Улстөрч мартагдахаараа шинэ хүч болдог уу?
Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа ч гэсэн хувь хүн өөрөө ямар бодлоготой хүн бэ гэдэг нь тодорч харагдаагүй. Монголын улс төрд үлдээсэн өв гэхээр зүйл нэг ч байхгүй.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа, сурталчилгааны хугацаа талдаа орж байна. Дахиад долоон өдөр өнгөрөхөд сонгуулийн сурталчилгаа дуусч, сонгогчид санал өгөх байрны гадаа дугаарлана. Түүнээс наана нэр дэвшсэн гурван хүний “хэн нь хэн бэ” тухай яриа дуусахгүй биз.
Энэ удаа “эрт гарсан чихнээс хожуу гарсан эвэр урт” гэж яриад яваа нэг өрсөлдөгчийн тухай жижигхэн тэмдэглэл... Уг нь бол нас зүсээ яривал хамгийн ахмад нь. Албан ёсны намтар дээр нь 1959 оны нэгдүгээр сард төрсөн гэснээс үзвэл У.Хүрэлсүхээс /1968/ ес ах, С.Эрдэнээс /1963/ дөрөв ах хүн байна.
Улстөрийн карьерийн хувьд нөгөө хоёроосоо сүүлдэж орсон ч эрт дуусгасан намтартай. 2007 оноос МНН-ын дарга, 2010-2012 онд ИЗНН-ын даргаар ажиллаж байхдаа нэг удаа /2008-2012 он/ УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Түүнээс хойш нам нь ч, хувь хүн нь ч урагшаа гишгээгүй. Сүүлийн найман жил сонгууль өгч байгаа шинэ сонгогч нараас ИЗНН гэж яадаг нам бэ гэвэл мэдэхгүй л болов уу. Харин Дангаасүрэнгийн Энхбат гэвэл “Датаком”-ын захирал уу? л гэнэ. Өмнө нь бол “Форум”-ын Энхбат гэдгээрээ нийтэд танил байлаа. Нэвтрүүлгийнхээ нэр хүндээр нэг удаа УИХ-д сонгогдсон. Улстөрчийн хувьд бол бараг мартагдсан фигур.
Ерөнхийдөө нөгөө хоёроо бодвол улс төрд олон жил хутгалдаагүй гэдгээр нь гул барьж “Нэр цэвэр, шинэ хүн”, “Залуучуудын сонголт” гэх мэт пиарыг сонгуулийн штабынхнаас нь явуулж байгаа. Эндээс “Улстөрч хуучрахаараа, мартагдахаараа шинэ хүч болдог уу?” гэсэн асуулт гарна. "Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийн хүн дуулдаггүй" гэж нэг айхтар үг бий. Соошл орчинд лав залуучууд түүнд “Интернэт өвөө” гэдэг нэр хайрласан байна лээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний дараа Википедиа дээр апдейт хийж шинэчилсэн намтарт нь “техникийн ухааны доктор, системийн инженер, нийтлэлч, илтгэгч, зөвлөх, төр нийгмийн зүтгэлтэн” хэмээн тодотгосон байгаа. 2012 онд УИХ-ын гишүүнээс буусны дараа олон нийтийн ашгийн тулд хийсэн ганц ажил нь "Нээлттэй мэдлэг боловсролын сан" гэдгийг үүсгэн байгуулж, 2018 он хүртэл ТУЗ-ын даргаар ажиллажээ. Гэвч уг сан нь ямар үйл ажиллагаа явуулдаг, явуулж байсан талаар мэдээлэл алга. Одоо бол ашгийн төлөө бизнесийн байгууллагаа удирддаг.
Сүүлийн таван жилд өвлийн цагт гэр бүлээрээ Тайландад амьдарч байгаа, Монголдоо өвөлждөггүй л айл юм байна. Гадаадын баячуудад зориулсан өндөр зэрэглэлийн The Residence Hua Hin хотхонд охиныхоо нэр дээр байр худалдаж авсан. Төлбөрийг нь Д.Энхбат өөрийнхөө нэрээр Датаком компанийн данснаас шилжүүлсэн байдаг. Гүйлгээний утга дээр "The residence Hua Hin 107/8/ Number 3108/ Enkhbat" гэж байрныхаа дугаарыг бичжээ.
Ер нь бол хувийн амьдралаа бол топхийлгэчихсэн, хүмүүсийн ярьдгаар “цагаан гартай” сэхээтэн давхаргын л айл юм байна. Ямартай ч “төрийн мөнгө ууж идээгүй” гэдэг нь бол үнэн байх. Гэвч хүнийг гурав сэгсрэхэд заавал нэг тоос гардаг гэгчээр юмыг яаж мэдэх вэ.
Гэвч үүнээс илүү чухал нэг зүйл бол гэвэл гурван нэр дэвшигчийн хэн нь ямар бодлого тулгаж байна вэ? гэдэг асуудал. Сонгуулийн сурталчилгаа эхэлнээс хойш нөгөө хоёр нэр дэвшигчийн хувьд У.Хүрэлсүх нь зүүний бодлогоо тулгаад, С.Эрдэнэ нь барууны үзэл, хувь хүний хөгжил, хувийн өмчийг хамгаалах тухай яриад халз үзэж байгаа. Харин Д.Энхбатын хувьд ямар нэг бодлого тулгахгүй, нөгөө хоёртойгоо нэг их зөрчилдөхгүй, улс төрийн зоригтой, зорилготой мэдэгдэл нэг ч удаа хийсэнгүй, үзэл санааны ялгарал ч харагдахгүй байна. Ингээд харахаар энэ удаагийн сонгууль бол яавч түүний өөрийн хийсэн сонголт биш. Улс төрийн, үзэл санааны манлайлал болчихоор өчнөөн сайхан залуучууд байсаар атал ХҮН яагаад энэ хүнийг гаргаж ирсэн нь ч гэсэн бүрхэг.
Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа ч гэсэн хувь хүн өөрөө ямар бодлоготой хүн бэ гэдэг нь тодорч харагдаагүй. Монголын улс төрд үлдээсэн өв гэхээр зүйл нэг ч байхгүй. Харин нэр дэвшүүлсэн намыг /Хөдөлмөрийн үндэсний нам/ нь аваад үзвэл яалт ч үгүй зүүний нам. Ялгарлаа гэхэд МАН-аас илүү зүүн болж чадахгүй, яаж ч эвдрээд баруунтан болохгүй.
Аа тийм, Монгол Улсын төрийн тэргүүнд өрсөлдөж байгаа хүний сурталчилгаа явуулж байгаа ганц суваг нь Zarig.mn сайтын шууд дамжуулалт. "Таны мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн бодлогыг хаанаас олж үзэх вэ?" гэсэн сонгогчийн асуултад "Миний мянган жиргээг твиттерээс олоод унш" гэсэн байна лээ. Бас л амьдралаас тасарчихсан нөхөр шүү. Долоо буудлын Долзод эмээ, уулын мухарт малын бэлчээрт яваа хөдөөх иргэд лав түүнд хамаагүй юм байна.
Зочин
Зочин
Зураач
Бадрах
Зочин
Цэвэр
дэмий
Иргэн
Зочин
Зочин
sansiro