхийлөгчийг дэмжигчид, элсний 13-ынхан хэрэв нэг үгсвэл хөдөлсөн шиг хөдлөх л гэх байх. Их хурал дотор Д.Арвинаас өгсүүлээд хамтарсан засгийн газарт нүүр өгч бөхөлздөггүй, овоог нь босгоод өгвөл мөнгө хөрөнгө гаргаад дориухан аашилж мэдэх хүмүүс олон. „Нарантуул” захын эзэн Сайхансамбуу, үргэлж сайн муу хэлэгдэж явдаг Загджав мэтийн муйхар хөрөнгөтнүүд хэрэв ийм „дайн”-нд хүч хавсарвал хэцүү дээ.

Өөр нэг хүчин зүйл бий. Тэр нь засагт байгаа томоохон фигуруудын шийдвэр. Тухайлбал, Лу.Болд, Х.Баттулга, Т.Бадамжунай нарын юу бодож яваа хамгийн сонин. Эд нэг их уурсаж шуурахгүй бол, эд С.Баяртай нэгэнт гар барьснаасаа буцахгүй гэж эцэст нь шийдвэл, мөн эдүгээн С.Батболд эв зүйг нь олж Тавантолгой дээр эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй тохиролцоо санал болгож чадвал улс төрийн тайзнаа ямар ч эмгэнэлт болон инээдмийн жүжиг тавигдахгүй гэсэн үг.

Хөөрхий АН-ын зарим лидерүүд намаа алтан гудсан дээр баахан хүчирхүүлийлүүлж доромжлогдоод ирчихсэн, нэр нүүрээ баллаж, гуниж гутарсандаа өвдгөө тэврэн уйлж суугаа хөөрхөн хүүхэн шиг болчихлоо гэж мянга хашгираад нэмэргүй. (жишээ нь Бат-Үүлд нам нь иймэрхүү байр байдалтай харагдаад бачимдаж яваа юм билээ)

МАХН-ын ханцуйндаа шөвөг нуусан хэдэн нөхдүүд ч сэм сүлбэлдээд ашиггүй болно. Уг нь зөндөө л нууцаар ярилцаж байгаа гэсэн. Ингээд ч нэмэргүй л болов уу даа. Гэвч салхи хэзээ ч босч болдог гэдгийг мартаж болохгүй. Тэгэх тэгэхдээ хавраар шүү...

 

Сэтгүүлч Б.Ганчимэг